Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1661

 

 

 

 

 

 

 

  

 

   2022       11         10                                   2022/ШЦТ/1661

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч Г.Билгүүн /томилолт/,

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эт холбогдох эрүүгийн 2206 03699 3169 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                           Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 51 дүгээр гудамжны 667 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо Сэнтоза орчим байрлах /ТҮЦ/ түргэн үйлчилгээний цэгт амьдардаг гэх,

урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 85 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98-р зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн,

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч  нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын урд талын зам дээр хохирогч С. эзэмшлийн 73-43 АРХ улсын дугаартай “Верна Аксент” маркийн автомашин дотор “таксины мөнгө байхгүй, өгөхгүй” гэснээс болж маргалдаж хохирогч С.Н толгойн тус газарт гараараа цохиж түүний биед тархины доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Эр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 07-р сарын 11-ны  08-09 цагийн хооронд хорооллоос такси бариад явсан. Ботаник руу 20.000 төгрөгөөр тохирсон боловч надаас 20.000 төгрөгөөс илүү мөнгө нэхээд байсан юм. Би халамцуу байсан бөгөөд тэгээд цагдаагаар шийдүүлэхээр болоод буцаж явж байтал 2 эрэгтэй  хүн таксинд орж ирсэн юм. Тэгээд согтуу байсан болохоор тэд нартай ам мурийгаад тэгсэн нэг нь миний араас хоолой боогоод нэг нь урдаас хармаа хот ухаад , тэр зодолдож цохилцох явцад тэр хүүхдийн толгойг цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эмчилгээний зардал төлнө” гэв.

 

  Эрүүгийн 2206 03699 3169 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би  өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг ярьсан. Нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Э мөрөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2022 оны  7 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 12-ннны   өдрийг шилжих шөнө би Гандан орчихоод буцаад хүүхдийнхээ гэр рүү болох Амгалан руу очиж байсан. Гандан орчим явж байгаад хоёр хүн таксинд сууж байсан. Би таксинд нь суугаад Амгалан руу 20.000 төгрөгөөр явахаар болсон. Гэтэл Амгалан явж байхад жолооч нь ах аа 20.000 төгрөгөөс илүү гараад байна гэж хэлээд бид хоёр маргалдаад, цагдаагийн хэлтэс рүү явж байхад хоёр эрэгтэй таксинд суусан. Тэгээд явж байгаад тэр эрэгтэй хүн надтай зодолдож эхэлсэн тул би тэмцэлдэж эхэлсэн. Тухайн машин байхад урд сууж байсан таксины жолооочийн эхнэр гэнэт ёолоод эхлэхэд хажууд байсан эрэгтэй намайг таксины жолоожчийн эхнэрийг цохисон шүү гэсэн. Тэгээд цагдаагийн газар очсон гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Хохирогч С.Нандинчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр нөхөр хүүхдийн хамт ... таксинд явж байгаад хороолол орчим байх Алтан төгрөгөөс үл таних эрэгтэй Амгалан орохоор бид хоёрын тээврийн хэрэгсэлд суусан. Тэгээд тэр эрэгтэй Амгалан зах орчим хүргээд өгөхөд таксины мөнгөгүй байсан тул цагдаа дээр түүнд холбогдуулж гомдол гаргахаар ойрхон цагдаагийн хэлтэс хайж байгаад офицер Жуков орчим чиглээд явж байхад тэр эрэгтэй нөхөр бид хоёртой мөнгөний асуудлаас болоод маргалдсан. Нэг мэдэхэд намайг араас нөгөө эрэгтэй гараараа цохиод авсан. Би яаж цохиулсан талаар мэдэхгүй байна, нэг хүчтэй цохиулаад л би ухаан балартсан. Тэр хүн согтуу байсан. Миний дагзаар хавдаж, хөндүүрлэсэн ба өөр шарх гэмтэлгүй, шүүх эмнэлэгт үзүүлнэ...”гэх мэдүүлэг/хх-ийн 7 дугаар хуудас/,

 

Гэрч Р.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн,“...таксинд явж байхад ...Алтан төгрөгөөс Амгалан хүртэл хүргүүлнэ гэж нэг настай эрэгтэй хүн манай машинд суусан ба түүнийг Амгалан руу хүргээд өгөхөд тэр согтуу эрэгтэй мөнгө өгөхгүй байсан тул цагдаа дээр очоод учраа олчих юм байна гэж бодоод цагдаа руу офицер өнгөрөөд төв зам дагуу явж байхад манай эхнэр гэнэт ухаан алдаад уначихсан. Тухайн үед би гэрэл дохион дээр ирээд зогсохдоо би ухаан алдсанг мэдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9859 дугаартай “...С.Нандинчимэгийн биед тархин доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэмт хэргийн шинжтэй гомдол хүлээн авсан гэх тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Э холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц. нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын урд талын зам дээр хохирогч С.Нандинчимэгийн эзэмшлийн 73-43 АРХ улсын дугаартай “Верна Аксент” маркийн автомашин дотор “таксины мөнгө байхгүй, өгөхгүй” гэснээс болж маргалдаж С.Нандинчимэгийн толгойн тус газарт гараараа цохиж түүний биед тархины доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч С.Нандинчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...тэр эрэгтэй нөхөр бид хоёртоо мөнгөний асуудлаас болоод маргалдаад бас нэг мэдэхэд намайг араас нөгөө эрэгтэй гараараа цохиод авсан. Би яаж цохиулсан талаар мэдэхгүй байна, нэг хүчтэй цохиулаад л би ухаан балартсан....”гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

 

Гэрч Р.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн,“... юм байна гэж бодоод цагдаа руу офицер өнгөрөөд төв зам дагуу явж байхад манай эхнэр гэнэт ухаан алдаад уначихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9859 дугаартай С.Нандинчимэгийн биед тархин доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Эр гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч С.Нандинчимэгийн биед хөнгөн гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Ц.Э энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Э хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч С.Нандинчимэг нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Ц.Э иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Эр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ц.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Энь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э 450 /дөрвөн зуун тавь/ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Э оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч С. нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Ц.Э иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                   Х.САНЖИДМАА