Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/354

 

                                 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, 

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч ******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************холбогдох эрүүгийн 2238000000660 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багийн 1 дүгээр хороо Баян-Уул гэх газарт ******************хэл амаар доромжилж улмаар биед нь халдаж дээд уруулын холбоосны урагдал, дух, хацар, эрүү, дээд уруулын дотор салст, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ******************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багийн 1 дүгээр хороо Баян-Уул гэх газарт ******************хэл амаар доромжилж улмаар биед нь халдаж дээд уруулын холбоосны урагдал, дух, хацар, эрүү, дээд уруулын дотор салст, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000660 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ******************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...орон дээр дээлээ нөмрөөд унтах гэхээр нь би ****************** орноос нь татаад газар унгаагаад “чи яахаараа манай гэрт унтдаг юм, гэр рүүгээ орж унт” гэсэн чинь босож ирээд “чамд ямар хамаатай юм” гэж миний эрүү рүү 1 удаа өшиглөөд, намайг хоолойноос боогоод газар унагаагаад миний хоолойг гараараа боогоод байсан. Ингэж газар унагааж хоолой боож байхдаа нэг гараараа миний зүүн шанаа хэсэг рүү 1 цохисон, дух руу мөн 1 удаа цохисон. Тэгэхээр нь би босож ирээд ****************** хацар руу нь 1 удаа алгадсан чинь намайг уруул руу 1 удаа цохисон. Тэгэх үед миний уруул язарч 1 шүд хөдөлгөөн орсон байсан. Тэгээд дараа нь чи дахиад цагдаадаа хэлээч дээ гээд миний 2 хөл рүү хянгар шилбэ хэсэг рүү гутлаараа өшиглөөд байсан. Тэгээд маргааш нь...****************** орж ирснээ намайг уучлаарай би согтуудаа чамайг зодчихож уучлаарай гэж байгаад гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-15, 17-18-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 11-ний шөнө ****************** ******************гэрт нь архи уусан согтуу ирж зодсон байсан. Тэгээд манай дүүгийн биед нь ****************** нь эрүү рүү өшиглөсөн байсан. Мөн хүзүү хоолойг нь боосон ором харагдаж байсан. Хөл гараас нь базаж өшиглөсөн, цохисон гэж байсан. ******************биед хөлийн шилбэ хэсэгт хөхөрсөн хөхрөлтүүд харагдаж байсан. Мөн шүд сийгээд өвдөөд байна гэсэн, мөн дээд уруул нь язарч урагдсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай дэлгүүрт Эрдэнэжаргалыг орж ирэхэд нь харахад эрүү хэсгээрээ хавдсан, хоолой хэсгээрээ шалбарсан харагдаж байсан. Яасан юм бэ гэж асуухад ****************** намайг өнгөрсөн шөнө зодоод ийм болгочлоо гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******************гэрт ороход ****************** нь бага зэргийн архи уусан байдалтай Эрдэнэжаргалыг зодчихсон байсан. Эрдэнэжаргал нь уйлчихсан орон дээрээ сууж байсан. Тухайн үед Эрдэнэчимэгийн шанаа хэсэг нь хөхөрсөн харагдаж байсан...Тэгээд Эрдэнэчимэгийн биеийг харахад эрүү нь хөх алаг болсон харагдаж байсан. Мөн Эрдэнэжаргал нь өөрөө шүд хөдлөөд холхиотой болсон гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаартай дүгнэлтэд:

       1. ******************биед дээд уруулын холбоосны урагдал, дух, хацар, эрүү, дээд уруулын дотор салст, зүүн шилбэнд цус хуралт, дух, эрүү, хүзүү, хэвлийд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба хэрэг гарсан гэх 2022.10.11-нд үүссэн байх боломжтой байна.

       3. ******************биед үүссэн дээд уруулын холбоосны урагдал нь тусдаа бусад гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 33-р хуудас),

      Хохирогч ******************Хөвсгөл аймгийн прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тухай хүсэлт (хх-ийн 55-р хуудас),

        Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, малын А дансны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 44-47-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2238000000660 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багийн 1 дүгээр хороо Баян-Уул гэх газарт ******************хэл амаар доромжилж улмаар биед нь халдаж дээд уруулын холбоосны урагдал, дух, хацар, эрүү, дээд уруулын дотор салст, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ******************(хх-ийн 13-15, 17-18-р хуудас), гэрч ******************(хх-ийн 20-21-р хуудас), гэрч ******************(хх-ийн 23-24-р хуудас), гэрч ******************(хх-ийн 26-27-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаартай дүгнэлт (хх-ийн 33-р хуудас),

      Хохирогч ******************Хөвсгөл аймгийн прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тухай хүсэлт (хх-ийн 55-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******************нь хохирогч ******************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******************нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 47-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ******************нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000660 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэчимэгийн ****************** 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2238000000660 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.******************д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР