Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/858

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан,

Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хан Цохио Дөрвөн Дэр овогт Цэдэндамбын Год холбогдох эрүүгийн 2203 00384 0428 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хан Цохио Дөрвөн Дэр овогт Цэдэндамбын Г /РД: ./,

Монгол улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймаг Мандалговь хотод төрсөн, 40 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эрдэм транс” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 хэсэг, сургуулийн гудамж 1692 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 19 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун замд, автобусны буудалд “Эрдэм Транс” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Aerocity” маркийн 06-29 УБП улсын дугаартай автобус жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “ Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч 85 настай, эрэгтэй С.Дашдоржийг автобуснаас бууж амжаагүй байхад нь хөдөлгөөнөө үргэлжлүүлэн унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 451 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.Г нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 19 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун замд, автобусны буудалд “Эрдэм Транс” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Aerocity” маркийн 06-29 УБП улсын дугаартай автобус жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “ Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч 85 настай, эрэгтэй С.Дашдоржийг автобуснаас бууж амжаагүй байхад нь хөдөлгөөнөө үргэлжлүүлэн унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-11 дүгээр тал/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, 2022 оны 07 дугаар сарын 05 өдөр, Цэдэндамба овогтой Г-ыг драйгер багаж ашиглан шалгахад 0.00 % тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-р тал/

Хан цохио дөрвөн дэр овогт Цэдэндамбын Г: жолооны үнэмлэхийн төлөв- оноо дууссан, үнэмлэх олгосон огноо 2001/02/13, үнэмлэх хүчинтэй огноо 2031/12/13, зөрчлийн оноо 0, ангилал В, С, D .... Бүртгэгдсэн мэдээлэл: оноо дууссан, Чингэлтэй дүүрэгдэх ЦГ, 5 онооны системээс эрх түдгэлзүүлэв, 2022-07-06 ... гэх жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дугаар тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мандалмаагийн “...өвөө маань 85 настай бөгөөд Баянхошуунд амьдардаг. Бөмбөгөрөөс шүхэр авахаар Баянхошуунаас Бөмбөгөрийн автобусанд ганцаараа сууж байгаад “Бөмбөгөр” дээр автобусны голын хаалгаар буух гэж байхад нь автобус нь хөдлөөд өвөөг унагаасны улмаас зүүн хөлийн дунд чөмөгний яс нь хугарсан байсан. “... автобусны жолоочоос өвөөгийн эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Яг одоо хэдэн төгрөг гэдгийг хэлж мэдэхгүй байна...“ гэх,                  /хавтаст хэргийн 18 дугаар тал/

Иргэний хариуцагч М.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ                 “...даатгалтай учраас даатгалаар барагдуулна...” гэх / хавтаст хэргийн 22 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн гаргасан ... С.Дашдоржийн биед зүүн дунд чөмөгт ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10431 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/

Шүүгдэгч Цэдэндамбын Г /РД: КЮ82081216/-ын мэдээллийг зөрчлийн бүртгэлийн оноо дууссан жолоочийн жагсаалтаас хянахад 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газраас “Онооны системээс эрх түдгэлзүүлэв. Төлөвтэй байна ...” гэх Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дугаар тал/,

Мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,

шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Г нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн хохирол төлбөрөө барагдуулсан зэргийг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг жил/-ийн хугацаанд хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Шүүгдэгч Ц.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг жил/-ийн хугацаанд хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч С.Дашдорж нь 2022оны 07 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан мөн бусад эмнэлгийн байгууллага, эмийн сангуудаас эм, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас 532,210 төгрөгийн зардал гарсан байх тул Иргэний хариуцагч “Эрдэм Транс” ХХК-аас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хан Цохио Дөрвөн Дэр овогт Цэдэндамбын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Ц.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг жил/-ийн хугацаанд хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дансанд 532,210 төгрөгийг /таван зуун гучин хоёр мянга хоёр зуун арав/ төгрөгийг иргэний хариуцагч Баянгол дүүрэг 20-р хороо, Эрчим хүчний гудамж 82 тоот хаягтай “Эрдэм Транс” ХХК-аар төлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ц.Год оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                П.АРИУНБОЛД