Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 00002

 

2018 оны 12 сарын 24 өдөр

      Дугаар 104/ШШ2019/00002

                     Улаанбаатар хот

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Шинэ Налайх хороолол, 1 дүгээр байр, 19 тоотод оршин суух Шарнууд Б.Х /РД: **********/-ын

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны албадлагын арга хэмжээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, түүний өмгөөлөгч С.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оноос хойш Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ Налайх хороолол, 1 дүгээр байр, 19 тоот хаягт өөрийн гэр бүлийн хамт өнөөдрийг хүртэл хугацаанд амьдарч байгаа бөгөөд тус байрыг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй хууль ёсны эзэмшигч юм. Би 7 сартай нялх охин, 2 дугаар ангийн хүү, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг өөрийн дүүгийн хамт амьдардаг бөгөөд сүүлийн 3 жилийн турш тус байранд амьдарч байна. ...Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс би болон миний гэр бүлийг тус байрнаас албадан нүүлгэхээр хууль бусаар ажиллагаа хийж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 5а/766 дугаар мэдэгдэл, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 5а/839 дүгээр мэдэгдэл, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5а/921 дүгээр мэдэгдлийг ирүүлж өвлийн хүйтэн улирал ирж байхад хууль бусаар албадан нүүлгэх гэж байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.-д “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно”, 92 дугаар зүйлийн 92.1.-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар өөрийн эзэмшлийн хөрөнгөө бусдын хууль бус үйлдлээс хамгаалах эрхтэй болно. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 5а/766 дугаар мэдэгдэл, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 5а/839 дүгээр мэдэгдэл, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5а/921 дүгээр мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ар гэрийн минь байдлыг харгалзан үзээд өвлийн цагаар байрнаас гаргахгүй байхыг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас хүсч байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч биш учраас нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

Хариуцагч Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн  270 дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэн Налайх дүүргийн 07 дугаар хороо Шинэ Налайх хорооллын 01 дүгээр байрны 19 тоот орон сууцыг  Б.Эрдэнэсүрэнгийн хууль бус эзэмшилээс чөлөөлөхөөр 2018 оны 08 дугаар сарын 29, 2018 оны 09 дүгээр сарын 03, 2018 оны 09 дүгээр сарын 10, 2018 оны 10 дугаар сарын 02, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд тус тус мэдэгдэл өгсөн. Төлбөр төлөгч Б.Эрдэнэсүрэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй,  төлбөр авагчтайгаа эвийн аргаар асуудлыг шийдвэрлэх боломжийг удаа дараа олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.10.-д жилийн аль ч улиралд албадан нүүлгэх ажиллагааг гүйцэтгэж болно. Б.Хын хувьд ажиллагааны оролцогч биш учраас нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна гэв.            

            ҮНДЭСЛЭХ НЬ:           

            Нэхэмжлэгч Б.Х нь Налайх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдуулан Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 104/ШШ2018/00270 дугаар шийдвэрийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны албадлагын арга хэмжээг хүчингүй болгуулахыг хүсчээ.

            Хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

            Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.Х “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.

            Нэхэмжлэгч хуулиар олгогдсон эрхээ эдлэж нэхэмжлэлээсээ татгалзаж буй нь түүний өөрийнх нь хүсэл зориг тул шүүх энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь зүйтэй гэж үзсэн.

            Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан учраас улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар хариуцна.           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Б.Х хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан албадлагын арга хэмжээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  106  дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ                                  Л.ЭНХБИЛЭГ