Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00010

 

  2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 104/ШШ2019/00010

                Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, 1 дүгээр хороо, “*******” ТӨХК-ийн ******* /РД: *******/-ийн

Хариуцагч: *******,*******,*******од оршин суух О.Э /РД:**********/-аас

Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлт 1.340.197 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2 жилийн хугацаатай эрчим хүчээр хангах гэрээг байгуулан цахилгаан эрчим хүчээр хангаж эхлэсэн. О.Э  нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 1.340.197 төгрөгийг төлөхгүй Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2., Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний /ААН-2.2.11/-т заасныг зөрчиж Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн

үүргээ биелүүлээгүй байгууллагыг хохироож байна. *******өөс цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөхийг удаа дараа шаардан хэрэглэгчийн гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт цахим шуудан илгээх, Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалтыг үндэслэн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлж, авлага барагдуулах талаар зохих ажиллагаануудыг хийсэн. Хавтаст хэрэгт авлага авах тухай баримтанд Б.О.Э эрчим хүч ашигласны төлбөрийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар гарын үсэг зурсан. 2015 оны 09 дүгээр сард гэрээ хийгдсэнээс хойш 3 сарын цахилгааны төлбөрийг төлсөн. Манай байгууллагын зүгээс Б.О.Этай уулзаж төлбөр төлөх график гаргаад тодорхой хугацаанд төлж барагдуулах санал тавьсан. Олгосон хугацаа дуусахад хариуцагч нэг ч төгрөг өгөөгүй тул хэрэглэгчтэй байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 3.1.13-т заасны дагуу 1.340.197 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч О.Э шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******өөс 1.340.197 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна. Би амьдарч байсан хашаа байшингаа 2016 онд “*******” ХХК-д хураалгасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үед “Хасбанк” ХХК-иас “...та бидэнд хашаа байшингаа шилжүүлсэн учраас үүнтэй холбоотой төлөгдөх ёстой урсгал зардлыг манай банк төлнө...” гэсэн учраас цахилгааны төлбөрийг төлөгдсөн гэж бодсон. Тэгтэл цахилгааны төлбөр төлөгдөөгүй өдийг хүрсэн. Олон жилийн ажил хөдөлмөр үр шимээр босгосон гэр орноо алдчихаад дээрээс нь өртэй үлдээж байгаа нь хэцүү байна. Одоо орох оронгүй айл айлаар дамжаад амьдарч байна. 380-ын шонгоос кабелийн утас 100 метр, 220 вольтын тоолуур байсан алга болсон. Үүнийг эрчим хүчний мэдлэгтэй цахилгаанчин хүн л салгаж авна. Эдгээр зүйлүүдээ олуулж авмаар байна. Бичилт хийгдсэн хугацаанаас өмчлөл шилжсэн үеийн хугацааг хасч үнийн дүнг багасгаж өгнө үү. Би саяхан хүнд хагалгаанд орсон. 2019 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд ажил хийх боломжгүй байгаа тул 2019 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд төлбөрийг төлж барагдуулах болохоор хугацаа олгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч  “Улаанбаатар  Цахилгаан   түгээх  сүлжээ”   ТӨХК-ийн   Налайх

Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч О.Эаас 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 1.340.197 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч О.Э “өөрийн эзэмшлийн кабел, тоолуур алдагдсан, үүнийг төлбөрт оруулж тооцох, хэрэглээгүй хугацааны төлбөрийг төлөхгүй” үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.

“*******” ТӨХК-ийн ******* нь Налайх дүүргийн******* Наадмын 1 дүгээр гудамж 10 тоотод оршин суугч О.Эын хүсэлтээр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 3 жилийн хугацаатай байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн үйл баримтад зохигч маргаагүй.

Хариуцагч О.Э нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2.-т зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй.

О.Э энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдсон.

Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., гэрээний 4.1.-т зааснаар эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн ******* нь хариуцагч О.Эаас хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг шаардах эрхтэй. 

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж, мөн зүйлийн 2-т “Иргэний байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам...-ыг тусгана” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.10.-т “Байр, орон сууц, хашаа, газрыг өмчлөгч, эзэмшигч иргэн...бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, нүүн шилжих, түрээслэхдээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо хийж дуусган, энэ тухай тодорхойлолтыг хангагчаас авсан байна. Энэ тодорхойлолтыг тухайн байр, орон сууц, хашаа, газрыг шинээр өмчлөгч, эзэмшигч ...байгууллага шаардаж, гаргуулан авна. Хэрэв уг тодорхойлолтыг аваагүй тохиролдолд шинээр өмчлөгч, эзэмшигч эрчим хүчний өрийг хариуцна гэж заажээ.

Хавтаст хэргийн 13 дугаарт авагдсан Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаас үзэхэд хариуцагч О.Э нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 1.340.197 төгрөгийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөөгүй үлдэгдэлтэй мэт харагдаж байгаа боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5а/49 тоот албан бичигт дурдсанаар хариуцагч О.Э бусдад төлөх өр төлбөртөө цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасан хаягт байрших үл хөдлөх хөрөнгийг, газрын хамт 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр бусдын өмчлөлд шилжүүлсэн байна. Энэ  нь хэрэгт авагдсан Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 26 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5а/49 дугаартай албан бичиг, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 тоот албан бичиг зэрэг баримтаар тогтоогдсон учраас хариуцагч О.Эын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны эрчим хүчний төлбөрийг эс зөвшөөрч маргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн. /хх-9, 14/

Харин хариуцагч О.Э Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8.-д зааснаар өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн...байдлыг бүрэн хариуцах үүрэгтэй учраас алдагдсан гэх кабель, тоолуурын үнийг цахилгаан эрчим хүчний төлбөрт оруулж тооцохоор маргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийг цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр гэж тодорхойлсон атлаа нэхэмжлэлийн үнийн дүнд 2016 оны 02 дугаар сарын 20, 2016 оны 04 дүгээр сарын 20, 2016 оны 05 дугаар сарын 20, 2017 оны 01 дүгээр сарын 19, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдийн төлбөрийн нэхэмжлэлд бичигдсэн хог, телевизийн хураамж 18.000 төгрөгийг оруулж тооцсон байна.  Энэ үндэслэлээ гэрээний 4.6.-д заасан “төлбөрийн нэхэмжлэлд цахилгаан эрчим хүчний төлбөр тусгагдахаас гадна ...телевиз, хогны төлбөрүүд...тусгагдсан байна” гэсний дагуу оруулж тооцсон гэж тайлбарлаж байгаа боловч эрх бүхий байгууллага төлбөр шаардах эрхийг нэхэмжлэгчид олгосон нь баримтаар тогтоогдоогүй. 

Шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас  1.300.913

төгрөгийг хангаж, 39.284 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2., 31 дүгээр зүйлийн 31.1.-д зааснаар хариуцагч Авга О.Эаас 1.300.913 /нэг сая гурван зуун мянга есөн зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39.284 /гучин есөн мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.715 /гучин зургаан мянга долоон зуун арван тав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Эаас 35.765 /гучин таван мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ТӨХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                    Л.ЭНХБИЛЭГ