Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 128/шш2021/0447

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Ш.О

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэвэр олголтыг зогсоосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2019 оны 6 сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 сарын 01 хүртэлх хугацааны тэтгэврийн 10,419,116 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.О нь 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлага хангаж, 2017 оны 5 дугаар сард анх өндөр насны тэтгэврээ тогтоолгож авсан байдаг. 2017 оноос хойш 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл өндөр насны тэтгэврээ тасралтгүй сар болгон аваад явж байсан. Ингээд 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэврийг ямар үндэслэлээр зогсоосон талаар мэдэхгүй гэнэт олгогдохгүй болсон. 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс олгогдох ёстой байсан тэтгэврийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр олж мэдсэн байдаг. Тухайн үед тэтгэврийн зээлтэй байсан болохоор тэтгэврээс зээл нь суутгагддаг байсан. Тэгээд банкнаас зээлээ төлөөрөө суутгагдтал хийгдээгүй байна гэж анх банкнаас ярихаар нь тэтгэвэр ороогүй байна гэдгийн мэдсэн. 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр анх мэдээд 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдол хүлээн авах зөвлөлд гомдлоо хүргүүлсэн. Гомдлын шаардлагын зөвлөлөөс 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 19 тогтоолоор олгогдохгүй болсон талаар хариуг өгсөн байдаг. Урьдчилан шийдвэрлэх журмын дагуу үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад хандахад олгох боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Ингээд үргэлжлүүлэн Нийгэм хамгааллын яаманд гомдол гаргасан. Гэтэл Нийгэм хамгааллын яамнаас өөрийг нь байцуулж байгаад энэ асуудлаа шийдвэрлэ гэсэн чиглэл өгч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс рүү буцаасан байдаг. Хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас ирсэн чиглэлийн дагуу Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс дахин хэлэлцээд манайх энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй юм байна шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Ш.Од мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг авснаас хойш 30 хоногтоо багтааж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар нэг удаа буцаагаад бүрдүүлбэрийг ханган өгч захиргааны хэрэг үүсгэж өнөөдрийг хүртэл ажиллагаа явагдаж байна. Гол үндэслэл нь нэг жилийн хугацаанд өндөр насны тэтгэвэр зогсоосон байдаг. 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд тэтгэвэр олгогдоогүй. Өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс өндөр насны тэтгэврийг жилийн хугацаанд олгоогүй талаар хууль зүйн үндэслэлээ дээрээ тодорхой тайлбар гаргаагүй. Зөвхөн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэдэг зүйл хэлдэг. Цагдаагийн байгууллагаас ирж байгаа албан тоот дээр энэ хүний нийгмийн даатгалыг зогсоо гэсэн утга бүхий албан тоот ирээгүй. Тухайн үед шалгагдаж байсан цагдаагийн байгууллагаас Ш.Отэй холбогдолтой баримтыг Нийгмийн даатгалын хэлтсээс хуулбарлаж авхуулахаар нотлох баримт шаардсан албан тоот бүхий баримт ирсэн байдаг. Яг энэ үндэслэлээр Ш.Оийг өндөр насны тэтгэврийг зогсоосон байгаа. Харин 2020 оны 6 дугаар сарын 01-нийн өдрөөс хойш тэтгэврийг өнөөдрийг хүртэл хэвийн олгож эхэлсэн. Энэ хугацаанд шалгагдах процесс нь шалгагдаад явж байгаа. Тийм болохоор бүтэн нэг жил зогсоосон болох нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн үндсэн гол зарчим байдаг. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж байдаг. Өөрөөр хэлбэл Ш.Оийг өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо хуурамч бичиг баримт үйлдсэн үү эсвэл өөр нэгэн байдлаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон уу гэдэг байдлыг цагдаагийн байгууллага болон эрүүгийн шүүхээс эцэслэн шийдвэрлэж тогтоогоогүй байхад Ш.Оийн тэтгэврийг зогсоосон нь саяны хэлсэн хуулийн гол зарчмыг зөрчиж байна. Тийм учраас тэтгэвэр тэтгэмж зогсоосон эс үйлдэхүй байгааг тогтоож 2019 оны 6 дугаар сарын 01-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ны өдрийн хооронд олгогдох ёстой байсан өндөр насны тэтгэврийг тэтгэвэрт 10.419.116 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Цагдаагийн байгууллага, хууль хүчний байгууллагаар хэн ч шалгагдаж болно. Ш.Оийн хувьд анх шалгагдаж байгаа нэртэй 3 жилийн хугацаа өнгөрч байна. Анх Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаад Баянзүрх дүүргийн прокурорын газар луу шилжүүлсэн. Дараад нь АТГ луу шилжүүлээд 3 дахь жилдээ явж байгаа. Одоогийн байдлаар Ш.Оээс нэг ч удаа байцаалт аваагүй. Ш.Оийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажлаас чөлөөлсөн н.Г******* гэдэг даргыг шалгаад 3 жил болж байгаа. АТГ-аас шалгахдаа Ш.Оийг ажлаас чөлөөлөх тушаал гаргах эрхтэй этгээд мөн эсэх талаар тодруулж байгаа. АТГ-т Ш.Оийн өмгөөлөгчийн хувьд очиж тухайн хэрэг юу болж байгаа талаар асуухад та хэргийн оролцогч биш учраас хэргийн материал танилцах боломжгүй гэж хэлдэг. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг манайх мэдсэн учраас эд нарын хариуг хараад байж байна гэх зүйл хэлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.О гэх хүн шалгагдаагүй. Ш.О шалгагдаж байгаа гэх албан тоот өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа. Хоёр удаа хянан шийдвэрлэх ажиллагааг тэтгэлцүүлээд АТГ-аас тодорхойлолт авахад н.Г холбогдох хэргийг шалгаж байна гэсэн агуулга бүхий хоёр тодорхойлолт ирсэн байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа, цагдаагийн байгууллагад шалгагдаад явж байгаа нь өөрөө тухайн хүний ажил хөдөлмөр, өндөр насны тэтгэврийг зогсоох асуудал бол биш. Баянзүрх дүүргийн Төмөр замын цагдаа, Баянзүрх дүүргийн прокурор, Авлигатай тэмцэх газар гэх гурван хүчний байгууллагын аль ч газраа Ш.Оийн тэтгэврийг зогсоогоорой гэсэн мэдэгдэл өгөөгүй байдаг. Хавтас хэрэгт прокурорын байгууллагаас Ш.Оийн тэтгэврийн асуудлаар тодруулга авахад бид нар Ш.Оийн тэтгэвэр тэтгэмжийг зогсоо гэсэн албан бичиг өгөөгүй гэсэн хариу өгдөг. Ингээд хууль хүчний байгууллагаас тэтгэвэр тэтгэмж зогсоох чиглэл бүхий албан бичиг өгөөгүй байхад шалгагдаж байна гэсэн үндэслэлээр зогсоосон байдаг. Гэтэл Ш.Оийн хувьд шалгагдсан зүйл байхгүй. Тиймээс учраас хариуцагчийн гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 онд Төмөр замын цагдаагийн газраас манай байгууллагад Ш.Отэй холбоотой бичиг ирээд прокурорын газар луу шилжүүлээд тэрнээс үүдэлтэй тэтгэвэр зогсоосон. Гэтэл хэрэг нь шийдвэрлэгдэхгүй удсан болохоор нь АТГ-д хандсан. Одоо АТГ-ын эрх бүхий шийдвэрийг хүлээгээд байна. Тэтгэврийн үндэслэлийг шалгаагүй, Төмөр замын цагдаагийн газраас бичиг ирсэн гэж хавтас хэрэгт авагдсан байгаа.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Ш.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.О тус шүүхэд хандаж “тэтгэвэр олголтыг зогсоосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2019 оны 6 сарын 01-нээс 2020 оны 6 сарын 01 хүртэлх хугацааны тэтгэврийн 10 419 116 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...тэтгэврийг зогсоосон үндэслэлээ Цагдаагийн байгууллагаас албан бичиг ирсэн гэж тайлбарладаг боловч энэ бичиг нь тэтгэврийг зогсоо гэсэн агуулгатай бичиг биш, нотлох баримт шаардсан л бичиг ирсэн, 2020 оны 6 сарын 01-нээс эхлээд хэвийн олгоод эхэлсэн байгаа...” гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Төмөр замын цагдаагийн хэлтсээс албан бичиг ирсэн тул зогсоосон, Авлигатай тэмцэх газарт хандсан боловч хариу нь ирээгүй байгаа...” гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч Ш.О нь 2016 оны 12 дугаар сарын 14-нд 55 нас хүрсэн тул 2017 оны 5 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх ба тэрээр өндөр насны тэтгэврээ 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэвийн авч байсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл 2019 оны 6 дугаар сарын 4-нд энэ тухай мэдсэн даруйдаа мөн оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан боловч “боломжгүй” тухай хариу өгсөн байх ба үүнийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд гомдол гаргасан, уг гомдлын хариуг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 9/156 тоот албан бичгээр “...нэхэмжлэгчийг өөрийг нь оролцуулж шийдвэрлэх” чиглэл өгсөн боловч уг ажиллагаа явагдаагүй тул шүүхэд хандсан байна.

Хариуцагчийн үндэслэл болгон маргаж буй Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь  Цагдаагийн газрын, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14-4б\860 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж “тус газарт шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн 190300173 дугаартай хэрэгт Ш.О, Г нарын тэтгэвэрт гарсан баримт бичгийн хуулбарыг ирүүлнэ үү” гэж хүссэн, мөн газрын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 14-4б\976 дугаар албан бичгээр дээрх иргэдийн тэтгэвэр олголтын дэлгэрэнгүй лавлагааг ирүүлэхийг хүссэн, мөн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 198 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хандаж “...дээрхи иргэдийн тэтгэврийг олгох эсэх талаар хариу ирүүлэхийг хүссэний хариуд тус Прокурорын газрын, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1\5684 дугаар албан бичгээр “...тус дүүргийн Прокурорын газраас Ш.Од холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан шийдвэр гараагүй байх тул дээрхи асуудлын талаар шийдвэр гаргах болон чиглэл өгөх боломжгүй..., байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн хариу өгсөн үйл баримтууд тогтоогдов.

Түүнчлэн энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Авлигатай тэмцэх газарт хандаж Ш.Од холбогдуулан хэрэг үүсгэн шалгаж байгаа эсэх талаар лавлахад тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06\11724 дугаар албан бичгээр “эрүүгийн 190300173 дугаартай Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн дарга Б.Г нь...Ш.Оийг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэг бүртгэлийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа”-г тодорхойлсон болно.

Гэвч эдгээр эрх бүхий байгууллагын тодорхойлолт лавлагаануудаас үзэхэд Ш.Оийг ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэх Б.Г холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн байх боловч уг асуудалд нэхэмжлэгч Ш.Оийг хамтруулан эрүүгийн хэрэг үүсгэсэн нь тогтоогдохгүй, нөгөө талаар дээрхи албан бичгүүдийн алинд нь ч “Ш.Оийн тэтгэврийг зогсоох”-ыг даалгасан агуулга байхгүй байна.

Үүнээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан, “Төмөр замын цагдаагийн газраас бичиг ирсэн тул зогсоосон...” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүйн дээр эдгээр бичгүүд нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс холбогдох нотлох баримтыг шаардсан албан бичгүүд болох нь тогтоогдсон болно.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж тус тус заасан байна.

Дээрхи хуулийн заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас  нэхэмжлэгч Ш.Оийн тэтгэврийг зогсоохдоо түүнд хамаарах нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоолгүйгээр, тэтгэврийг зүгсоох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад түүний тэтгэврийн олголтыг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тодорхой шалтгаангүйгээр зогсоож, олгоогүй нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэв.

Нөгөө талаар хариуцагч нь Ш.Оийн тэтгэвэр олголтыг 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн олгож эхэлсэн боловч энэ талаархи үндэслэлээ ч мөн дурдаагүй байгаа нь хариуцагч өөрийн гаргасан, эрх зүйн алдаатай эс үйлдэхүйгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Ш.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106,3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  26 дугаар зүйлийн 1 -д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Оээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Ш.Оийн тэтгэвэр олголтыг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зогсоосон хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2019 оны 6 сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 сарын 01 хүртэлх хугацааны тэтгэврийн 10,419,116 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН