Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/00728

 

  З.Галаанямын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00550 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 969 дүгээр магадлалтай,

 З.Галаанямын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгч З.Галааням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.09.11-ний өдрийн захирамжаар З.Галааням нь Даймонд Финанс ХХК-д төлбөр төлөхөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг хөрөнгийн үнэлгээчнээр томилж барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн. Хариуцагч нь үнэлгээний талаар хуульд заасны дагуу мэдэгдээгүй. Миний бие үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж гомдол гаргасан боловч миний гомдлыг хүлээн авахгүй, 2019.11.01-ний өдөр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн тогтоосон үнээр дуудлага худалдаанд оруулахаар болсон. Гэтэл Сэлэнгэ эстимэйт ХХК нь зөвхөн Үнэгүй.мн сайтад тавигдсан 2, 3 зар дээр тулгуурласан, борлуулсан үнэлгээний талаар дурдагдаагүй гэж үзэж байна. Иймд тус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.09.11-ний өдрийн 6068 дугаар захирамжаар З.Галаанямаас 216,207,821 төгрөгийг гаргуулж, Даймонд Финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч З.Галааням нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хурааж, шинжээчээр үнэлүүлсэн. Барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч З.Галааням болон өмчлөгчид шүүхийн шийдвэрт заагдсан хаяг болон оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдсэн мөн үнэлгээний талаар тус газарт гомдол гаргаагүй бөгөөд тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00550 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Галаанямын үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Галаанямын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 969 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00550 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус шүүхийн 2020.02.21-ний өдрийн 181/ШШ/2020/00550 дугаартай шийдвэр, 2020.05.01-ний өдрийн 969 дугаартай магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл НШШГГ-аас ШШГТХ-ийн 55.3-т зааснаар мэдэгдсэн гэж байгаа боловч шуудангаар хүргүүлсэн байдаг ба шуудан хүлээн авснаас хойш 2 өдрийн дараа гаргасан, шүүх эхний удаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан . Анх 2019.10.23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба энэ хугацааг харахад манайх хугацаандаа нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд НШГГ-аас томилсон шинжээчийн үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур байна гэж маргасан байдаг. Үүнтэй холбоотой нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох зорилгоор эд хөрөнгийн үнэлгээний талаар шинжээч томилуулах, үзлэг хийлгүүлэх хүсэлтийг тус тус гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Энэ нь ИХШШТХ-ийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж зохигчийн эрхийг тэнцвэртэй хангаагүй, нотлох баримт цуглуулах, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 Нэхэмжлэгч З.Галааням Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

 З.Галааням нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Сэлэнгэ эстимэйт ХХК нь барьцааны хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, үнэлгээг Үнэгүй.мн сайтад тавигдсан 2, 3 зар дээр тулгуурласан, борлуулсан үнэлгээний талаар дурдаагүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэж тайлбарласан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...барьцааны хөрөнгийг үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгчид шийдвэрт заасан хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн, үнэлгээний талаар гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 З.Галаанямаас 216,207,821 төгрөгийг гаргуулж Даймонд финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.09.11-ний өдрийн шүүгчийн 6068 дугаартай захирамжид 2016.09.09-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч барьцааны хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007105 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 43 дугаар байрны 18 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 98,653,320 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205022720 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 69 дүгээр байрны 6 тоот, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 85,594,000 төгрөгөөр тус тус үнэлсэн талаарх эд хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч буюу төлбөр төлөгчид 2019.10.07-ны өдрийн 4/21377 дугаартай мэдэгдлээр баталгаат шуудангаар хүргүүлсэн, нэхэмжлэгч нь 2019.10.23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогджээ.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж, 55 дугаар зүйлийн 55.7.-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 116 дугаар зүйлийн 116.3.-т шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж тус тус зохицуулжээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо төлбөр төлөгч үнэлгээний талаарх гомдлыг хуульд заасан хугацаанд гаргаагүй, хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байхаас гадна нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй гэсэн дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй, хоёр шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 Хэрэгт авагдсан баримтаар шинжээч нь барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй, улмаар нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаснаа нотлоогүй байна.

 Түүнчлэн нэхэмжлэгчийн дахин шинжээч томилж үнэлгээ тогтоолгох, зарын сайтуудад үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь заалтыг зөрчөөгүй, нэхэмжлэгч нь 2015 оноос хойш шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэлгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байгаа талаарх шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 Иймд ...нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор үнэлгээний талаар дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хүлээж аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн... талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00550 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 969 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс 2020.05.21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                   Б.УНДРАХ

                                               Г.ЦАГААНЦООЖ

                                       Д.ЦОЛМОН

                                                 Х.ЭРДЭНЭСУВД