Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0351

 

   “Улаанбаатар радио” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт  нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагватуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мухийт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарангарав, гуравдагч этгээд Т.Наранбулаг, “Наранбулаг сервис” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунцэцэг, “Наранбулаг сервис” ХХК-ийн өмгөөлөгч Ш.Энхтөр, “Бадрал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, М.Алтан-очир, Бадрал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд “Наранбулаг сервис” ХХК, ”Бадрал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “Улаанбаатар радио” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2008 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Нийслэлийн Өмчийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн барилгын “Ж” блокийн 1.222 м.кв талбайг “Улаанбаатар радио” ХХК-ийн нэр дээр бүртгэж өгөхийг даалгах” гэжээ.

Хариуцагч бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгч судлалгүйгээр, маргаантай байгаа өмчийг нийслэлийн өмч мэтээр хандаж дур мэдэн шийдвэр гаргасан нь манай байгууллагын эрх ашгийг хохироож байна.

-Төрийн өмчийн хорооны 2001 оны 11 дүгээр 21-ний өдрийн 615 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөнд оруулах хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах, тооцож баталгаажуулах ажлыг зохион байгуулах журам”-ын 19 дүгээр зүйлд “Хөрөнгө оруулалт нь үр дүнтэй, тухайн барилгын ашиглалтын хугацаатай харьцуулахад тохирохуйц болж чадсаныг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тодорхойлогдсон байвал хөрөнгө оруулалтын үнэлгээ тухайн төрийн өмчийн барилга байгууламжийн үнийн 51 хувьтай тэнцүү буюу түүнээс давсан тохиолдолд уг өмчийг түрээслэгч байгууллагын саналыг харгалзан хөрөнгө оруулалтын зөвшөөрлөөр олгохын өмнө шинэчлэн тогтоосон үнээр худалдах асуудлыг Төрийн өмчийн хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Мөн нийслэлийн өмч хувьчлах комиссын 2005 оны 51 дүгээр тогтоолыг үндэслэн нийслэлийн Өмчийн харилцааны газартай “Улаанбаатар радио” ХХК нийслэлийн өмчит байгууллага худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.7-д худалдан авагч нь нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2005 оны 51 дүгээр тогтоолын 3-д заасны дагуу өөрийн үйл ажиллагаа явуулж буй “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1222 м.кв талбай бүхий барилгыг түрээсийн гэрээгээр эзэмшиж хөрөнгө оруулалт хийснээр тэргүүн ээлжинд хувьчлан авах эрхтэй” гэж заасан нь дээрх тогтоолд заасан шаардлагыг хангаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийсэн. Хувьчлалын төлбөрийг төлсөн байтал нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээрх байдлыг тогтоож судлалгүй хувьчлалын жагсаалтаас хасаж шийдвэрлэсэн нь бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироон, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль ёсны эрхэнд маань халдсан гэж үзэж байна.

-Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн барилгын “Ж” блокийн 1, 2, 3 дугаар давхрын 1222 м.кв талбайтай хэсгийг хувьчлах талаар нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 11/65 дугаар тогтоол гарсан байдаг бөгөөд уг тогтоолын хүчин төгөлдөр үйлчлэлийн талаар шат шатны шүүхүүд хууль зүйн дагуу дүгнэсэн байдаг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хувьчлалын жагсаалтаас хасах тухай” 13/49 дүгээр тогтоолоор жагсаалтаас хасах үндэслэл болсон нь нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 6/24 дүгээр тогтоолын хавсралтын 2 дахь заалтын 1, 2, 3 дахь хэсгийг Улсын Дээд шүүхийн 2013 оны 204 дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/49 дүгээр “Хувьчлалын жагсаалтаас хасах тухай” тогтоолын 2 дахь заалтын 4 дэх хэсэг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 11/65 дугаар тогтоолын “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж байгаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн барилгын “Ж” блокийн 1, 2, 3 дугаар давхрын 1222 м.кв талбайтай хэсгийн хувьчлалын арга хэлбэрийг хууль тогтоомж, дүрэм журмын дагуу тодорхойлуулж дахин хувьчлахыг үүрэг болгон даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансоёмбо 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Маргаан бүхий 1220 м.кв талбайн 175 м.кв-г “Наранбулаг сервис” ХХК, 155 м.кв талбайг “Бадрал” ХХК-д 1991 оноос “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн ашиглалтын захиргаатай, 1999-2005 он хүртэл нийслэлийн Өмчийн харилцааны газартай түрээсийн гэрээтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн бол үлдсэн 860 м.кв талбайд 2005 он хүртэл Улаанбаатар банкны салбар, “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн ашиглалтын захиргаа тус тус байрлаж байсан.

“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийг 2004 оноос хувьчилж эхэлсэн ба маргаан бүхий 1220 м.кв талбай бүхий хэсгийг “Улаанбаатар радио” ХХК-д хувьчилсан. Хувьчлалтай холбоотой гарсан шийдвэрүүд гурван шатны шүүхээр хянагдаж тус тус хүчингүй болжээ. Мөн 2013 онд “Улаанбаатар радио” ХХК-ийн нэхэмжлэлээр “...1220 м.кв талбайг “Улаанбаатар радио” ХХК-д хувьчлахыг даалгах...” асуудлаар Захиргааны хэргийн шүүх дээр дахин маргаан үүссэн бөгөөд гурван шатны шүүхээр хэлэлцэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон юм. Тухайн асуудлыг тал талаас нь үнэлж дүгнэн хэлэлцэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хүчинтэй байгаа.

Мөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/49 дүгээр тогтоол нь хурал өөрийн үйл ажиллагааны дотоод зохион байгуулалтад чиглэсэн зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг бөгөөд хүчингүй болсон. 2007 оны 11/65 дугаар тогтоол, түүний хавсралт мөн дотоод үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотой акт байсан юм.

Өөрөөр хэлбэл 2007 оны 11/65 дугаар тогтоолоор зөвхөн хувьчлах эд хөрөнгийн жагсаалт баталсан бөгөөд хувьчлах арга хэлбэрийг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасан хувьчлах, эс хувьчлах, хувьчлалыг хуулийн дагуу явуулах, зохион байгуулалтын асуудлыг шийдсэн юм. Энэ тогтоолыг хавсралтад нэр орсон аж ахуйн нэгж байгууллагад тухай объектыг шилжүүлэн өгөх ёстой мэтээр ташаа ойлгож болохгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй ба Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77, 3, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх боломжийг хангаж шийдвэрлэнэ үү” гэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газрыг төлөөлж, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 11/65 дугаар тогтоолын дагуу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1222 м.кв талбай бүхий байрыг “Улаанбаатар радио” ХХК-д 2008 оны нийслэлийн өмч хувьчлах комиссын “түрээсээр эзэмшиж буй барилга, гүүрэн гарцыг хувьчлах” 59 дүгээр тогтоолоор хувьчилсан. Уг тогтоолыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 88 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 82 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Мөн “Улаанбаатар радио” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 11/65 дугаар тогтоолын 3.1-д хувьчлах арга хэлбэрийг тогтоож, хөрөнгө оруулалтын давуу эрхээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1, 2, 3 давхрын 1220 м.кв талбай бүхий байрыг “Улаанбаатар радио” ХХК-д хувьчлахыг нийслэлийн Засаг даргад даалгах, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/24 дүгээр тогтоолын хавсралтын 2 дахь заалтын 1, 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дүгээр тогтоолд “...“Улаанбаатар радио” ХХК-д хувьчлахыг нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/24 дүгээр тогтоолын хавсралтын 2 дахь заалтын 1, 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгосон” нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1222 м.кв талбай бүхий байрыг 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Ү-2202019332 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг “Улаанбаатар радио” ХХК-д хууль бусаар олгосон байсныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 145 дугаар шийдвэрээр хүчингүй болгож нийслэлийн өмч мөн болохыг тогтоосон ба “Улаанбаатар радио” ХХК-ийн нэхэмжлэлд нийслэлийн өмчийн харилцааны газар нь уг байрыг чөлөөлөхийг шаардах эрх бүхий этгээд биш юм гэж дурдсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйл, 78 дугаар зүйлд зааснаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн асуудалд хөндлөнгөөс шууд оролцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 2/1009 тоот албан бичгийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад бүртгэлтэй байрны 2013 оны түрээсийн “Алтан алим” ХХК, “Хаттори” ХХК-тай байгуулсан гэрээг 2014 онд сунгах боломжгүй гэсэн албан бичгээр хандсан ба энэ гэрээг “Улаанбаатар радио” ХХК-тай байгуулсан гэрээ биш тул нэхэмжлэл гаргах эрхгүй юм.

Иймд “Улаанбаатар радио” ХХК-ны гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Наранбулаг сервис” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунцэцэг 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...“Улаанбаатар радио” ХХК “Ж” блокийн нийт 1222 м.кв талбайд “Наранбулаг сервис” ХХК-ийн 175 м.кв талбайг оруулан, бүхэлд нь хувьчлахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/1376 тоот албан бичигт “...тус компанийн түрээсээр эзэмшиж байсан байрыг хувьчлах ажлыг 2013 оны хувьчлалын жагсаалтад оруулахаар шийдвэрлэж байгаа”, нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн албан бичигт “...Танай байгууллага 1991-2004 оны хооронд нийслэлийн өмчийн эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Баруун сэлбэ” хорооллын үйлчилгээний төвийн “Нарны титэм” барилгын 175 м.кв талбайг түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан ба түрээсийн төлбөрийн өр авлагагүй байна. Мөн тус ажлын байрыг дээрх хугацаанд танай байгууллагаас өөр иргэн, аж ахуй нэгж байгууллага эзэмшиж байгаагүй”, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 21 дүгээр шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2011 онд манай байгууллагын түрээсийн гэрээний хугацааг тодруулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянагдаж байх хугацаанд нийслэлийн Өмчийн харилцааны газраас түрээсийн гэрээний хугацаа, төлбөр тооцоог дахин хянаж, нягтлан тогтоосноор нэхэмжлэлээсээ татгалзсаныг Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1477 дугаар захирамжаар баталж, хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн болно.

Харин маргаан бүхий объектыг 2005-2012 онд “Улаанбаатар радио” ХХК-д удаа дараалан хувьчилсан нийслэлийн Засаг даргын захирамж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоол зэрэг нь илт хууль бүс болохыг шат шатны шүүхээс тогтоосон байдаг ба эдгээр шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.

“Улаанбаатар радио” ХХК-ийн гаргаж буй нэхэмжлэлийн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/49 дүгээр тогтоолын 2.4 дэх хэсгийг хүчингүй болгуулах шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээд “Бадрал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтан-Очир, Б.Энхтүвшин нар 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...“Бадрал” ХХК 1992 оноос эхлэн нийслэлийн өмч болох Чингэлтэй дүүргийн “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн байрны “Ж” блок дахь 154.9 м.кв талбай бүхий байрыг түрээсээр ашиглаж, хөрөнгө оруулалт хийж нийслэлийн Өмчийн харилцааны газраар баталгаажуулсан бичгийн нотлох баримт байдаг.

Түүнчлэн шат шатны шүүхийн шийдвэрүүдээр энэ тухай дурдаж дүгнэсэн байдаг. Тухайлбал Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Учир нь нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай” 473 дугаар захирамжийг мөн Засаг даргын 2006 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр захирамжаар хүчингүй болгосон, мөн байр өргөтгөх шаардлагатай гэдгээр “Бадрал” ХХК, “Наранбулаг сервис” ХХК-ийн түрээсэлж ирсэн байрыг түрээслэгчдэд нь хувьчлах эсэх, хувьчлах арга хэлбэр, журмын асуудлыг үндэслэлтэйгээр шийдвэрлэж, хариу өгөлгүйгээр “Улаанбаатар радио” ХХК-д хувьчилж шийдвэрлэсэн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 59  дүгээр тогтоол хууль бус, нэхэмжлэгч “Бадрал” ХХК, “Наранбулаг сервис” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв”, Улсын Дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дүгээр тогтоолын хянах хэсэгт “...Маргаан бүхий объектыг бүхэлд нь “Улаанбаатар радио” ХХК-д хувьчилсан нь “Наранбулаг сервис” ХХК болон “Бадрал” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэсэн, энэ талаар эрх бүхий этгээдээс гаргасан захиргааны актуудыг илт хууль бусад тооцсон, хүчингүй болгосон зэрэг шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байгаа,...” гэж дүгнэсэн нь тодорхой харуулна.

“Улаанбаатар радио” ХХК-ийн хувьчлалыг хүчингүй болгосон Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 88 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2009 оны 82 дугаар тогтоолоор буцаж нийслэлийн өмч болох үндэслэл бүрдсэн бөгөөд нийслэлийн Өмчийн харилцааны газраас “Улаанбаатар радио” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1222 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг шүүхийн шийдвэр /Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 145 дугаар шийдвэр/-ээр нийслэлийн өмчид бүртгэж авсан байдаг.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн өмчийн асуудлыг шийдвэрлэсэн гэж үзнэ.

Энэ нь уг маргаан бүхий объект Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийг хувьчлалын асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг нэг мөр шийдсэн гэж үзэхгүй, мөн “Улаанбаатар радио” ХХК-д хувьчлахгүй гэсэн ойлголт гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.

Иймд хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн тул шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын а/, б/, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3/, 81 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Улаанбаатар радио” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хувьчлалын жагсаалтаас хасах тухай” 13/49 тогтоолын 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгон, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 11/65 дугаар тогтоолын дагуу “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж байгаа 1222 м.кв талбай бүхий барилгын хувьчлалын арга хэлбэрийг тогтоон тус компанид хувьчлах асуудлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Бадрал” ХХК-аас гаргасан давж заалдах гомдолдоо: “Бадрал"ХХК нь 1992 оноос 2004 оныг дуустал Нийслэлийн өмч болох Чингэлтэй дүүргийн "Баруун Сэлбэ" /Нарны Титэм/ үйлчилгээний төвийн байрны "Ж" блок дахь 154.9 м.кв талбай бүхий байрыг түрээсээр ашиглаж, хөрөнгө оруулалт хийснээр Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-т "Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна." гэж зааснаар түрээсийн давуу эрхээр тэргүүн ээлжинд өмчлөх /хувьчлан авах/ эрхтэй болсон.

Уг объектын 1222 м.кв талбайг "Улаанбаатар радио" ХХК-д хувьчлахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагад манай компанийн давуу эрхээр, тэргүүн ээлжинд өмчлөн авах үл хөдлөх хөрөнгө байгааг анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр шийдвэрлэж гуравдагч этгээдийн эрхийг ноцтой зөрчсөн.

Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009.01.15-ны өдрийн №29 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Учир нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн "Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай №473 дугаар захирамжийг мөн Засаг даргын 2006 оны 02 сарын 28-ны өдрийн№74 дүгээр захирамжаар хүчингүй болгосон, мөн байр өргөтгөх шаардлагатай гэдгээр "Бадрал" ХХК, "Наранбулаг сервис" ХХК-ийн түрээсэлж ирсэн байрыг түрээслэгчдэд нь хувьчлах эсэх, хувьчлах арга хэлбэр, журмын асуудлыг үндэслэлгүйгээр шийдвэрлэж, хариу өгөлгүйгээр "Улаанбаатар радио" ХХК-д хувьчилж шийдвэрлэсэн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №59 тоот тогтоол хууль бус, нэхэмжлэгч "Бадрал" ХХК, "Наранбулаг сервис" ХХК-ийн эрх, ашиг сонирхолыг зөрчсөн байх тул хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв", мөн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дугаар тогтоолын хянах хэсэгт "...Маргаан бүхий обьектыг бүхэлд нь Улаанбаатар радио ХХК-д хувьчилсан нь Наранбулаг сервис ХХК болон Бадрал ХХК-ийн "эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн" гэж дүгнэсэн, энэ талаар эрх бүхий этгээдээс гаргасан захиргааны актуудыг илт хууль бусад тооцсон, хүчингүй болгосон зэрэг шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байгаа,..." гэж дүгнэснийг шүүх буруугаар тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл "Бадрал" ХХК нь Нийслэлийн өмч болох Чингэлтэй дүүргийн "Баруун Сэлбэ" /Нарны Титэм/ үйлчилгээний төвийн байрны "Ж" блок дах 154.9 м.кв талбайг тэргүүн ээлжинд давуу эрхээр хувьчлан авах эрхийг шүүх зөрчиж нэхэмжлэгч "Улаанбаатар радио" ХХК-д 1222 м.кв талбайгаар хувьчлахыг даалгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан зохицуулалт нь хуульд заасан шаардлагыг хангасан этгээд анхдагч байдлаар тэргүүн ээлжинд /өөр хэн нэгэн этгээдээс өмнө, түрүүлж өмчлөх эрхийг олж авах эрх/, давуу эрхээр өмчлөлийн зүйлийн авах эрх үүсэх харилцааг зохицуулсан бөгөөд "Бадрал" ХХК-д уг эрх хамгийн түрүүнд анх үүссэн боловч шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, манай компанийн уг эрхийг хязгаарлан, биднээс өмнө нэхэмжлэгчид энэхүү эрхийг тэргүүн ээлжид эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэх иргэний хэргийн шүүхийн шийдвэрт тухайн 1222 м2 талбай бүхий барилгыг 2005 оноос хойш эзэмшиж байгааг л тогтоосон болохоос бус хувьчлал, тэргүүн ээлжинд олж авах өмчлөлийн давуу эрхийн талаар нэхэмжлэлийн шаардлага ч байгаагүй, энэ талаар ч иргэний хэргийн шийдвэрлээгүй байдаг.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 оны 1 дүгээр сард манайтай байгуулсан түрээсийн гэрээг иргэний хэргийн шүүх хүчин төгөлдөр бусад тооцсноор манай компанийн тухайд зөвхөн уг гэрээний дагуу түрээслэх эрхийг хязгаарласан. Харин уг объектыг хувьчлах тохиолдолд өөрийн эзэмшиж байсан хэсгийг хувьчлан авах эрхийг ямарваа нэгэн хэлбэрээр хязгаарлах, хасах үр дагаварт хүргээгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн тус 1222 м.кв өөрт нь хувьчлуулах шаардлагыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 248 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 08 сарын 21-ний өдрийн 273 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.6.-Т "нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4.-Т "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй." гэж зааснаар хувьчлах арга хэлбэрийг шаардахгүйгээр маргаан бүхий 1222 м.кв объектыг нэхэмжлэгч өөртөө хувьчлахыг даалгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан.

Нэхэмжлэгч "Улаанбаатар радио" ХХК нь анх "хувьчлахыг даалгах" шаардлагыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хуралд холбогдуулж гаргаж байсан. Харин шүүх хуралдааны явцад энэ шаардлагаа нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулж гаргасан бөгөөд бичгийн хэлбэрээр өөрчилсөн шаардлагыг хүлээж авах, тайлбар авах ажиллагаа хийгээгүй, энэ тодруулсан шаардлагыг талуудаас бичгээр гаргуулж аваагүй хэргийг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн.

Мөн нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргад хувьчлахыг даалгах гэсэн шаардлага гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, шаардлагыг өөрөөр буюу "хувьчлалын арга хэлбэрийг тогтоож, нэхэмжлэгчид хувьчлах асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж" гэж үндэслэлгүй шаардлагыг зөвтгөж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож "Улаанбаатар радио" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “Наранбулаг сервис” ХХК-аас гаргасан давж заалдах гомдолдоо: “"Улаанбаатар радио" ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан:

1. НИТХ-ын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн "Хувьчлалын жагсаалтаас хасах тухай" 13/49 тоот тогтоолын 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулах,

2. НИТХ-д НИТХ-ын 2007 оны 11/65 тоот тогтоолыг үндэслэн "Улаанбаатар радио" ХХК-ийн эзэмшиж байгаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, "Баруун сэлбэ" үйлчилгээний төвийн барилгын "Ж" блокын 1, 2, 3 давхрын 1222 м.кв талбайтай хэсгийн   хувьчлалын   арга   хэлбэрийг   хууль   тогтоомж,   дүрэм   журмын   дагуу тодорхойлуулж дахин хувьчлахыг үүрэг болгон даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр дурдсан нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд 97 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг дор дурдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэхдээ маргаан бүхий объектын 1222 м.кв талбайг "Улаанбаатар радио" ХХК-д хувьчлахыг даалгасан нэхэмжлэлийн шаардлагад гуравдагч этгээд болох "Наранбулаг сервис" ХХК-ийн давуу эрхээр, тэргүүн ээлжинд хувьчлан авах байрыг оруулж, нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр хуулийг булуу хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг зөрчсөн ноцтой зөрчсөн илт хууль бус шийдвэр болсон.

Манай "Наранбулаг сервис" ХХК нь Нийслэлийн өмчлөлийн тус барилгын Ж блокын 1 дүгээр давхрын 175 м.кв талбай бүхий ажлын байрыг түрээсийн гэрээний дагуу 1991-2004 оныг дуустал 14 жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж ирэхдээ түрээсийн төлбөрт 48,6 сая /дөчин найман сая зургаан зуу/ төгрөг төлж, 18,6 сая /арван найман сая зургаан зуун мянга/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг НӨХГ-аас баталгаажуулж, 14 тоот хөрөнгө оруулалтын гэрчилгээтэй, Нийслэлийн эд хөрөнгөтэй хувийн өмч холилдсон байгууллага бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 105.1-д заасан "Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй" гэсэн нөхцөлийг хангаж, давуу эрхээр хувьчилж авах эрх үүссэн гэдгийг эрх бүхий байгууллага болох НӨХГ, ТӨХ, НИТХ болон шат шатны шүүх байгууллагаас хөдөлбөргүйгээр тогтоож шийдвэрлэсэн. Эдгээр тогтоол шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр байгаа, хавтаст хэрэгт авагдсан болно.

Тухайлбал Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсэгт "... НИТХ-ын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 тоот тогтоолын нэг дэх заалтаар Нийслэлийн өмчөөс 2008 онд хувьчлах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтыг хавсралтаар баталж, гурав дахь хэсгийн нэг дэх заалтаар жагсаалтанд орсон эд хөрөнгийн хувьчлалын арга хэлбэр, төлөөлөгчдөөс гаргасан санал, Санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн хорооны дүгнэлтэнд орсон объектуудын хувьчлалын асуудлыг тодотгож тухай бүр нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Гэтэл Нийслэлийн Засаг даргаас хувьчлах барилга байгууламжийн арга, хэлбэрийг тодорхойлж, НИТХ-аар шийдвэрлүүлээгүй байхад НӨХК-ын 2008 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор дээрх объектыг "Улаанбаатар радио" ХХК-д хувьчилжээ.

Дээрх НӨХК-ын шийдвэрийг НЗХШ-ийн 2009 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр "НИТХ-ын 11/65 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан хувьчлах барилга байгууламжийн хувьчлах арга хэлбэрийг тодорхойлоогүй байхад тогтоолын нэг дэх заалтыг хэрэгжүүлэлгүйгээр НӨХК нь "Улаанбаатар радио" ХХК, "Наранбулаг сервис" ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа байрыг бүхэлд нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлийг үндэслэн "Улаанбаатар радио" ХХК-д шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн "Улаанбаатар радио" ХХК-ийн байрыг өргөтгөх шаардлагатай гэдгээр "Наранбулаг сервис" ХХК, "Бадрал" ХХК нарын түрээсэлж ирсэн байрыг түрээслэгчдэд нь хувьчлах эсэх, хувьчлах арга, хэлбэр,журмын асуудлыг үндэслэлтэйгээр шийдвэрлэж хариу өгөлгүйгээр "Улаанбаатар радио" ХХК-д хувьчилж шийдвэрлэсэн байна гэж тус тус дүгнээд НӨХК-ын 59 дүгээр тогтоол "Наранбулаг сервис" ХХК, "Бадрал" ХХК нарын эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэн шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн энэ шийдвэр нь МУ-ын Дээд шүүхийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 88, Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2009 оны 5-р сарын 4-ний 82 дугаар тогтоолоор тус тус хэвээр батлагдсан.

Гэтэл одоо НИТХ-ын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 тоот тогтоолыг Нийслэлийн Засаг дарга биелүүлэхгүй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77.1-д заасан заалтыг зөрчсөн бөгөөд үүнийг хариуцагчийн төлөөлөгч нар ч үгүйсгээгүй,2010 оны эхний улиралд багтаан шийдвэрлэнэ гэсэн хариу тайлбарыг шүүх хуралдаан дээр өгч байна.

Иймд НИТХ-ын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 тоот тогтоолыг Нийслэлийн Засаг дарга биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, "Наранбулаг сервис" ХХК-ийн түрээсээр эзэмшиж буй байрын хувьчлалыг арга хэлбэрийг тодорхойлж,   НИТХ-аар   хэлэлцүүлж,   шийдвэрлүүлэхийг   Нийслэлийн   засаг   даргад даалгасугай. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор тодорхойлж, НИТХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг Нийслэлийн засаг даргад үүрэг болгосугай." гэж тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.6 дахь "нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй." гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, "Улаанбаатар радио" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Нийслэлийн Өмчийн харилцааны газартай байгуулсан түрээсийн гэрээний дагуу “Бадрал” ХХК нь 1992 оноос Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокын 160 м.кв талбайг, “Наранбулаг сервис” ХХК нь 1991 оноос Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокын 175 м.кв талбайг тус бүр 2004 оныг дуустал, “Улаанбаатар радио” ХХК нь 2005 оноос Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокын 1222 м.кв талбайг, түүний дотор “Наранбулаг сервис” ХХК, “Бадрал” ХХК-уудын эзэмшиж байсан талбайг оролцуулан түрээсээр эзэмшиж байсан байна.

“Наранбулаг сервис” ХХК, “Бадрал” ХХК-ууд нь тэдний түрээсээр эзэмшиж байсан талбайг “Улаанбаатар радио” ХХК-д эзэмшүүлсэн, өмчлүүлсэн зэрэг шийдвэрүүдийн талаар анхнаас нь холбогдох захиргааны байгууллага болон шүүхэд хууль журмын дагуу тасралтгүй гомдол, нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлсээр ирсэн байна. Эдгээр маргаанууд нь “Бадрал” ХХК, “Наранбулаг сервис” ХХК-уудын түрээсээр эзэмшиж байсан талбайг оролцуулан 1222 м.кв талбайг “Улаанбаатар радио” ХХК –д түрээсэлсэн, давуу эрхээр хувьчилсан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 473, 2006 оны 74 дүгээр захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2005 оны 130 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2005 оны 51 дүгээр тогтоолын холбогдох заалтууд “Бадрал” ХХК, “Наранбулаг сервис” ХХК-уудын эрхийг зөрчсөн тухай асуудлыг шийдвэрлэж байжээ.

  1. “Улаанбаатар радио” ХХК-д 1222 м.кв талбайг бүхэлд нь хувьчлахыг даалгах нэхэмжлэлийн тухайд: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2007 оны 11/65 дугаар тогтоолоор Баруун сэлбэ үйлчилгээний төвийн барилгын “Улаанбаатар радио” ХХК, “Наранбулаг сервис” ХХК-ийн эзэмшиж байсан талбайг хувьчлах барилгын жагсаалтад оруулжээ.

Нэхэмжлэгч “Улаанбаатар радио” ХХК-аас өмнө нь “Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокын 1222 м.кв талбайг “Улаанбаатар радио” ХХК-д хувьчлахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах”-аар захиргааны хэргийн шүүхэд хандаж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор “Маргаан бүхий объектыг бүхэлд нь “Улаанбаатар радио" ХХК-д хувьчилсан нь Наранбулаг сервис ХХК болон БадралХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж дүгнэсэн, энэ талаар эрх бүхий этгээдээс гаргасан захиргааны актуудыг илт хууль бусад тооцсон, хүчингүй болгосон зэрэг шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байгаа, 2008 онд хувьчлах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтыг батлахдаа маргаан бүхий обьектыг “Улаанбаатар радио” ХХК-ийн түрээсээр эзэмшиж буй байр” гэж заасныг “хувьчлан авах эрхтэй” эсхүл түүнд “хувьчлахыг даалгах” гэж үзэхгүй” гэсэн дүгнэлтүүдийг өгч “1222 м.кв талбайг “Улаанбаатар радио” ХХК-д хувьчлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэгдэж байсан байна.

Гэтэл анхан шатны шүүх “иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр[1] Улаанбаатар радио ХХК-ийг Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокын 1226.69 м.кв талбайг 2005 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн 10 жилийн хугацаанд өмчлөгчийн зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль ёсоор эзэмшиж байгааг тогтоосон” гэдгийг үндэслэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна. Учир нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр “Улаанбаатар радио” ХХК-ийг уг талбайг 2005 оноос 10 жилийн хугацаанд эзэмшиж байсан болохыг тогтоосон байна.

Харин энэ нь Захиргааны хэргийн шүүхээс уг талбайн зарим хэсгийг буюу 175 м.кв, 154.9 м.кв бүхий талбайг цаг хугацааны хувьд “Улаанбаатар радио” ХХК-аас өмнө хууль ёсоор 10–аас дээш жил түрээсээр эзэмшиж байсан, захиргааны байгууллагын шийдвэрээр түрээсийн гэрээг нь цуцлаж “Улаанбаатар радио” ХХК-д эзэмшүүлсэн нь хууль бус, өмнөх түрээслэгчдийн эрхийг зөрчсөн нь тогтоогдсон шүүхийн шийдвэрүүдтэй этгээдүүд болох “Наранбулаг сервис” ХХК, “Бадрал” ХХК-уудын түрүүлж үүссэн, хувьчилсан тохиолдолд түрээсээр эзэмшиж байсан 175 м.кв, 154.9 м.кв бүхий талбайг давуу эрхээр худалдан авах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Энэ хэргийн гуравдагч этгээдүүд түрээсээр эзэмшиж байсан, хувьчилсан тохиолдолд түрээсийн давуу эрхээр худалдан авах эрх үүсэх болзол хангагдсан байсан “Наранбулаг сервис” ХХК, “Бадрал” ХХК нарын эрхийг хангахгүйгээр сүүлд түрээсээр эзэмшиж байсан “Улаанбаатар радио” ХХК –д 1222 м.кв талбайг бүхэлд нь хувьчлахыг даалгах боломжгүй байна.

Түүнчлэн, “уг объектыг “Улаанбаатар радио" ХХК 2005 оноос эзэмшиж байгаа, Наранбулаг сервис ХХК болон БадралХХК нь маргаан бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/49 дүгээр тогтоол гарах үед уг байрыг эзэмшиж байгаагүй нь” 1222 м.кв талбайг бүхэлд “Улаанбаатар радио” ХХК-д хувьчлах, эсхүл “Наранбулаг сервис” ХХК, “Бадрал” ХХК-ууд тус бүр эзэмшиж байсан 175 м.кв, 154.9 м.кв бүхий талбайг хувьчлан авах эрхгүй гэж дүгнэх үндэслэл болохгүй. Учир нь “Улаанбаатар радио” ХХК-д уг талбайг бүхэлд нь түрээсийн гэрээгээр эзэмших эрх үүсэх үед “Наранбулаг сервис” ХХК, “Бадрал” ХХК-ууд 175 м.кв, 154.9 м.кв бүхий талбайг тус бүр хууль ёсоор эзэмшиж байсан бөгөөд тэдний түрээсийн гэрээг дуусгавар болгож, “Улаанбаатар радио” ХХК–д уг талбайг бүхэлд нь түрээсэлсэн, давуу эрхээр хувьчилсан шийдвэрүүд нь хууль бус, өмнөх түрээслэгч нарын эрхийг зөрчсөн болохыг тогтоосон удаа дараагийн шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байгаа юм.

Өөрөөр хэлбэл, “Наранбулаг сервис” ХХК, “Бадрал” ХХК-ууд 175 м.кв, 154.9 м.кв бүхий талбайг 10–аас дээш жил түрээсээр эзэмшиж, хувьчлахаар шийдвэрлэсэн тохиолдолд давуу эрхээр худалдан авах болзлыг хангасан байх үед захиргаа өөр этгээдэд дээрх талбайнуудыг оруулан түрээслүүлсэн, гуравдагч этгээдүүд уг шийдвэртэй холбогдуулан маргаж, шийдвэрлүүлж байсан байна. Тиймээс маргаан бүхий обьектын хувьчлалын арга, хэлбэрийг тогтоосон шийдвэр гарсан үед гуравдагч этгээдүүд эзэмшиж байсан талбайн хэсэгт түрээсийн давуу эрхээр оролцох боломжтой байна. Харин “Улаанбаатар радио” ХХК эдгээртэй давхцаагүй талбайг хувьчлан авах эрхтэй. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Энэ хэргийн нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүд аль аль нь өөрсдийн түрээсээр эзэмшиж байсан талбайд өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр хөрөнгө оруулалт хийсэн тухай гэрчилгээтэй[2] бөгөөд захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор[3]маргаан бүхий дээрх объектыг хувьчилсан тогтоолыг ... хүчингүй болсон тул тэдгээрийн үндсэн дээр хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээ, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нь хүчин төгөлдөр бус” хэмээн дүгнэлт өгч шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх “хувьчлалын төлбөрийг бүрэн төлжээ. худалдах худалдан авах тухай ... гэрээний дагуу 74.000.000 төгрөг бүрэн төлөгдсөн” гэх мэт дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн, “Улаанбаатар радио” ХХК нь хөрөнгө оруулалтын зардал, өргөтгөл хийсэн зэргийн улмаас өөрт учирсан хохирлын хэмжээг тогтоолгох, түүнийг буруутай этгээдээс гаргуулах асуудлаар холбогдох журмын дагуу нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

  1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/49 тогтоолоор “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж буй талбайг шүүхийн маргаантай гэсэн үндэслэлээр хувьчлалын жагсаалтаас хасч шийдвэрлэсэн байна.

“Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хувьчлалын жагсаалтаас хасах тухай” 13/49 тогтоолын 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгох” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна. Учир нь 2007 оны 11/65 дугаар тогтоолоор маргаан бүхий талбайг хувьчлах жагсаалтад оруулсан бөгөөд энэ нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн аль алины эрхийг (хувьчлах тохиолдолд давуу эрхээр худалдан авах эрх үүсэх тус тусын түрээсэлж байсан хэсгийг хувьчлан авах эрхийг) хэрэгжүүлэхэд ач холбогдолтой шийдвэр юм. Харин нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь түүний түрээсээр эзэмшиж байсан 1222 м.кв-г бүхэлд нь “Улаанбаатар радио” ХХК-д хувьчлахыг зөвшөөрч байгаа хэрэг биш болно. Өөрөөр хэлбэл, 11/65 дугаар тогтоол нь тухайн этгээдийн түрээсээр эзэмшиж буй “обьект талбай”–г л хувьчлах жагсаалтад оруулах агуулгатай болохоос түүнд хувьчилна гэсэн шийдвэр биш юм. Нөгөө талаар шүүхийн энэ магадлалын үндэслэх хэсгийн 1 дүгээр хэсэгт тайлбарласан үндэслэлээр уг обьектын хувьд өмнө нь түрээсээр эзэмшиж байсан этгээдүүдийн эрхийг хангах шаардлагатай.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “2007 оны 11/65 дугаар тогтоолд зөвхөн “Улаанбаатар радио” ХХК –ийн нэр үлдсэн” гэх гомдлын үндэслэлийн хувьд, 11/65 дугаар тогтоол нь уг талбайг бүхэлд нь “Улаанбаатар радио” ХХК–д хувьчлах агуулгыг илэрхийлэхгүй ба энэхүү барилгын холбогдох талбайг өмнө нь түрээсээр эзэмшиж байсан, хувьчлах тохиолдолд түрээсийн давуу эрхээр худалдан авах  эрхтэй “Наранбулаг сервис” ХХК, “Бадрал” ХХК –д ч хамааралтай болно. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдүүдийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 81 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан “Улаанбаатар радио” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “хувьчлалын жагсаалтаас хасах тухай” 13/49 тогтоолын 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2007 оны 11/65 дугаар тогтоолыг үндэслэн “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж байгаа 1222 м.кв талбай бүхий барилгын хувьчлалын арга хэлбэрийг тогтоон тус компанид хувьчлахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Бадрал” ХХК, “Наранбулаг сервис” ХХК–ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                           

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

                        ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

                        ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ