Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар  2022/ШЦТ/888

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч Ж.Баянжаргал,

шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжигэд овогт Даваажавын Жт холбогдох эрүүгийн 2211 00000 1820 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Элжигэд овгийн Даваажавын Ж /./,

Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 69-943 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ж нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 69-942 тоотод иргэн Д.Нямдоржтой өөрийг нь “хог хаясан” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь өшиглөж биед нь хамар яс, таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 794 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Ж нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 69-942 тоотод иргэн Д.Нямдоржтой өөрийг нь “хог хаясан” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь өшиглөж биед нь хамар яс, таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Д.Нямдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгтэл тэр залуу эргэж хараад миний өмсөж байсан хувцаснаас гараараа татаад намайг газарт унагаасан. Ингээд босох гэтэл тэр залуугийн эхнэр нь миний куртикнээс татаж байхад нөхөр нь ирээд миний нүүр хэрэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би тухайн залууг ямар гутал өмссөн байсныг одоо санахгүй байна. Тэр залуу намайг дараад босгохгүй байсан бөгөөд би тэр залуугийн хөлөөс нь татаад унагаачихсан юм. Тэгээд манай эхнэр ирээд салгаад цагдаад хандсан. Би тухайн хөрш айлын залууг танихгүй ба урьд өмнө нь маргалдаж, муудалцаж байгаагүй болно. Хашаанд “хог хаясан” гэх шалтгаанаар маргалдаж, муудалцсан юм...” гэх /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Гэрч Г.Аззаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн хөрш айлын залууд хог хаялаа яаж байгаа юм бэ? гэж хэлтэл би бишээ гэж хэлсэн байсан. Түүнээс болж хэрүүл маргаан болоод манай нөхрийн нүүр хэсэгт гэмтэл учирсан байсан ба би тэр үед нь нүдээрээ хараагүй болно. Би нөхрийгөө гэртээ ирэхгүй удаад байхаар нь нөхрийнхөө араас очтол манай газраас босож байсан ба хөрш айлын залуу манай нөхрийн дээр нь сууж байсан. Манай нөхрийн хамар хэсэг язарсан шарх үүссэн байсан ба тухайн гэмтлийг хөрш айлын залуу учруулсан юм. Тухайн өдөр манай нөхөртэй хөрш айлын залуугаас өөр хэн нэгэн маргалдаагүй болно ” гэх /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

Гэрч Д.Нямгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хог хаясан, хаяагүй гэх шалтгаанаар хэрүүл маргаан эхэлсэн ба манай нөхрийн толгойны ар хэсэг рүү хөрш айлын залуу алгадаад байсан. Тэр үед манай нөхөр уурлаж тэр хоёр бие биеэсээ барьцалдаж байгаад газарт хамт унасан. Манай нөхөр тэр залуугийн нүүр хэсэг рүү нь мөргөх шиг болсон. Би тэр үед нь салгаж болиулсан юм. Тэр үед хөрш айлын залуугийн эхнэр нь ирсэн. Тухайн өдөр хэн нэгэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №13884 дугаартай дүгнэлтэд:

Д.Нямдоржийн биед хамар яс, таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

шүүгдэгч Д.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Ж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн хохирол төлбөрөө барагдуулсан зэргийг тал бүрээс нь харгалзаж шүүгдэгч Д.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 / зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Д.Ж бусдад төлөх төлбөргүй.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Элжигэд овгийн Даваажавын Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Д.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД