Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 00443

 

 

 

 

 

     2018 оны 12 сарын 20 өдөр

         Дугаар 104/ШШ2018/00443

                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******од оршин суух, Эмчийнхэн Г.А /РД:**********/

Хариуцагч: *******, Ану хотхон 31В байрны 6 тоотод оршин суух,******* П.Ц /РД:**********/-д холбогдуулан

зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 87.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.                                                         

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагч П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Г.А 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр П.Цтай зээлийн гэрээ байгуулж, 2.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 1 хувиар алданги тооцохоор тохиролцсон. П.Ц 5 сарын зээлийн хүү 1.000.000 төгрөг төлсөн. Гэрээний хугацааг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 сараар сунгасан боловч мөнгөө хугацаандаа төлөөгүй.

Мөн П.Ц Г.Атай 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, 20.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дууссан. Гэрээний хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, 5 дугаар сарын 22-ны өдөр, 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 3 удаа сунгасан. П.Ц 3 сарын хүү 4.800.000 төгрөг төлсөн. Үүнээс хойш аль ч гэрээний үүргийг биелүүлээгүй.

Нэхэмжлэгч Г.А хариуцагч П.Цаас мөнгөө байнга нэхэж байсан боловч элдэв шалтаг тооцон өгөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. 

Харин тэрээр байраа зараад мөнгийг өгнө гэж хэлсэн учир гэрээ тус бүрийг  2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хугацаагүй сунгасан. Гэвч хариуцагч П.Ц хүүг төлөхгүй байсан учир Г.А сарын дараа мөнгө шаардсан. Ингээд Г.А надад мөнгө шаардах эрхийг өгөөд АНУлс руу явсан. Би түүнээс мөнгөө төлөхийг байнга шаардаж байсан ч өгөлгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд П.Цаас нийт үндсэн зээл 22.000.000 төгрөг, нийт хүүг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл тооцож 54.200.000 төгрөг, нийт алданги 11.000.000 төгрөг бүгд 87.200.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч П.Ц 76.200.000 төгрөгийг төлнө гэвэл эвлэрч болно. Гэтэл 40.000.000 төгрөг төлнө гэж байгаа тул эвлэрэх боломжгүй. Иймд үндсэн нэхэмжлэлээ дэмжиж байгаа тул П.Цаас 87.200.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч П.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Г.Ааас 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 1 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлж авсан. Г.Ад 5 сарын хүү 1.000.000 төгрөгийг төлсөн. Ингээд гэрээний хугацааг 1 сараар сунгасан.

Мөн Г.Ааас 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгасан.

Би 20.000.000 төгрөгийн 3 сарын хүү 4.800.000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш зээлээ төлөх боломжгүй болсон. Гэтэл Г.А цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би орон сууцаа зараад мөнгийг өгөхөөр тохиролцож гэрээ тус бүрийг 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хугацаагүй сунгасан.  Гэтэл Г.А, түүний эгч Г.А нар сарын дараа мөнгөө нэхэж эхэлсэн. Би нэхэмжлэлийн шаардлагаас 40.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг орон сууцаа зараад төлнө. Харин 76.200.000 төгрөг дээр эвлэрэх боломжгүй. Би ийм их хэмжээний мөнгө төлж чадахгүй тул хүү, алдангийн хэмжээг бууруулж өгөхийг хүсч байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.А хариуцагч П.Цаас зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 2.000.000 төгрөг, хүү 6.200.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг, үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 48.000.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг нийт 87.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ дэмжиж 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээг бичгийн баримтаар өгсөн.

Хариуцагч П.Ц зээлийн гэрээ байгуулагдсан, сунгагдсан эсэх болон хүүнд төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй. Харин зээлийн гэрээнд заасан хүү, алдангийн хэмжээг бууруулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаас 40.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн.  

Нэхэмжлэгч Г.А хариуцагч П.Цид 2.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу баримтаар нотолж байж зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1.-т “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу шаардах эрх үүснэ.

Шүүх хавтаст хэргийн 7-11 дэх хуудсанд авагдсан үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Г.А нь хариуцагч П.Цид 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 1 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлдүүлсэн. Хариуцагч П.Ц 5 сарын хүү 1.000.000 төгрөг төлсөн. Гэрээний хугацааг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгасан.

Мөн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож хариуцагч П.Цид нэмж зээлдүүлсэн. Тэрээр 3 сарын хүү 4.800.000 төгрөг төлсөн. Гэрээний хугацааг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 3 сараар сунгасан байна.

Харин зохигчид уг хоёр гэрээг дахин, хугацаагүйгээр сунгахдаа хэдэн сарын хэдний өдрөөс эхэлж байгаа талаар заагаагүй ч хэн хэн нь шүүх хуралдааны шатанд “...гэрээг 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хугацаагүй сунгасан...сарын дараа буюу 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зээлийн үүргийг шаардаж эхэлсэн...” гэж тайлбарласан.

Иймд зохигчдын хооронд харилцан үүрэг бүхий  зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

 Нэхэмжлэгч Г.А 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хугацаагүй сунгасан зээлийн гэрээний үүргийг хэдийд ч шаардах эрхтэй. Гэхдээ үүрэг шаардсанаар гэрээ нэг талын санаачилгаар цуцлагддаг.

Иймд  хариуцагч П.Цаас зээлийн гэрээний үүргийг  2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шаардсан гэж байх тул хүү тооцох хугацаа мөн өдөр зогсож байна.

Харин хариуцагч П.Ц мөнгийг буцаан төлөх үүргээ Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-т заасны дагуу зээлдүүлэгч шаардсанаас хойш нэг сарын дотор биелүүлэх ёстой. Хэрэв гэрээний үндсэн үүргээ 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд алданги төлөх нэмэлт үүргийг гэрээний дагуу хүлээнэ.

Нэхэмжлэгч Г.А хариуцагч П.Цтай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний 5 дахь заалтаар алдангийг 1 хувиар тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан заалтыг зөрчсөн байгаа тул алдангийг 0.5 хувиар бууруулж тооцох нь зүйтэй гэж үзлээ. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

 Иймд нэхэмжлэгч Г.А 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9 дугаартай зээлийн гэрээний үндсэн үүрэг 2.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 16-ны  өдрөөс  2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 16-ны өдөр хүртлэх хугацааны хүү 1.600.000 төгрөгөөс төлсөн 1.000.000 төгрөгийг хасч хүү 600.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг,

мөн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээний үүрэг 20.000.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 16-ны өдөр хүртлэх хугацааны хүү 9.600.000 төгрөгөөс төлсөн хүү 4.800.000 төгрөгийг хасч хүү 4.800.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг нийт 38.400.000 төгрөг шаардахаар байгаа ч хариуцагч П.Ц 40.000.000 төгрөг төлөхөөр зөвшөөрсөн тул шүүх хариуцагчийн зөвшөөрсөн үнийн дүнгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь  диспозитив зарчимд нийцнэ гэж үзлээ.

Хариуцагч П.Цаас 40.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгож, нэхэмжлэлээс 47.200.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 593.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч П.Цаас 357.950 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч Г.Ад олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1.,282 дугаар зүлийн 282.1., 283 дугаар зүйлийн 283.1-т заасныг баримтлан хариуцагч******* П.Цаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 40.000.000 /дөчин сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эмчийнхэн Г.Ад олгож, нэхэмжлэлээс 47.200.000 /дөчин долоон сая хоёр зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч А.Алтанзулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 593.950 /таван зуун ерөн гурван мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Цэнд-Аюушаас 357.950 /гурван зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Алтанзулд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

5.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                 З.ТҮВШИНТӨГС