Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2019/00172

 

 

 

 

 

 

 

 

     2019 оны 01 сарын 17 өдөр

                Дугаар 183/ШШ2019/00172

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  А.Б-ын нэхэмжлэлтэй,

/               /

 

Хариуцагч:  *******

/                           /

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б миний бие 1997 оноос 2018  оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд *******д галч, *******д харуул, аюулгүй байдал хамгаалалтын албанд шалгагч зэрэг албан тушаалд ажилласан болно. 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Нисэх буудлуудыг удирдах газрын даргын Б/32 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. Учир нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр намайг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэн ажлаас халсан. Миний ажил үүргийн хуваарь, албанаас батлагдсаны дагуу 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 16:00-04:00 цаг хүртэл байсан. Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 07:30 цагийн орчимд өөрийн найз Н.Н-ыг Улаанбаатар-Сөүл чиглэлд гаргаж өгсөн бөгөөд энэ хугацаанд ажилгүй амралтын байдалтай байсан. Мөн найзтайгаа хамт гаднаас согтууруулах ундаа хэрэглэж ирсэн бөгөөд үлдсэн хэдэн грамм архийг олон нийтийн хүлээлгийн танхимын ариун цэврийн өрөөнд уусан. Иймээс би ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэх шалтгаанаар ажлаас халсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд намайг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Б нь *******-ын хамгаалалтын албаны Аюулгүй байдлын үзлэгийн шалгагчаар ажиллаж байх үедээ буюу 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 08:00 цагийн орчимд Хилийн боомтын хяналт шалгалтын бүсэд, өөрийн ээлжгүй үед ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэн, биеэ хянах чадваргүй байсан нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 14-5/11 дугаартай Цагдаагийн ерөнхий газар Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаатараас *******-т ирүүлсэн албан бичиг, мөн 25018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, ахлах дэслэгч *******ийн үйлдсэн зөрчлийг шалгасан тухай 0105682 тоот зөрчлийн материалаар тус тус нотлогддог. А.Б-ын дээр дурдсан үйлдэл нь түүнтэй байгуулсан 13/56 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т  “Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн бол“, мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.3-т “Ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, ажлын байранд согтууруулах зүйл хэрэглэн ирсэн нь нотлогдсон бол“ гэсэн нь тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд АБХА-ны дарга *******ээс 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр *******-т ирүүлсэн 01/49 дугаартай албан бичгийн дагуу судлаж, *******той байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.3-т заасныг тус тус үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон *******-ын дарга 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/32 дугаар тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэв.  

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

А.Б-ын нэхэмжлэлтэй, *******, *******т холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            *******-ын даргын 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.3, Нисэх буудлуудын удирдах газрын дүрмийн 3.1.5-д зааснын үндэслэн Аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүй байдлын үзлэгийн шалгагч А.Бнь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн нь нотлогдсон тул 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөв гэжээ.

 

Ажилтан А.Б нь /ээлжийн ажилгүй/ өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 8 цагийн орчимд өөрийн ажлын байранд буюу Иргэний нисэхийн ерөнхий газрын *******-ын ариун цэврийн өрөөнд архи уусан, Аюулгүй байдлын үзлэгийн цэгт согтуулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирж, аюулгүй байдлын ажилтны тавьсан шаардлагыг үл биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...үлдсэн хэдэн грамм архийг олон нийтийн ордог хүлээлгийн танхмын ариун цэврийн өрөөнд уусан...” гэсэн тайлбар, ******* Аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01/49 дүгээр албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 14-5/11 дүгээр албан бичиг, Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Зөрчлийн материал, 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 0105682 дугаар Шийтгэлийн хуудас, Капитал банкны орлогын мэдүүлэг, бичлэгт /СD/ хийсэн үзлэг зэрэг баримтаар нотлогджээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.3-т “ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд хамаарна...” гэж заасан зөрчлийг ажилтан А.Б гаргасан болох нь тогтоогдсон тул Иргэний нисэхийн ерөнхий газар, Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/32 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг зөрчөөгүй болно.

 

Мөн А.Б-ыг “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.3-т заасан ноцтой зөрчил буюу “...ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн” гэсэн нь талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.3-т “...ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн...” нь ноцтой зөрчилд тооцно гэж заасантай адилтгаж үзэхээр байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан А.Б-ын нэхэмжлэлтэй, *******-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан А.Б-ын нэхэмжлэлтэй, *******-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Бнь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.СЭМЖИД