Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/857

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Л.Т,

нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, 

улсын яллагч Ц.Хулан нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бундаг овогт Лхагвасүрэнгийн Тд холбогдох эрүүгийн 2211 00000 1434 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бундаг овогт Лхагвасүрэнгийн Т /РД:./,

Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, ах, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-879 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Т нь согтуугаар 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Жаргалнямтай маргалдаж улмаар түүний нүүр рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж, нуруугаар нь газарт чирсний улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд хоёрдугаар шүдний булгарал, нэгдүгээр шүдний сулрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт, дээд уруулд цус хуралт, баруун бугалга, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 664 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Л.Т нь

Шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Л.Т нь согтуугаар 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Жаргалнямтай маргалдаж улмаар түүний нүүр рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж, нуруугаар нь газарт чирсний улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд 2-р шүдний булгарал, 1-р шүдний сулрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимад цус харвалт, дээд уруулд цус хуралт, баруун бугалга, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Б.Жаргалням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр Мандал гэх найзынхаа гэр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах нийтийн байрны ертөнцийн зүгээр урд талын монгол гэрт очиж 0,75 литрийн “Хараа” нэртэй архийг найзтайгаа хувааж уугаад унтсан. Би хэсэг унтаж байгаад сэртэл танихгүй хоёр залуу Мандалын гэрт орж ирсэн байсан ба нэг залуу нь Мандалтай хэрэлдэж, маргалдаж байсан. Тэр залуу нь Мандалын хамтран амьдарч байсан эмэгтэйн хүүхэд гэж байсан. Би хэвтэж байсан орноосоо босоод өндийх гэтэл чадахгүй байсан ба Мандалтай хэрэлдэж, маргалдаж байсан залуу над руу дөхөж ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр нүүр хэсэг рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн мөн гэрийн шалны дээгүүр намайг ар нуруу хэсгээр чирсэн. Миний нүүр хэсэг рүү өшиглөх үедээ хөлдөө пүүз өмссөн байсан... Би тухайн залуутай 2 удаа уулзаж тааралдаж байсан ба урьд өмнө нь маргалдаж, муудалцаж байгаагүй юм. Би тухайн өдөр биеэ хянах чадвартай байсан ба болсон асуудлын талаар тодорхой санаж байна... Миний зүүн дээд 2 дугаар шүд булгарч унасан тул цаашдаа хиймэл шүд зүүх шаардлагатай ба эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авах санхүүгийн чадвар надад байхгүй тул Т гэх залуугаас нэхэмжилж байна...” /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

Гэрч А.Тэмүүжин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би уусан архи согтууруулах ундааны зүйлд муудаж гэрийн хойд хэсэгт унтаж байтал чимээ гарсан ба тэр үед сэртэл манай найз Т Жаргалням гэх ахтай маргалдаад хэрэлдэж байсан. Миний ойлгож байгаагаар манай найзын ээж нь Жаргалням ахын найзтай нь хамтран амьдардаг тэр талаар яриад хоорондоо маргалдаж байсан. Т уур нь хүрээд Жаргалням ахын нүүр хэсэг рүү гараараа цохиж бас хөлөөрөө нүүр хэсэг рүү нь өшиглөсөн... Тухайн өдөр Жаргалням, Т хоёроос өөр маргалдаж муудалцсан хүн байхгүй юм...” /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

Шинжээч эмчийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10322 дугаартай дүгнэлтэд

Б.Жаргалнямын биед зүүн дээд 2-р шүдний булгарал, 1-р шүдний сулрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт, дээд уруулд цус хуралт, баруун бугалга, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна...” /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

Шүүгдэгч Л.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,

шүүгдэгч Л.Т шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй  гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогч Б.Жаргалнямын мэдүүлэг, дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Жаргалнямын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Л.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин орлогогүй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Л.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй байх тул шүүгдэгч Л.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бундаг овогт Лхагвасүрэнгийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тд 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

 

            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД