Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
Хэргийн индекс | 175/2022/0164/Э |
Дугаар | 2022/ШЦТ/174 |
Огноо | 2022-09-22 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/174
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
улсын яллагч А.Баясгалан,
шүүгдэгч С.Жамсранжав,
түүний өмгөөлөгч Т.Энхжаргал нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяуд ургийн овогт Сэзээгийн Жамсранжавд холбогдох эрүүгийн 2231000230145 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 05-ны өдөр, Увс аймгийн Тэс суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хар бэлчир” гэх газар оршин суух хаягтай,
1997 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2000 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн,
2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн сум дундын 21 дүгээр шүүхийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сар хорих ял тус тус шийтгүүлсэн, Баяуд ургийн овогт Сэзээгийн Жамсранжав /РД:ОО78080576 /;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч С.Жамсранжав нь 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1 дүгээр баг, Мануухайтын ар гэх газарт байрлах иргэн Д.Баянбаатарын малын худгийн амбаарт хууль бусаар нэвтэрч “Jeeho” маркийн цахилгаан үүсгүүрийн мотор, малын тэжээл таван шуудай будаа, цахилгааны кабелийн 85 метр орчим утас, өвсний сэрээ зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсны улмаас 2,810,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Жамсранжав нь 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1 дүгээр баг, Мануухайтын ар гэх газарт байрлах иргэн Д.Баянбаатарын “Jeeho” маркийн цахилгаан үүсгүүрийн мотор, малын тэжээл таван шуудай будаа, цахилгааны кабелийн 85 метр орчим утас, өвсний сэрээ зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсны улмаас 2,810,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.Жамсранжав нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Жамсранжав өгсөн: “Би Улаанбаатар хотоос Жавхлант суманд ирж байсан юм. Тэгээд орой болж зам төөрөөд явж байтал 2 машин таараад зам асуух гээд очиход тулж ирээд баруун эргээд өнгөрөөд явсан. Тэгээд би энэ хавьд айл байна гэж бодоод явж байгаад 1 айлын хашаанд тулж ирсэн. Тухайн айлын гадаа очоод хүн дуудсан ч гарч ирэхгүй болохоор хашааг нь хартал амбаарын гадаа нь мотор, 1 шуудай будаа байсан. Тэгээд би яагаад гадаа нь тавьсан юм бол гэж бодож байгаад авч явж ахынхаа гэрт тавьсан. Харин мөрдөгч, прокурорын хэлж байгаа 5 шуудай будаа болон 52 метр цахилгааны утас огт аваагүй. Би өөрийнхөө авсан зүйл дээр гэм буруугаа хүлээж, хүлээн зөвшөөрч байна. Тиймээс хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Д.Баянбаатар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 09 цагийн орчимд малын худаг руугаа явж малаа услах гээд очиход манай худгийн хашаа онгорхой байхаар нь хамгийн түрүүнд миний аргамжаатай байсан үрээ байхгүй болохоор нь сандраад цаашаа өвсний хашаа руугаа ороход худгийн хаалга эвдэрчихсэн байсан. Тэгээд би найз Чамин-Эрдэнийг дуудахад манай найз ирсэн. Би найздаа миний үрээ алга байна гэж хэлэхэд манай найз чиний үрээ худгийн хашаанд сул байна гэхээр нь тайвшраад худгийн мотороо асаах гээд худаг руу ороход хаалга онгорхой доторх эд зүйлийг тарааж шидсэн байдалтай байсан. Манай худаг руу хулгай орсныг мэдээд эд зүйлээ бүртгэхэд “Jeeho” маркийн цахилгаан үүсгэгч мотор, малын тэжээл 5 шуудай, кабелийн утас ороогоод тавьсан 58 метр орчим байсныг тасдаад аваад явсан байсан. Тавцан дээр өрж тавьсан байсан эд зүйлсээс өвсний сэрээ, улаан цэцгэн хээтэй орны бүтээлэг зэрэг эд зүйл аваад явсан байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдсан Jeeho маркийн цахилгаан үүсгэгч мотор нь хар өнгөтэй JH9500Е 8 КВЛ хүчин чадалтай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос 2,500,000 төгрөгөөр худалдаж авсан шинэ мотор, кабелийн утас, зэс голтой 58 метр утас нэг метр нь 3500 төгрөгөөр авсан гэхээр 203000 төгрөг, тэжээлийн будаа 5 шуудай нэг шуудай нь 20,000 төгрөг гэхээр 100,000 төгрөг, өвсний сэрээ 20,000 төгрөгөөр авч байсан юм. Надад сэжиглэж байгаа хүн одоогоор алга байна. Манайх гадны мал худаг дээрээ усладаггүй. Би гомдолтой байна. Намайг хохиролгүй болгож өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Д.Чамин-эрдэнэ 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн орчимд манай найз Д.Баянбаатар үхэрт тариа хамт хийхээр манай гэрт машинтай ирж намайг авсан. Тэгээд бид хоёр Д.Баянбаатарын худаг дээр очоод машинаас буугаад хашаа руу ороход Д.Баянбаатарын морь сул явж байхаар нь би барьж аваад цаашаа өвсний хашаа руу орох гээд явж байхад Д.Баянбаатар цаанаас өвсний хашаанаас гарч ирээд “миний морь байхгүй байна” гэж ирэхээр нь би “чиний морь энд худагны хашаанд сул явж байна шүү дээ” гэж хэлээд худаг руу эргэж ороод харахад худагны хаалга онгорхой доторхи эд зүйлс эмх замбараагүй тарааж хаясан байсан. Тэгээд Д.Баянбаатар малаа услах гээд худгийн мотороо асаах гэтэл мотор нь байхгүй байхыг хараад бид хоёр худагт хулгай орсныг мэдсэн. Тэгээд манай найз бид хоёр тэр хавиар машины мөр байхыг хараад цагдаатай цуг уг мөрийг мөшгөж тэр хавиар явсан ийм л асуудал болсон. Манай гэрт болон Д.Баянбаатарын гэрт гаднаас ирсэн зочин байхгүй. Надад мэдэх зүйл одоогоор алга. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг3,
4.Гэрч Э.Баярцэцэг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Д.Баянбаатарыг танихгүй. Садан төрлийн холбоо байхгүй. Би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Ник” шатахуун түгээх станцад 2018 оноос одоог хүртэл 3 жил ажиллаж байна. Энэ манай шатахуун түгээх станцаас өгдөг нөат мөн байна. Түгээгч нь ч мөн байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг4,
5.Гэрч Д.Алтантуяа 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ”...Би Баянбаатарыг танихгүй. Садан төрлийн холбоо байхгүй. Би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Жаст-Ойл шатахуун түгээх станцад 2011 оноос одоог хүртэл 10 жил ажиллаж байна. Манай шатахуун түгээх станцаас эсрэг талын “Ник” шатахуун түгээх станц руу харсан камер байдаг. Манай шатахуун түгээх станцын камер хэд хоног хадгалдаг талаар сайн мэдэхгүй байна. Би тухайн үед камерын бичлэг сайн хараагүй тухайн цаг үед цагаан машин гарч байгаа харагдсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг5,
6.Гэрч Х.Ганбат 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Би тухайн өдөр 49-21 УБД улсын тээврийн хэрэгсэл манай шатахуун түгээхээс ирж шатахуун авсан эсэхийг сайн санахгүй байна ямар ч байсан хэргийн газраас хураагдсан нөатийн баримт манай шатахуун түгээх газрын нөатийн баримт мөн байна. Шатахуун түгээсэн түгээгчээр миний нэр байна. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг таних боломжгүй, ихэнхи хүмүүс машинаасаа буудаггүй учраас таних боломжгүй маш олон хүн үйлчлүүлдэг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг6,
7.Гэрч С.Галсандорж 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би С.Жамсранжавын төрсөн ах нь байгаа юм. Манай дүү Жамсранжав нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр авчирч тавьсан байсан. Би өмнөх өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг руу малын эм, тариа, шатахуун авах гээд 83-27ДАХ улсын дугаартай “Мицибуши” маркийн тээврийн хэрэгслээр яваад 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн гадна шинэ машины мөр байхаар нь эхнэр Дэнжээгээс манайд машинтай хэн ирсэн юм бэ? гэж асуухад өглөө Жамсранжав өөрийнхөө цагаан өнгийн машинтай ирээд явсан. Тэгээд би манай гэрт орж ирсэн үү гэж асуухад манай эхнэр нэг мотор, толгой илүү гэрт үлдээчихлээ дараа ирж авна гээд яаруу гараад явсан гэсэн. Би дүү Жамсранжавтай хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын сүүлээр манай гэрт ирээд явахад нь уулзсан. С.Жамсранжавын утасны дугаар 98401969. Одоо энэ дугаар дээрээ байгаа эсэхийг мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг7,
8.Гэрч Х.Дээшин 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Жамсранжав гэх хүнийг танина. Учир нь миний нөхөр болох Галсандоржийн төрсөн дүү нь байгаа юм. Жамсранжав нь эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 09 цагт Жамсранжав манайд орж ирээд танай том гэрт мотор үлдээчихлээ дараа ирээд авъя гэж хэлээд гарсан. Дахиж ирээгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг8,
9.Гэрч Ц.Энхтуяа 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.Жамсранжав миний нөхөр хамт амьдраад 20 жил болж байна. Би гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгээ ойлгож мэдсэн. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод “ТЭСО” группд 24 цагийн ээлжийн ажилтай байж байгаад 2021 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн орчимд ажлаасаа буугаад гэртээ ирэхэд манай нөхөр С.Жамсранжав миний 49-21УБД улсын дугаартай “Ниссан эдван” маркийн тээврийн хэрэгслийг унаад явсан, гэрт хүн байхгүй байсан. Тэгээд манай нөхөр 2021 оны 12 дугаар сарыг сүүлээр миний машиныг авчирч өгсөн байсан. Тэрнээс хойш үе үе нууцаар гэрт ирдэг байсан гэртээ байдаггүй. Уг унаж байсан машин миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Одоо банк бус дээр байдаг. Уг тээврийн хэрэгслийг би 8 саяар авч байсан бол одоо 3 саяар үнэлж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг9,
10.Шүүгдэгч С.Жамсранжав 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Явж байхад миний машины гэрэлд блокон хашаатай баахан өвс өрж тавьсан хашаа урд байхаар айл байгаа юм болов уу зам асууя гээд яваад очиход замд нэг ногоон өнгийн ууттай зүйл байхаар нь буугаад өшиглөөд үзэхэд будаа байсан. Би цааш яваад блокон хашааны хаалгыг цохиж, зам асууя гэж дуу гарахад тухайн хашаанд айл байхгүй, ямар нэгэн хүн гарч ирээгүй. Тэгээд би хашааны төмөр хаалга дээр очоод хаалгыг нь онгойлгоод хашааны үүд хэсэгт хаалганы харалдаа цахилгаан үүсгүүрийн мотор байхаар нь машинаа хаалганы тулгаж ухраад моторыг машины багааж руу хийгээд машинаа асаагаад зам мэдэхгүй юм чинь буцаад ирсэн замаараа буцсан. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хар бэлчир 2 дугаар багт амьдардаг өөрийн төрсөн ах Галсандоржийн гэрт очиход манай ах Дархан явчихсан эхнэр Дээшин нь байхаар нь би том гэрт цахилгаан үүсгүүрийн мотор оруулаад ногоон воганчикт нэг шуудай будаа үлдээгээд дараа ирж авъя гээд хот руу гэр лүүгээ буцсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг10, 11.2021 оны 12 дүгээр сарын 14-ний өдрийн “Ашид билгүүн” ХХК-ний 621/2550 дугаартай Шинжээчийн дүгнэлт:
№ | Төрөл | Хэмжих нэгж | Тоо хэмжээ | Нэгжийн үнэ,төгрөг | Нийт үнэ төгрөг | Тайлбар
|
1 | “Jeeho”маркийн цахилгаан үүсгэгч мотор | ш | 1 | 2.500.000 | 2.500.000 | шинэ |
2 | Цахилгаан кабель | м | 58 | 200.000 | 200.000 | шинэ |
3 | Тэжээлийн будаа | шуудай | 5 | 20.000 | 100.000 | 1 шуудай 50кг |
4 | Өвсний сэрээ | ш | 1 | 10.000 | 10.000 | хуучин |
5 | Нийт үнэ, төгрөг |
|
| 2.810.000 |
|
12.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл12, 13.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл13, 14.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол14, 15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас15, 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл16зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Прокуророос шүүгдэгч С.Жамсранжав нь 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1 дүгээр баг, Мануухайтын ар гэх газарт байрлах иргэн Д.Баянбаатарын “Jeeho” маркийн цахилгаан үүсгүүрийн мотор, малын тэжээл таван шуудай будаа, цахилгааны кабелийн 85 метр орчим утас, өвсний сэрээ зэрэг эд зүйлийг хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ:
1-рт: Малын худгийн амбаарт хууль бусаар нэвтэрч авсан уу? эсвэл хашааны гаднаас бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан уу? гэдгийг мөрдөгч болон хяналт тавьж буй прокурор хангалттай тогтоогоогүй.
2-рт: Худгийн цоожийг эвдсэн ул мөр юунаас үүссэн, хэн эвдэлсэн гэдгийг маргаангүй тогтоогоогүй.
3-рт: Шүүгдэгч С.Жамсранжавын хурууны хээ, мөр хэргийн газарт байсан цоож болон сүхэн дээр байсан эсэхийг тогтоогоогүй. Хэдийгээр шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож ухаарснаа илэрхийлээд хохирогчийн хохирлыг барагдуулсан боловч гэмт хэргийг үйлдсэн болохоо нотлох үүрэг хүлээхгүй.
Хэргийн газарт шатахуун авсан и-баримт олдсон гэдгээр малын худгийн амбаарт нэвтэрч орсон болохыг нотлохгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэхээр тогтоов.
Шүүгдэгч С.Жамсранжавын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй бөгөөд прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохироогүй гэж үзлээ.
Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Баяуд ургийн овогт Сэзээгийн Жамсранжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөн ял сонсгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Жамсранжавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Д.Баянбаатарт 2,810,000 төгрөгийн хохирол учирсан, нөхөн төлөгдсөн тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч С.Жамсранжавт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн болон түүний хувийн ар гэрийн нөхцөл байдал зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.Жамсранжавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч С.Жамсранжав нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цагийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.
Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүгдэгч С.Жамсранжавд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Баяуд ургийн овогт Сэзээгийн Жамсранжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч С.Жамсранжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Шүүгдэгч С.Жамсранжавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жамсранжав нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Д.Баянбаатарт 2,810,000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсныг шүүгдэгч С.Жамсранжав нөхөн төлснийг дурьдсугай.
6.Шүүгдэгч С.Жамсранжав нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цагийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7.Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүгдэгч С.Жамсранжавд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй байхыг дурьдаж, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ