Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00443

 

Х Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын  17-ны өдрийн 183/ШШ2017/02215 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц- ХХК, Г.Ц-, Ц.Э- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 86 317 284 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г.Ц-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттөгс, хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Г.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х Б- ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөгс, Г.Батзаяа нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Г.Ц-, Ц.Э- нар нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Х Б-тай зээлийн болон барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, фидуцийн гэрээ, батлан даалтын гэрээг тус тус байгууулж, 120 000 000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Дээрх гэрээнд Ц.Э- нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр, “Ц-” ХХК нь батлан даагчаар оролцсон. 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгчийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 5 сараар сунган, зээлийн дансыг 1370013079 дугаартай болгон өөрчилсөн. Зээлдэгч нь 1370010997 дугаар зээлийн гэрээний 3.2.1-т заасны дагуу гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс зээл, зээлийн хүүний эргэн төлөлтийг төлөлгүй 224 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны санаачилгаар 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, зээлийн үндсэн төлбөр 72 263 772 төгрөг, хүү 13 551 253 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 472 759 төгрөг, нийт 86 287 784 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал болох нотариатын үйлчилгээний хөлс 29 500 төгрөгийн хамт бүгд 86 317 284 төгрөгийг зээлдэгч Г.Ц-, Ц.Э- болон батлан даагч Ц- ХХК-иас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Г.Ц- шүүхэд гаргасан тайлбартаа: Зээл болон хүүний төлөлтийг хэрхэн хасч үндсэн төлбөрийн үлдэгдэл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлийн тооцоолол бодсон аргачлалыг ойлгохгүй байгаа тул нэхэмжлэлийн үнийн дүнг  хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хэрвээ байдаг бол шүүхийн шинжээч, санхүүгийн байгууллагаар хянуулах хүсэлтэй байна. Барьцаа хөрөнгөнд байх 10 дугаар хорооллын 2 өрөө орон сууц нь С.Бат-Эрдэнэ, Г.Чимэдлхам нарын өмч хөрөнгө бөгөөд 3 жилийн итгэмжлэл олгосны дагуу зээл авсан. Иймд манай “Ц-” ХХК-ийн авлаганд гялс бетон зуурмагийн үйлдвэрээс өгч байгаа орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр солих буюу хэрвээ тохиролцвол энэ хөрөнгөөр зээлээ хаах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,  451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ц-, Ц.Э-, “Ц-” ХХК нараас 86 317 284 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х Б-” ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 659.736 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц-, Ц.Э-, “Ц-” ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжинд 659 736 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х Б-” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 147.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаанд бариулсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний баруун урд байрлах Г-2201027130 улсын бүртгэлийн дугаартай, 1634 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 89/3 дугаар байрны 8 тоотод байрлах Ү-2205027554 улсын бүртгэлийн дугаартай 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 62-46 УНЯ улсын дугаартай, 2002 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгөтэй, DAEWOO маркийн зүтгүүр, 2848 ТЧ улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй, DAEWOO маркийн чиргүүлээр үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Ц- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ар гэрийн гачигдлын улмаас шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Нэхэмжлэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг буруу хийсэн. Гэрээнд өөрчлөлт оруулж бизнесийн зээлийг 2 хувь бодох өөрчлөлт хийсэн мөртлөө шүүхэд 2.3 хувь зээлийн гэрээгээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийт 10 866 304 төгрөгийг төлсөн байтал 2 хувийн хүүгээ бодох өөрчлөлтийн дагуу бодоогүйд гомдолтой байна. Х Б-ны тайлбараар төлсөн дүн 13 551 253 төгрөг дээр 37 736 227 төгрөгийг нэмээд нийт 51 287 477 төгрөг гэжээ. Тэгэхээр авсан зээл болох 120 000 000 төгрөгөөс 51 287 477 төгрөгийг хасахад  68 712 523 төгрөг байна. Гэтэл 72 263 772 төгрөгөөр тогтоосонд гомдолтой байна. Мөн зээл олгосны 1 хувийн шимтгэл болох 1 200 000 төгрөгийг зээлдээ тооцож хасуулах хүсэлттэй байна. Иймд дээрх үндэслэлийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Х Б- ХХК нь хариуцагч “Ц-” ХХК, Г.Ц-, Ц.Э- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86 317 284 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Г.Ц- эс зөвшөөрч гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэлийн шаардлага болох 86 314 284 төгрөгийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 84 314 284 төгрөгийг тус тус төлж, хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний баруун урд байрлах Г-2201027130 улсын бүртгэлийн дугаартай, 1634 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 89/3 дугаар байрны 8 тоотод байрлах Ү-2205027554 улсын бүртгэлийн дугаартай 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 62-46 УНЯ улсын дугаартай, 2002 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгөтэй, DAEWOO маркийн зүтгүүр, 2848 ТЧ улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй, DAEWOO маркийн чиргүүл зэргээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/02215 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болох 86 314 284 төгрөгийг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч, 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 84 314 284 төгрөгийг тус тус төлж, хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний баруун урд байрлах Г-2201027130 улсын бүртгэлийн дугаартай, 1634 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 89/3 дугаар байрны 8 тоотод байрлах Ү-2205027554 улсын бүртгэлийн дугаартай 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 62-46 УНЯ улсын дугаартай, 2002 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгөтэй, DAEWOO маркийн зүтгүүр, 2848 ТЧ улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй, DAEWOO маркийн чиргүүл зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Ц-оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 050 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ        

                                                                        Ш.ОЮУНХАНД