Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0261/З |
Дугаар | 128/шш2021/0449 |
Огноо | 2021-07-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 128/шш2021/0449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Ш” ХХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: Тус компанийн гаргасан гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэлгүй буцаасан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гомдлыг хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргахыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, Ш.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Ш” ХХК-ийн захирал С.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Ш ХХК 2019 оны 12 дугаар сарын 30-ний өдөр Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд татварын улсын байцаагчдын 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 210286 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох гомдол гаргасан. Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 1 жилийн турш маргааныг магадлан шалгаж байна хэмээн манай компани болон бусад этгээдүүдээс нотлох баримт цуглуулах ажиллагааг гүйцэтгэж, олон тооны баримт сэлт мэдээлэл цуглуулсан байдаг. Гэтэл Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн дарга Ж.Гын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 67 дугаар мэдэгдлээр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 261 дугаар тогтоол хүчинтэй тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн мэдэгдэл өгсөн. Манай компани татварын улсын байцаагчдын 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 210286 тоот актыг 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар 70.2.1.маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох; шийдвэрийг шүүхээс гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан өөрөөр хэлбэл илт хууль бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага огт гаргаж байгаагүй.
Захиргааны Ерөнхий хуулийн 98 дугаар зүйлд Захиргааны байгууллага гомдлыг хянан үзэж улмаар Захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх, захиргааны актыг өөрчлөх, хэвээр үлдээх гэх мэт шийдвэр гаргах бүрэн эрхийг нь хуулиар олгосон байхад Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг хуралдуулахгүйгээр бидэнд бичгээр хариу өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Манай компани урьд өмнө огт маргаж байгаагүй гомдлын шаардлага болох Татварын маргаан таслах зөвлөлд татварын улсын байцаагчдын 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 210286 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох гомдол гаргасан.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн дарга Ж.Г нь Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 4.9. Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д заасан үндэслэлээр гомдол гаргасан тохиолдолд энэ журмын 4.1-д заасан хугацааг үл харгалзан гомдлыг хүлээн авна. 6.1. Маргаан таслах зөвлөл нь энэ журмын 1.1-д заасан гомдол, хүсэлтийг татвар төлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан шалгаж шийдвэрлэнэ. 6.2. Маргаан таслах зөвлөл нь гомдол, хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл зөвлөлийн дарга уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно. Гэснийг тус тус зөрчин гомдлын хүрээ, шаардлага хамааралгүй мөн урьд өмнө огт маргаагүй зүйлийг маргасан мэтээр өрөөсгөл дүгнэлт гаргажээ.
ТЕГ-ын Татварын маргаан таслах зөвлөл нь бүтэн жилийн турш манай компанийн гаргасан гомдлыг шалгаж байна, Маргаан таслах зөвлөлийн хурал хуралдахгүй байна, хурал зарлангуут танай асуудал орно л гэдэг байсан.
Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 5.1. Магадлагч нь татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх зорилгоор татварын асуудлаар дүн шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу болон ТЕХ-ийн 98-р зүйлд зааснаар Татварын маргаан таслах Зөвлөл нь хурлаа хийж хамтын шийдвэрээр гомдлыг хангах эс хангах талаар шийдвэр гаргах ёстой байсан гэж үзэж байна.
Гэвч Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл манай компанийн гомдлыг хурлаар хэлэлцэн шийдвэрлэж хариу өгсөнгүй. Иймд манай компанийн ТЕГ-ын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлыг хуралд оруулан хэлэлцэж шийдвэрлэхгүй байгааг хянан үзэж Татварын маргаан таслах зөвлөлөөр гомдлыг хэлэлцэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш ХХК 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх, Татварын маргаан таслах зөвлөлд татварын улсын байцаагчийн 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 210286 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлыг шаардлага гаргасан байгаа. Маргаан таслан зөвлөл бүтэн жилийн турш энэ асуудлыг хэлэлцэн гэж маш олон баримтуудыг цуглуулсан. Маргаан таслах зөвлөлийг ингэж удаан хуралдана гэж бодоогүй. Гэтэл 12 дугаар сарын 15-ны өдөр гурван компани нэрийг бичээд жилийн дараа зар тавьсан байсан. “Ш” ХХК-ийн хурлыг хуралдахгүйгээр гомдлыг буцаасан. С.Ц захирлыг маргаан таслан хуралдаа суулгаагаагүй. Гурван шатны шүүхийн шийдвэрийг хараад буцаасан. Хурлаар орохгүй байгаа эс үйлдэхгүй нь хууль бус гэдгийг шүүхээр тогтоолгохыг хүсэж байгаа. Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад гомдлыг харьяаллын дагуу маргаан таслах зөвлөл хүлээж аваад хянан шийдвэрлэх, татгалзах, буцаах үүрэгтэй гэж байгаа. Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд татвар төлөгч татварын актыг үйлдсэн талаар улсын байцаагч оролцох бөгөөд тэдгээр маргааны оролцогч тал маргааны таслах хуралдаанд оролцоогүй. Гэтэл хэзээ буцаах талаар журмын 6.2 дахь хэсэгт маргаан таслах зөвлөл гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл зөвлөлийн дарга уг хурлыг нэг удаа 30 хоногоор сунгаж болно. Үнэхээр буцаах байсан бол 30 хоногийн дотор буцаах нь яасан юм бэ. Буцаагаагүй учраас маргаан таслах зөвлөлийн хурлаар орно гэсэн болохоор хуралдах юм байна гэж ойлгосон. Маргаан таслах зөвлөл гомдол мэдээллийг яаж шийдвэрлэх талаар журмын 6.7 дахь хэсэгт гомдол хүсэлтийг хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ гэж байгаа. Хавтас хэрэгт гурван шатны шүүх асуудлыг шийдвэрлэсэн. Маргаан таслан зөвлөлийн хурлаар орж шийдвэрлэсэн тогтоол хэрэгт авагдсан. Өмнө хүчингүй болохыг тогтоолгох тооцоолол шийдвэр дээр ангилал дээр голлож маргасан маргааны үйл баримт болж байгаа. Хавтас хэрэг хурлаараа орж шийдвэрлэсэн маргаан таслах зөвлөлийн тогтоол байхгүй. Татварын маргаан таслах зөвлөл гэдэг нь. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах актын аль нэгийг гаргана гэж, 98.1.1 дэх хэсэгт захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх гэж байгаа. Хуулиар эрхийг нь олгосон захиргааны байгууллага гэж байгаа. Захиргааны байгууллагын хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Үүний дараа бид нар захиргааны маргаан таслах зөвлөл хуралдаанаараа илт хууль бус гэдгийг тогтоосонгүй гэж шүүхэд хандаж байх ёстой. Хуулиар эрхийг олгосон байхад маргаан таслах зөвлөл хуралдаж хамтын шийдвэр гаргаснаар зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудлыг хэлэлцэх гэж байгаа. Маргаан таслах зөвлөл хурлаа хийгээд илт хууль бус тогтоочих юм бол бид нар шүүхэд хандах шаардлага байхгүй. Хариуцагч байгууллага хурлаа хийгээгүй учраас шүүхээр илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж байгаа зүйл биш. Ерөөсөө эд нар хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдэхгүй иргэн, аж ахуй нэгжийг хохироож байна гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар оруулахыг даалгаж өгнө үү гэж хүсэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “:..Ш ХХК-ийн хувьд шүүхээр, маргаан таслах зөвлөлөөр, гурван шатны шүүхийн шийдвэртэй захиргааны акттай маргасан. Үүнийг маргаан таслах зөвлөл хянан хэлэлцээд актыг буцааж шийдвэрлэсэн. Гурван шатны шүүхээс актаас тодорхой хэмжээний өгөгдлийг буруу гэж шийдвэрлэсэн байгаа. Гэтэл “Ш” ХХК энэ асуудлаас хойш 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мараан таслах зөвлөлд тухайн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор гомдол ирүүлсэн байна. Илт хууль бус болохыг тогтоолгохоор бол хуулийн аль заалтыг үндэслэж тодруулах үүднээс хугацаа орсон. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Татварын ерөнхий хуулийг шинэчлэн найруулж татварын маргаан таслах зөвлөлийн журам бас шинэчлэн найруулагдсан. Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам дээр илт хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой хугацаа харгалзахгүй гомдлыг хүлээн авна гэж заасан. Бид нар шинэ журмын дагуу гомдлыг хүлээн авч болно. Маргаан таслан хурал дээр гомдлыг танилцуулна. Гомдлыг танилцуулаад өмнө шүүхийн шийдвэртэй байх юм бол дахин хянан хэлэлцэхгүй буцаана гэсэн заалтын дагуу буцаасан. Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэглэгдэж эхэлсэн. Ингэж найруулснаар илт хууль бус захиргааны актыг хүлээн авахад хугацаа харгалзахгүй зохицуулалттай болсон. Түүнээс өмнө мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд илт хууль бус захиргааны актад гомдол гаргахдаа 30 хоногийн дотор шалгах шийдвэрлэхээр зохицуулалттай байсан. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гарсан захиргааны актад энэ хуулийн зохицуулалт нөхөж хамаарахгүй. Энэ хуулийг буцааж хэрэглэх журам байхгүй. Тэр талаар хууль дээр тодорхой зааж өгөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл өөрөө 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гарсан захиргааны актад хамааралтай. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлд заасан гомдлыг хянан үзээд захиргааны байгууллага илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргах ёстой гэж ярьж байгаа нь хуульд нийцэхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 91 дүгээр зүйлд гомдол гаргах хугацааг тодорхойлсон. Захиргааны актыг үндэслэснээс хойш 30 хоногийн дотор гаргах ёстой. Тэгэхээр энэ хоёр хууль өөр хоорондоо хэрхэн яаж хэрэглэхийг хуулиараа зохицуулж өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө үндэслэлгүй. Маргаан таслах зөвлөл хурлаар хуралдахгүй байгаа эс үйлдэхүй байхгүй. Нэхэмжлэгчийн гомдлыг хурал дээр танилцуулсан. Хуралдааны тэмдэглэл сая шүүхэд ирсэн. Тухайн маргааныг түргэвчилсэн гурван шатны шүүхийн шийдвэр байгаа учраас гомдлыг дахин хянан хэлэлцэх хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш ХХК-ийн гомдлыг хүрүүлсэн он сар бол 12 дугаар сарын 30-ны өдөр мөн. Тухайн гомдлыг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хянан магадлах томилол үүсгэсэн. Маргаан таслах зөвлөл хэрэг маргаан их байсан учраас дарааллын дагуу явагдсан. 2021 он гараад хамгийн эхний хурал бол 2021 оны 4 дүгээр сард хийгдсэн. Анх илт хууль бус болохыг тогтоож өгнө гэж гомдлоо өгсөн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн яг хийдэг нь зөрчсөн талаар тодорхой тайлбаргүй гомдол гаргасан байсан. Маргааны явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн яг хийдэг нь зөрсөн талаар тодруулж байхад яг ямар заалтаар илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа талаар тодорхой зааж өгөөгүй байсан. 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар танилцуулсан. Танилцуулахад хэрэг маргааныг гурван шатны шүүхээр явсан байна. Хэрэг маргаан шийдвэрлэгдсэн тул хуралдах шаардлагагүй. Харин гомдлыг буцаасан талаар албан бичгээр буцаасан байгаа.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал С.Ц шүүхэд хандаж “тус компанийн гаргасан гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэлгүй буцаасан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гомдлыг хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...бүтэн жилийн турш нотлох баримт цуглуулах, тайлбар авах ажиллагааг явуулж хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулан хуралдаанд дуудсан атлаа биечлэн оролцуулалгүй, хурал хийлгүйгээр гомдлыг буцаасан нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны журмаа зөрчсөн” гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “...хуралдаанаар хэлэлцсэн, нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн, хүчин төгөлдөр тогтоолтой тул Маргаан таслах зөвлөл тогтоол гаргахгүй, журамд зааснаар албан бичгээр буцаасан, уг албан бичигтэй маргаагүй...” гэж тайлбарлан эс зөвшөөрч байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл “Ш” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд хандаж “...Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Улсын байцаагч Д.С, Ч.О нар хянан шалгаж гаргасан “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 200286 \дугаар зөрүүтэй\ дугаар актыг илт хууль бус гэж үзэж байна, хянаж өгнө үү” гэсэн гомдол гаргасныг Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн магадлагч бөгөөд тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Ш.Ц хүлээн авч улмаар нэхэмжлэгч компаниас нотлох баримт цуглуулах ажиллагааг явуулан нэхэмжлэгчээс ирүүлсэн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болон 11 дүгээр сарын 13-ны өдрийн тайлбар нэмэлт тайлбар, холбогдох шаардлагатай бусад нотлох баримтуудыг хүргүүлснийг хариуцагч захиргааны байгууллага хүлээн авсан болох нь тогтоогдов.
Түүнчлэн Татварын маргаан таслах зөвлөл нь тухайн гомдолтой холбогдуулан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга Н.Бгаас 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01\285 дугаар албан бичгээр тайлбар авсан, улмаар уг тайлбарт “...шалгасан хоёр байцаагчийн гарын үсэг зурсан актыг нотлох баримтын шаардлага ханган хүргүүлж байна...” гэж дурдсанаас гадна Том татвар төлөгчийн газрын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдийн 02\824 дүгээр албан бичгээр “тус газраас шаардлагатай нотлох баримтыг шаардсан боловч уг нотлох баримтыг хүргүүлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн зэргээс үзвэл уг гомдлыг шийдвэрлэхэд шаардлагатай ажиллагаануудыг хариуцагчаас явуулж байсан байна.
Мөн ТЕГ-ын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн дарга Ж.Г, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсны 3-т “ТТД:2036231 “Ш” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлттэй холбоотой маргаан” гэж батлагдан орсон байх ба хариуцагчаас уг маргаан хянан шийдвэрлэх цахим хуралдааны товыг тус компанийн захирал С.Цэд утсаар мэдэгдсэнээр тэрээр уг хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн, энэ талаар хариуцагчид хэлээд хуралдаанд орохоор хүлээж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.
Харин 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар бүхий “Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл”-ээс үзвэл “...хуралдаан тус зөвлөлийн дарга Ж.Г болон бусад 8 гишүүн, нарийн бичгийн дарга Ш.Ц нарын бүрэлдэхүүнтэйгээр эхэлж “Ш” ХХК-ийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хуралдааныг цахимаар хийв...маргаан таслах зөвлөлийн бүх гишүүд магадлагчийн саналыг дэмжиж санал өгснөөр доорх шийдвэрийг гаргав, шийдвэрийг танилцуулсан нь:...уг үйл баримтыг дүгнсэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор дахин маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг хууль болон журмын дагуу хүлээн авч хянан шийдвэрлэх үндэслэлгүй тул...гомдлыг хүлээн авахаас татгалзаж байна, энэ талаар гомдол гаргагчид албан бичгээр хариу хүргүүлэх нь зүйтэй” гээд хуралдаан даргалагч Ж.Г, тэмдэглэл хөтөлсөн нарийн бичгийн дарга Ш.Ц нар гарын үсгээ зуржээ.
Түүнчлэн ТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 67 дугаар албан бичгээр “Ш” ХХК-д хандаж “...танай компани үйл баримтыг дүгнэсэн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор дахин Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг хүлээн авч хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 4.6.2-т “гомдлыг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гаргасан бол” гомдлыг хүлээн авахаас татгалзахаар заасны дагуу гомдлыг хүлээн авахаас татгалзаж, үүгээр буцааж байна” гэж мэдэгдсэн байна.
Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 46 дугаар зүйлийн 46.1-д “Татварын албаны дэргэд татвар төлөгчөөс энэ хуулийн 6.1.26-д заасан татварын акттай холбогдуулан гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Татварын маргаан таслах зөвлөл /цаашид “Маргаан таслах зөвлөл” гэх/ ажиллана.” 46.3-т “Энэ хуулийн 46.1-д заасны дагуу татвар төлөгчийн гаргасан гомдлыг харьяаллын дагуу татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөл тус тус шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан.
Түүнчлэн уг хуулийн 46.4-т “Маргаан таслах зөвлөл нь ес, эсхүл 11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална.” гэж заасныг үндэслэн гарсан Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 1.1-д “Энэ журмын зорилго нь Татварын ерөнхий хуулийн 46.1-д заасан татварын акттай холбогдуулан гаргасан гомдол, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхтэй холбоотой хүсэлтийг Маргаан таслах зөвлөлөөр хянан шийдвэрлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” 1.3-д “Маргаан таслах зөвлөл нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, татвар төлөгчийн болон татварын албаны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, татвар төлөгчийн нууцыг хадгалах зарчим баримтална”. 2.8-д “Маргаан таслах зөвлөл нь Татварын ерөнхий хуульд нийцүүлэн дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ 2.8.1. гомдлыг харьяаллын дагуу хүлээн авах, татгалзах, буцаах, хянан шийдвэрлэх түдгэлзүүлэх, тогтоол гаргах” 3.1-д “Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд татвар төлөгч, татварын актыг үйлдсэн татварын улсын байцаагч оролцох бөгөөд тэдгээрийг маргааны оролцогч тал гэнэ” 3.2-т “Татвар төлөгч нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд дараахь эрх, үүрэгтэй оролцоно 3.2.1 ”хуралдаанд өөрийн биеэр оролцох буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх, өмгөөлөгчийг оролцуулах” гэж тус тус заажээ.
Түүнчлэн уг журмын 4.5-д “Гомдол, хүсэлтийг хүлээн авахдаа дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ, 4.5.1. гомдол, хүсэлтийг тухайн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга хүлээн авч, хүлээн авсан огноо, цаг, минут хавсаргасан баримт бичгийн хуудасны тоог тэмдэглэн, бүртгэнэ” 4.5.2-т. “Нарийн бичгийн дарга гомдол, хүсэлт, холбогдох бусад баримт бичгийг шалгаж, харьяаллын талаарх саналаа Маргаан таслах зөвлөлийн даргад танилцуулна” 4.6-д “Маргаан таслах зөвлөл нь дараахь тохиолдолд гомдлыг хүлээн авахаас татгалзана” 4.6.2. гомдлыг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гарсан 4.7. Гомдлыг буцаасан, хүлээн авахаас татгалзсан тохиолдолд хариуг албан бичгээр гомдол гаргагчид хүргүүлнэ” гэж тус тус нарийвчлан зохицуулсан байна.
Журмын дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь “Ш” ХХК-ийн гомдлыг хэлэлцэхээр шаардлагатай нотлох баримтуудыг холбогдох этгээдүүдээс цуглуулан, гомдол гаргагчаас нэмэлт тайлбар авч улмаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж хуралдааны товыг мэдэгдсэн атлаа гомдол гаргагч-татвар төлөгчийн төлөөлөгчийг Маргаан таслах зөвлөлийн хуралдаанд биечлэн оролцуулаагүй, түүнд хууль болон журмаар олгогдсон эрхийг олгоогүй нь хууль бус гэж шүүх дүгнэв.
Тухайлбал, хариуцагч нь Ш ХХК-ийн гомдлыг журмын 4.6.2-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзсэн бол уг гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд бэлтгэх үе шатанд орохоос өмнө буюу журмын 4.5.2-т заасан, хянан үзэх шатанд татгалзаж буцаахаар байхад татгалзахгүйгээр Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлсэн атлаа тогтоол гаргалгүйгээр албан бичгээр буцаасан нь журмын холбогдох заалтуудыг зөрчсөн байна.
Түүнчлэн нэгэнт хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаж, улмаар хуралдаанд биечлэн оролцуулахаар хуралдааны товыг мэдэгдсэн атлаа хуралдаанд биечлэн оролцуулалгүйгээр, түүний тайлбарыг сонсохгүйгээр гомдол гаргагчийн гомдлыг буцаахаар шийдвэрлэсэн нь мөн журмын 3.2-т “Татвар төлөгч нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд...3.2.1-3.2.7-д заасан эрх, үүрэгтэй оролцох”-оор тухайлбал, хуралдаанд гомдол гаргагч өөрийн биеэр, мөн тухайн татварын акт үйлдсэн татварын улсын байцаагч болон хянан баталгаажуулсан нэгжийн дарга маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцохоор заасныг зөрчсөнөөс гадна мөн журмын 6.7-д “маргаан таслах зөвлөл гомдол хүсэлтийг хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх” болон магадлагч нь тухайн хуралдаанд дүгнэлт гаргаж хуралдаанаар хэлэлцүүлэх ажиллагааг явуулаагүй нь журмын 5.4.7-г зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.
Мөн журмын 7.1-д “маргаан таслах зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд тухайн татварын акттай холбогдуулан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 7.3-д “маргаан таслах зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурна” гэж тус тус заасан, Ш ХХК-ийн гомдлыг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлээр тухайн хуралдаанд зөвлөлийн гишүүд бүрэн оролцож асуудлыг хэлэлцсэн зэргээс үзвэл уг хэлэлцсэн асуудлын талаар Маргаан таслах зөвлөл нь тогтоол гаргахаар байхад хуралдаанд хэлэлцсэн атлаа албан бичгээр хариу өгөхөөр шийдвэрлэсэн нь журмын дээрхи заалттай нийцэхгүй байна.
Энэ тохиолдолд “Ш” ХХК-ийн гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаархи нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй, нөгөө талаар “...гомдлыг хэлэлцсэн боловч нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал тул албан бичгээр хариу өгсөн, уг албан бичигтэй маргаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар мөн хуульд нийцэхгүй.
Учир нь, нэхэмжлэгчээс өөрийн гаргасан гомдлыг зохих журмаар шийдвэрлээгүй гэх хариуцагчийн эс үйлдэхүйн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагын нэг үндэслэлээ тухайн гомдлыг буцаахаар шийдвэрлэсэн ТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 67 дугаар албан бичгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа нөхцөлд нэхэмжлэгчийг уг албан бичигтэй тухайлан маргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх талаар дараах ажиллагааг явуулна”, 95.1.1 “захиргааны акт хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэхийг шалгах”, 95.1.3 “гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч...д урьдчилан мэдэгдэж уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулах”, 95.8-д “хамын удирдлага бүхий захиргааны байгууллага гомдлыг хэлэлцсэн бол асуудал шийдвэрлэх ердийн журмыг баримтлан захиргааны акт гаргана” гэж тус тус заасан.
Хуулийн, дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч Татварын маргаан таслах зөвлөл нь “Ш” ХХК-ийн гаргасан, 2019 оны 12 дугаар сарын 30-ны гомдлыг хэлэлцэхдээ хууль болон журмын заалтуудыг зөрчиж, хууль бус эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч компанийн төлөөлөгчийг Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанд биечлэн оролцуулж гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн /46 дугаар зүйлийн 46.4, Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.1, 95.1.3, 95.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “тус компанийн гаргасан гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар зохих журмын дагуу хэлэлцүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар гомдол гаргагч төлөөлөгчийг биечлэн оролцуулж зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН