Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0580

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Г*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д*******

 

Нэхэмжлэгч: Ч.Г*******

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: Я.М*******

Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн Алтай аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0027 дугаар шийдвэр

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д*******, М.Э*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 112/2024/0003/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Г******* нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдуулан “Говь-Алтай аймгийн Алтай аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0027 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 39.1.3, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Г*******ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдох, Алтай сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д******* дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Ч. Г*******ын шүүхэд гаргасан Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 01 ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Говь – Алтай аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж , эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэгдсэн байхыг зөрчиж шийдвэр дүгнэлт гаргасан.

3.2. Учир нь ажил олгогч ажлаас чөлөөлсөн захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар захиргааны үйл ажиллагааны зарчим болох хуульд үндэслэсэн байх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог хангах шаардлагыг зөрчсөн талаар анхан шатны шүүх дүгнээгүй. Мөн ажил олгогч ажлаас чөлөөлсөн захирамжийг үйлдэхдээ нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой ямар зөрчлийг хэзээ гаргасан болох үйл баримтыг шалган тогтоож, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, шууд ажлаас чөлөөлсөн тушаалыг үйлдсэний дараа зөрчлийг тогтоох гэж шүүхэд гэрч оролцуулах, асуулгах зэрэг ажиллагааг хийлгүүлдэг бөгөөд анхан шатны шүүх тушаал гарсны дараа хариуцагчийн гаргаж бүрдүүлж өгч буй нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

3.3. Ажил олгогчийн гаргасан захирамжид дурдсанаар нэхэмжлэгч Сахилгын давтан зөрчил гаргасан эсэх, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй, мөн захирамжийн хууль зүйн үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай илт зөрүүтэй байхад Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч.Г*******аас “Говь-Алтай аймгийн Алтай аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах” нэхэмжлэл гаргахдаа, шаардлагын үндэслэлээ “... соёлын төвийн хөгжмийн багшийн ажлын байранд хүн олдохгүй байсны дээр сургуулийн захирал зөвшөөрсөн учраас эхнэрээ 40 хувиар цалинжуулаад хөгжмийн багшаар ажиллуулсан, боловсон хүчин олдохгүй алс хязгаар нутаг учир аав ээж нь гуйсны дагуу оюутныг цалинжуулсан, олгосон цалинг буцаан авч сумын 100 жилийн ойн бэлтгэл ажилд зарцуулсан, захирамж гаргахдаа сонсох ажиллагаа явуулах журам зөрчсөн” гэх зэргээр тодорхойлж маргажээ.  

3. Анхан шатны шүүхээс “... Соёлын төвийн эрхлэгчийн тушаал гаргаж номын санчаар томилсон Ж.Х******* нь бодит байдалд ажиллаагүй байхад 2023 оны 11, 12 сард цалин олгож, түүнийг буцаан авч өөр зүйлд зарцуулсан нь төсвийг зориулалт бусаар зарцуулсан нөхцөл байдлыг зөвтгөх үндэслэл болохгүй; соёлын төвийн үндсэн ажлын байр болох хөгжмийн багшийн ажлыг өөрийн эхнэр Г.А*******аар хавсруулан гүйцэтгүүлэхээр томилж, цалин хөлс олгосон нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хориглосон заалтыг зөрчсөн; маргаан бүхий захирамжид үндэслэсэн гэрээний заалт зөрүүтэй байгаа нь түүнийг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

4. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: гээд 14.1.2. боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал;”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: гээд 39.1.1. албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, 39.1.2.албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3.хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж,  

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: гээд 4.1.2. төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;” гэж,

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д ““төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг;”, 16 дугаар зүйлийн 16.4-т “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна: гээд 16.4.18.төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн.”, 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд 16.5.3.батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох; 16.5.5.батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;” гэж тус тус заасан.

5. Хуулийн дээрх зохицуулалтыг маргаан үйл баримттай харьцуулан үзэхэд, нэхэмжлэгч Ч.Г******* нь сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалыг эрхэлж байсны хувьд төсвийн шууд захирагч бөгөөд тэдгээр хуулиар тогтоосон хэм хэмжээг дагаж мөрдөх буюу хориглосон заалтыг үл зөрчих нь төрийн албан хаагчийн хувьд түүний хүлээсэн үүрэг мөн байтал (а) Соёлын төвийн номын санчийн албан тушаалд тавигдах болзол шаардлагыг хангаагүй этгээдийг уг ажилд томилж, цалин хөлс олгосноос гадна уг мөнгийг сумын 100 жилийн ойн бэлтгэл ажилд зарцуулна хэмээн буцаан авсан; (б) өөрийн гэр бүлийн гишүүн буюу эхнэр Г.А*******ыг тус Соёлын төвийн хөгжмийн багшаар томилон ажиллуулж, цалин хөлс олгосон зэрэг нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон ба эдгээр зөрчил нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох хангалттай үндэслэл болох тул маргаан бүхий Б/02 дугаар захирамж үндэслэл бүхий болсон, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

6. Маргаан бүхий Б/02 дугаар захирамжид “Засаг даргатай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3.2, 6.1.3.3, 6.1.3.7 дахь хэсгүүд” гэж  үндэслэл болгосон хэдий ч хариуцагчаас үүнийг “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн гэрээ гэж тусад нь байгуулсан эсэх, тэр нь хэрэгт авагдсан эсэх зэрэг нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болсон дээрх зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул хэргийг хянан шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолтой биш, нөгөөтээгүүр хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай байсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол дурдсан энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

7. Харин маргаан бүхий захирамжид дурдсан “ажил тасалсан, ажлын цагаар архи уусан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын гаргасан шийдвэр буюу шүүр ажиллагааг хэрэгжүүлээгүй” гэх зөрчлүүд нь баримтаар бүрэн тогтоогдоогүй, тэдгээрээс зарим зөрчилд давхардуулан хариуцлага хүлээлгэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 48.6-т “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д “Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй” гэж заасныг зөрчих бөгөөд анхан шатны шүүх энэ талаар мөн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

8. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ