Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Ц.Пүрэвдорж,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Болдсайхан,

хохирогч Л.Хангайн өмгөөлөгч Ж.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэг, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад боржигон овогт Цэрэнжамцын Пүрэвдоржид холбогдох эрүүгийн 201624000646 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шашин судлаач мэргэжилтэй, Лод-Луужингийн хийдэд тэргүүн лам ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Могул Тауны 1-Б байрны 201 тоотод оршин суудаг гэх, 2013 онд “Алтан гадас” одонгоор шагнагдсан, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хиад боржигон овогт Цэрэнжамцын Пүрэвдорж /РД:ЙС77012013/, 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ц.Пүрэвдорж нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 20 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг Маршалын гүүрэн дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус маркийн 44-11 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ Согтууруулах ундаа ...хэрэглэсэн, ....тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Л.Хангайг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл, унадаг дугуйнд 2.973.000 төгрөгийн шууд, 3.023.000 төгрөгийн нийт хохирол учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг,

Мөн дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүний үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин ослын талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Энэ хэргийн хохирогч Л.Хангай нь 2016 оны 12 сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 сарын 08-ны өдрийн хугацаанд ОХУ-д томилолтоор ажиллах зайлшгүй шаардлагын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай түүний өмгөөлөгч Ж.Бат-Эрдэнэ мэдэгдэж, онгоцны тийз баримтыг шүүхэд гаргаж өгсөн, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өмгөөлөгч Ж.Бат-Эрдэнэ хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд оролцож буй нь хэргийн бүх байдлыг бүрэн тогтооход саад учруулахааргүй, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж зөрчигдөхөөргүй байх тул хохирогчийн эзгүйд, түүний өмгөөлөгчийг оролцуулан холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ц.Пүрэвдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр удаан хугацаанд их хэмжээний айраг уусан байсан. Миний буруу үйлдэл. Осол болсны дараа би утсаа аваад залгах гэтэл “хажууд байсан хүмүүс цагдаа дуудсан” гэсэн. Тухайн үед би айж сандарсан байсан. Осол гарсны дараа олон хүмүүс байсан ба юу хийхийн зуургүй хүмүүс цагдаа, эмнэлэг рүү утасдчихсан байсан учраас би дахин мэдэгдэх шаардлагагүй гэж үзсэн. Сүүлд өгсөн хохирлын хувьд 2016 оны 07 сарын 12-ны өдөр Солонгос улсад очиж шинжилгээ хийлгэсэн баримтын жагсаалт байгаа. Үүний дагуу эмчилгээний болон бусад зардалд нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлсөн. Үүнээс гадна хохирогчийн цаашид хийлнэх эмчилгээний оношилгооны зардалд нэмж 4.500.000 төгрөгийг өмнө нь Солонгос явж эмчлүүлсэн баримтыг үндэслэн тооцож төлсөн. Хохирогчид нийт 32.526.094 төгрөг төлсөн байгаа.  

Тухайн осол гарах үед замын хөдөлгөөн, нягтрал Маршалын гүүрэн дээр сийрэг байсан. Би хохирогчийн араас нь дугуйг нь хүчтэй мөргөсөн. Машинаа дахин хөдөлгөөгүй зогсоосон. Би тээврийн хэрэгсэл жолоодоод 16 жил болж байна. Би согтууруулах ундаа хэрэглэж машин барьдаггүй. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр айраг ирсэн гэж манай найз дуудахаар нь өдөр 12:00 цагийн үед гэрт нь очоод, айраг ууж юм ярьж сууж байгаад орой гэртээ харихаар явж байгаад энэ ослыг гаргасан. Би ойролцоогоор 30-аад литр айраг байсныг найзтайгаа хувааж уусан.

 Согтууруулах ундаа хэрэглэсэн ч, хэрэглээгүй ч, олон жил машин жолоодож байсан ч зам тээврийн осол гэдэг бол маш хурдан хугацаанд, болгоомжгүй байдлаас бий болдог юм байна гэдгийн ухаарсан. Цаашид анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Би өөрийнхөө буруу гэдгийг мэдэж гэмшиж байна. Надад хохирогчийн биед учирсан гэмтэлтэй холбоотой маргах зүйл байхгүй. Миний бурутай үйлдлээс болж хохирогчийн биед гэмтэл, эд хөрөнгөд нь хохирол учирсан. Ослын дараа тэнд байсан замын хажуугаар явж байсан хүмүүс цагдаа дуудаж, түргэн тусламж дуудсан байсан учир би дахин дуудах шаардлагагүй юм байх гэж бодсон юм. Дээрх хоёр зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлэх юм бол Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан зам тээврийн осолд холбогдох жолоочийн үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би дахин ийм алдаа дутагдал гаргахгүй байж чадна.” гэсэн мэдүүлэг,  

 

Эрүүгийн 201624000646 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Л.Хангайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажил тарсны дараа 20 цагийн орчимд бэлтгэл хийхээр өөрийн эзэмшлийн уралдааны дугуйтай гэрээсээ гараад ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр Маршалын гүүрэн дээр 1-р эгнээгээр замынхаа баруун талыг шахаад замын хашлаганаас 1 метр орчмын зайтай 23 км/цагийн хурдтай явсан. Миний уралдааны дугуй урд талдаа хурд хэмжигч спидометртэй байдаг. Гүүрний голд явж байтал гэнэт дугуйны араас машин мөргөсөн, би урагшаагаа шидэгдээд машин зам дээр унасан. Унасны дараа намайг мөргөсөн Т.Приус маркийн цагаан өнгийн автомашин урд буфер хэсгээрээ миний өгзөг хэсэгт мөргөөд зогссон.

Миний нуруу биеэр их өвдөж байсан учраас босож чадахгүй, машин зам дээр хэвтэж байхад хажуу талаар явж байсан машинууд юу болов, юу болов гэж асууж байсан. Машинтай явсан залуучууд зогсоод над дээр ирсэн. Намайг мөргөсөн машины жолооч машинаасаа гарч ирэхгүй байсан. Би 10 гаруй минут зам дээр хэвтсэн. Дараа нь жолооч гэх 40 орчим насны лам дээлтэй, махлаг залуу машинаас бууж ирээд утсаар яриад байсан.

Энэ хүн ирэхгүй юм байна, аягүй бол хэргийн газраас зугатааж магадгүй гэж хүмүүс хэлсэн. Би ч гэсэн зугатааж магадгүй гэж бодоод гар утсаараа машины зургийг нэг хүүхдээр авахуулсан. Жолооч машины гадна талд утсаар яриад л байсан. Би залуучуудаар түшүүлж босоод, жолооч дээр явж очиход “та яагаад дугуйн доор орчихдог юм бэ” гэж түрэмгий маягаар хэлсэн. Ярих үед амнаас нь архи үнэртэж байсан. Энэ согтуу жолооч хэргийн газраас зугатаагаад явчих байх гэж, мөн нуруугаар өвдөөд байсан болохоор баруун урд талын жолоочийн талын хаалгаар машинд нь орж суугаад сандлыг нь хойш болгоод хэвтсэн. Би өөрөө 102-т утсаараа дуудлага өгсөн. Эхнэр хүүхэддээ утсаар мэдэгдсэн. Намайг утсаар ярьж байхад лам урагшаагаа яваад өгсөн. Би тэгэхээр нь энэ хүнийг ямар хүн бэ гэдгийг мэдэхийн тулд машинд бичиг баримт байгаа эсэхийг үзсэн. Ямар нэг бичиг баримт аваагүй. Тун удалгүй цагдаа, түргэн зэрэг шахуу ирсэн. Намайг түргэний машинд оруулсан, дугуй хэргийн газар унасан газраа хэвтэж байсан. Цагдаа нар үзлэг хийхэд би оролцоогүй, эмнэлэг явсан.

Дугуй миний эзэмшлийнх, мөргүүлэхээс өмнө дугуй бүрэн бүтэн байсан. Би ямар нэгэн юманд яарч яваагүй. Богд уулын арын замаар бэлтгэл хийдэг юм. Зам хуурай, замд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Осол болсон замд явган хүний гарц, гэрэл дохио байгаагүй. Би уг замаар байнга явдаг. Манай гэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд байдаг юм. Би архи уугаагүй эрүүл явсан. Замаар машины хөдөлгөөн бага байсан. Би ганцаараа явсан би урьд нь биедээ гэмтэл бэртэл авч байгаагүй, зам тээврийн осолд орж байгаагүй, надад ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Осол болсон зам нь 4 эгнээтэй байсан. Би 1974 оноос хойш байнга дугуй унаж уралдаан тэмцээнд оролцож ирсэн. Миний урд болон хажуу талд машин явж байгаагүй. Ард цагаан өнгийн машин явж байсан. Миний дугуй зүүн талдаа тольтой учраас харсан юм. Хойно явсан машин нилээд зайтай харагдаж байсан. Хамгийн сүүлд энэ онд дугуйн ахмадын улсын аврага шалгаруулах тэмцээнд орж мөнгөн медаль авсан. Урьд олон удаа тэмцээн уралдаанд оролцож байсан. Миний харснаар хойд дугуйны обуд тасарсан, хойд дугуйнд байдаг араа шилжүүлэгч муруйсан, зүүн гарын базуур муруйсан, магадгүй дугуйны рам цуурсан байгаа байх гэж бодож байна. Дугуй гэрт байгаа, дугуйндаа үнэлгээ хийлгэхгүй гэж бодож байна. Учир нь эвдэрхий дугуйгаар яаж явах вэ. Иймд жолоочоор дугуйг бүтнээр нь төлүүлөх хүсэлттэй байна. Гадаа дулаахан, нартай, салхигүй байсан. Машинд жолооч ганцаараа байсан.

Хэмжилт хийхэд хэнээр заалгасныг би мэдэхгүй байна. Хэмжилт үнэн зөв байна. Би унадаг дугуйныхаа жолоог хоёр гараараа жолоодож явсан. Дугуй 11 араатай, гадаадаас захиалж 2000 гаруй доллараар худалдан авсан. Би тухайн үед хамгаалалтын малгай, бээлий, жолоочийн нүдэнд өртөхүйц тод өнгийн хувцастай явсан. Осол гаргасан жолоочтой уулзаж Солонгос улс руу эмчилгээнд явахаар онгоцны ирэх, очих билет авхуулсан. Эмчилгээний зардлыг хойноос явуулна гэж хэлсэн боловч явуулаагүй, холбоо бариагүй. “Интермед” эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардал 761.500 төгрөгийг жолооч гаргасан. Эмчилгээнд гарсан болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. Дугуйны үнийг бас нэхэмжилнэ. Жолооч гэмшихгүй, надтай уулзахгүй, ярихгүй байна. Аваар гарсан газар жолооч хүн чанарын тусламж үзүүлээгүй. Над дээр огт ирээгүй. Миний нүдэн дээр хэргийн газрыг орхиж явсан. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х/,  

2. Гэрч Я.Байгалмаагийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 07 дугаар сарын 01-ний орой манай нөхөр над руу утсаар яриад “дугуйтай хүн намайг заамдаж аваад, үнэтэй дугуй шүргэчихлээ гээд байна, би холхон зогсож байна, чи яаралтай хүрээд ир” гэж хэлэхээр нь би шууд гэрээсээ гараад замаас такси бариад 10 минутын дараа осол болсон Маршалын гүүрэн дээр явж очиход, Пүрэвдоржийн машин нь ертөнцийн зүгээр урагшаагаа харсан байдалтай, унадаг дугуй нь машины урд унасан байсан. Унадаг дугуйны жолооч нь манай жолооны ард суучихсан, машин доторхыг ухаад сууж байсан. Гэмтсэн хүний эхнэр нь бас ирчихсэн байсан.

Пүрэвдорж гүүрний захад “цагдаа ирэхээр очно” гээд зогсож байсан. Эхлээд түргэн ирсэн. Түргэн ирэх үед нөгөө ах сандалаа хойшоо болгоод хэвтсэн. Түргэний эмч “та яасан бэ” гэхэд би “явж чадахгүй байна” гэхээр нь таныг аваад явна гэхэд явахгүй байсан. Би Чингисийн найз байгаа юм гэж хэлээд байсан. Машинаас буух үед тэр хүний халааснаас миний жолооны үнэмлэх, машинд байсан эвдэрхий гар утас унахаар нь би авсан. Түргэний машинд суулгаад байж байхад замын цагдаа ирсэн. Хүүхэд нь гэх нэг залуу бас ирсэн.

Цагдаа “гэмтсэн хүнийг аваад яв” гэж хэлэхэд түргэн гэмтсэн хүнийг аваад явсан. Тэгээд цагдаа хэмжилт хийсэн, араас нь эхнэр нь явсан. Унадаг дугуйг тэр хүний хүүхэд нь аваад явсан. Тухайн үед гадаа гэгээтэй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Хэргийн газрын үзлэг хийхэд Пүрэвдорж байсан. Пүрэвдорж тэр өдрийн өглөө 10 цагт ажилдаа машинтайгаа  явсан. Айраг уусан гэж хэлж байсан. Дугуйнд эвдрэл гэмтэл байхгүй байсан. Гэмтсэн хүний эмчилгээнд 3.000.000 сая төгрөг зарцуулаад байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 63х/,

 

3. Гэрч Н.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Хэргийн газарт бүрэлдэхүүний хамт очиход жолооч нь байхгүй, эхнэр нь гээд эмэгтэй байсан. Эхнэрээс нь асуухад “дуудаадахъя” гээд утсаар ярьсан. Удалгүй жолооч нь урдаас алхаад ганцаараа ирсэн. Жолооч нь лам хувцастай, архи үнэртэж байсан. Согтуурал шалгах багаж үлээлгэсэн. Жолоочоор А, Б цэгийг заалгаж хэмжилт хийсэн. Хохирогчийг түргэний тэрэг аваад явсан байсан, харин хүүхэд нь байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 65х/,

 

4. Гэрч О.Үрлээхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 07 дугаар сарын 01-ний орой 19:00 цаг өнгөрч байхад манай нөхөр Л.Хангай өөрийнхөө эзэмшлийн унадаг дугуйтай гэрээс гарч явсан. Явснаасаа хойш удалгүй ...над руу утсаар залгаад “би машинд мөргүүлчихлээ, Маршалын гүүрэн дээр хүрээд ир” гэж хэлэхээр нь би ганцаараа осол болсон газарт явж очсон. Мөргөсөн машин нь ертөнцийн зүгээр урагшаагаа харсан байдалтай зогссон, унадаг дугуй нь машины урд уначихсан, манай нөхөр мөргөсөн машины жолоочийн суудлыг нь хойш болгочихсон, ёолчихсон хэвтэж байсан. Машины жолоочийн талын хаалга онгорхой байсан.

Би нөхөр дээрээ явж очиход “намайг нэг лам мөргөсөн, зугатаад явчихлаа” гэж хэлсэн. Намайг очиход жолооч болох лам байхгүй байсан. Хэсэг хугацааны дараа түргэн ирсэн. Түргэнээс өмнө жолоочийн эхнэр нь ирсэн. Түргэн дамнуурга дээр Хангайг хэвтүүлээд, түргэний машинд оруулаад “Монгол Хьюндай гэмтлийн эмнэлэг рүү явлаа” гэхээр нь би машинтайгаа араас нь дагаад явсан. Зовиуртай, ёолж, босч чадахгүй байсан учраас түргэн дамнуурга дээр авч явсан. Унаж явсан дугуйг нь анзаараагүй. Замын цагдаа нар ирээд хэмжилт хийхэд манай хүү Алтай байсан. Хангай бид 2 түргэнээр явчихсан байсан.

Хангай надад” жолооч нь согтуу байсан, архи үнэртэж байсан, лам хувцастай хүн байсан, зугатааж явах гээд байхаар нь машинд нь орж суусан” гэж хэлж байсан. Тэгээд “Монгол Хьюндай” эмнэлэг хаалттай байсан учир “Интермед” эмнэлэг рүү утсаар залгаж асуухад “манайх тоног төхөөрөмж сайтай, манайд ирээд үзүүл”  гэж хэлэхээр нь очиж үзүүлсэн юм.

Тухайн өдрөө нурууны зургийг нь авсан. 2-3 сар хөдөлгөөнгүй хэвтэрт байх ёстой гэж хэлж байсан. Одоо зовиуртай байгаа. Солонгос улсад очиж эмчилгээ хийлгэ, их сайн эмчилгээтэй гэж хэлэхээр нь нөхрөө Солонгос улс руу эмчилгээнд явуулсан. Солонгос улс явж эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх 17.900.000 мянган төгрөг эмчилгээнд зарцуулахаар явуулсан. Урд нь нуруундаа ямар нэг гэмтэл бэртэл авч байгаагүй. Архаг хууч өвчин байхгүй. Зүрхний хагалгаанд орж байсан. Машинд мөргүүлснээс болж нуруундаа гэмтэл авсан....” гэсэн мэдүүлэг /хэргийн 66х/,

 

5. Гэрч Х.Алтайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Манай аав Хангай над руу залгаад “би машинд мөргүүлчихлээ, Маршалын гүүрэн дээр хүрээд ир” гэж хэлэхээр нь би ганцаараа осол болсон газарт явж очсон. Хэргийн газарт очиход мөргөсөн машин нь байсан, унадаг дугуй нь байсан. Цагдаа түргэн ирчихсэн байсан. Машины жолооч нь байхгүй, манай аав Хангай, ээж Үрлээхүү хоёр байсан. Аав түргэний машин дотор хэвтэж байсан. Түргэний машинаар аавыг аваад явсан, араас нь ээж машинтайгаа дагаад явсан, би осол болсон хэргийн газарт үлдсэн.

Би хэмжилт хийхэд байж байсан. Машин урагшаагаа харсан байдалтай зогссон, унадаг дугуй нь машины урд уначихсан байсан. Цагдаа нар хэмжилтийг хийхдээ хэнээр заалгаж хэмжилт хийснийг мэдэхгүй байна. Намайг очиход жолоочийн эхнэр нь ирчихсэн байсан. Замын цагдаа ирээд жолоочийг утсаар дуудсан, эхнэр нь ч бас утсаар дуудаж байсан. Жолооч ирэхдээ нилээн согтолттой байсан. Лам хувцастай хүн байсан. Жолоочийг ирэхээр нь согтуурал шалгах багажаар үлээлгэхэд 2,3-тай гарч байх шиг байсан.

Намайг очиход Замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн ирээгүй байсан. Нэг цагдаа мөн тусгай хамгаалалтын газрын нэг хүн байсан. Дараа нь Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирсэн....” гэсэн мэдүүлэг /хэргийн 68х/,

 

6. Гэрч Б.Цогбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 07 дугаар сарын 01-ний орой Маршалын гүүрэн дээр нэг машин зогсоод байхаар нь явж очсон. Би тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан юм. Машин дээр явж очиход машины урд унадаг дугуй нь уначихсан, гэмтсэн хүн нь машины жолоочтой маргалдаж байсан. Энэ машин намайг мөргөчихлөө, цагдаа дууд гэж хэлсэн. Би тэгэхээр нь цагдаад мэдэгдсэн. Жолооч нь лам хүн байсан. Жолоочийн эхнэр нь ирчихсэн байсан. Машинд хэдэн хүн явсныг мэдээгүй. Дугуйтай хүн доголоод байсан. Осол гаргасан машины жолооч нэг хэсэг байхгүй байж байгаад цагдаа ирэхэд ирчихсэн байсан. Жолооч нь архи уучихсан байсан.  Зам хуурай, гадаа гэгээтэй байсан. Гэмтсэн хүнийг түргэн ирж авч явсан. Замын цагдаа хэмжилт хийхэд би оролцсон, осол болохыг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 75х/,

 

7. Гэрч Б.Мөнх-Ундраагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 07 дугаар сарын 01-ний орой 19-20 цагийн орчимд ажил тараад гол орохоор урдаасаа хойшоогоо Маршалын гүүрээр явж байхад цагаан өнгийн Т.Приус авто машин зогссон, жолооч нь лам хувцастай, эрэгтэй хүн зогсож байсан. Машины урд дугуй нь уначихсан байдалтай байхаар нь 103–т дуудлага өгчихөөд явсан. Би осол хэргийг хараагүй хажуугаар нь явахдаа хараад дуудлага өгсөн, машины хөдөлгөөн байгаагүй. Дугуйтай хүн зам дээр хэвтэж байсан. Цагдаа, түргэн ирээгүй байсан. Би осол болоод удаагүй байхад хажуу талаар нь гарч явж таарсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 76х/,

 

8. Иргэний хариуцагч Л.Батаахүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ц.Пүрэвдоржийг хүн мөргөсөн талаар сүүлд сонсож мэдсэн. Машинаа үзэж харсан машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Ц.Пүрэвдорж урд нь зам тээврийн осол гаргаж байгаагүй. Автомашин миний эзэмшлийнх, тухайн иргэнд учирсан эмчилгээний болон бусад зардлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 78х/,

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн хэргийн  материалаар 2016 оны 07 сарын 07-ны өдрийн шинжээчийн 933 тоот дүгнэлтэд:

1. Хангайн биед бүсэлхий 1, 2, 5-р нугалмын их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

 3. Шүүх эмнэлгийн гэмтэл зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэсэн  дүгнэлт. /хэргийн 89х/,

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн хэргийн материалаар хийсэн 2016 оны 09 дугаар сарын 12-ны өдрийн 1162 тоот дүгнэлтэд:

1. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн материалаар гаргасан 933 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1-р заалттай санал нийлэхгүй байна. 2016 оны 07 сарын 01 болон 15-ны өдрүүдийн Сээр нуруу, бүсэлхий нурууны КТГ, Дижитал рентген зургууд, СD-г дахин уншуулахад бүсэлхийн 1, 2, 5-р нугалмын их биеийн хугарал гэмтэл нь тогтоогдохгүй байна. Харин Л.Хангайгийн биед тухайн үед сээрний 8, 10-р нугалмын шахагдсан шинэ хугарал гэмтэл учирчээ.

2.3. Л.Хангайгийн биед учирсан сээрний 8, 10-р нугалмын шахагдсан хугарал нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 112-113х/,

 

11. Шинжээч эмч Г.Амартүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...1162 дугаартай дүгнэлтийг гаргасан ба дүгнэлтийг гаргахдаа хохирогч Хангайгийн бүсэлхий, нурууны рентгений зургуудыг дахин нарийн мэргэжлийн дүрс оношлогооны эмчээр уншуулж дүгнэлтийг гаргасан. Уг хариугаар бүсэлхийн 1, 2, 5 дугаар (бүсэлхий нугалам) хугарал тогтоогдоогүй. Харин сээрний 8, 10 дугаар нугаламын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдсон.  Мөн тус хугаралуудад эмчилгээ хийгдсэн байсан. Иймээс тухайн үед Хангайгийн биед сээрний 8, 10 дугаар нугаламын шахсан хугарал гэмтэл учирсан гэж үзсэн юм.  Энэ нь гэмтлийн зэрэг тогтоож журамд зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 171х/,

 

12. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Миний хувьд 1162 дугаартай дүгнэлт гаргасан эмч нарын бүрэлдэхүүнд багтсан ба 2016.7.01, 2016.07.15-ны өдрүүдийн сээр, бүсэлхий нурууны компьютер томографийн зургийг дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмчээр дахин уншуулж гаргасан. Иймээс дээрх зургуудыг уншуулахад 1, 2, 5 дугаар нугаламуудын их биеийн хугарал тогтоогдоогүй. Дүгнэлтийг гаргахад бүрэлдэхүүнд орсон эмч нартай санал нэг гаргасан ба санал хуваагдсан зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 172х/,

 

13. Гэрч М.Цэдэнгомбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 44-11 УБЧ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинд би оношлогоо хийж дүгнэлтийн хуудас гаргасан. Ингэхдээ уг автомашиныг хувь иргэн 11.000 төгрөгөө тушаагаад оношлогоонд оруулж байсан. Ингээд уг автомашин нь миний үзсэнээр улсын дугаарын гэрэл нь асаагүй байснаас өөр бүрэн бус зүйл байгаагүй. Бусад тоормос болон эд ангиуд бүрэн бүтэн ажиллагаатай, ...стандартын шаардлага бүрэн хангаж байсан. Улсын дугаарын гэрэл асахгүй байдал нь уг зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Манайд тухайн үед ямар ч цагдаагийн бичиг болон шинжээч томилох тогтоол ирээгүй. Зүгээр л хувь иргэнээр л машиныг нь оношилсон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 114х/,

 

14. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтэд:

   1.Тоёота Приус маркийн 44-11 УБЧ улсын дугаартай автомашины жолооч Ц.Пүрэвдорж Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ” тээврийн хэрэгсэл”,

9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”,

2.5 “Зам тээврийн осолд холбогдох жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Унадаг дугуйтай Л.Хангай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 123-124х/,

 

15. Ослын улмаас хохирогч Л.Хангайн унаж явсан Synapse Cannondale 105 маркийн унадаг дугуйнд учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээг 3.023.000 төгрөг гэж тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн компаний үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 117-120х/,

 

16. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-9х/,

 

17. Ослын дараах байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 54-56х/,

 

18. Зам тээврийн осол гаргасан Т.Приус маркийн 44-11 УБТ дугаарын автомашиныг жолоодон явсан жолооч Ц.Пүрэвдоржийг драйгер багаж үлээлгэн шалгахад 2,40% гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хэргийн 139х/,

 

19. ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 дугаарт болон Түргэн тусламжийн төвийн 103 дугаарт дуудлага өгсөн талаарх дуудлагын хуудас, тэмдэглэл баримтууд /хэргийн 71-74х/, 

 

20. Хохирогч Л.Хангайн эмчилгээ, оношилгоотой холбоотой хохирлын баримтууд болон хохирол зардлын нэгтгэсэн тооцоо /хэргийн 20-47х, 176х/,

 

21. Шүүгдэгч Ц.Пүрэвдоржоос хохирогч Л.Хангайд эмчилгээний болон бусад хохиролд тооцон төлбөр төлсөн тухай баримтууд /хэргийн 179-181х/,

 

20. Шүүгдэгчийн жолоочийн үнэмлэх, 44-11 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар баримт, жолоочийн лавлагаа мэдээлэл баримт, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хэргийн 141-144х/,

 

21. Шүүгдэгч Ц.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр айраг ирсэн гэж манай найз Чинбат намайг дуудахаар нь 13-р хороололд өөрийнхөө эзэмшлийн 44-11 УБЧ дугаартай Т.Приус маркын автомашиныг жолоодоод ганцаараа очсон. Тэгээд найзтайгаа айраг ууж юм ярьж сууж байгаад 18 цаг өнгөрч байхад гэрээс нь гараад машинаа жолоодоод гэр рүүгээ харихаар Маршалын гүүрээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй 4 эгнээтэй зам байсан ба би 1-р эгнээгээр 20 км/цагийн хурдтай явж байсан. Миний урд дугуйтай хүн явж байсан. Гэнэт тэр дугуйтай хүн хурдаа сааруулахаар нь тоормос гишгээд дугуйтай хүний хойноос нь зөөлөн мөргөсөн.  Дугуйтай хүн машин зам дээр унасан. Би машинаасаа буугаад дугуйтай хүн дээр очиход “дугуйны мөнгө 5 сая төгрөг өг” гэж хэлээд намайг загнаад байхаар нь би холхон очоод зогссон юм. Тэгтэл нөгөө хүн газар хэвтэж байгаад замын хажуу талаар явж байсан хүнээр өөрийнхөө гар утсаар зураг авахуулаад байсан.

Дугуйтай хүн өөрөө цагдаа, түргэн тусламж дуудсан. Эхлээд замын цагдаа, дараа нь түргэн тусламж ирсэн. Түргэн ирээд дугуйтай хүнийг аваад явсан.  Дугуйтай хүн эхлээд  дугуй эвдэлчихлээ гээд байснаа сүүлдээ би гэмтчихлээ гэж байсан. Цагдаа хэмжилт хийхэд би байсан. Гэмтсэн хүн өөрөө унасан болон мөргөсөн гэх газрыг цагдаа нарт зааж өгсөн.

Уг осол болсон замд явган хүний гарц, гарам гэрэл дохио байгаагүй. Үзэгдэх орчин чөлөөтэй, хөдөлгөөн сийрэг байсан. Миний машины жолооны хүрд баруун гар талдаа байдаг. Дугуйтай хүн ганцаараа ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа 1-р эгнээгээр миний урд явж байсан. Би дугуйтай ойрхон явсан. Би архи уугаагүй, айраг л уусан. Би ойролцоогоор 3-4 литр айраг уусан. Дугуйтай хүнээс би 2 метрийн зайтай ард талд нь явсан. Зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэсэн. Би 16 жил автомашин жолоодож байна. Би ослын газрыг орхин зугатаагүй, замын цагдаа ирэхэд байсан. Хэмжилт хийхэд би оролцсон. Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед осол гарсны дараа олон хүмүүс байсан ба юу хийхийн зуургүй хүмүүс цагдаа, эмнэлэг рүү утасдчихсан байсан учир би дахин мэдэгдэх шаардлагагүй юм байна гэж үзсэн юм.

2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрийн машинаа “Хөсөг трейд” төвд байрлах оношлогоонд оруулсан ба цагдаагийн байгууллагын тоот албан бичгээр оношлогоонд оруулсан. Гэхдээ шинжилгээ томилох тогтоолоор бол оруулаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 135-136х, 138х, 174х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох жолоочийн лавлагаа мэдээлэл /хэргийн 142х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 147х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 175х/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан Ц.Пүрэвдорж нь “Дэчин Чоён Тавши Сүмбэрэллин” хийдийн  тэргүүн ламаар ажилладаг тухай тус хийдийн ловон, унзад лам нарын гаргасан тодорхойлолт, зан байдлын тодорхойлолт, Алтан гадас одонгоор шагнагдсан талаарх үнэмлэх баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн дүгнэлт болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж шүүх үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

 Шүүгдэгч Ц.Пүрэвдорж нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг, Маршалын гүүрэн дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус маркийн 44-11 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан  “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2 дахь заалтын “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөнөөс тухайн замд унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байсан зорчигч Л.Хангайг мөргөж, түүний биед “...сээрний 8, 10-р нугалмын шахагдсан хугарал” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл, хохирогчийн унаж явсан унадаг дугуйнд буюу эд хөрөнгөд нь 2.973.000 төгрөгийн шууд, 3.023.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан,

            - Мөн Замын хөдөлгөөнийн дүрмийн 2.5 дахь заалтын зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүрэг болох:

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээх” талаархи жолоочийн хувьд хууль тогтоомжоор хүлээсэн /осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх/ үүргээ  биелүүлээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож, тогтоогдсон байна.

 

Энэ хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байхаас гадна хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул хэрэгт цугларсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн ба Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Пүрэвдоржийн гэм буруутай үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэг, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч Ц.Пүрэвдоржийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт, мөн зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол хэргийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.Хангайн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл, эд хөрөнгөд нь шууд 2.973.000 төгрөгийн, нийт 3.023.000 төгрөгийн хохирол тус тус учирсан, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл бэртлийг эмчлүүлэх эмчилгээний болон бусад зардал, эд хөрөнгийн хохирол, өвчний учир ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй хугацааны цалин хөдөлмөрийн хөлс болон цаашид гарах эмчилгээний зардал зэрэгт шүүгдэгч бүгд 32.526.094 төгрөгийг шүүгдэгч Ц.Пүрэвдорж нь нөхөн төлсөн, хохирогч Л.Хангай нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар өөрийн өмгөөлөгч Ж.Бат-Эрдэнээр дамжуулан тус шүүхэд уламжилсан /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг нь баримтаар нотлогдсон тул шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцож гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Зам тээврийн ослын хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дэх хэсэг, 216 дугаар зүйлийн 216.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн, хүндэвтэр” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 147х/ тогтоогдсон тул шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм. 

 

Шүүх, шүүгдэгч Ц.Пүрэвдоржид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн, хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарласан байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд түүний үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт Ц.Пүрэвдорж нь цагдан хоригдоогүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж, Ц.Пүрэвдоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №154096 дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэх баримтыг тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Ц.Пүрэвдорж нь хорих ял шийтгүүлж болох хүндэвтэр /хөнгөн/ гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшин, гэм буруугаа ойлгож ухамсарласан хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн болон хохирогч гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж үзлээ.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлд  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хиад боржигон овогт Цэрэнжамцын Пүрэвдоржийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг,

- зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Ц.Пүрэвдоржид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,  

- мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар Ц.Пүрэвдоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасахгүйгээр 02 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ц.Пүрэвдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасахгүйгээр 02 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, түүний эдлэх ялыг бүгд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Пүрэвдоржид оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Пүрэвдорж нь хохирогч Л.Хангайд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцож 32.526.094 /гучин хоёр сая таван зуун хорин зургаан мянга ерэн дөрөв/ төгрөг нөхөн төлснийг болон хохирогч Л.Хангай гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

 

6. Энэ хэрэгт Ц.Пүрэвдорж нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Ц.Пүрэвдорж нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Ц.Пүрэвдоржид оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харъяалах Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Ц.Пүрэвдоржид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, ялтан Ц.Пүрэвдоржийн “В” ангиллын №154096 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Соронзонболдод даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Ц.Пүрэвдоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД