| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/03377/И |
| Дугаар | 183/ШШ2019/00222 |
| Огноо | 2019-01-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2019/00222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Г-ын нэхэмжлэлтэй,
/ /
Хариуцагч: Л.З-т холбогдох,
/ /
2.980.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Л.З, гэрч А.О, *******, С.Д, Б.Ч, нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Гшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.З газар худалдан авахаар 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөг, мөн уг газар дээр төмс тариулахаар 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 150.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 550.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн хэдий боловч одоог хүртэл газрыг шилжүүлж өгөөгүй, уг газар дээр төмс тарьж өгөөгүй. Ингээд Л.З газрыг шилжүүлж өгөх, төмс тарьж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй тул бид 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан. Иймд газар худалдан авахаар шилжүүлсэн 1.500.000 төгрөг, төмс тариулахаар өгсөн 1.000.000 төгрөг, зээлийн гэрээ байгуулсны дагуу алданги 480.000 төгрөг, нийт 2.980.000 төгрөгийг хариуцагч Л.З гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Г-д газар худалдахаар тохиролцож, 1.500.000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр авсан нь үнэн бөгөөд тохиролцсоны дагуу газрыг түүнд шилжүүлж чадаагүй тул уг төлбөрийг төлж хохиролгүй болгоход татгалзах зүйлгүй. Харин уг газарт нь төмс тарьж өгнө гэж 1.000.000 төгрөг авсан ба төмсийг тарихад уг мөнгө зарцуулагдсан тул буцааж өгөх боломжгүй, Б.Г нь уг төмсөө хурааж аваагүй. Мөн зээлийн гэрээний дагуу Б.Г-оос 2.500.000 төгрөг аваагүй тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Г-ын нэхэмжлэлтэй, Л.З-т холбогдох, 2.980.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид “...Б.Гнь Л.З газар худалдан авахаар 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөг, мөн уг газар дээр төмс тариулахаар 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 150.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 550.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг төлсөн, Л.З нь тохиролцсоны дагуу газрыг Б.Г-д шилжүүлж өгөөгүй” талаар маргаагүй болно.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар газар худалдах-худалдах авах гэрээ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар төмс тариулахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
Худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагч Б.Гнь газрын үнэд 1.500.000 төгрөгийг худалдагч Л.З-т төлсөн хэдий боловч худалдагч Л.З нь газрыг худалдан авагч Б.Г-ын өмчлөл, эзэмшилд шилжүүлээгүй болох нь нотлогдсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Л.З газрын үнэд төлсөн 1.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгох нь зүйтэй байна.
Мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч Б.Гнь худалдан авахаар тохирсон газар дээр төмс тариулахаар ажил гүйцэтгэгч Л.З-т ажлын хөлсөнд 1.000.000 төгрөг төлсөн боловч ажил гүйцэтгэгч нь уг ажлыг гүйцэтгэсэн болох нь нотлогдоогүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Л.З төмс тариулах ажлын хөлсөнд төлсөн 1.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Хариуцагч Л.З нь шүүхэд “...Б.Г-ын төмс тариулахаар өгсөн 1.000.000 төгрөгийг уг газарт төмс тарихад зарцуулсан” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлогдоогүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Л.З “...газрын үнэд төлсөн 1.500.000 төгрөг, төмс тариулах ажлын хөлсөнд төлсөн 1.000.000 төгрөг” нийт 2.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцэж байна.
Харин нэхэмжлэгчийн “...2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу алдангид 480.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу Б.Гнь 2.500.000 төгрөгийг Л.З шилжүүлээгүй болох нь зохигчийн “...газар худалдан авахаар шилжүүлсэн 1.500.000 төгрөг, төмс тариулахаар шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг баталгаажуулахаар уг зээлийн гэрээг байгуулсан” гэсэн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа Б.Г, Л.З нарын хооронд үүссээгүй болно.
Иймд нэхэмжлэгч Б.Гнь уг зээлийн гэрээний дагуу алдангид 480.000 төгрөгийг хариуцагч Л.З шаардах эрхгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Л.З 2.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 480.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-с улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 58.430 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 8525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.З улсын тэмдэгтийн хураамжид 54.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД