Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1427

 

 

 

 

 

       2022           11             21                                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: А.Ариунаа,  

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Х,

шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-т холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000 тоот хэргийг 2022 оны 10 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-ын Б /РД:00000000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван толгой түлш” ХХК-нд вагон буулгагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Дунднарангийн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Хайрхан 0-0 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байр, “Номин” супермаркетын зүүн талд байрлах зогсоолд “Тоуоta Рruis” маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Х.Б-ийг /эрэгтэй, 5 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байр, “Номин” супермаркетын зүүн талд байрлах зогсоолд буюу хорооллын замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Тоуоta Рruis” маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 5 настай Х.Б-ийг мөргөж, эрүүл мэндэд нь “зүүн шаант ясны далд хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.  

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

-102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, /хх-ийн 4-р хуудас/,

-2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11-р хуудас/,

-насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Хүүгийн биеийн байдал одоогоор гайгүй байна, хөл нь хугарсан гэж дүгнэлт гарсан хэвтрийн дэглэмтэй байгаа, одоогоор хэдэн төгрөгний хохирол гарсаныг мэдэхгүй байна. Би болсон хэргийг хуулийн дагуу шийдүүлж, хүүгийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-х хуудас/,

-Гэрч О.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би дэлгүүр ороод юм аваад гараад ирэхэд хүүхэд байхгүй байсан, тэгэхэд эмийн сангийн хүн нэг хүүхэд машинд мөргүүлээд жолооч нь эмнэлэг аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь хүү Б-ийг гэж мэдээд гэмтлийн эмнэлэг ороход манай хүүхдийг мөргөсөн машины жолооч нь эмнэлэг дээр оччихсон үзүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

              -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Б.Д-гийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000000 дугаартай:

              “1. Х.Б-ийн биед зүүн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

              3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

              4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

              5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/,

              -“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинорхайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 00000 дугаартай:

              “...1. Тоёота приус маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандарт шаардлага хангахгүй байна.

              2. Уг тээврийн хэрэгслийн оврын гэрэл баруу, зүүн тал нь асахгүй, ухрах арааны гэрэл асахгүй, урд болон арын буфер, зүүн гар талын 2 хаалга будаг нь халцарж, зурагдсан, хонхойсон эвдрэл, гэмтэл ихтэй, тоног төхөөрөмжөөр шалгахад их гэрлийн тусгалын хүч стандарт шаардлага хангахгүй эвдрэл, гэмтэл байна.

              3. Уг тээврийн хэрэгслийн их гэрлийн тусгалын тохиргоог тоног төхөөрөмжөөр шалгахад стандарт шаардлага хангахгүй байна.

              4. Уг тээврийн хэрэгслийн их гэрлийн тусгалын хүч стандарт шаардлага хангахгүй байгаа нь уг зам тээврийн осол шөнө, оройн цагт болсон бол осолд нөлөөлнө.

              5.  Уг тээврийн хэрэгслийн их гэрлийн тусгалын хүч стандарт шаардлага хангахгүй байгаа нь уг зам тээврийн осол шөнө оройн цагт болсон бол жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлнө.

              6. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат, ABS цахилгаан системтэй.

              7. Уг тээврийн хэрэгслийн тоормосыг тоног төхөөрөмжөөр болон жолоодлого хийж шалгахад стандарт шаардлага хангаж байна.

              8. Тоёота приус маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. 2022 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байна. 2021 оны дүгнэлтийн хуудсыг шинжээчийн дүгнэлтэнд хавсаргав.

              9. Асуултанд дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-56-р хуудас/,

              -Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Д-лийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 0000 дугаартай "Мөрдөгчийн магадалагаа” /хх-ийн 79-80-р хуудас/

              -“Тоёота приус” маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, /хх-ийн 76-р хуудас/,

              -Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 29/5639 дугаартай албан бичиг, /хх-ийн 60-р хуудас/,

              -Б.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, /хх-ийн 75-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.  

Шүүгдэгч Б.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгсөн, тэр мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй бүгд үнэ зөв....” гэж /хх-ийн 89-р хуудас/ мэдүүлж байсан.

Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын талаар: “гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 67-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 68-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 69-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 70-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 71-72-р хуудас/, Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 77-р хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 92-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.  

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би Монос ХХК-ийн эмийн хүргэлтэд ажилладаг байсан. Ээлжит хүргэлтээ хийх гээд оочирлож байсан. Зогсоол жоохон өгсүү байсан бөгөөд өгсөх гээд байж байтал хажуу талаас хүүхэд гэнэт гүйгээд гараад ирсэн. Тэгээд сандраад 102 дуудахаа мартаад Монос руу орсон чинь Гэмтэл яв гэсэн, тэгээд Гэмтлийн эмнэлэг аваад явсан...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 17 өнгөрч байхад ажлаас орж ирсэн. Гэрт хүн байхгүй байсан. Тэгсэн Б.Б манай хүүхдийг тэврээд ороод ирсэн. Юу болсон бэ гэсэн чинь танай хүүхэд өөрөө машины урдуур гүйж орж ирсэн гэж хэлсэн. Тэгээд би уурлаад тэгээд хөл нь хугардаг юм уу гэж хэлсэн. Тэгээд би камерын бичлэг олж ир гээд эхнэрээ Б.Б-той явуулсан. Тэгээд 102-д дуудлага өгсөн. Манай эхнэр бас хэлэхдээ энэ хүний унаж явсан машины тоормос муу байсан гэж хэлсэн. Баримтаар 130 гаран мянган төгрөг гэсэн байгаа. Манай эхнэр хувиараа маникур хийдэг юм. Би нийт 10.385.000 төгрөг нэхэмжилж байгаа. Баримтаар 135.500 төгрөг, сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа. Энэ хүүхэд миний ганц ууган хүүхэд, хүүхэд маань том болно, барилдаж ноцолдох цаашид хөгжихгүй болно. 5.000.000 төгрөгөөр цаашид эмчилгээ хийлгэнэ. Миний хүүхдийн хөл цаашид үрэвсэх юм уу шохойжих эрсдэлтэй гэсэн тул тухайн үед нь үзүүлэх шаардлагатай гэсэн. Тухайн үед нь гэж хэлсэн байгаа шүү. Өмгөөлөгч авсан, энэ хүний хөлс 500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Өмгөөлөгчийн мөнгийг бэлнээр өгсөн, бэлэн 300.000 төгрөг өгөөд дансаар 200.000 төгрөг өгсөн. Мөн ээжийнх нь ажилгүй байсан хугацааны цалин 2.700.000 төгрөг нэхэмжилж байгаа. Манай эхнэр өдөрт доод тал нь 30.000 төгрөг олдог. Нотариатын зардал 50.000 төгрөг нэхэмжилж байгаа. Ингээд нийт 10.385.000 төгрөг болж байгаа. Цаашид манай хүү зөвхөн хөл дээр нь ямар нэгэн асуудал гарвал энэ хүнээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Б.Д-ийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000000 дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Х.Б-ийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.0 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. 

Шүүгдэгч Б.Б нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь 1030 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 79-80-р хуудас/-аар тогтоогдсон бөгөөд уг буруутай үйлдлийн улмаас хохирогчид дээрх хохирол учирсан шалтгаант холбоотой байна.

Мөн түүнчлэн шүүгдэгч Б.Б нь жолооны эрхээ 2022 оны 5 сарын 1-ний өдөр хасуулсан болох нь иргэний мэдээллийн сангаас тогтоогдсон тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд 2 дахь хэсгийн 2.2 “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсантай тохирч байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-т “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х нь эмчилгээний зардал, сэтгэл санааны зардал нийт 10,385,000 төгрөг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  А.Х-т учирсан хохирол буюу хохирлын бодит зардал болох 86,260 төгрөгийг шүүгдэгч Б.Б-оос гаргуулан хохирогчид төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн шатанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х-т 86,260 төгрөгийн хохирол төлбөр барагдуулсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 272,900 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Б.Б-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.  

Мөн насанд хүрээгүй хохирогчид учирсан гэмтэл, эрүүл мэндийн байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.” гэж зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилээр тэнсэж, эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах саналтай байна. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан бичиг баримт байхгүй болохыг дурдаж байна гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Тэнсэх гэж сая ярьж байна. Арай хөнгөн юм биш үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээг заасан бол хөнгөн гэмт хэрэг гэж үзэх бөгөөд хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдсэний дараа эмнэлгийн тусламж үзүүлсэн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.0 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

          Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

          Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Б-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

          Учир нь хэдийгээр шүүгдэгч шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн хэдий ч бага насны хүүхдийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн шинж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлтэй байгааг нь харгалзан хор уршиг бүрэн арилаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.0 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлд заасан “  1.Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...” гэсэнд хамаарахгүй гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Б.Б-гийн дээрх хөнгөрүүлэх нөхцөл болон хувийн байдал зэргийг тус тус харгалзан нийгмээс тусгаарлан хорих ял шийтгэх шаардлагагүй гэж үзсэн тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно.” гэж зааснаар тооцож, Цагдаагийн Ерөнхий Газрын нягтлан бүртгэлийн төвд тогтоолын хувийг хүргүүлбэл зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.0 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоолоор зорчих эрх хязгаарласан ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Цагдаагийн Ерөнхий Газрын нягтлан бүртгэлийн төвд тогтоолын хувийг хүргүүлсүгэй.  

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4  дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

          8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.0 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.0 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.УРАНГУА