Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 134/ШШ2019/00015

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

А.Ц-ийн нэхэмжлэлтэй

Х.Г-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ц хариуцагч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Ц миний бие нь Г.Г тэй 2002 онд танилцаж, 2011 оноос өрх тусгаарлан хамтран амьдарсан. Амьдрах хугацаандаа 2011 оны 02 дугаар сарын 15-нд охин Ц.Л ыг төрүүлж, хүү Г.Л ыг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрүүлсэн. Бид гэрлэлтээ баталуулна гэж ярьдаг байсан боловч чадалгүй өдийг хүрсэн. А.Ц миний бие нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр авто машины осолд орж хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Энэ үеэс эхлэн Г.Г халамж, анхаарал тавихаа больж, намайг болон 2 хүүхдээ орхиж явсан.

Иймд, хүүхдүүд болох охин Ц.Л, хүү Г.Л нарт хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Г миний бие А.Ц гаргасан хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Учир нь охин Ц.Л, хүү Г.Л нар миний хүүхэд мөн болно. Тиймээс ямар нэгэн хэрүүл маргаангүйгээр хүүхдийн тэтгэлгийг зөвшөөрч байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Г.Г-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Ц, хариуцагч Г.Г нар нь хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр охин Ц.Л, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүү Г.Л нар төрсөн болох нь түүний эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 158 дугаар тодорхойлолт, Ц.Л-ын №0000556949 тоот төрсний гэрчилгээний хуулбар, Г.Л-ын 4201000269 тоот төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Зохигч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхдийн өсөж бойжих орчин, эх, эцгийн анхаарал, халамж зэргийг харгалзан 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ц.Л, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Г.Л нарыг эх А.Ц-ы асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул эцэг Г.Г энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд эх А.Ц саад учруулахгүй байх үүрэгтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр сар бүр хариуцагч Г.Г-өөс гаргуулах үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигч нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээдэг болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48 665 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-өөс улсын тэмдэгтийн хураамж 48 665 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Ц-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ц.Л, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Г.Л нарыг эх А.Ц-ы асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ц.Л, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Г.Л нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Г.Г-өөр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул эцэг Г.Г энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд саад учруулахгүй байхыг эх А.Ц-д тус тус мэдэгдсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигч нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48 665 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-өөс улсын тэмдэгтийн хураамжид 48 665 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Ц-д олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        П.ЦОГЗОЛМАА