Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 292

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Өнөр хороолол, 27 дугаар байр, 84 тоот хаягт оршин суух Боржигон овогт Баяраагийн Ба-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамж 133 тоот хаягт оршин суух Дашдаа овогт Батхүрэлийн А,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамж 133 тоот хаягт оршин суух Чухал овогт Балдангийн Бо нарт Ханхолбогдох

5,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:      Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

Хариуцагч нарын төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ба  нь 2017 оны 1 сарын 30-ны өдөр Б.А , Б.Бо  нартай зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээний үүрэгт Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчид 1 гудамж, 133 тоот хаягт байрлах Б.Бо ий өмчлөлийн 700 м.кв газрыг барьцаалж барьцаат зээлийн гэрээ байгуулсан билээ. Зээлийн гэрээний 2.6-д хэрэв зээлээ хугацаандаа төлөөгүй бол алданги төлөхөөр тохиролцсон ба гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч нар 600,000 төгрөгийн хүү төлсөн байна. Иймд үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 120,000 төгрөг, алданги 1,560,000 төгрөг, эрх зүйн туслалцаа авсан 500,000 төгрөг, нийт 5,180,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.Ба гаас 3,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Гэхдээ миний бие зээлсэн мөнгөнөөс нийт 1,500,000 орчим төгрөгийг бэлнээр болон дансаар хийсэн. Иймд нэхэмжилсэн 5,180,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Миний бие жижиг бизнес эрхэлдэг байсан боловч бизнес дампуурч лангуугаа татан буулгасан тул одоогоор төлөх боломжгүй болсон. Миний бие зээлсэн мөнгөө төлөхгүй гэж маргахгүй. Гагцхүү үндэслэлгүйгээр нэмж мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Миний ээж Б.Бо  нэг удаа 250,000 төгрөг бэлнээр өгч байсан. Иймд миний өгсөн мөнгийг шударгаар хүлээн зөвшөөрөх байх гэж итгэж байна. Мөн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн тул хэргийг үнэн шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нарын төлөөлөгч нь 2018 оны 12 сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт дотор: “Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөгийг нэг сарын 8 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатайгаар зээлдэн авч зээлийн гэрээний дагуу 1,500,000 орчим төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргадаг. Хариуцагч нар нь Хаан банкны 5125084994 тоот дансанд бэлэн болон бэлэн бусаар зээл болон зээлийн хүүг төлж байсан, мобайл банкаар дамжуулан бусдын данснаас шилжүүлэхдээ Ариунцацралаас гэж шилжүүлж байсан” гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Ба  нь хариуцагч Б.А , Б.Бо  нарт холбогдуулан үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 120,000 төгрөг, алданги 1,560,000 төгрөг, эрх зүйн туслалцаа авахтай холбогдон гарсан зардал 500,000 төгрөг, нийт 5,180,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нь зээл авсан үйл баримтад маргахгүй гэх боловч зээлийн эргэн төлөлт болон үлдэгдэлтэй холбоотой мөнгөн дүнгийн хэмжээнд маргасан агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Шүүх хуралдааны товыг хариуцагч нарын төлөөлөгчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтэд хариуцагч нарын төлөөлөгч шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй болсон гэх шалтгааныг дурдсан байх боловч уг шалтгааныг нотолсон баримтыг хүсэлтэд хавсаргаагүй, нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нарыг итгэмжлэлээр төлөөлөн оролцож буй этгээд нь өөр хэрэгт бусад этгээдийг итгэмжлэлээр төлөөлөн оролцож байгаа гэх шалтгаан нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй болно.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэргийг хариуцагч нарын төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хариуцагч нарын төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу зохигчдын гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хариуцагч нарын төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2017 оны 1 сарын 30-ны өдөр Б.Ба  болон Б.А , Б.Бо  нарын хооронд “Барьцаат зээлийн гэрээ” нэртэй гэрээ /хх-3 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Б.Ба  нь Б.А , Б.Бо  нарт 3,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.Бо ий өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 133 тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий газрыг барьцаалах, Б.А , Б.Бо  нар нь зээл, зээлийн хүүг хэлэлцэн тохиролцсон хугацаанд Б.Ба д буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээр дурдсан гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад заасан зээлийн гэрээний, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дахь заалтад заасан барьцааны гэрээний харилцаа байна.

Нэхэмжлэгч барьцаа хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаагүй учир шүүх барьцааны гэрээний талаар дүгнэлт хийлгүй, зээлийн гэрээний харилцааг дүгнэсэн болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” зааснаар зээлдүүлэгч Б.Ба  нь зээлдэгч Б.А , Б.Бо  нарын өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч Б.А , Б.Бо  нар шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тооны мөнгийг зээлдүүлэгч Б.Ба д тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Талууд зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 дахь заалтаар зээлийн хүүг сарын 8 хувь байхаар, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь заалтаар зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан зохицуулалтад тус тус нийцэж байна.

Зээлийн гэрээний нөхцлийн дагуу хариуцагч нар нь гэрээний хугацаа дуусахад буюу 2017 оны 4 сарын 30-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 3,000,000 төгрөг, 3 сарын хүүгийн төлбөрт 720,000 төгрөг, нийт 3,720,000 төгрөг нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээсэн байсан боловч зээлийг хугацаанд нь төлөлгүй хугацаа хэтрүүлж, 2017 оны 5 сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 2017 оны 10 сарын 17-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 10 сарын 24-ний өдөр 100,000 төгрөг, 2018 оны 1 сарын 2-ны өдөр 100,000 төгрөг, нийт 600,000 төгрөгийг төлсөн, төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдлийн хэмжээ нь 3,120,000 төгрөг болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хаан банкны орлогын мэдүүлгийн баримт /хх-78-81 тал/, Баатарын Батхүү гэсэн нэртэй Хаан банкны дансны хуулга /хх-88-99 тал/ зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нар болон хариуцагч нарын төлөөлөгч нь хариуцагч нар Хаан банкны 5125084994 тоот дансанд бэлэн болон бэлэн бусаар зээл болон зээлийн хүүг А нэрээр төлж байсан гэх тайлбарыг гаргасан, шүүх хариуцагч нарын төлөөлөгчийн хүсэлтээр 5125084994 тоот дансны хуулгыг хэрэгт нотлох баримтаар авсан боловч уг дансны хуулган дахь гүйлгээгээр дээр дурдсан 2017 оны 5 сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 2017 оны 10 сарын 17-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 10 сарын 24-ний өдөр 100,000 төгрөг, 2018 оны 1 сарын 2-ны өдөр 100,000 төгрөг, нийт 600,000 төгрөг төлсөн төлбөрөөс өөр төлбөр төлсөн байдал тогтоогдоогүй болно.

Хариуцагч нарын төлсөн 600,000 төгрөгийн төлбөр нэхэмжлэгчээс өөр этгээдийн дансанд шилжсэн байх боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Баатарын Батхүү гэсэн нэртэй Хаан банкны дансанд шилжүүлсэн 600,000 төгрөгийг хүлээн авсан, уг данс эзэмшигч нь түүнтэй хамаарал бүхий этгээд гэдэгт маргахгүй байна.

Иймээс хариуцагч нараас зээл болон зээлийн хүүгийн төлбөрт 3,120,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Алдангийн хувьд хариуцагч нараас төлсөн 600,000 төгрөг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дахь заалтад “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасны дагуу 600,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцон, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь заалтад “Хүүгээс анз тооцохгүй” гэж заасныг үндэслэн үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 2,400,000 төгрөгөөс хоног тутам 0.5 хувиар тооцож, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь заалтад “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасанд нийцүүлэн хариуцагч нараас алдангид 1,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрх зүйн туслалцаа авахад гарсан зардал гэх 500,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгчээс уг зардал гарахад хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байдал шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.А , Б.Бо  нараас 4,320,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ба д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 860,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.А , Б.Бо  нараас 4,320,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ба д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 860,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 97,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А , Б.Бо  нараас улсын тэмдэгтийн хураамжид 84,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ба д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.УУГАНБАЯР