Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2019/00218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Т.Н-д холбогдох

  Зээлийн гэрээний үүрэгт 5 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б ХХК нь Т.Н-тай 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулан саарал өнгийн ******* улсын дугаартай Ниссан теана маркийн суудлын автомашиныг барьцаалан 3 500 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатайгээр зээлдүүлсэн. Тухайн үед гэрээнд заасан ёсоор автомашины тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээг байгууллагын нэр дээр шилжүүлэн авч, Т.Н- нь манинаа унаж байхаар тохиролцсон. Т.Н- нь энэ хугацаанд зээлийн нэг ч төгрөг төлөөгүй. Удаа дараа утсаар ярьсан боловч элдэв шалтгаан тоочиж байсан. 2018 оны 8 дугаар сард гэрт нь очиж уулзахад машин эвдэрсэн. Манай орон сууцыг ах маань банкны зээлэнд тавьсан. Зээл нь 9 сард дуусна. Зээл нь дуусахаар дахин барьцаанд тавьж зээл аваад танай мөнгийг өгнө гэсэн. Түүнээс хойш утсаа авахгүй байсан тул нэхэмжлэл гаргасан. Зээл авснаас хойш 10 сарын хугацаа өнгөрч байгаа ба одоогоор үндсэн зээл 3 500 000 төгрөг, зээлийн хүү 10 сараас 1 750 000 төгрөг нийт 5 250 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Т.Н-гаас үндсэн зээлийн төлбөр 3 500 000 төгрөг, зээлийн хүү 1 750 000 төгрөг, нийт 5 250 000 төгрөг гаргуулж, өгнө үү” гэв.

 Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б ХХК зээлийн гэрээний үүрэгт 5 250 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Т.Н-гаас шаарджээ.

             Хариуцагч Т.Н- 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан боловч зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тухай ямар нэг хариу тайлбар ирүүлээгүй байна.

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэв.

          Хэрэгт авагдсан баримтаар, зохигч 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/102 дугаар зээлийн гэрээ байгуулж, 3 500 000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй, 150 хоногийн хугацаатай зээлдүүлэхээр тохиролцаж мөн өдрөө тус зээлийн гэрээний үүргийн хангуулах зорилгоор ******* улсын дугаартай Ниссан тиана /Nissan teana/ маркийн автомашины өмчлөх эрхийн гэрчилгээг Б ХХК-д шилжүүлэн, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, зээлийн төлөлтийг 7 хоног төлөлгүй хэтрүүлсэн бол зээлдүүлэгчийн эхний шаардлагаар автомашиныг хураалгаж, автомашиныг 6 000 000 төгрөгөөр худалдан борлуулах тухай баталгаа гэх баримтыг үйлдэж, 2018  оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/102 дугаар зээлийн гэрээний дагуу 3 500 000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь ******* дугаарын дансаар хүлээн авсан Т.Н-  гэж гарын үсгээ зурсан байх ба гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дууссан байна.  

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, мөн  хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл ба, зээлдүүлэгч барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байгааг харгалзан үзвэл эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаалан зээлдэх журмаар олгосон зээлийн гэрээний харилцаанд хамаарах бол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар үйлдсэн “баталгаа” гэх баримт нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээнд хамаарна гэж үзэхээр байна.

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.5-д барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй байхаар, талууд тохиролцсоноор хүү тооцохоор, барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийхээр тус тус зохицуулсан.

  Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хуульд заасан дээрх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэх боловч нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангав.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж, 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хуульд зааснаар барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулах замаар, эсхүл мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өмчлөлд нь шилжсэн эд хөрөнгийгзахиран зарцуулах аргаар үүргийн гүйцэтгэлийг хангах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул зээлийн гэрээний дууссанаас хойш хүү шаардах эрхгүй. 

 Иймд үндсэн зээл 3 500 000 төгрөг, сарын 5 хувийн хүүг 5 сарын хугацаагаар тооцож 875 000 /1 сар 175 000*5 сар/ төгрөг, нийт 4 375 000 төгрөгийг хариуцагч Т.Н-гаас гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 875 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн. Учир нь:          

 Шүүх, хариуцагчид 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй.

 Иймээс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 60 хоногийн хугацаа дууссан үндэслэлээр 2019.01.23-ны өдрийн 14 цаг 30 минутад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээр товлож, хариуцагчийн шүүхэд өгсөн ******* дугаарын утсаар холбогдоход орох ярианы эрх хаагдсан байсан тул гэр бүлийнх нь хүний ******* дугаарын утсаар холбогдоход “Монгол улсад байхгүй гэх” тайлбар хэлсэн талаар шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн. Мөн 2018.01.21-ний өдөр шүүхийн бичиг хүргэгчээр гэрийнх нь хаягаар тов хүргэхэд эзгүй байсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргад хүлээлгэн өгч, тэмдэг даруулсан зэргийг харгалзан үзээд хариуцагчид шүүх хуралдааны тов зохих журмын дагуу хүргэгдсэн гэж дүгнэсэн.

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дахь хэсэгт зааснаар Т.Н-гаас зээлийн гэрээний үүрэгт 4 375 000 /дөрвөн сая гурван зуун далан таван мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 875 000 /найман зуун далан таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 98 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Н-гаас 84 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ