Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/881

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *********эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205012502006 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *************, урьд:

 Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, ********* /РД:***************/.   

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч ********* нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чоно” пабад зөөгчийн ажил хийж байсан *********ийн эзэмшлийн “Реалми Ай-5” загварын гар утсыг “түр өгөөч, интернэт орох хэрэгтэй байна, интернэт банкаар тооцоо хийе” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийг нь шилжүүлэн авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

         Шүүгдэгч ********* нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чоно” пабад зөөгчийн ажил хийж байсан хохирогч *********ийн эзэмшлийн “Реалми Ай-5” загварын гар утсыг “түр өгөөч, интернэт орох хэрэгтэй байна, интернэт банкаар тооцоо хийе” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Хохирогч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чоно” пабад ажлаа хийж байхад 17 цагийн үед гаднаас нэг хар шилтэй эрэгтэй орж ирээд 5-6 пиво захиалсан. Тэгээд удалгүй намайг гар утсаа ашиглуулаач, ах нь фейсбүүк орох шаардлагатай байна, интернэт банкаар тооцоо хийх учраас утас хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тооцоогоо хийх юм чинь гээд утсаа өгсөн байсан ойролцоогоор 2-3 минут миний утсыг ашигласан. Би нээх юм бодолгүй ажлаа хийж байгаад утсаа авах гээд очсон чинь тэр ах миний гар утсыг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 12-13 дугаар хуудас/,  

         Гэрч ***********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр намайг ажил дээрээ байхад “Цогоо” гэсэн фейсбүүкээр чат бичээд мөнгө байвал зээлээч гэхээр нь би өөрийн данснаас 5132072796 гэсэн данс руу “цогоо” гэсэн гүйлгээний утгатайгаар 20.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/,

         “Ашид Билгүүн” ХХК-н 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №ТХҮ-922/4316 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...“Реалми Ай-5” загварын гар утас 350.000 төгрөг” гэх тайлан /хэргийг 26-28 дугаар хуудас/,

         Шүүгдэгч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

        Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 43 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 52 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 55 дугаар хуудас/, дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 48-51 дүгээр хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 65-67 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 70-79 дүгээр хуудас/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг /хэргийн 84 дүгээр хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

  Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

        Шүүгдэгч ********* нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чоно” пабад зөөгчийн ажил хийж байсан хохирогч *********ийн эзэмшлийн “Реалми Ай-5” загварын гар утсыг “түр өгөөч, интернэт орох хэрэгтэй байна, интернэт банкаар тооцоо хийе” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл хийж (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

           Өөрөөр хэлбэл залилагч этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна

            Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг, “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулахгэж өөрийгөө болон бусдыг үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч мэтээр бусдад ойлгуулах, дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдагдалтай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух зэргээр бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгө, эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсныг тус тус ойлгоно.

          Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ********* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч ********* нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

         Шүүгдэгч *********ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирлын талаар:

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *********т 350.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ********* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 350.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********эд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч *********ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно.

Шүүхээс шүүгдэгч *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч *********эд 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг 710 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.

  Шүүгдэгч ********* нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав  

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.    

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ийг 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *********эд энэ тогтоолоор оногдуулсан ял дээр урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 710 / долоон зуун арав/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *********эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО