| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 116/2024/0009/З |
| Дугаар | 221/МА2024/0579 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2024/0579
П.Г*******ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******
Нэхэмжлэгч: П.Г*******
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Хэрлэн сумын 9-р баг, орон сууцны 16 дугаар байрны урд талд байрлах нэгж талбарын 2106000148 дугаартай, 864 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгон өөрчлөх даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 116/ШШ2024/0009 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 116/2024/0009/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Г*******аас Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан “Эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Хэрлэн сумын 9-р баг, орон сууцны 16 дугаар байрны урд талд байрлах нэгж талбарын 2106000148 дугаартай, 864 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгон өөрчлөх даалгах”-аар маргасан байна.
2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 116/ШШ2024/0009 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч П.Г*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ... Хэрлэн сумын 9-р баг, орон сууцны 16 дугаар байрны урд талд байрлах нэгж талбарын 2106000148 дугаартай, 864 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгон өөрчлөхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******гээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
3.1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй” байна гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч иргэн П.Г******* нь өөрийн эзэмшиж буй газрын зориулалтыг өөрчлөх хүслийг аймгийн Засаг даргад гаргасан. Тус хүсэлтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тухайн газартай холбоотой материалыг бүрдүүлэхээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандсан.
3.2. Мөн нэхэмжлэгч талаас тухайн газарт хэдэн м.кв, хэдэн давхар, ямар байшин барих гэж байгаа болон барилгын норм стандартыг хангаж байгаа эсэхийг тодруулсан бөгөөд нэхэмжлэгчээс холбогдох материалыг ирүүлсэн байдаг. Иймд хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлсэн.
3.3. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Аймгийн засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн нь хуучнаараа байгаа бөгөөд энэхүү хүчингүй журмаар үйл ажиллагаандаа явуулж, асуудлыг шийдвэрлэж байгаа нь хууль бус юм” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын орон тооны бус зөвлөл нь худалдаа, үйлчилгээний зориулалттай газрыг орон сууцны зориулалттай болгон өөрчлөхийн тулд тухайн баригдах орон сууц нь барилгын норм, стандартыг хангаж байгаа эсэх талаарх мэдээлэл болон бусад мэргэжлийн байгууллагын саналыг аймгийн Засаг даргад гаргах чиг үүрэгтэй болно.
Нэхэмжлэгчийн газрын зориулалтыг өөрчлөх асуудлыг 2024 оны 05 дугаар сард хуралдсан аймгийн Засаг даргын дэргэдэх хот байгуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хандсан боловч нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандсан гэдэг шалтгаанаар өргөдлөө татсаны улмаас маргаан бүхий асуудал нь шийдвэрлэгдээгүй талаар шүүхийн шийдвэрт тусгагдсан болно.
Мөн тус зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэх ажил нь төслийн шатандаа явагдаж байгаа бөгөөд захиргааны хэргийн анхан шатны шүүх нь тухайн зөвлөлийн ажиллах журмыг шинэчлээгүй тул хүчингүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлаар дүгнэлт гаргасан болно.
3.4. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгт “...864 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгон өөрчлөхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Аймгийн засаг даргад Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 21 дүгээр зүйлийн 21.3-т тус тус зааснаар зориулалт өөрчлөх талаар тусгайлсан бүрэн эрхийг шууд зааж өгөөгүй болно.
3.5. Хуульд заагаагүй бүрэн эрхийн асуудлаар шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн болно.
Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 116/ШШ2024/0009 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч П.Г*******аас Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан “Эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Хэрлэн сумын 9-р баг, орон сууцны 16 дугаар байрны урд талд байрлах нэгж талбарын 2106000148 дугаартай, 864 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгон өөрчлөх даалгах” нэхэмжлэл гаргасан.
3. Ингэхдээ “... 864 м.кв талбай бүхий энэ газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших болсон, тус газар нь Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12/05 дугаар тогтоолоор 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “үйлчилгээний орон сууцны зориулалттай” гэж тусгагдсан байхад түүнд нийцүүлэн /газар эзэмших захирамж, гэрээ, гэрчилгээнд/ газрын зориулалтыг өөрчлөхгүй байх үндэслэл байхгүй” гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлох бол
хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... аймгийн Засаг даргад зориулалт өөрчлөх талаар тусгайлан бүрэн эрхийг Газрын тухай хуулиар олгоогүй учраас хүсэлтийг Засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шилжүүлсэн, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас нөхцөл байдлыг тодруулж баримт авсан ч шүүхэд хандсан гээд нэхэмжлэгч өөрөө тус зөвлөлөөр хэлэлцүүлээгүй хүсэлтээ татсан” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, маргасан.
4. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд,
4.1. Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэгж талбар нэгтгэх тухай” А/705 дугаар захирамжаар Хэрлэн сумын 9-р багийн нутаг дэвсгэрт орон сууцны 16 дугаар байрны урд талд хоёр нэгж талбар бүхий тус бүр 626 м.кв, 238 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшигч Д.Д, Д.Д нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг П.Г*******т худалдаа үйлчилгээний зориулалтаар 7 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлж, газрыг нэгтгэн 864 м.кв хэмжээгээр тогтоожээ.
4.2. Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12/05 дугаар тогтоолоор сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсны дотор, тогтоолын 3 дугаар хавсралтаар дээрх 864 м.кв газрын зориулалтыг “үйлчилгээтэй орон сууц” болгон өөрчилсөн.
4.3. П.Г*******ын хувьд, хүсэлтийнхээ агуулгыг “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд нийцүүлэн газар эзэмших эрх олгосон захирамж, гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээнд бичигдсэн зориулалтыг өөрчлүүлэх” хэмээн илэрхийлж, 2023 оны 3 дугаар сарын 15, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд дээрх газрын зориулалтыг өөрчлүүлэхээр Дорнод аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна. /хэргийн 11-12, 60-61 дэх талд/
5. Маргааны үйл баримттай холбогдуулан, анхан шатны шүүхээс “... аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20.2.1-д заасан бүрэн эрхийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ хангаж, иргэдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй, Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор маргаан бүхий газар нь холимог орон сууцны зориулалттай болж тусгагдсан байхад хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус” гэж дүгнэн, П.Г*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
6. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;”, 3.1.7-д ““газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг;”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.1.2.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;”, 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.2.1.нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах;”, 25 дугаар зүйлийн 25.4-т “Сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй: 35.1.1.гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах;” гэж тус тус заасан.
7. Дээрх зохицуулалтаас үзэхэд, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд эзэмших газрын зориулалтыг тогтоох, сум болон аймгийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргах буюу газар эзэмшигч нь тийнхүү эрх олгосон захирамж, гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах үүргийг хүлээнэ.
8. Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/705 дугаар захирамжаар Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бусад иргэдээс шилжүүлэн олгосон П.Г*******ын эзэмших эрхтэй газрын тухайд Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар олгосон эрхийнхээ дагуу 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 12/05 дугаар тогтоолоор зориулалтыг нь өөрчлөх шийдвэр нэгэнт гаргасан байхад аймгийн Засаг дарга энэ хэсгийн 4.3-д заасан нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэхүйд тооцогдоно.
9. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дээрх байдлаар хуулийн дагуу үүсэн буюу газар эзэмших үүргээ хэрэгжүүлээгүй, газар эзэмшүүлэх гэрээний нөхцөлийг зөрчсөн эсэх талаар хэргийн оролцогчид маргаагүй энэ тохиолдолд шат шатны захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас хууль ёсны итгэл хамгаалах зарчим ч түүнд хэрэгжих учиртай тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан “... аймгийн Засаг дарга газрын зориулалтыг өөрчлөх талаар бие даасан зохицуулалт Газрын тухай хуульд байхгүй, энэ асуудлыг Хот байгуулалтын орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн ч П.Г******* шүүхэд хандана гэж өргөдлөө татсаны улмаас шийдвэрлээгүй” гэх тайлбарыг хүлээн авсангүй.
10. Түүний тайлбарласанчлан Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6-д заасныг энэ тохиолдолд төсөөтэй хэрэглэхгүй боловч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан зориулалтын дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, түүний хүрээнд эзэмшүүлсэн газрын зориулалтыг өөрчлөх, хугацааг сунгах шийдвэр гаргах зэрэг нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасан зохицуулалтын хүрээнд аймгийн Засаг даргын эрхэд хамаарах ба нэхэмжлэгчийн удаа дараа гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй үйл баримттай маргаагүй гэж тайлбарласан зэргээс үзэхэд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан хууль бус эс үйлдэхүй мөн, анхан шатны шүүх ч энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн.
11. Харин анхан шатны шүүх “... аймгийн Засаг даргын 2017 оны А/240 дүгээр захирамжаар батлагдсан “Хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн ажиллах журам”-ыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн өөрчлөөгүй, энэ хүчингүй журмаар үйл ажиллагаа явуулж, асуудал шийдвэрлэсэн нь хууль бус” гэж маргааны үйл баримттай шууд холбогдолгүй асуудлаар хийсэн дүгнэлт нь дангаараа нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй тул “... нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлаар, үндэслэлгүй дүгнэлт хийсэн” гэх гомдлоор шийдвэрийг өөрчилж, хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
12. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдолгүй Барилгын тухай хуулийг, тайлбарлахгүйгээр хэрэглэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 116/ШШ2024/0009 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “..., Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3” гэснийг хассан өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ