Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/345

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                 

                                                                        

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,

Шүүгдэгч *******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******************холбогдох эрүүгийн 2238002740630 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******************нь 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2-р баг Намнан уулын ар гэх газарт *******************мөргөж, улмаар биед нь тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн гарын атгаал яс, богтос ясны далд хугарал, зүүн чамархайн хуйх, нүүр, цээж, дээд мөчид зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулж, Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******************нь 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2-р баг Намнан уулын ар гэх газарт *******************мөргөж, улмаар биед нь тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн гарын атгаал яс, богтос ясны далд хугарал, зүүн чамархайн хуйх, нүүр, цээж, дээд мөчид зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулж, Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238002740630 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Хөвсгөл аймгийн Тариалан сумын Намнангийн ар гэх газрын ойролцоо 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн үед замын өгсүүр хэсэгт явж байтал урд бараан өнгийн        машин хүнтэй уулзаж байгаа аястай зогсож байсан. Би    хурдаа хасаад гүйцэж түрүүлэх      хөдөлгөөн хийх үед миний баруун гар талаас буюу миний машины урдуур гэнэт нэг үл таних хүүхэд хурдтай гүйж гарч ирсэн. Миний яг дэргэдээс буюу нөгөө урд зогсож байсан машины урдуур, надад харагдах боломжгүйгээр гэнэт гарч ирсэн тул би жолоогоо хүүхдээс аль болох зугтаалгаж, эсрэг тийш нь дараад машинаа зогсоосон. Машинаасаа бууж ирээд харахад хүүхэд ухаан алдчихсан байдалтай замын хажуу хөвөөн дээр хэвтэж байсан...Би үлдэгдэл хохирол 5 сая төгрөгийг 2022 оны 12-р сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан...Ийм зүйл болсонд маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-17-р хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хүү ******************* “Намнан уул”-ын арын зам дээр осолд орж машинд мөргүүлсэн гэж байсан бөгөөд цагдаа ирчихсэн хэмжилт хийж байсан. Манай хүүг эмнэлэг рүү аваад явсан байсан... 2022 оны 12 дугаар сарын 01-ний дотор хохиролд нэхэмжилсэн үлдэгдэл 5 сая төгрөгийг *******************гэдэг хүн төлж барагдуулахаар ярьж тохирсон. Тэр нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулах юм бол манай гэр бүлийн зүгээс өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 20, 22-р хуудас),

Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Авга ах маань тэр машины хажуугаар нь зөрөхийн тулд Машин эсрэг урсгал руу ороод яг машинтай зэрэгцэж өнгөрөх үед нэг үл таних жижигхэн хүүхэд нөгөө хар машины урд талаас гэнэт гүйгээд гараад ирсэн. Манай ах машиныхаа жолоог тухайн хүүхдээс зугтаалгаж, эсрэг урсгал руу цааш дараад машинаа зогсоосон. Машинаас бид нар буугаад харахад замын хөвөө хэсэгт хүүхэд хэвтэж байсан. Тэр хүүхэд дээр гүйж очоод харахад толгой нь засмал зам руу харсан байдалтай, нүд нь нээлттэй, хамраас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-32-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ******************* мөргөсөн машиныг ирж явааг эхэлж хараад дараа нь дороос ирж яваа эсрэг урсгалын машиныг харсан. Тэгээд *******************д хандаж дороос нэг машин ирж байна, чи тэндээс ирж байгаа машиныг өнгөрөөгөөд энэ машины хойгуур гараад дороос ирж яваа машинд жимсээ өгөөрэй гэж хэлсэн. Би жимс зарахдаа машин замын хажууд зогсож байгаад өргөхөөр авах хүмүүс нь өөрсдөө зогсоод авдаг юм. Би *******************д тэгж хэлээд өөрөө эргээд явтал ард тасхийгээд дуу гарахаар нь эргэж харахад ******************* яг замын хажуу руу шидэгдэж байсан. Нөгөө мөргөсөн машин нь цаашаа яваад замын нөгөө захад очоод зогссон. Би ******************* дээр шууд гүйж очиход юм ярьж чадахгүй уйлаад байсан. Тэгээд мөргөсөн машины хүмүүс гүйж ирээд түргэн дуудаарай гэсэн. Нөгөө жимс авч байсан машины жолооч ах бас бууж ирж байснаа түргэн дуудаач гэхийг сонсоод буцаж машиндаа суугаад түргэн дуудах гээд машинаа асаагаад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас),

Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Мөрөн сум руу буцаад явж байтал Намнан уулын арын асфальтан зам дагуу хоёр хүүхэд гүзээлзгэнэ зарж зогсож байхаар нь би тэр хүүхдүүдийн тушаа зорчих хэсгээс замаа чөлөөлөөд замын хөвөө хэсэг рүү машинаа зогсоосон. Тэр хоёр хүүхдийн нэгнээс нь нэг шил гүзээлзгэнэ уутанд хийж өгөх гэхээр нь надад шил байгаа гээд шилэнд гүзээлзгэнээ султгаж авах гэж байтал тас няс хийх чимээ гарсан. Чимээ гарахаар нь харсан чинь миний машины урдхан талд нөгөө хамт гүзээлзгэнэ зарж явсан хүүхэд нь уначихсан байсан. Би сандраад гарахад цагаан өнгийн приус-41 маркийн автомашин замын эсрэг урсгал тал руу чиглээд зогссон байсан. Машинаас нэг эрэгтэй хүн бууж ирээд хүүхэд дээр очоод тусламж дуудах хэрэгтэй байна гээд орилж байсан. Нөгөө машинаас бас хоёр эмэгтэй гарч ирээд тусламж дуудаарай гэж орилж байсан. Би шууд хамгийн ойр айл руу очоод тэр айлын утсаар Тариалан сумын эмнэлэг рүү залгаж мэдэгдэх гэсэн боловч утасны дугаарыг нь мэдэхгүй болохоор Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэг рүү холбогдоод болсон ослын талаар хэлээд Тариалан сумын эмнэлэг рүү холбогдоод наашаа яаралтай эмнэлгийн тусламж явуулаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44-р хуудас),

Иргэний хариуцагч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...0494 ӨМЭ дугаартай приус-41 маркийн автомашин миний нэр дээр байдаг юм...Нөхөр Эрдэнэбат бид хоёр хэн хэн нь унаж эзэмшдэг. Хөвсгөл аймаг явж байгаад зам тээврийн осол гаргасан гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 48-49-р хуудас),

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Сэлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10764 дугаартай дүгнэлтэд:

1. *******************биед тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн гарын атгаал яс, богтос ясны далд хугарал, зүүн чамархайн хуйх, цээж, дээд мөчинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 54-55-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 117 дугаартай дүгнэлтэд:

1. иргэн *******************биеэс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй гэх дүгнэлт (хх-ийн 61-р хуудас),

2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаартай Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч, О.Гал-Эрдэнийн магадалгаа:

“... жолооч *******************нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Хэрэг осол болох үед замын хөдөлгөөнд оролцож байсан явган зорчигч Цэрэндулам овогтой ******************* /11 настай эрэгтэй/ нь: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэх мөрдөгчийн магадалгаа (хх-ийн 64-66-р хуудас),

Хохирогчийн хууль ёсны *******************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 80-81-р хуудас), 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 75-79-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2238002740630 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******************нь 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2-р баг Намнан уулын ар гэх газарт 04-94 ӨМЭ улсын дугаартай тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, 12 дугаар зүйлийн 12.2, 12.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас *******************мөргөж, улмаар биед тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн гарын атгаал яс, богтос ясны далд хугарал, зүүн чамархайн хуйх, нүүр, цээж, дээд мөчид зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхийн хүндэвтэр хохирол учруулж, Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-17-р хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******************(хх-ийн 20, 22-р хуудас), гэрч *******************(хх-ийн 30-32-р хуудас), насанд хүрээгүй гэрч *******************(хх-ийн 34-35-р хуудас), гэрч *******************(хх-ийн 43-44-р хуудас), иргэний хариуцагч *******************(хх-ийн 48-49-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Сэлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10764 дугаартай дүгнэлт (хх-ийн 54-55-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 117 дугаартай дүгнэлт (хх-ийн 61-р хуудас),

2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаартай Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч, О.Гал-Эрдэнийн магадалгаа (хх-ийн 64-66-р хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 80-81-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

     Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, хохирогчийн зүгээс явган хүний гарцаар гараагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

     Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч *******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *******************нь хохирогч *******************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд 1,500,000 төгрөгийг нөхөн төлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөө илэрхийлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээ (хх-ийн 80-81-р хуудас) байгуулсан байх тул шүүгдэгч *******аас 5,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батчулуунд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******************нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 79-р хуудас)-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч *******************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч *******************нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238002740630 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******************700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д

зааснаар шүүгдэгч *******************5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батчулуунд олгосугай.

      5. Эрүүгийн 2238002740630 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР