| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2018/02566/И |
| Дугаар | 181/ШШ2018/02483 |
| Огноо | 2018-11-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2018/02483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч.Ч-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: МУБИС -д холбогдох,
Өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжид 6.986.716 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дорждэрэм, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Ч миний бие 1997 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн МУБИС-ийн захиргаанд үйлчлэгчийн ажлын байранд ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 21 жил 6 cap тасралтгүй ажилласан. Миний бие ажиллаж байх хугацаандаа байгууллага хамт олноо манлайлан үлгэр жишээ үүргээ биелүүлэн ямар нэгэн сахилгын зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж байсан билээ. Улмаар миний бие 2018 оны 7 дугаар сараас өндөр насны тэтгэвэр тогтоолгож хуульд заасны дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөх үед миний бие МУБИС-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо харилцан байгуулсан хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу ажилласан жилээс хамааран нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасны дагуу 20 жил ажилласан бол 12 сарын цалинтай дүйцэх хэмжээний дагуу тэтгэмж хүсч өргөдөл гаргасан боловч надад нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 635.156 төгрөг олгосон. Иймд Хамтын гэрээнд зааснаар үлдэх 11 сарын тэтгэмж 6.986.716 төгрөгийг хариуцагч МУБИС-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэсний дагуу тэтгэвэрт гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллага Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт, өөрчлөлт оруулж 55-59 настай буюу 60 нас хүрээгүй ажилтан тэтгэвэрт гарвал Хамтын гэрээний 4.2-т заасан тэтгэмж олгохгүй, нэг сарын тэтгэмж олгох тухай заасан байна. Энэ нь дээрх хуулийг зөрчсөн, Хамтын гэрээнд нийцэхгүйгээс гадна ажилтнуудыг насаар ялгаварласан заалт болсон. Иймд захиргаа 60 нас хүрээгүй үндэслэлээр Хамтын гэрээний дагуу тэтгэмж олгохоос татгалзсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.Ч нь МУБИСд үйлчлэгчээр ажиллаж байгаад 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгосон. 2015 онд Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлд өөрчлөлт орж их дээд сургуулийн багш, ажилтанд тэтгэвэр тогтоолгох үед нь төрөөс олгож байсан тэтгэмжийн заалт хасагдсан байдаг. Иймд МУБИС Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3, ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тухай заалт, мөн хуулийн 42.1-д заасанчлан 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг cap ба түүнээс дээш хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэсэн заалт, МУБИС-ийн дотоод журмын 6.2.8-д өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн 50-59 насны багш ажилтан хүсэлтээ гаргасан тохиолдолд дундаж цалингаар тооцож 1 сарын тэтгэмж олгоно гэсэн заалтыг тус тус үндэслэн оюутны төлбөр болон сургуулийн өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлж тэтгэвэр тогтоолгож байгаа багш ажилтанд тэтгэмж олгож байна.
Үүний нэгэн адилаар үйлчлэгч Ч.Чид МУБИС-иас гарах үед нь сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон болно. Ч.Чид тэтгэвэрт гарах үед нь үүнийг тайлбарлаж өгсөн. 60 нас хүртэл ажиллаад тэтгэвэрт гарвал хамтын гэрээний 4.2-т заасны дагуу 12 сарын тэтгэмжээ авах эрх нь нээлттэй байсан гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ч.Ч нь МУБИСд холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжид 6.986.716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
МУБИС-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/97 дугаар тушаалаар Ч.Чийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан “өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” үндэслэлээр 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчлэгчийн ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, улмаар нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна. /хх /
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “20-иос доошгүй жил шимтгэл төлсөн, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч хүсэлтээ гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтны төлөөлөл, ажил олгогч харилцан тохиролцож ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны эрх ашгийг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах үүднээс хамтын гэрээг байгуулах, ийнхүү гэрээ байгуулсан тохиолдолд гэрээг бүртгүүлснээр хүчин төгөлдөр үйлчлэхээр зохицуулжээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэг талаас ажил олгогч МУБИС, нөгөө талаас ажилтны төлөөлөл буюу Үйлдвэрчний эвлэл хэлэлцэн тохиролцож, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 01 тоот Хамтын гэрээг байгуулж, улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бүртгүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу гэрээ хүчин төгөлдөр байна. /хх 50-53/
Уг гэрээний 1.5-д гэрээ байгуулсан өдрөөс эхлэн дараагийн Хамтын гэрээ байгуулах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байхаар заажээ.
Мөн Хамтын гэрээний 4.2-т “Профессор багш, ажилтан тэтгэвэрт гарах хуулийн хугацаанд өргөдөл гаргасан үед МУБИС-д ажилласан жилээс хамааруулан тухайлбал 20 буюу түүнээс дээш жил ажилласан бол 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор” тусгажээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл МУБИС-д үйлчлэгчээр ажилласан, үүнээс 21 жил 6 сар даатгалын шимтгэл төлөгдөж баталгаажсан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч түүний ажилласан хугацаанд маргаагүй.
Харин багш, ажилтан 55-59 настайдаа тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан тохиолдолд Хамтын гэрээний дээрх заалт үйлчлэхгүй байхаар Хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт орсон, нэхэмжлэгч 60 нас хүрээгүй тул Хамтын гэрээний дагуу тэтгэмж олгохгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.
МУБИС-ийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар “Багш ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах, тэтгэмж авах хүсэлт гаргасан тохиолдолд Хамтын гэрээний дагуу ажилласан жилийг тооцон тэтгэмжийг олгохоор, 55-59 насны багш, ажилтан хүсэлтээ гаргасан тохиолдолд сарын үндсэн цалингаас тооцож 1 сарын тэтгэмж олгох”-оор МУБИС-ийн дотоод журамд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Хэрэгт авагдсан баримтаар Захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хамтран баталсан Хамтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байх тул Хөдөлмөрийн дотоод журамд ийнхүү өөрчлөлт оруулсан явдал Хамтын гэрээний дагуу тэтгэмж шаардах эрхийг хязгаарлахгүйгээс гадна дээрх дотоод журмын өөрчлөлт Хамтын гэрээ болон хуульд нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаас үзвэл хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлж буй ажилтны эрх ашгийг хамтын гэрээгээр хамгаалах зорилго агуулдагыг дурдав.
Нэхэмжлэгч тэтгэмжид 635.156 төгрөг хүлээн авсан гэдэгт маргаагүй.
Иймд нэхэмжлэгч Хамтын гэрээний 4.2-т заасан 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж шаардах эрхтэй байх тул хариуцагчаас нийт 6.986.716 төгрөг /12сар*635.156 төгрөг - урьд олгосон 635.156 төгрөг/ гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэв.
Хариуцагчид өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргэсэн ч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-т заасныг баримтлан МУБИС-иас 6.986.716 /зургаан сая есөн зуун наян зургаан мянга долоон зуун арван зургаан/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Чид олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 126.737 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ