| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2018/03126/И |
| Дугаар | 181/ШШ2018/02601 |
| Огноо | 2018-12-04 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2018/02601
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Т.Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “МД” ХХК-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 5.028.610 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Иргэн Т.Х миний бие 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр KИA К7 маркийн 49-58УБД улсын дугаартай автомашинаа даатгуулж “МД” ХХК-тай 1804004160002 тоот “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээгээр миний бие даатгалын хураамжаа зохих ёсоор төлж ирсэн. Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Нарны гүүрний зүүн талд, баруун дөрвөн замруу чиглэлтэй замаар явж байхдаа хүчтэй борооны үеэр тогтсон үерийн усыг туулан гарахад автомашинд эвдрэл үүссэн. Гэрээний дагуу “МД” компанид зохих материалыг бүрдүүлэн өгч даатгалын нөхөн төлбөр хүссэн боловч 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр “Үер усны аюул гэдэг нь гол мөрний ус үерийн түвшинд хүрэх, эргээсээ халих буюу аюултай түвшинд хүрэх ойлголт байх бөгөөд даатгуулагчийн эд хөрөнгөд гол мөрний ус эргээсээ хальсны улмаас хохирол үүсээгүй байна" гэж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Автомашины эвдрэлийг оношлуулахад хөдөлгүүр, хөдөлгүүрийн хаалт, их гэрэл, нэмэлт гэрэл зэргийг солиулах шаардлагатай нийт 5.028.610 төгрөгийн зардал гаргасан. Бидний хооронд байгуулагдсан “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.1.с-д “Үер усны аюул"-ын эрсдлийг даатгалын тохиолдолд хамааруулан даатгагч нөхөн төлбөр олгохоор заасан. Улмаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 9/3927 дугаартай албан бичгээр “Цаг, уур орчны шинжилгээний газрын 2018 оны 8/680 тоот албан бичгээр ирүүлсэн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн бороо 8 цаг үргэлжлэн орж цаг агаарын аюултай үзэгдэл болсон талаарх тодорхойлолт, хохирлын гэрэл зураг зэрэг баримтаар даатгалын тохиолдол үүссэн нь тогтоогдож байх тул нөхөн төлбөр олгох үндэслэлтэй” гэж шийдвэрлэсэн. Үүний дагуу миний бие 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр даатгалын нөхөн төлбөр болох 5.028.610 төгрөгийг шилжүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр гаргасан боловч өнөөдрийг хүртэл даатгалын нөхөн төлбөр олгохгүй байна. Иймд “МД” ХХК-иас 5.028.610 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан хариу тайлбартаа: Тээврийн хэрэгслийн 1804004160002 тоот гэрээний датгуулагч Т.Хэс 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн нөхөн төлбөр олгох хүсэлт, түүнд холбогдох материалуудыг судлаад дараах шийдвэрийг гаргасан. Даатгуулагч Т.Хаш-Эрдэнийн 49-58УБД улсын дугаартай KИA К7 маркийн автомашиныг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүрэг Нарны гүүрний зүүн талын уулзвараар хойш өгсөх зам дээр тогтсон борооны усыг туулахад Тээврийн хэрэгсэл рүү ус орж, гэмтсэнд нөхөн төлбөр олгох хүсэлт ирүүлсэн. Даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан шалтгаан нь зам дээр тогтсон борооны усыг туулсантай холбоотой байх тул гэрээгээр хамгаалагдсан үер усны аюулын эрсдэлд тооцох боломжгүй. Тодруулбал “Үер усны аюул”-ыг Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын “сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт” 9-д “усны үерийг гол, мөрний ус үерийн түвшинд хүрэх, гол мөрний ус эргээсээ халих буюу аюултай түвшинд хүрэх” гэж тодорхойлсон байдаг. Даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол байгалийн давагдашгүй нөхцөл байдал үүсч, гол мөрний ус үерийн түвшинд эсвэл эргээсээ хальж аюултай түвшинд хүрсний улмаас үүссэн хохирол биш байх тул даатгалын гэрээний 2.1.1, Байгалийн эрсдэл 2.1.1.с-д “Үер усны аюул”-ын улмаас хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна. Бидний зүгээс гэрээний 8.1.1-д заасан “даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол”, Даатгалын тухай хуулийн 8.5.3-т “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан" гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Иймд даатгагчийн гаргасан нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Т.Х нь “МД” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 5.028.610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.
Нэг талаас “МД” ХХК, нөгөө талаас Т.Х нар 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр харилцан тохиролцож, даатгуулагч нь 4958УБД улсын дугаартай КИА К7 маркийн тээврийн хэрэгслийг байгалийн, галын, замын хөдөлгөөнд оролцох үеийн зэрэг гэрээнд дурдсан даатгалын эрсдлээр нэг жилийн хугацаатай даатгуулах, хураамжид 306.592 төгрөг төлөхөөр, даатгагч нь даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд учирсан хохирлыг нөхөн төлөхөөр тус тус харилцан тохиролцож, 1804004160002 тоот “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г байгуулжээ. /хх 5/
Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй бөгөөд дээрх гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан бичгээр байгуулах шаардлагыг хангасан мөн зүйлийн 431.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Даатгалын зүйл болох 4958УБД улсын дугаартай КИА К7 маркийн тээврийн хэрэгсэлд 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Нарны гүүр орчим зорчих үед борооны улмаас тогтсон ус туулахад эвдрэл учирсан талаар зохигчид маргаагүй. Мөн нэхэмжлэгч даатгалын хураамж төлсөн эсэхэд хариуцагч маргаагүй.
Харин нэхэмжлэгч байгалын эрсдэл буюу үер, усны аюул даатгалын тохиолдолд хамаарч байгаа гэж, хариуцагч даатгалын тохиолдолд хамаарахгүй гэж тус тус маргав.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс нөхөн төлбөр хүсэхэд “МД” ХХК-иас гэрээний 8.1.1-д зааснаар “гэрээнд тусгагдаагүй эрсдэл” үндэслэлээр олгохоос татгалзжээ. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандахад 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “гэрээний 4.1-д заасан эрсдэлд хамаарна” үндэслэлээр нөхөн төлбөр олгохыг хариуцагч байгууллагад мэдэгдсэн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан байна. /хх 6,7,9/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.1.с-д үер усны аюулыг эрсдэлд тооцохоор заасан байх бөгөөд тухайн өдөр их хэмжээний бороо үргэлжлэн орж цаг агаарын аюулт үзэгдэл болсон нь Цаг уур, орчны шинжилгээний газрын албан бичгээр тогтоогдсон тухай Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрт тусгагдсан, дээрх байдлыг хариуцагч үгүйсгээгүй. Хариуцагч гэрээний 4.1.1-д заасан “үер усны аюул” гэдгийг Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолд заасан “үер усны аюул” гэдэг ойлголтын дагуу ойлгоно, тухайн өдөр усны аюулын хэмжээ, хязгаар тодорхойлолтод заасан их хэмжээнийх биш гэж тайлбарлаж байх боловч гэрээнд уг ойлголтыг хэрхэн ойлгох, цаашлаад ямар хэмжээтэй бороо орвол үер усны аюулд хамаатуулах, ямрыг хамаатуулахгүй байх талаар гэрээнд тухайлан зохицуулаагүй тул дээрх тайлбар үндэслэлгүй.
Иймд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан баримтаар “Бэст эстимэйт” ХХК-иас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг 5.028.610 төгрөгөөр тогтоосны дагуу нөхөн төлбөр гаргуулахаар шаардсан, хариуцагчийн зүгээс нөхөн төлбөрийн хувь хэмжээний талаар маргаагүй тул шүүх энэ хэмжээгээр тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов. /хх 8/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан “МД” ХХК-иас 5.028.610 /таван сая хорин найман мянга зургаан зуун арван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Хд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 95.450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ