| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 105/2019/1129/Э |
| Дугаар | 933 |
| Огноо | 2019-09-17 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 933
И.А, Ж.Г, Г.О нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч И.Аын өмгөөлөгч Ж.Уранчимэг,
шүүгдэгч Ж.Гын өмгөөлөгч А.Дулмаа,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1164 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.А, Ж.Г, Г.О нарын өмгөөлөгч Ц.Монголын гаргасан давж заалдах гомдлоор И.А, Ж.Г, Г.О нарт холбогдох эрүүгийн 1906027221519 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ............................., 1999 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Архус сумын 1 дүгээр баг, Ноён шанд 5-5 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /........................../;
2. ................................., 2001 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Архус сумын 2 дугаар баг, Нарст 9-4 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /...................../;
3. ................................., 2000 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Архус сумын 2 дугаар баг, Нарс гэх газар оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /................................./;
И.А, Ж.Г, Г.О нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Оюутны өргөө” хотхоны орчим далангийн хажууд иргэн О.Отгонбаярын нүүр, гэдэс нь тус газар цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, “Ай фоне 5 эс” загварын гар утсыг дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: И.А, Ж.Г, Г.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх.................................... нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар И.А, Ж.Г, Г.О нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар И.А, Ж.Г, Г.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, И.А, Ж.Г, Г.О нар урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл И.А, Ж.Г, Г.О нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч И.А, Ж.Г, Г.О нарын өмгөөлөгч Ц.Монгол гаргасан давж заалдах гомдолдоо: “Хавтас хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй. Тухайлбал, хохирогч хэргийн 18 дугаар талд мэдүүлэхдээ “тухайн үед ямар нэг маргаан болон зодоон болоогүй, харин миний найз болох Мөнх-Идэр бид 2 тэдгээр залуучуудыг аясаар байж байгаад бид хоёрыг явуулахгүй, мөнгө нэхээд дарамтлаад зодох гээд байсан учир аргагүй эрхэнд гар утсаа өгсөн” гэж мэдүүлснээс үзвэл утсыг нь булаасан гэхээр байна. Нөгөө талаар түүний мэдүүлгүүд шүүгдэгч нарын мэдүүлгээс зөрүүтэй, утсыг яг ямар үед хэрхэн өгсөн нь бүрэн тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэх, тэдний оролцоог бодитойгоор тогтоохын тулд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулж мэдүүлгийн зөрүүг арилгах, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай байсан боловч “хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай” шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй болно. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн заалт болон 1.7 дугаар зүйлийн хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж үзэхээр байна. Тухайлбал, хохирогч нь “И.Аод утсаа өгсөн” гэж мэдүүлж байгаа ба түүний мэдүүлгээс үзвэл 3 шүүгдэгч дэргэд нь хамт байсан гэж ойлгогдохоор байна. Гэтэл шүүгдэгчид “Амарболд, хохирогч хоёр хоёулаа тэднээс салж яваад утсаа өгсөн тухай” мэдүүлсэн. Энэ нь шүүгдэгч нарын уг хэргийг үйлдэхэд оролцсон оролцоо, энэ нь булаалт уу, дээрэм байсан уу, уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр бус 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэхээр байсан эсэхийг тогтооход ач холбогдолтой байна. Хэргийн бодит байдлыг тогтоосноор И.А, Ж.Г, Г.О нар нь эсрэг ашиг сонирхолтой байсан эсэх нь тодорхой болохоор байна. Шүүх хуралдааны үед тэдний өгсөн мэдүүлгээс ийм нөхцөл байдал ажиглагдсан тул тэдний эрх хууль ёсны эрх ашиг сонирхол, өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай байгааг анхаарч үзнэ үү. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Прокурор Н.Гэрэлмаа давж заалдах гомдолтой танилцаад тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “И.А, Г.О, Ж.Г нарын үйлдэл нь хохирогч О.Отгонбаярын “дээгүүрээ хөх яак өмссөн залуу бид хоёрт хандан утсаар яриулсангүй гэж уурлаад хэл амаар доромжлоод намайг 2 удаа нүүр рүү алгадаж, цээж, мөр хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. ...чиний халаасыг нэгжээд 20.000 төгрөгнөөс үнэтэй эд зүйл гарвал авна шүү гэж хэлсэн. Мөнх-Идэр бид 2 хоёр талд хоёр өөр залуучуудтай маргалдаж байтал надтай юм ярьж байсан цагаан цамцтай залуу нь эхлээд намайг нэг удаа гэдсэн тус газарт цохисон” гэх, гэрч И.Мөнх-Идэрийн “гэтэл 2 дугаартай залуу нь надтай уулзаж намайг мөнгө эд зүйлээ өг, би зөөлхөн яриад байна уу гээд миний элэг рүү цохиод байсан” гэх мэдүүлгүүдээр хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн болох нь тогтоогдсон. Түүнчлэн шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байхаар хуульчилсан байна. Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, И.А, Г.О, Ж.Г нарын зүйлчлэл тохирсон, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон, үндэслэлтэй тул өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1164 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна.” гэжээ.
Шүүгдэгч Ж.Гын өмгөөлөгч А.Дулмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Ц.Монголын гаргасан давж заалдах гомдлоос шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргасныг дэмжихгүй байна. Хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгүүд зөрүүтэй хэдий ч анхан шатны шүүх хуралдаан дээр гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Ж.Г нь хохирогч О.Отгонбаяртай хамт явж байсан Мөнх-Идэр гэх хүнтэй уулзаад, түүний гэдэс рүү нэг удаа цохисон талаараа мэдүүлдэг. Мөнх-Идэр “Ж.Г намайг нэг удаа цохисон” гэдгийг нотолдог. Анхан шатны шүүхээс Ж.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү. Учир нь, Ж.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгаа.” гэв.
Шүүгдэгч И.Аын өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн байцаагч яллагдагчаар татаж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сануулж мэдүүлэг авч процессын алдаа гарсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.5, 1.7 дахь заалтуудыг хангаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1, 32.9 дүгээр зүйлүүдийг зөрчиж, процессын алдаа гаргасан байдаг. Хэргийг шалгах явцад хэт яллах талыг барьж шалгасан байдал ажиглагддаг. Мөн Ж.Гын сэдэлт, санаа зорилго, субьектив тал, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч И.А нь ямар нэгэн довтолгоо, хүч хэрэглээгүй. Иймд зүйлчлэл тохироогүй тул зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
И.А, Ж.Г, Г.О нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Оюутны өргөө” хотхоны орчим далангийн хажууд иргэн О.Отгонбаярын нүүр, гэдэс нь тус газар нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, “Ай фоне 5 эс” загварын гар утсыг дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Э.Отгонбаярын “...бид хоёр дээр хүрч ирээд тэдний нэг дээгүүрээ хөх өнгийн яак өмссөн залуу бид хоёрт хандан утсаар яриулсангүй гээд уурлаад хэл амаар доромжилоод намайг 2 удаа нүүр рүү алгадаж, цээж болон мөр хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд тэр залуу өөртэйгээ хамт явж байсан нэг дээгүүрээ цагаан өнгийн хоолойтой цамц өмссөн найзыгаа “манай найз шоронд 7 жил сууж байгаад гарч ирсэн, та хоёрыг энүүгээр алуулаад булчиж чадна шүү” гэж хэлсэн. Тэгээд тэр 4 залуугийн нэг шаргал пальтотой залуу болон бусдыг бодвол арай намхан хар бараан өнгийн хувцастай залуу хоёр миний найз болох Мөнх-Идэрийг аваад надаас зайдуу уулзаж байгаад заамдаж аваад юм яриад байх шиг байсан. Харин надтай үлдсэн хоёр залуугийн нэг дээгүүрээ хоолойтой цагаан цамц өмссөн залуу нь надад хандан “та хоёр зүгээр 20.000 төгрөг байвал өгөөд яв” гэж хэлсэн. Тэгэхээр нь “бид хоёрт мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу “би тэгвэл чиний халаасыг нэгжээд 20.000 төгрөгнөөс үнэтэй эд зүйл гарвал авна шүү” гэж хэлсэн. ...надтай юм ярьж байсан цагаан цамцтай залуу нь эхлээд намайг нэг удаа гэдсэн тус газар цохисон. Тэгээд тэр залуу намайг нэгжих гээд байхаар нь би өөрийн “Ай фоне 5 эс” загварын гар утсаа гаргаж ирээд түүнд хандан “май энэ гар утсыг аваад бид хоёрыг зүгээр явуулчих” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу миний гар утсыг аваад үзэж байгаад миний гар утасны ай ди код болон дэлгэцний түгжээг надаар гаргуулж цаасан дээр бичиж аваад найз Мөнх-Идэр бид хоёрыг тавиад явуулсан. ...” /хх 17-18/,
гэрч И.Мөнх-Идэрийн “...үл таних 3 залуу сууж байсан. Тэгээд манай найз бид 2 хажуугаар нь зөрөхөд 9 дугаартай залуу нь эхэлж “утсаар яриулаач” гэж асуухад бид хоёр “утас байхгүй” гэж хэлсэн. Гэтэл 2 дугаартай залуу нь далангийн доороос өгсөж гарч ирээд Отгонбаяр бид хоёрын замыг хааж зогссон. Гэтэл 6 дугаартай болон 9 дугаартай 2 залуу нь манай найз Отгонбаяртай уулзаж, түүнийг надаас салгаж холдуулсан. Гэтэл 2 дугаартай залуу нь надтай уулзаж, намайг “мөнгө эд зүйлээ өг, би чамтай зөөлхөн яриад байна уу” гээд миний элэг рүү цохиод байсан. Тэгэхээр нь би “надад бэлэн мөнгө алга, гэхдээ дансанд 20.000 төгрөг байгаа, АТМ ороод данснаасаа аваад өгье” гэхэд тэр залуу “АТМ орохгүй” гэсэн юм. ...манай найз Отгонбаяр “Ай фоне 5 эс” загварын утсаа гаргаж өгөхөд 6 дугаартай залуу нь манай найзын утсыг авчихаад “дэлгэцний код, ай ди кодоо өг” гэж хэлэхэд манай найз хэлж өгсөн юм. ...” /хх 25-26/ гэх мэдүүлгүүд,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-14/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 31-32/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 52-53/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 57/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч И.А, Ж.Г, Г.О нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч И.А, Ж.Г, Г.О нарыг бүлэглэн иргэн О.Отгонбаярын нүүр, гэдэс нь тус газар нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, “Ай фоне 5 эс” загварын гар утсыг дээрэмдэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөв зүйлчилжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч И.А, Ж.Г, Г.О нар нь гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна.
Шүүгдэгч И.А, Ж.Г, Г.О нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн болон хохирол төлсөн байдлыг тус тус харгалзан үзэж, шүүгдэгч И.А, Ж.Г, Г.О нарт тухайн зүйлд заасан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон байна.
Шүүгдэгч И.А, Ж.Г, Г.О нарын өмгөөлөгч Ц.Монгол “...шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэх, тэдний оролцоог бодитойгоор тогтоохын тулд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах үндэслэлтэй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч И.Аын яллагдагчаар өгсөн “...Одбаатар, Ганбат бид гурав тэр 2 залуугаас “утсаараа ганц яриулаач” гэхэд тэр 2 залуу “утас байхгүй” гэсэн. Тэгэхэд нь ....................р “мөнгө байна уу” гэж асуухад тэр 2 залуу “байхгүй” гэж хэлсэн. Тэгээд О............. “худлаа яриад бай пизда минь” гээд хохирогч Отгонбаярын найз Мөнх-Идэр гэх залууг цээж рүү нь нэг удаа цохисон. ...Ганбат бид 2 хохирогч гэх залууг дуудаж нөгөө найзаас нь салгаад “мөнгө байвал гаргаад өгчих” гэсэн чинь тэр залуу “байхгүй, байсан мөнгөөрөө ганц пиво авчихаад явж байна” гэсэн. ...надад “Ай фоне 5 эс” л байна, энийг авчих, тэгээд бид хоёрыг явуулчих” гээд утасныхаа нүүрний кодыг гаргаж өгсөн. ...” /хх 69-71/,
шүүгдэгч Г.Оын яллагдагчаар өгсөн “...алхаад явж байтал ардаас 2 залуу ирж байсан бөгөөд би “бөөнөөрөө энэ хоёрыг хүлээж байгаад бариа хийх үү” гэхэд Ганбат, Амарболд хоёр “тэгье” гэж хэлсэн. ... ..................... бид гурав тэр 2 залуугаас “утсаараа ганц яриулаач” гэхэд тэр 2 залуу “утас байхгүй” гэсэн. Тэгэхэд нь би “мөнгө байна уу” гэж асуухад тэр 2 залуу “байхгүй” гэсэн. Тэгээд би “худлаа яриад бай пизда минь” гээд хохирогч Отгонбаярын найз Мөнх-Идэр гэх залууг цээж рүү нь нэг удаа цохисон. ...хохирогч Отгонбаяр гэх залуу Амарболдыг дуудаад “хоёулаа нэг уулзъя” гэсэн. Тэр үед Отгонбаяр Амарболдод утас гаргаж өгч байсан. ...” /хх 74-76/,
шүүгдэгч Ж.Гын яллагдагчаар өгсөн “......................бид гурав тэр 2 залуугаас “утсаараа ганц яриулаач” гэхэд тэр 2 залуу “утас байхгүй” гэсэн. Тэгээд Одбаатар нэг цохих шиг болсон. Гэхдээ хэнийг нь цохисныг анзаараагүй. ...тэгээд Амарболд очиж уулзаад “Ай фоне 5 эс” загварын шар өнгийн утас аваад ................... бид нар дээр буцаж ирсэн. ...” /хх 79-80/ гэх мэдүүлгүүд нь хохирогч Э.Отгонбаяр, гэрч И.Мөнх-Идэр нарын мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-14/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 52-53/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч И.А, Ж.Г, Г.О нарын бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байдал, оролцсон оролцоо тогтоогдсон, тэд хоорондоо гэм буруугийн талаар маргаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байна.
Иймд, шүүгдэгч И.А, Ж.Г, Г.О нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж гар утсыг нь дээрэмдэн авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх хуулийн үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар бүрэн шалгасан, шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүдэгч нарын гэм буруу, гэмт хэрэгт оролцсон оролцооны талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтад нийцсэн байна гэж үзэв.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1164 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.А, Ж.Г, Г.О нарын өмгөөлөгч Ц.Монголын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1164 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.А, Ж.Г, Г.О нарын өмгөөлөгч Ц.Монголын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ