Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0258/З |
Дугаар | 128/шш2021/0464 |
Огноо | 2021-07-07 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 128/шш2021/0464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Н.А
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б\45 дугаар тушаалыг хүчингүй болгуулж өмнө гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хяналт шинжилгээ-үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, мөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалинг гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Н.С гэрч Б.А, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.А шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2009-2013 онуудад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны, удирдлагын хэлтэст “Архив, бичиг хэргийн эрхлэгч"-ээр, 2013-2017 онуудад тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан /Авлигын асуудал, Хөрөнгө орлогын мэдүүлгийг мэргэжилтнийг хавсарсан/ мэргэжилтнээр, 2017 оны 02 сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мөн газрын Төлөвлөлт гүйцэтгэл, хяналт шинжилгээний хэлтэст “Гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн”- ээр ажиллаж байгаад 2018 онд Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Эын тушаалаар үндэслэлгүй ажлаас халагдсан бөгөөд эрх ашгаа хамгаалуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны хянан хэлэлцээд №685 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, намайг ажилд эргүүлэн тогтоосон. Уг шийдвэрт хариуцагч талаас давж заалдах гомдлыг гаргаагүй учир шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэвч Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Э шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагад удаа дараа хандсаны эцэст Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/118 дугаар тушаалаар ажилдаа томилогдон 2021 оны 2 сарыг хүртэл ажилласан юм.
Гэтэл өмнөх Тамгын газрын дарга Б.Э өөрчлөгдөж, С.Э үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоны дараа 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04/55 тоотоор ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн. Уг мэдэгдэлд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /хуучнаар/ Ардчилсан намын бүлгийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны 03 тоот албан бичгийн дагуу “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Хан-Уул дүүргийн тойрогт ажилласан байна.” Энэ нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалт зөрчсөн тул ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэж байна гэж бичсэн байсан. Би ажилдаа эргэн томилогдсоноос хойш ямар нэг алдаа, зөрчил гаргаагүй тул уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбараа тухайн өдөр бичгээр гаргаж С.Э даргад өөрт нь өгсөн. Гэвч мэдэгдлийн дагуу сонсох ажиллагаа хийж, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны дотор эцсийн байдлаар тайлбар өг гэсний дагуу “Миний бие аливаа нэг намын гишүүнчлэлгүй, 2009 оноос хойш тус дүүргийн Засаг даргын Тамгын газар ажиллаж байгаа. Тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд төрийн албанд 10 гаруй жил ажиллахдаа аливаа асуудалд улс төржих байдлаар хандаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг болон өөрийн хариуцсан ажлыг хангалттай түвшинд гүйцэтгэж ирсэн. Үүнийг миний өнгөрсөн жилүүдэд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, үнэлгээ гэрчилнэ. Цаашид ч төрд ажиллах хугацаандаа олж авсан мэдлэг, чадвар, туршлагаа дайчлан ажиллахад бэлэн байна. Гэвч нэг намын бүлгээс ирүүлсэн гэх урд өмнө нь миний ер танилцаж байгаагүй, огт мэдэхгүй албан бичгийг гэнэт гарган ирж, намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болгож байгаад болон удаа дараа үндэслэлгүй шалтгаанаар ажлаас халж байгаад гомдолтой байна. Тиймээс дээрх мэдэгдэлд дурдсан ажлаас чөлөөлөх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн тайлбарыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Н.Сд өгсөн. Ийнхүү удаа дараа тайлбар гаргаж өгсөөр атал 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр "Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгасан ажлын дүгнэлт” гэгчийг танилцуулсан. Уг дүгнэлтэд Улсын Их Хурлын Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд орж ажиллаагүй боловч дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд орж ажилласан тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж дурдсан байсан. Би уг сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байгаа тухайгаа дурдан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр эцсийн тайлбараа Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Н.Сд өгсөн боловч бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар ажлаас халсан юм.
Төрийн жинхэнэ албан хаагч миний бие Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01/299 тоот албан бичгээр хүргүүлсэн саналын дагуу Нийслэлийн Сонгуулийн Хорооны 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолоор' ХаЙ-Уул дүүргийн Сонгуулийн хорооны гишүүнээр томилогдож, сонгуулийн үйл ажиллагааг шударгаар зохион байгуулж, ажилласныхаа төлөө ажлаас халагдлаа.
Төрийн албан хаагчийг сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад дайчлан оролцуулчихаад эцэст нь гүтгэн гүжирдэж, жинхэнэ улс төржсөн байдлаар асуудалд хандаж, улс оронд цар тахал дэгдэж, хүндрэлтэй нөхцөл байдал нүүрлэсэн үед УИХ, ЗГ-ын шийдвэрүүдийг үл хэрэгсэн Монгол улсын иргэний миний хөдөлмөрлөх эрхэд ноцтойгоор халдаад зогсохгүй, төрийн байгууллага, төрийн албаны зөвлөл, холбогдох хууль, шүүх, байгууллагыг хууран мэхлэх, шүүхийн шийдвэрийг дүр эсгэх байдлаар хэрэгжүүлэх үйл ажиллагааг удаа дараа үргэлжлүүлж, дорд үзэж, басамжлан доромжилж байгаад үнэхээр харамсалтай, гомдолтой байна.” гэв:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Н.А нь 2013 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт архив бичиг хэргийн эрхлэгчээр, 2015 оноос 2017 онд хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2017 оноос 2018 онд Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2018 оны 02 дугаар сард үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Ажлаас халагдсан үндэслэл нь Н.Аг мэргэжилтний албан тушаалаас албан тушаал бууруулан хорооны зохион байгуулагчаар томилсон байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй учраас ажлаас халсан. Нэхэмжлэгч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон. Шүүхийн шийдвэрт хариуцагч тал гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүрсэн. Ажил эгүүлэн томилсон боловч 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар төрийн албанаас халсан. Энэхүү тушаал нь хууль зүйн үндэслэлгүйгээс гадна, Н.Аг сахилгын зөрчил гаргасныг нотлоогүй гэж үзэж байна. Түүнд сахилгын шийтгэл ногдуулахдаа Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар албан бичгийг үндэслэл болгосон. Уг албан бичгийг талаар нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хүлээн авахдаа мэдсэн. Н.А нь Улсын Их Хурлын сонгуулийн хороонд орж ажиллаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Зөрчил гаргасан бол нотлох ёстой. 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн хороонд ажиллаагүй боловч орон нутгийн сонгуульд Ардчилсан намын бүлгийг төлөөлж ажилласан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Н.А нь 2020 оны орон нутгийн сонгуулийн хороонд ажиллахдаа Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжийг үндэслэн ажилласан. Ажиллахгүй байх боломжгүй. Төрийн захиргааны албан хаагчийг сонгуулийн хороонд томилон ажиллуулах эрхтэй. Энэ эрхийн дагуу төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан томилон ажиллуулсан. Энэ хүн Ардчилсан намын төлөөлөл болсон гэдгийг юугаар нотолж байна вэ. Энэ хүн тус намын гишүүн биш. Монгол Улсын Үндсэн хуувийн Арван зургаадугаар зүйлд 10/нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж заасан. Сонгуулийн хороонд ажилласан байсан ч энэ Үндсэн хуульд заасан эрх нь юм. Орон нутгийн сонгуулийн хороонд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Н.С нар мөн захиргааны албан тушаалтан учраас хуульд заасны дагуу томилогдон ажилласан. Тэгэхээр халах хүнээс намын төлөөлөл гэж ажлаас халаад, авах хүнээ ажиллуулаад байж болохгүй. Н.А нь ажлаа сайн хийдэг, ажлаа сайн хийж, хяналт шалгалт хийж шаардлага тавьдаг учраас субьектив байдлаар хандсан гэж үзэж байгаа. Төрийн захиргааны байгууллагад аль нэг намыг даган баясаж байж ажиллах ёстой болдог. Эдгээр хүмүүс Ардын намыг дагадаг учраас ажилладаг юм шиг байна. Нэхэмжлэгч Н.А нь сонгуулийн хороонд орж ажилласан нь хуулийг зөрчөөгүй. Ажлаас халах үндэслэл болоод байгаа Ардчилсан намын бүлгийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 03 тоот албан бичгийг орон нутгийн сонгуулийн үед өгөөгүй. Ардчилсан намын төлөөлөл болж сонгуулийн хороонд ажилласан болон тушаалд заасан үндэслэлүүдээ хариуцагч нотлоогүй. Нэхэмжлэгчид сонгуулийн хороонд орж ажиллахаас татгалзах үндэслэл байгаагүй. Ажлаа хийсний төлөө ажлаас халсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байгаа.
Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Н.Ад сахилгын шийтгэл ногдуулах тухай 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/45 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр Н.Аг эгүүлэн томилуулах, 2021 ооны 02 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй хугацааны цалинг гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Нямсүрэнгийн Алдармааг Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Хан-Уул дүүргийн сонгуулийн хороонд улс төрийн намыг төлөөлж ажиллуулахаар санал ирүүлсэн. Улмаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны сонгуулийн үйл ажиллагаанд Ардчилсан намыг төлөөлж Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд ажилласан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад заасан Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх” тухай төрийн албаны зарчим, 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтад заасан “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг. хэлбэрээр оролцохгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүрэгтэй нь шууд ба шууд бусаар холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно” гэсэн заалт, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан ‘Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1.6-д заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн хувьд төвийг сахиж, улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа нөлөөллөөс ангид байх” төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тус тус зөрчсөн тул Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн Б/45 дугаар тушаалаар Н.Аг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх асуудалтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14:30 цагт Хан-Уул Иргэдэд үйлчлэх төв байрны 506 тоот өрөөнд явуулах тухай мэдэгдлийг Засаг Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04/35 дугаартай бичгээр Н.Ад өгч тус өдөр сонсох ажиллагааг явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Н.Ад сахилгын шийтгэл ногдуулах тухай 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/45 дугаар тушаал гарах болсон шалтгаан нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн албан ёсны албан бичгээр 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Хан-Уул дүүргийн сонгуулийн тойрогт Б.А, Н.А, Б.М, Б.Наранцацрал нарын нэрсийг намын бүлгээс Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлсэн байгаа. Уг албан бичгийн хавсралтаар эдгээр 4 иргэний, иргэний үнэмлэхийн хуулбарыг тус тус хавсарган хүргүүлсэн.
Уг саналын дагуу 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт Н.А нь ажиллаагүй. Б.А, Б.М нар Улсын Их Хурлын дүүргийн сонгуулийн хороонд орж ажилласан. Н.А нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоолын дагуу дүүргийн сонгуулийн хорооны гишүүнээр томилогдон ажилласан. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн албан хүсэлт, санал маань тухайн 4 иргэнийг намын бүлгээ төлөөлөөд дүүргийн сонгуулийн хороонд ажиллуулах хүсэлт байдаг. Мөн тухайн иргэний хувийн бичиг баримтыг өөрсдөөс нь авч хавсаргасан гэж үзэж байна. Энэ нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны зарчим, төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг тус тус зөрчиж байна гэж үзсэний үндсэн дээр 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04/55 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч Н.Ад хүргүүлсэн. Уг мэдэгдлийн Н.А нь хүлээн авсан баримт нотлох баримтаар авагдсан. Мэдэгдэл өгсний дагуу Н.А нь хариу тайлбараа бичгээр гарган өгсөн. Сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлсөн байгаа. Н.А нь Улсын Их Хурлын сонгуулийн хороонд ажилласан нь тогтоогдоогүй, харин орон нутгийн сонгуулийн хороонд орж ажилласан байна. Энэ хүн Ардчилсан намын бүлгийг төлөөлж, нэр цохон дуудагдаж сонгуулийн хороонд ажиллаж байгаа үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан төрийн албаны зарчим, 7 дугаар зүйлийн 7.1.3-д улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх гэсэн зарчмыг зөрчсөн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, 37.1.4-д улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх гэсэн үүрэг, 39 дүгээр зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл, 39 дүгээр зүйлийн 39.1.5-д улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох гэсэн заалтуудыг зөрчсөн. Тангараг өргөсөн төрийн албан хаагч маань Ардчилсан намын бүлгийн ирүүлсэн саналын дагуу бичиг баримтаа хавсарган ирүүлсэн байгаа нь төрийн албаны зарчим, төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлүүдийг тус тус зөрчөөд байна гэж үзсэний үндсэн дээр 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт гарсан байна. Эдгээр ажиллагаа хийгдсэний дараа дээрх зөрчлийг гаргасан гэж үзэж, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/45 дугаар тушаал гарч сахилгын шийтгэл ногдуулсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Н.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.А тус шүүхэд хандаж “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б\45 дугаар тушаалыг хүчингүй болгуулж өмнө гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хяналт шинжилгээ-үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, мөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалинг гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн албан бичгийн дагуу Улсын Их хурлын сонгуулийн Хан-уул дүүргийн тойрогт ажилласан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тодорхойлсныг хариуцагчаас “...Төрийн албаны хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид хориглох заалтыг зөрчсөн..., шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой...” гэж тайлбарлан маргаж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б\45 дугаар бүхий “Н.Ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн “...тус дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хяналт шинжилгээ-үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Н.А нь төрийн захиргааны албан хаагч улс төрийн аливаа нам эвслийн үйл ажиллагаанаас ангид байх зарчмыг үл баримтлан Хан-Уул дүүрэг дэх Ардчилсан намын төлөөлөл болж Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны гишүүнээр ажилласан нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, нийтлэг үүрэг, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг тус тус зөрчсөн байх тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай...” гэж шийдвэрлэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална”, 7.1.3-д “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх” 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:” 37.1.4-д “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх”, 39 дугаар зүйлийн 39.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 39.1.5-д “улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох” гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, 48.1.3-т “төрийн албанаас халах” гэж тус тус заасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Батхуягаас 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар бүхий “Санал хүргүүлэх тухай” албан бичгийг Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдэд хүргүүлсэн байх ба уг албан бичигт Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Хан-Уул дүүргийн сонгуулийн тойрогт Н.А нарын нэр бүхий 4 хүнийг ажиллуулах санал хүргүүлж хавсралтаар тэдгээр иргэдийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хүргүүлсэн,
Уг албан бичиг нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэгт албан ёсоор ирээгүй болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон,
Дээрхи албан бичгийн дагуу Н.А нь Улсын Их хурлын сонгуулиар Дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд орж ажиллаагүй болох нь түүнтэй хамт сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд ажилласан гэх гэрч Б.А, Б.М нарын мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, харин Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэнгээс Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдод хүргүүлсэн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01\299 дүгээр албан бичгийн дагуу Аймаг, Нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар Дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд орж ажилласан болох нь уг албан бичгийн хавсралтаар тогтоогдсон,
Түүнчлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б, мөн хэлтсийн Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Н.С нараас “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт” гаргасан байх ба уг дүгнэлтэд “...Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд ажиллуулахаар Хан-уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс хүргүүлсэн саналын дагуу дүүргийн Сонгуулийн хорооны гишүүнээр ажилласан Н.Агийн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 7.1.3, 37.1.4, 39.1.5...г зөрчсөн байх тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлт гаргаж байна” гэж дурджээ.
Үүнээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгч Н.Аг буруутгаж буй үндэслэлээ “...Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд хүргүүлсэн “Санал хүргүүлэх тухай” албан бичиг, энэ албан бичгийн дагуу Сонгуулийн хороонд ажилласан нь төрийн албан хаагчийн хориглох зүйлийг зөрчсөн...” гэж тайлбарлаж байх боловч тухайн албан бичгийг явуулсан болон хүлээн авсан байгууллагуудын хоорондын харилцаанд Н.А оролцсон эсэх, хэрэв оролцсон бол ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр хэрхэн оролцсон, энэ нь нэхэмжлэгчийн хувьд ямар буруутай болохыг шалгаж тогтоогоогүй атлаа нэхэмжлэгчийг зөвхөн “иргэний үнэмлэхээ гаргаж өгсөн” гэх үндэслэлээр буруутгах нь учир дутагдалтай гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, тухайн албан бичгийн дагуу нэхэмжлэгч нь Улсын Их хурлын сонгуульд Дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд орж ажиллаагүй, харин Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэнгээс Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдод хүргүүлсэн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01\299 дүгээр албан бичгийн дагуу Аймаг, Нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар Дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд орж ажилласан нь Аймаг, Нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “Аймаг, сум дүүргийн сонгуулийн хороо болон сонгуулийн хэсгийн хороодын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулна” гэж заасантай нийцсэн, энэ нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болон мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчөөгүй, нөгөө талаар нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбараа Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэгт гаргаж өгөөгүй гэж тайлбарласан байхад түүнийг сахилгын шийтгэл хүлээхүйц зөрчил, тэр дундаа төрийн албанаас халах зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.” гэж, мөн “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журам”-ын 1.4-т “хууль зүйн үндэслэлтэй байх”, 1.6-д “төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна”, 6.1-д “албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол...төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж тус тус заасан.
Хууль болон журмын дээрхи заалтуудаас үзвэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Н.А зөрчил гаргасан эсэх, зөрчил гаргасан бол чухам ямар зөрчил гаргасан нь тодорхой нотлогдоогүй байхад хариуцагч нь түүнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийн дээрхи заалтуудыг зөрчсөнөөс хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт нь бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгч Н.Ад 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 01/805 тоот “Өргөдөл, гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгийг өгсөн байх ба үүнээс хойш 30 хоногийн дотор буюу 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Үүнээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баас шүүх хуралдаанд гаргасан “...Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан...тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлөөс гомдлын хариуг хүргүүлснээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдах тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б\45 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй, мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хяналт шинжилгээ-үнэлгээ хариуцсан мэргэжилтний орон тоо сул байгаа нь тогтоогдсон тул тухайн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар хариуцагчаас ажилгүй хүлээлгэсэн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны олговорт 7,824,177 төгрөг /долоон сая найман зуун хорин дөрвөн мянга нэг зуун далан долоо/-ийг гаргуулан, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Аймаг, Нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б\45 дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.Аг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хяналт шинжилгээ-үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговорт 7,824,177 төгрөг /долоон сая найман зуун хорин дөрвөн мянга нэг зуун далан долоо /-ийг хариуцагчаас гаргуулж энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН