Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 128/2024/0373/З |
Дугаар | 221/МА2024/0565 |
Огноо | 2014-08-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2024/0565
“Э******* т*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гомдол гаргагчийн төлөөлөгч Ж.Ш*******
Гомдол гаргагч: “Э******* т*******” СӨХ /РД:*******/
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт дотоод аудитын тасгийн улсын байцаагч Д.Э*******
Гуравдагч этгээд: Б.Н*******
Гомдлын шаардлага: “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт дотоод аудитын тасгийн улсын байцаагч Д.Э*******гийн үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0042720 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0502 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Алтантуяа
Хариуцагч Д.Э*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярхүү
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2024/0373/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Э******* т*******” СӨХ-ноос Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт дотоод аудитын тасгийн улсын байцаагч Д.Э*******д холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт дотоод аудитын тасгийн улсын байцаагч Д.Э*******гийн үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0042720 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0502 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1, 4.3 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.5-д заасныг тус тус баримтлан “Э******* т*******” СӨХ-ны гаргасан гомдлын шаардлагаас Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын газрын улсын байцаагч Д.Э*******гийн гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0042720 дугаар шийтгэлийн хуудасны “Э******* т*******- СӨХ-г 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан хэсэгт холбогдох гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гомдлын шаардлагын үлдэх хэсэг болох 4,811,364,72 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэх аргах хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: гомдол гаргагчийн төлөөлөгч Ж.Ш******* дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт “... тус шүүхийн дээрх шийдвэрээр “Э******* т*******” СӨХ нь ажил олгогч мөн боловч хариуцагч нь зөрчлийн хэргийн холбогдогчийг зөв тогтоогоогүй” гэж дүгнэсэн үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтуудыг шүүх дахин нотлох шаардлагагүй бөгөөд шүүхийн дээрхи шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна” гэж “Э******* т*******” СӨХ-ны өмнөх шүүхийн шийдвэрээр холбогдогчоор тогтоосон мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.
Гэтэл хүчин төгөлдөр болсон гэгдсэн шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.20 дугаарт “Иймээс “Э******* т*******” СӨХ нь ажил олгогчийнхоо хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч байх боломжтой” гэж, 1.21-д “Хөдөлмөрийн тухай хуулийн ...з аалтад ажил олгогч гэж гэж заахдаа хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг тухайлан дурдаагүй байх боловч ... сууц өмчлөгчдийн холбоо нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч болохынхоо хувьд ажил олгогч гэх ойлголтын гадна үлдэхгүй, 1.22-т “Тиймээс хариуцагч нь дахин шинэ акт гаргахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогчийг зөв тогтоох шаардлагатай” гэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогчийг зөв тогтоох талаар дүгнэлт хийсэн байхад шийдвэрт “Э******* т*******” СӨХ-г холбогдогчоор тогтоосон мэтээр буруу дүгнэсэн байна.
Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч “Э******* т*******” СӨХ байх боломжтой, холбогдогчоо зөв тогтоох шаардлагатай гэсэн дүгнэлтийг “Э******* т*******” СӨХ-ны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогчоор тогтоосон мэтээр буруу дүгнэж, дахин нотлохгүй гэх дүгнэлт хууль зөрчсөн байна.
3.2. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг иргэний эрх зүйн харилцааны оролцогч болж болно, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын дээд шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Сууц өмчлөгчдийн холбоог шүүхэд нэхэмжлэл гаргах, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох эрхтэй” гэж СӨХ нь зөвхөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохыг тайлбарласан байдаг.
Сууц өмчлөгчдийн холбоог Хөдөлмөрийн хуульд заагаагүй ч Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх хууль баримтлан ажил олгогч гэж үзэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал хэдий ч Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх заалт, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “холбогдогч нь хуулийн этгээд, хүн байна” гэх заалтуудаар Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй байх тул “Э******* т*******” СӨХ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч байх боломжгүй байна.
3.3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нийгмийн даатгал төлөгдөөгүй гэх гомдол гаргагч Б.Н******* нь даатгалаа сайн дураар төлдөг учраас зогсоол ажиллуулж нэмэлт орлогоороо даатгалаа төлнө гээд нэмэлт орлого олж байсан болох нь Б.Н*******гийн дансны хуулга, “Э******* т*******” СӨХ-д тохиролцсоны дагуу зогсоолоос олсон орлогын 50 хувь гэж мөнгө шилжүүлж байсан болох нь “Э******* т*******” СӨХ-ны дансны хуулгуудаар тус тус тогтоогдож байгаа болно.
Б.Н******* нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халагдсанаа мэдмэгцээ өс санан даатгал төлөөгүй гэж анх сайн дураар төлдөг, сайн дураар төлдөг учраас зогсоолын нэмэлт орлого олж төлж байя гэж тохиролцсоноосоо өөр худал гомдол гаргасан байдаг болно.
3.4. Мөн тус шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “... Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйл, 1-д зааснаар тус СӨХ-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй” гэх дүгнэлт нь хуулийн этгээдийн эрхгүй СӨХ-д хуулийн этгээдэд ногдуулах шийтгэл оноосныг зөвтгөж буруу дүгнэсэн байна. СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй тул хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад шийтгэл ногдуулахдаа иргэнд оногдуулдаг шийтгэлийг оноодог зарчимтай боловч Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй хуулийн дагуу дээрхи шийтгэлүүдээс алийг нь ч оноох боломжгүй байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0042720 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Гомдол гаргагч “Э******* т*******” СӨХ-ноос Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт дотоод аудитын тасгийн улсын байцаагч Д.Э*******д холбогдуулан “... улсын байцаагч Д.Э*******гийн үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0042720 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасан.
3. Гомдол гаргагчийн хүчингүй болгуулахыг хүссэн, эрх бүхий албан тушаалтан Д.Э*******гийн үйлдсэн дээрх шийтгэлийн хуудсаар ... нийгмийн даатгалын тайланг тайлагнаагүй, шимтгэлийг төлөөгүй гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1-д заасны дагуу “Э******* т*******” СӨХ-г 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, 4,811,364.72 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авчээ.
4. Анхан шатны шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн үйл баримтад холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
5. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно.”, 10.17 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч хуульд зааснаар албан журмын нийгмийн даатгалд хамрагдаагүй бол ... хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”,
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ““ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг;”,
Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д “нийгмийн даатгалын шимтгэл” гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч, ажил олгогч, төрөөс энэ хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг;”, 4.1.11-д ““нийгмийн даатгалын шимтгэл төлөгч” гэж энэ хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд шимтгэл төлөх үүрэг хүлээсэн даатгуулагч, ажил олгогч, төр, хуулийн этгээдийг;”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.4-т заасан нийгмийн даатгалын төрөлд дараах Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан журмаар даатгуулна: гээд 7.2.1.өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан;”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Даатгуулагч, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнд дараах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамааруулна: гээд 19.1.3.ажил олгогчоос даатгуулагчид мөнгөн хэлбэрээр олгосон хоол, унаа, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, орон сууцны ашиглалтын төлбөр, тэдгээртэй адилтгах бусад орлого, сар, улирал, жилийн ажлын үр дүнг харгалзан олгосон шагнал, урамшуулал;”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө.”, 25 дугаар зүйлийн 25.1-д “.Ажил олгогч тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны дотор цахим, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулж, харьяалагдах нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, эсхүл нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнана.”, 32 дугаар зүйлийн 32.2-т “Ажил олгогч дараах үүрэг хүлээнэ: гээд 32.2.6.ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх;”
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д ““сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог;”, 10 дугаар зүйлийн 10.8-д “Удирдах зөвлөл дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ: гээд 10.8.5.гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн цалинг тогтоох; 10.8.8.гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх;” гэж тус тус заажээ.
6. Хуулийн дээрх зохицуулалтыг уялдуулан тайлбарлавал, сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй боловч хуульд заасан нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх зарчмын үүднээс ажил олгогч мөн байна.
Энэ утгаараа хувь хүнтэй аливаа хэлбэрээр хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн тохиолдолд хуулиар тогтоосон шаардлагын дагуу хөдөлмөрийн, эсхүл ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулах, улмаар ажилтанд олгосон хөдөлмөрийн хөлснөөс нийгмий даатгалын хууль тогтоомжийн дагуу шимтгэл төлж, энэ тухай харьяа нийгмий даатгалын байгууллагад тайлагнах, энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд тооцогдохоор тус тус хуульчлагджээ.
Тодруулбал, эрх зүйн байдлын хувьд “хуулийн этгээдийн эрх эдлэхгүй” гэж Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан боловч Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус зааснаар Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн бол аливаа этгээдэд тохирох шийтгэл ногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд гомдол гаргагчийн хувьд нэгэнт зөрчил үйлдсэн нь тогтоогдсон дээрх тохиолдолд, дээрх үндэслэлээр хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэлгүй ба энэ нь “хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх” зарчимд хамаарахгүй.
7. Баянгол дүүргийн 7 дугаар хороонд оршин суугч Б.Н*******гээс ... 2019 оны 7 сараас “Э******* т*******” СӨХ-д үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй, зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү ... гэх агуулгаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан гомдлын дагуу эрх бүхий албан тушаалтан Д.Э******* зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0042720 дугаар шийтгэлийн хуудас үйлдэж, “Э******* т*******” СӨХ-г Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн 500,000 төгрөгөөр торгосон нь дээрх хуульд нийцжээ.
8. Харин Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж зааснаас үзэхэд, тус хуулийн 10.17 дугаар зүйлийн 1-д албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар тусгайлан зохицуулаагүй тул эрх бүхий албан тушаалтан хохирол нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Нөгөөтээгүүр, эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авахуулах тухай” даалгавар үйлдэж, Б.Н*******гийн 2019 оны 7 дугаар сараас 2023 оны 11 дүгээрийг сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тайлагнаж, төлөгдөөгүй шимтгэл, алданги, торгуулийг төлж, зөрчлийн үр дагаврыг арилгахыг “Э******* т*******” СӨХ-ны гүйцэтгэх захиралд даалгаж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
9. Энэ тохиолдолд “… нийгмийн даатгалын шимтгэлээ Б.Н******* өөрөө төлөхөөр тохиролцсон, СӨХ хуулийн этгээдийн эрхгүй байхад зөрчлийн хэргийн холбогдогч мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй, СӨХ-д Зөрчлийн хуулиар шийтгэл ногдуулах боломжгүй” гэх гомдол гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
10. Анхан шатны шүүх дээрх байдлаар холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ