Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 108

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч  С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:       

 

              Улсын яллагч                                          Д.Нямдэлэг                 

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Д.Даваасүрэн    

              Хохирогч                                                  Ж.Батбаяр

              Нарийн бичгийн дарга                            С.Энхтайван   нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Палам овогт Рэнзэндоогийн Жамъянд холбогдох 201618000210  тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1955 оны 12 дугаар сарын 30-нд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, эрэгтэй, 61 настай, тусгай дунд боловсролтой, ХАА-н механикч, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р баг, Партизаны 5-р гудамж 18 тоотод оршин суух хаягтай, Одоо Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 2б-гийн 178  тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ өндөр настны тэтгэвэрт байсан, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрал бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Палам овогт Рэнзэндоогийн Жамъян, /РД:МА-55123012/,Шүүгдэгч Р.Жамъян нь 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 09 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт Арангатын даваа гэх газар 95-74 УНО улсын дугаартай цагаан өнгийн “Аксент” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.2 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарган онхолдож улмаар Р.Лхагваагийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан, зорчигч Ж.Баасанхүүгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлох н Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Р.Жамъянгийн 2016 оны 08-р сарын 03-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   ...Би 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос 95-74 УНО улсын дугаартай цагаан өнгийн “Аксент” маркийн тээврийн хэрэгслээр эхнэр Баасанхүү, дүү Лхагва, хүргэн Жамсран, дүү Сүрэн нарын хамт гараад Сэлэнгэ аймаг Алтанбулаг суманд орой 18 цагийн үед ирсэн. Бид нар гэр бүлээрээ Алтанбулаг сумын наадмыг үзчихээд Алтанбулаг суманд 3 хоносон. Суманд байдаг ах дүү нарынхаараа орцгоосон. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед манай ах Мягмарсүрэнгийн гэрт эхнэр Баасанхүү, хамт явсан дүү нартайгаа орой 23 цг хүртэл монгол архи ууцгаасан. Орой унтаж амраад маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн үед эхнэр, дүү нарын хамт машинтайгаа Алтанбулаг сумаас хөдөлцгөөсөн. Замд явж байхад 09 цаг болж байсан “Арангатын даваа”-г даваад замын тойрог хэсэг дээр явж байхад машины рүль удирдлагагүй болоод огцом замын хажуу руу ороод мод мөргөөд нэг мэдсэн машин зогссон байсан. Арын суудал дээр Сүрэн, Жамсран, Лхагва 3 суугаад манай эхнэр Баасанхүү нь миний хажууд сууж байсан. Машинаас Жамсран гараад захад сууж байсан Лхагвааг гаргаад дараа нь Сүрэнг гаргасан. Урд сууж явсан Баасанхүү нь машины дээд талын дээвэр хэсэг дотогшоо цөмөрсөн байсан ба тэр дунд ухаангүй хавчуулагдсан байсан. Би рүльний ард бас дээврийн хэсэгт дарагдсан байсан. Замаар явж байсан хүмүүс бидэнд тусалж машины хаалгыг лоом, төмрөөр хөшиж онгойлгоод талийгаач Баасанхүүг машинаас гаргаж ирсэн. Би сүүлд нь жолоочийн талын хаалгаар бас тэнд байсан хүмүүсийн тусламжтай гарсан. Машинаас гараад 1 цаг орчмын дараа эмнэлгийн ажилтан болон Цагдаагийн ажилтан нар ирээд талийгаач эхнэр Баасанхүүг эмнэлэг аваад аймаг руу авч явсан, би осол болсон газраа үлдсэн. Цагдаагийн ажилтан нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Би урд өдөр нь буюу 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ах дүү нартайгаа нийлээд 3-4 литр монгол архи ууцгаасан. Өөр спиртийн төрлийн архи, пиво, эм бэлдмэл бол хэрэглээгүй. Бид нарын явж байсан чиглэлд болон эсрэг урсгалаас тээврийн хэрэгсэл байгаагүй. Зам дээр ямар нэгэн хөдөлгөөнд саад болох хонхор, нүх зэрэг байгаагүй. Хүн мал амьтан бас байхгүй хөдөлгөөн ч байхгүй байсан. Би Улаанбаатар хотод манай охин ухаан алдаад Шархадны эмнэлэгт очсон гэж утсаар манай хүргэн ярихаар нь яараад гарсан юм. Тэрнээс надад ямар нэгэн санаа зорилго байхгүй. Замд явж байгаад гэнэт л 2 тийшээ дайвалзаад тэгээд шууд замаас гараад мод мөргөөд л зогссон байсан. Би тухайн үед тормос гишгэсэн санагдаж байна. Би талийгаач Баасанхүүтэй анх 1974 онд танилцаж 1976 онд албан ёсоор гэр бүл болж батлуулж байсан. Талийгаач Баасанхүү бид 2 дундаасаа 2 хүү, 2 охинтой 40 жил хамт амьдарч байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 104-р ху/,

2.Шүүгдэгч Р.Жамъянгийн 2016 оны 08-р сарын 26-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос 95-74 УНО улсын дугаартай цагаан өнгийн “Аксент” маркийн тээврийн хэрэгслээр эхнэр Баасанхүү, дүү Лхагва, хүргэн Жамсран, дүү Сүрэн нарын хамт гараад Сэлэнгэ аймаг Алтанбулаг суманд орой 18 цагийн үед ирсэн. Ингээд бид нар гэр бүлээрээ Алтанбулаг сумын наадмыг үзчихээд Алтанбулаг суманд ах дүү нарынхаараа 3 хоносон. 2016 оны 07 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн үед эхнэр, дүү нарын хамт машинтайгаа Алтанбулаг сумаас хөдөлцгөөсөн. Замд явж байхад 09 цаг болж байсан “Арангатын даваа”-г даваад замын тойрог хэсэг дээр явж байхад машины үрүүл удирдлагагүй болоод огцом замын хажуу руу ороод мод мөргөөд нэг мэдсэн машин зогссон байсан. Машинаас Жамсран гараад захад сууж байсан Лхагвааг гаргаад дараа нь Сүрэнг гаргасан. Урд сууж явсан Баасанхүүгийн дээрээс машины дээд талын дээвэр хэсэг дотогшоо цөмөрч ороод ухаангүй байдалтай байсан. Ингээд замаар явж байсан хүмүүс бид нарт тусалж намайг машинаас гаргасан юм. Тэгээд 1 цаг орчмын дараа цагдаа болон эмнэлгийн байгууллагын ажилтан нар ирцгээсэн. Машины рүль удирдлагагүй болоод рүль хатуу болоод ямар нэгэн удирдлагагүй болсон. Рүль ямар ч хөдөлгөөнгүй эргүүлж болохгүй болоод машин дайвалзаад эхлэхээр нь “за болохоо болилоо” гэж хэлж дуусаагүй байхад модны доогуур орчихсон. Тоормоз гишгэсэн боловч амжаагүй мод мөргөсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 107-р ху/,

3.Шүүгдэгч Р.Жамъян шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Хэрэг болох өдрийн урд өдөр нь жаахан архи уусан байсан. Маргааш нь хотод хүүхдийн бие муудлаа гэхээр нь яаралтай явах шаардлагатай болсон. Арангатын даваагаар давах үед машин дайвалзаад жолоо нь залагдахаа больсон. Тэр чигээрээ замын хажуу руу орон газарт унасан байсан. Бүдүүн модны мөчир лүү шигдэж очсон. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, осол аваар гарах үед машинаа зогсоох арга хэмжээ аваагүй гэм буруутай. Надад оногдуулах ялыг  хөнгөрүүлэн өгнө үү....гэх мэдүүлэг,

4.Хохирогч Ж.Батбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би  тэр өдөр өглөө  07 цагт Налайхаас Хот руу гарсан. 07 дугаар сарын 24-нд эмэгтэй дүүгийн маань бие муу байна гэж намайг дуудсан. Шөнө байсан болохоор би шөнөдөө гарч амжаагүй өглөө нь гарсан юм. Түүнээс хойш утас нь холбогдохгүй болсон. Манай хүргэн дүү Жамсран ах танай хэдийг осолд орсон байна гэж утсаар хэллээ гэж надад хэлсэн. Би дүүгээ эмнэлэгт хүргэж өгчихөөд наашаа гарсан. Намайг энд ирэхэд аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон байсан. Тэгээд ээжийг хот руу гэмтлийн эмнэлэгт аваачсан боловч ухаан ороогүй байсаар нас барсан. Аавдаа гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Битүүмжлэгдсэн машиныг миний нэр буцаан өгнө үү гэж хүсч байна ...гэх мэдүүлэг,

            5.Хохирогч Ж.Батбаярын 2016 оны 08-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн үед би ээж Баасанхүүтэй утсаар ярихад “одоо Алтанбулаг сумаас гарах гэж байна” гэж ярьсан. Би Налайх дүүргээс гараад дүүг эмнэлэгт хэвтүүлэх гээд төв рүү орсон. Намайг хотын төвд байхад Батжаргал гээд манай бага хүргэн миний гар утас руу 10 цагийн үед залгаж “Жамсран ах ярьж байна, замдаа аваарт орсон байна” гэж хэлэхээр нь би утсаа салгаад аавын дүү Жамсран ах руу залгаж юу болсон талаар асуухад “Арангатын даваан замд жолоодлого алдаад замын хажуу руу орчихлоо” гэж ярьсан. Би дүүг шар хаданд хэвтүүлчихээд 15 цагийн үед Сэлэнгэ аймаг руу явах замын машинд суугаад орой 10 цагийн үед аймагт ирсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд талийгаач ээж Баасанхүү нь тархины хагалгаанд орсон байсан. Аймгийн эмнэлэгт 2 хоноод 2016 оны 07 дугаар сарын 26-ны үүрээр 05 цагийн үед Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Улаанбаатар хотод өдөр 12 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвд очсон. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт орж эмчилгээ хийлгэж байгаад 12 цаг 35 минутын үед нас барсан. Осолд орсон тээврийн хэрэгсэл манай ээж талийгаач Баасанхүүгийн нэр дээр байдаг. Аав, ээж хамтран эзэмшдэг. Надад гаргах санал, гомдол байхгүй. Нэг гэр бүлийн хүмүүс болохоор аавыгаа хэрэгтэн болгомооргүй байна. Аав, ээж хоёр 40 гаран жил хамт амьдарч байсан. Уг осол аваарыг санаатай хийсэн гэж бодохгүй байна. Аавдаа ямар нэгэн байдлаар буруу өгмөөргүй байна. Гэр бүл хамаатан садангын хүмүүсээс санал гомдол байхгүй гэж бичгээр бүгдээрээ бичиж өгсөн байгаа. Аав Жамъянд ял битгий оногдуулаарай гэж хууль хяналтын байгууллагад хандаж хүсмээр байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р ху/,

6.Хохирогч Р.Лхагваагийн 2016 оны 08-р сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 19-ний өглөө ах Жамъян, эгч Баасанхүү, Сүрэн, Жамсран нарын хамт явж байгаад Сэлэнгэ аймгийн “Арангатын даваа” гэх газар өнгөрөөд явж байтал машин мурилзаад явж байгаад замын хажуу талын бургас руу орох шиг болсон нэг мэдэхэд осол болсон байсан. Би сайн санахгүй байна....гэх мэдүүлэг, /хх-ийн  30-р ху/,

7.Гэрч Р.Лхагвын 2016 оны 08-р сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний биеийн нурууны хэсэгт нуруу хугарсан, 2 хавирга мултарсан байсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р ху/,

8.Гэрч Р.Сүрэнгийн 2016 оны 08-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   ...2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос нөхөр Жамсран, ах Жамъян, бэр эгч Баасанхүү, дүү Лхагва нарын хамтаар Жамъян ахын машинтай өдөр 11 цагийн үед гараад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 17 цагийн үед ирсэн. Алтанбулагийн наадмыг үзэх гэж гэр бүлээрээ ирцгээсэн юм. Алтанбулагийн наадмыг үзэж сонирхчихоод 2016 оны 07 дугаар сарын 23-ны орой манай том ах Мягмарсүрэнгийн гэрт нь ах Жамъян, дүү Лхагва, бэр эгч Баасанхүү нар нь ахынд монгол архи ууцгаасан гэж маргааш нь хэлсэн. Би тэр үед нөхөр Жамсрангийн хамт дүүгийндээ байсан. 2016 оны 07 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн үед Улаанбаатар хот явах гээд бид нар Алтанбулагаас гарцгаасан. Замд Арангатын даваа орчим явж байхад гэнэт машин нь чичрээд дайвалцаад эхлээд замаас гараад замын хажууд байсан модыг очиж мөргөөд зогссон. Манай нөхөр Жамсран нь зүүн талын арын хаалгаар гарч замын хүмүүс бидэнд тусалж машинд байсан хүмүүсийг гаргаж ирсэн. Талийгаач Баасанхүү нь машины урд жолоочийн баруун талд ухаангүй байсан. Машины дээвэр хэсэг нь дотогшоо цөмөрсөн талийгаач нь хавчуулагдсан байдалтай суудал дээрээ хөдөлгөөнгүй байсан. Эмнэлгийн ажилтан ирээд талийгаачид үзлэг хийгээд Аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч явахад талийгаачтай хамт ирсэн. Би тээврийн хэрэгслийн арын суудалд дээр голд нь суугаад манай нөхөр Жамсран зүүн талд, дүү Лхагва зүүн талд сууж байсан. Талийгаач нь жолоочийн хажуу талын урд суудал дээр суугаад тээврийн хэрэгслийг ах Жамъян нь барьж явж байсан. Миний харснаас Жамъян ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн харагдаагүй, урд өдөр нь ах дүү нартайгаа монгол архи ууцгаасан гэж ярьсан. Надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Надад тухайн үед баруун гарт хавантай байсан өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,

9.Гэрч Р.Мягмарсүрэнгийн 2016 оны 08-р сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 1998 оноос хойш өдийг хүртэл эхнэр Ягааны хамт Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 2-р баг Солдат 2-07 тоотод амьдарч байна. Манайх эцэг эхээс 8-уулаа. Би хамгийн том ах нь Жамъян болохоор миний 3 дахь дүү юм. Болсон хэрэг явдлын хувьд бол 2016 оны 07 дугаар сарын 19-ний өглөө Жамъян нь над руу Улаанбаатар хотоос эхнэр, дүү нарын хамт гарч байна гэж ярьсан. Орой нь хэдэн цагийн үед ирсэн болохыг мэдэхгүй байна. Алтанбулаг сумын наадам маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр болсон. Жамъян дүү нар наадмын дараа хэд хоног манайд амарч байгаад 2016 оны 07 дугаар сарын 24-ний өглөө Улаанбаатар хот руу явсан. Урд нь өдөр нь орой манай гэрт дүү Жамъян, эхнэр Баасанхүү нарын хамт монгол архинаас ууцгааж ойр зуурын юм ярилцаж байгаад унтаж амарцгаасан. Би тэр хэдийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Алтанбулаг сумаас гараад замдаа “Арангатын даваа” гэх нэртэй газар осолд орсон талаар нь хэлсэн. Тэрнээс өмнөх өдрүүдэд мэдээгүй байсан. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/,

10.Гэрч Д.Жамсрангийн 2016 оны 08-р сарын 04-ний  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би өөрийн эхнэр Сүрэн, хадам Жамъян, эхнэр нь Баасанхүү, хадам дүү Лхагва нарын хамт Жамъян ахын машинтай Улаанбаатар хотоос 2016 оны 07 дугаар сарын 19-ний өглөө 11 цагийн үед гараад Сэлэнгэ аймаг Алтанбулаг суманд орой 18 цагийн үед ирсэн. Бид нар гэр бүлийн хамт Алтанбулаг сумын баяр наадмыг үзэх гэж ирцгээсэн. Баяр наадмыг үзэж сонирхоод 2016 оны 07 дугаар сарын 23-ны орой би эхнэрийн хамт дүүгийнд байсан. Хадам ах Жамъян, эхнэр Баасанхүү, хадам дүү Лхагва нар нь Мягмарсүрэн ахын гэрт нь монгол архи ууцгаасан . Би тэр талаар нь маргааш буюу 2016 оны 07 дугаар сарын 24-ний өглөө мэдсэн. Өглөө 08 цагийн үед бид нар хот буцах гээд Алтанбулаг сумаас хөдлөөд явж байхад аймгаас гараад “Арангатын даваа” гэх газар машин гэнэт дайвалзаад чичрээд  замаас гараад замын хажуу талын модыг мөргөөд зогссон. Мод мөргөж зогсоод би хамгийн түрүүнд тээврийн хэрэгслийн арын суудлын зүүн талаас хаалганы шил хагарсан хэсгээр нь гарч замын унаа зогсоогоод тусламж гуйсан. Тэгээд эхнэр Сүрэн, хадам дүү Лхагва нарыг хүмүүсийн тусламжтай гаргаж ирсэн. Хадам эгч Баасанхүү нь тээврийн  хэрэгслийн урд талын суудал дээр ухаангүй байдалтай байсан. Тээврийн хэрэгслийн дээд талын хэсэг нь дотогшоо цөмөрч орсон хэлбэр дүрсээ алдсан байдалтай байсан. Талийгаачийн сууж байсан урд талын хаалгыг лоомоор хөшиж онгойлгож талийгаачийг гаргаж ирээд хэвтүүлсэн. Цаг гаран минутын дараа эмнэлгийн ажилтан болон цагдаагийн ажилтан нар ирцгээсэн. Талийгаач Баасанхүүг манай эхнэр Сүрэнгийн хамт Аймгийн нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан. Би тээврийн хэрэгслийн жолоочийн талын арын суудал дээр суугаад манай эхнэр Сүрэн голд нь ,цаад талд нь хадам дүү Лхагва , урд талын жолоочийн хажуу талд хадам эгч Баасанхүү, жолоог хадам ах Жамъян нь барьж явж байсан. Надад бол архи үнэртэж мэдэгдсэн зүйл байхгүй. Надад санал гомдол мэдэгдсэн зүйл байхгүй. Тухайн үед осолд орсны дараа надад ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 34-р ху/,

11.Гэрч Р.Лхагвын 2016 оны 08-р сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний биеийн нурууны хэсэгт нуруу хугарсан, 2 хавирга мултарсан байсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р ху/,

12.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2016 оны 08-р сарын 11-ний өдрийн  № 1385 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Талийгаач Ж.Баасанхүүгийн биед зүүн чамархайн яснаас доош суурийн дунд хонхор луу үргэлжилсэн шугаман хугарал, цээжний баруун талд 3,4-р хавирга зүүн талд 3,4,5-р хавирга, өвчүү ясны хөндлөн далд хугарал, баруун чамархайн суурийн тархины эдийн няцрал, тархины 2 тал бөмбөлгийн зулай дагзны зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, толгойн хуйх, баруун зүүн чамархайн булчин, хавирганы булчин, баруун чихний дэлбэнд цус хуралт, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.         

    2. Дээрх гэмтэл авто ослын үед мөргөлдөх, цохигдох, хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

    3. Ж.Баасанхүүгийн цус нь АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна.

     4. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

    5. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. гэх дүгнэлт,/хх-ийн 51-р ху/,

            13.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2016 оны 07-р сарын 28-ны өдрийн  № 6549 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

       1. Шинжилгээнд ирүүлсэн Р.Жамъянгийн гэх цус нь 5 мл байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

      2. Шинжилгээнд ирүүлсэн Р.Жамъянгийн гэх цусанд 0,9 промилли спиртийн агууламж илэрч байна.

      3. Цусан дахь 0,9 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.  гэх дүгнэлт, /хх-ийн 61-р ху/,

14.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2016 оны 07-р сарын 26-ны өдрийн  № 321 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:    

1.Р.Сүрэнгийн биед гарын сарвуу, хуруунд цус хуралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн улмаас үүсгэгдэх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт /хх-ийн 66-р ху/,

15. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2016 оны 07-р сарын 26-ны өдрийн  № 322 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:    

1.Д.Жамсрангийн биед чихний гадна дэлбэн, дал, мөр, бугалганд цус хуралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн улмаас үүсгэгдэх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт /хх-ийн 69-р ху/,

16. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2016 оны 07-р сарын 26-ны өдрийн  № 320 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:    

1.Р.Жамъянгийн биед мөрөнд зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн улмаас үүсгэгдэх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт /хх-ийн 72-р ху/,

17. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2016 оны 08-р сарын 05-ны өдрийн  № 10490 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:    

1.Р.Лхагваагийн биед сээрний 9-р нугалмын далд хугарал, мултрал, сээрний 10-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний 6,7,8,9,10-р нугалмуудын хөндлөн сэртэнгийн далд хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 75-р ху/,

18. Автомашин техникийн үнэлгээний тайлан 2016 оны 08-р сарын 08-ны өдрийн  эвдрэл, хохирлын үнэлгээ:    

 

        Эвдэрсэн эд анги,

            зардлын нэр

Эвдрэлийн зэрэг

Үнэлгээ

Үнэлгээний тайлбар

1

Кузов /дан/

      Их

200,000

Солих

2

Салхины шил /урд/

      Их

60,000

Солих

3

Крыло /баруун урд/

      Их

35,000

Солих

4

Крыло /зүүн урд/

      Их

35,000

Солих

5

Хаалга ком 4ш

      Их

300,000

Солих

6

Толины суурь

      Их

15,000

Засах

7

Капут

     Дунд

25,000

 

8

Шууд зардлын дүн:

 

670,000

 

 

 

 

 

 

 

100 гр будаг, тус-мат, лак

Өнгө гаргах

80,000

Материалын үнэ

 

Будах зардал

 

130,000

Ажлын хөлс

 

Эд анги солих

 

110,000

Ажлын хөлс

 

Тэнхлэг шалгуулах

 

      0

Ажлын хөлс

 

Шууд бус зардлын дүн:

 

320,000

 

 

Нийт дүн:

 

990,000

 

19.2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт № 76 тоот актын хариулт:    

1.Хюндай-Аксент маркийн 95-74 УНО дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Рэнзэндоо овогтой Жамъян нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2,7-д жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно.

а/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн.

2. Хюндай-Аксент маркийн 95-74 УНО дугаарын тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.

3.Нийтийн эзэмшлийн замд гарсан учир зам тээврийн осол мөн. Хюндай-Аксент маркийн 95-74 УНО дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Рэнзэндоо овогтой Жамъян нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2,7-д жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно.

а/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэж дүгнэлт гаргав.

20.2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт № 06 тоот актын хариулт:    

-Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудсаар Монгол Улсын стандарт Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011 шардлагыг хангаж байгаа тул тухайн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцоход техникийн хувьд бүрэн бүтэн байдал нь зөвшөөрөгдсөн байна.

-Осол гаргах үед тухайн тээврийн хэрэгсэл нь ямар нэгэн эвдрэл, гэмтэлтэй байсан гэдгийг тогтоох боломжгүй.

-Ослын улмаас эвдрэл гэмтэл үүссэн.

-Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудсаар Монгол Улсын стандарт Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011 шардлагыг хангаж байгаа тул тухайн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд хууль дүрэм журмын дагуу оролцох бөгөөд техникийн хувьд бүрэн бүтэн байдал нь осол гарахад нөлөөлөх боломжгүй.

Шүүгдэгч Р.Жамъянгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 109-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх 103-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 104-105-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 106-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 107-р ху, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 3-4-р ху/, ослын талаархи гэрэл зургийн үзүүлэлт, /хх 5-7-р ху/, хэрэг гарсан газар дээр  хийсэн хэмжилтийн бүдүүвч, /хх 7-р ху/, шүүгдэгчийн согтуурлын хэмжээг тогтоосон тодорхойлолт, /хх 13-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, /хх 16-р ху/ хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, /хх 17-р ху/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 44-46-р ху/, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зураг, /хх 49-54-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 21-24-р ху/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, /хх 24-р ху/, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, /хх 96-р ху/ шүүгдэгчийн жолооны үнэмлэх, /хх 112-р ху/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /хх 114-р ху/, хохирогчийн нас барсны гэрчилгээний хуулбар, /хх 119-р ху/, хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөний түүхийн хуулбар, /хх 128-160-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх 117-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи байдлуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Р.Жамъян нь 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 09 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт Арангатын даваа гэх газар 95-74 УНО улсын дугаартай цагаан өнгийн “Аксент” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчин тээврийн осол гарган онхолдож улмаар Р.Лхагваагийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан, зорчигч Ж.Баасанхүүгийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд хууль сануулагдан асуугдсан гэрчүүдийн мэдүүлгүүдтэй тохирч, шинжээчийн гаргасан дүгнэлт, зам тээврийн ослын акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэн зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Жамъянд холбогдох хэргийн  зүйлчлэл зөв, шүүхээс “...Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч Р.Жамъянгийн үйлдэл  нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,  мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Жамъян нь  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа  зэрэг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56-р зүйлийн 56.1.10-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн  хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж,  хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нь тэнсэж хянан харгалзах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч  Р.Жамъян нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэсэн зэргийг, мөн эд мөрийн баримтаар № 982951 дугаартай жолоочийн үнэмлэх, № 01247270 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ хураагдаж ирсэн болон 95-74 УНО улсын дугаартай, Аксент маркийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн  зэргийг дурьдах нь зүйтэй. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283,  284,  286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296,  297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Палам овогт Рэнзэндоогийн Жамъянг мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс, бусдын амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Р.Жамъянгийн тээврийн  хэрэгсэл  жолоодох  эрхийг  2 /хоёр/ жилээр  хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорьж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар Р.Жамъянд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Р.Жамъян нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн № 982951 дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын Цагдаагийн газар шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134-р зүйлийн 134.10-д зааснаар  хавтаст хэргийн 16-р хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 95-74 УНО улсын дугаартай, “Аксент” маркийн тээврийн хэрэгслийг болон эд мөрийн баримтаар хураагдсан  № 01247270 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг хохирогч Ж.Батбаярт эргүүлэн  олгосугай.

7. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Жамъянд оногдуулсан   4 /дөрөв/ жилийн  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8. Шүүгдэгч Р.Жамъянд урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.3, 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг шүүгдэгч Р.Жамъянд сануулсугай.

 10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан  Р.Жамъянд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.    

 11. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 12. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 13. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг ялтан, түүний  өмгөөлөгч хохирогч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

14.Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 306-р зүйлийн 306.1  дэх  хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН