| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 102/2018/01437/И |
| Дугаар | 181/ШШ2018/02644 |
| Огноо | 2018-12-18 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2018/02644
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х банк, А.М нарт холбогдох
Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Х банкнаас гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: О.Зоригтын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо нүхтийн 7 дугаар гудамжны 130А тоотод байрлах 60 мкв талбай бүхий хувийн орон сууц, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо нүхтийн 7 дугаар гудамжны 130A тоотод байрлах 151 мкв талбайтай өмчлөлийн газар худалдан авах нэрийдлээр А.Мнь Х банкны Баянгол дахь салбарт 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1160023144 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж хувийн орон сууц, газрыг барьцаалж зээл авсан ба О.Зоригтын орон сууц болон газрын үнэ хөлс огт төлөөгүй юм. О.Зоригтыг эрх зүйн чадамжгүй болохыг тогтоосон шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гарсан ба асран хамгаалагчаар түүний эх Б.Нийг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. О.Зоригтыг эрх зүйн чадамжгүй үедээ А.Мтай бэлэглэлийн гэрээ байгуулж хувийн орон сууц, газрыг шилжүүлснийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2015/07505 дугаар шийдвэрээр тогтоож, О.Зоригт, А.Мнарын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн газар бэлэглэх гэрээ, мөн өдрийн хувийн орон сууц бэлэглэлийн гэрээг түс тус хүчин төгөлдөр бусд тооцсон. Шүүхийн шийдвэрийн дагуу хувийн орон сууц, газраа Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх гэсэн боловч дээрхи хөрөнгүүд А.Мын Х банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд байгаа тул бүртгэл хийх боломжгүй болсон. Иймд А.М, Х банк нарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хувийн орон сууц, газар барьцаалсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Х банкнаас эрхийн улсын бүртгэлийн Ү-2206036147, Г-2206006542 дугаарт бүртгэлтэй хувийн орон сууц, газрын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х банк шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Банк нь зээлдэгч А.Мтай 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А.Мын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, нүхт 7-1, ЗОа тоот хаягт орших, улсын бүртгэлийн Ү-1206036147 дугаартай, 60 мкв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт орших улсын бүртгэлийн Г-1206006542 дугаартай, 151 мкв талбай бүхий газрыг тус тус барьцаалахаар 1160023144-01 тоот баталгаат ипотекийн гэрээг байгуулж Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасны дагуу барьцааны эрхийг зохих журмын дагуу Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гэрээ хүчин төгөлдөр болсон.
А.Мтай барьцааны гэрээ байгуулах үед барьцааны зүйлийн талаар улсын бүртгэлийн мэдээллийг буруу ташаа болохыг эсэргүүцэж гуравдагч этгээдийн зүгээс Банк, Улсын бүртгэлийн байгууллага болон шүүхэд гаргасан аливаа маргаан, гомдол, хүсэлт гаргаагүй байсан ба Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасны дагуу Банк А.Мын өмчлөлийн барьцаа хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийг үнэн зөв гэж тооцож хуулийн хүчин төгөлдөр барьцааны гэрээг байгуулсан. Иймээс барьцааны эрх хүчин төгөлдөр гэж үзэхээр байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Зээлийн хувийн хэрэг дараахь бүрдүүлбэртэй байна” гээд 23.2.3-т зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн ...улсын бүртгэлийн гэрчилгээ, ...” гэж заасны дагуу барьцаа хөрөнгийн гэрчилгээг хавсарган хувийн хэрэг хөтлөх үүргийг хуулиар хүлээсэн. Нөгөөтэйгүүр зээлдэгч А.Мөнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийж гүйцэтгээгүй байгаа учир барьцаа хөрөнгийн гэрчилгээг банк зээлийн хувийн хэрэгт хадгалах нь зүйн хэрэг.
Мөн нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00395 дугаар шийдвэр нь А.М, О. Зоригт нарын хооронд байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоноос бус А.М, Х банк нарын хооронд байгуулагдсан Баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл шүүхээс бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн нь талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээг шууд хүчин төгөлдөр бусд тооцох үр дагавар үүсгэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч А.Мшүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х банкны уг зээлийг гаргаж өгсөн эзэн холбогдогчийг олж тогтоохын тулд өөрийн байрны залилангийн хэрэгтэй хамт Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдлыг өгч эрүүгийн төлөөлөгч ахлах дэслэгч цолтой мөрдөн байцаагч З.Зундуй хэргийг хүлээн авч ажиллагаа хийхэд бэлэн болсон тул эрүүгийн хэрэг дээр эрүүгийн хоёр өмгөөлөгч ажиллаж байна. Энэ эрүүгийн хэргээс өөрсдийн 60.000.000 төгрөгийг гаргуулан авч Х банкинд төлөх төлбөрийг хуулийн дагуу шийдүүлж, газар хашааг авч өгөх болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Н нь Х банк, А.Мнарт холбогдуулан тэдгээрийн хоорондох 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206036147, Г-2206006542 дугаарт бүртгэлтэй хувийн орон сууц, газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Х банкнаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/07505 дугаар шийдвэрээр О.Зоригтыг ирэний эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар төрсөн эх Б.Нийг тогтоожээ. /хх63/
Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00395 дугаар шийдвэрээр, О.Зоригт, А.Мнарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 7 дугаар гудамж, 7-130/А тоотод байрлах 151 мкв талбай бүхий газар, мөн хаягт байрлах хувийн орон сууцыг А.Мын өмчлөлд шилжүүлсэн Газар бэлэглэх гэрээ, Орон сууц бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д заасныг баримтлан тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцжээ. /хх61-62/ Дээрх шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна.
Хариуцагч А.МО.Зоригттой байгуулсан дээрх хэлцлийн дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2206036147, Г-220600652 дугаарт бүртгэлтэй уг хөрөнгүүдийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч, улмаар 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бүртгэх байгууллагаас түүнд өмчлөх эрхийн 000361057, 000306010 тоот гэрчилгээг олгосон байна. /хх 45, 46/ Зохигчид энэ үйл баримтад маргаагүй.
Мөн А.М, Х банктай 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч А.Мгэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд дээрх хоёр хөрөнгөнөөс хангуулахаар 1160023144-01 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”-г Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх 30-36/
Хэрэгт авагдсан баримтаар хэлцэл хийгч тал О.Зоригт сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадваргүй байх үедээ А.Мтай эрх зүйн харилцаанд орж бэлэглэлийн гэрээг байгуулсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул шүүх А.М, Х банк нарын хоорондох барьцааны гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл гэж үзэв.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ барьцааны гэрээ байгуулагдах үед өмчлөл А.Мд шилжсэн байсан, хөрөнгийн өмчлөлтэй холбоотой маргаан үүсээгүй байсан тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэж тайлбарлав.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэх бөгөөд мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зохицуулжээ.
Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой барьцааны эрхийг олж авч буй хариуцагч Х банк нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдтэй барьцааны гэрээ байгуулсан байх хэдий ч хариуцагч А.Мөөрөө тухайн хөрөнгийг хууль ёсны дагуу шударгаар өмчлөх эрхийг олж авсан этгээд гэж үзэх боломжгүй, түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл нь анх байгуулсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус байхаар хуулиар зохицуулсан тул дээрх тайлбар үндэслэлгүй.
Маргааны зүйл болсон хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувиар тус банкинд хадгалагдаж байгаа гэдгийг хариуцагч үгүйсгээгүй тул өмчлөх эрхийн гэрчилгээг Х банкнаас гаргуулж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5-д заасныг баримтлан Х банк, А.Мнарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Баталгаат ипотекийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Х банкнаас эрхийн улсын бүртгэлийн Ү-2206036147, Г-220600652 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхт 7-130а тоотод байрлах 60 мкв талбайтай хувийн сууц, 151 мкв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х банкнаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, хариуцагч А.Маас 70.200 төгрөг тус тус гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ