| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2022/1356/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1377 |
| Огноо | 2022-11-07 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1377
2022 11 07 2022/ШЦТ/1377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,
улсын яллагч: Р.Очирсүрэн,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 22080000000Ц00 тоот хэргийг 2022.11.07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Бүрэн суманд 1992 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, “Ц” шүдний эмнэлэгт менежер ажилтай, ам бүл-2, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Толгойтын 0 дүгээр гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 12 дугаар хороо 15-104 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ А овогт Бын Ю нь албан тушаалын байдлаа ашиглан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х цогцолбор сургуулийн нярваар ажиллаж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан НР ргоbоок маркийн 450 gd i5,256 үзүүлэлттэй 13 ширхэг зөөврийн компьютерыг нэр бүхий барьцаалан зээлдүүлэх газруудад барьцаалан бэлнээр 12.200.000 төгрөгийг өөртөө авч хувьдаа зарцуулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын хуудас /хх-02/,
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-04-10/,
- Хохирогчийн төлөөлөгч Д.Пгийн: “Сонгинохайрхан дүүргийн Боловсролын газраас 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр манай сургуульд хүлээлгэн өгсөн 29 ширхэг hр брэндийн нотебүүкийг багш нарт хүлээлгэн өгөхөөр Х цогцолбор сургуулийн 2 давхарт байрлах складын өрөөнд 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ороход 29 ширхэг зөөврийн компьютероос 13 ширхэг зөөврийн компьютер нь байхгүй хоосон хайрцаг нь л байсан. Ингээд гайхаад би ******* руу утсаар залгаад агуулахад байсан 29 зөөврийн компьютерын 13-нь яасан юм бэ, байхгүй байна гэж асуухад "би хөдөө явж байна” гэж хэлээд өөр зүйл хэлэхгүй чимээгүй байж байгаад утсаа салгачихсан” гэх мэдүүлэг /хх-15-17/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Тийн “2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр намайг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Good ломбардад сууж байхад ******* гэх эмэгтэй орж ирээд саарал өнгийн Нр 15 11 11Е, РАМ-8, 16 инчийн зөөврийн компьютерыг 1.200.000 төгрөгт барьцаалсан” гэх мэдүүлэг /хх-19-20/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Бгийн “2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр намайг Баянгол дүүргийн 13-р хороо 3-р хороололд байрлах bsbd ломбардын газар дээрээ байж байхад Баасанжавын Ю гэх эмэгтэй бичиг баримттайгаа орж ирээд саарал өнгийн 2 ширхэг НР 15 11 УЕ, РАМ-8. 16 инч-н шинэ зөөврийн компьютерыг тус бүр 1.000.000 төгрөгт барьцаалж нийт 2.000.000 төгрөг аваад явсан. Уг барьцааны хугацаа 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дууссан байсан. Хугацаа нь дууссанаас хойш 2 удаа сунгалт хийлгэж 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр дууссан юм” гэх мэдүүлэг /хх-21-24/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Цын “2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр намайг Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах lucky ломбардын газартаа ажлаа хийгээд сууж байтал Баасанжавын Ю гэх эмэгтэй бичиг баримттайгаа орж ирээд саарал өнгийн 1 ширхэг НР 15 11 11Е, РАМ-8, 16 инч-н шинэ зөөврийн компьютерыг 900.000 төгрөгт барьцаанд тавиад мөнгөө аваад явсан. Уг барьцааны хугацаа 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дууссан байсан. Хугацаа нь дууссанаас хойш 1 удаа сунгалт хийлгэж 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дууссан юм” гэх мэдүүлэг /хх-26-27/,
- Барьцаат зээлийн газартай *******тай байгуулсан 2 ш нотебүүк барьцаалан 2022.07.07-ны өдөр 2200000 төгрөг зээлсэн, 1 ш нотебүүк барьцаалан 2022.08.11-ний өдөр 500000 төгрөг зээлсэн, 2 ш нотебүүк барьцаалан 2000000 төгрөг зээлсэн, 1 ш нотебүүк барьцаалан 2022.07.23-ны өдөр 1000000 төгрөг зээлсэн, 2 ш нотебүүк барьцаалан 2022.07.07-ноос 2022.08.06-ны хүртэл хугацаанд 2400000 төгрөгийг 2 удаа зээлсэн, 1 ш нотебүүк барьцаалан 2022.07.07-ны өдөр 1000000 төгрөг зээлсэн зээлийн гэрээнүүд /хх-31,35,39,43,47,51/,
- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022.09.17-ны өдрийн и Ц-1442 дугаартай “НР ргоbоок маркийн 450 gd i5,256 үзүүлэлттэй нотебүүк /шинэ/- 1 ширхэг 2382600 төгрөг, 13 ш нотебүүк нийт 30973800 төгрөгийн үнэлгээтэй гэх дүгнэлт/хх-62-63/,
- Яллагдагч *******гийн “Би Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х цогцолбор сургуульд 2020 оноос хойш манай сургуульд шинэ 29 ширхэг НР 15 11 11Е, РАМ-8, 16 инчтэй зөөврийн компьютер өгсөн. Уг 29 ширхэг зөөврийн компьютерыг би сургуулийн нярав ажилтай учраас хариуцаж аваад тус сургуулийн 2 давхарт байрлах складанд хадгалсан. Энэ өдрөөс хойш надад мөнгөний хэрэг гараад би тухайн шинэ зөөврийн компьютеруудаас 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд хоёр гурваар нь цүнхэлж авч гараад нийт 13 ширхэг нотебүүкийг ломбардад тавьсан юм. Зөөврийн компьютеруудыг барьцаанд тавьсан мөнгийг, би Э гэдэг хүнээс хүүтэй мөнгө зээлж 9.800.000 төгрөгийн өрөнд орсон байсан учраас би Э гэдэг хүнд бэлнээр мөнгийг нь өгсөн. Мөн хугацаа нь дууссан болон хугацаа нь дуусах дөхсөн тухайн ломбардуудынхаа хугацааг сунгадаг байсан” гэх мэдүүлэг /хх-78/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, *******гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
2/ Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х цогцолбор сургуульд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нярвын ажилд авсан ба эд хөрөнгийн картаар ажил хүлээж авсан болох нь Нийслэлийн ерөнхий боловсролын Х цогцолбор сургуулийн захирлын 2020.04.01-ний өдрийн Б/10 дугаартай тушаал, төрийн албан хаагчийн анкет, нярвын ажлын байрны тодорхойлолт, цалин хөлсний тодорхойлолт /хх-88-93/ баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Завших” гэмт хэргийн тухайд өмчлөгч этгээдээс гэмт этгээд хууль, гэрээ ба албан тушаал эрхэлж буй байдлынх нь үндсэн дээр эд зүйлс, өмч хөрөнгийг тодорхой хүрээнд итгэмжлэн олгосон байдаг тул уг этгээд завших гэмт хэргийг хариуцах цорын ганц субъект нь болдог онцлогтой. Энэ хэргийн тухайд шүүгдэгч ******* нь хохирогч талтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан цорын ганц этгээд нь байна. Иймд түүний хууль бус үйлдэлд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь нярвын хувьд өөрт нь хариуцаж, хадгалуулсан нийт 30.973.800 төгрөгийн үнэлгээ бүхий НР ргоbоок маркийн 450 gd i5,256 үзүүлэлттэй 13 ширхэг зөөврийн компьютерыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сургуулиас гадагш гарган барьцаат зээлийн газруудад барьцаалан мөнгө зээлэн өөрийн өр төлбөрийг дарахад зарцуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /х.х-4-10/, иргэний нэхэмжлэгч Д.Тийн “...саарал өнгийн Нр 15 11 11Е, РАМ-8, 16 инчийн зөөврийн компьютерыг 1.200.000 төгрөгт барьцаалсан...” гэх мэдүүлэг /х.х-19-20/, иргэний нэхэмжлэгч Б.Бгийн “...саарал өнгийн 2 ширхэг НР 15 11 УЕ, РАМ-8. 16 инч-н шинэ зөөврийн компьютерыг тус бүр 1.000.000 төгрөгт барьцаалж нийт 2.000.000 төгрөг аваад явсан...” гэх мэдүүлэг /х.х-21-24/, иргэний нэхэмжлэгч Б.Цын “...Баасанжавын Ю гэх эмэгтэй бичиг баримттайгаа орж ирээд саарал өнгийн 1 ширхэг НР 15 11 11Е, РАМ-8, 16 инчийн шинэ зөөврийн компьютерыг 900.000 төгрөгт барьцаанд тавиад мөнгөө аваад явсан...” гэх мэдүүлэг /х.х-26-27/ болон яллагдагч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдлээс хохирогч талд мөнгөн дүнгээр 30.973.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь баримтаар нотлогдож байх тул *******г үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
3/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийн талаар:
Шүүгдэгч ******* нь Х цогцолбор сургуулийн няраваар ажиллаж байх хугацаандаа тус сургуулийн эд зүйлс хадгалах өрөөнөөс 13 ширхэг буюу нийт 30.973.800 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютеруудыг авч нэр бүхий барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан бэлнээр 12.200.000 төгрөгийг өөртөө авч хувьдаа завшсаны улмаас Х цогцолбор сургуульд 30.973.800 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Тт 1.200.000 төгрөгийн, Б.Бд 2.000.000 төгрөгийн, Б.Цт 900.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “цагдаагийн байгууллагаас 4 ширхэг зөөврийн компьютерыг нь ломбардын газраас гаргуулан авч надад хүлээлгэн өгсөн. Үлдсэн 9 ширхэг зөөврийн компьютерыг ******* өөрөө ломбардын газрууддаа мөнгийг нь төлж авч өгсөн” гэх мэдүүлэг /хх-15-17/, иргэний нэхэмжлэгч Д.Тийн “манайх хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, зөөврийн компьютер нь одоо надад байна би хүлээлгэн өгч болно, гол нь манайд учирсан хохирол 1.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-19-20/, иргэний нэхэмжлэгч Б.Бгийн “дээрх 2 ширхэг зөөврийн компьютер нь одоо надад байна би аваад хүрээд ирсэн хүлээлгэн өгч болно” гэх мэдүүлэг /хх-21-24/, иргэний нэхэмжлэгч Б.Цын “дээрх 1 ширхэг зөөврийн компьютерыг одоо хүлээлгэн өгч болно” гэх мэдүүлэг /хх-26-27/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хуульд заасан арга журмаар хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь өөрсдийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг гэм буруутай этгээд болох *******гаас шаардах эрхтэй байна.
Шүүгдэгч *******гаас хохирогч сургуульд тухайн 13 ширхэг нөүтбүүкийг тоо ёсоор хүлээлгэн өгсөн, иргэний нэхэмжлэгч нарт зээлийн төлбөрийг бүрэн барагдуулсан байх тул гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлж арилгасанд тооцох үндэслэлтэй байна.
4/ Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт шийтгүүлж байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-112/ тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулж гомдол саналгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон *******гийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг гомдол саналгүй болгосон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг тухайн зүйл хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр тогтоож, энэхүү шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил 1 сарын хугацаанд торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А овогт Бын Юг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар А овогт Бын Юд 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******д оногдуулсан 10 сая төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П, иргэний нэхэмжлэгч Д.Т, Б.Б, Б.Ц нар нь “төлбөрөө барагдуулсан” гэж шүүхэд мэдэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ