| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2018/03790/И |
| Дугаар | 183/ШШ2019/00217 |
| Огноо | 2019-01-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2019/00217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Т-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ш.Т-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэгийн төлөгдөөгүй үлдэгдэл 3 493 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, хариуцагч Ш.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Н.Ч нь 2016 оны 3 дугаар сард Ш.Тт 2 дугаар хүү Т.Т-д анх удаа 16 жилийн дараа хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, шүүх хүүхдийн тэтгэлэг болон бусад төлбөр тооцоог гаргуулах шийдвэр гаргасан. Уг шүүхийн шийдвэр гарсны дараа 140 000 төгрөг дансаар, 50 000 төгрөг бэлнээр өгсөн боловч 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарыг хүртэл ямар ч төлбөр тооцоо хийлгүй сураггүй болсон. Иймээс дахин өргөдөл бичиж шүүхэд хандсан. Ингээд шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх албаар дамжуулан авах хүсэлт гаргасан. 2017 оны 12 сараас 2018 оны 8 дугаар сарыг хүртэл төлбөр албадан гаргуулж авсан. 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүү Т.Т- маань 18 насанд хүрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэтгэх газрын тэтгэлэг татах тооцоо дуусгавар болсон. Иймээс дахин өргөдөл бичиж 2016 оны 03 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарыг хүртэлх болон өгөх ёстой байсан хүүхдийн тэтгэлэгийг нөхөн гаргуулж өгөхийг хүсч байна. Нийт төлөх ёстой төлбөр 5 933 100 төгрөг 2 440 000 төгрөгийн хүүхдийн тэтгэлэг төлсөн. Иймд үлдэх 3 493 100 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр Т.Т-г сар бүр тэжээн тэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан билээ. Би тухайн үед ажилгүй байсан болохоор халтуур хийж мөнгө олоод өөрийн боломжоор эхлээд сайн дураар төлбөрийг төлдөг байсан боловч сүүлдээ төлбөрийг төлж чадаагүй юм. Н.Ч нь нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг маргаанаар дахин шүүхэд хандаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар Т.Т-г тэжээн тэтгэхтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэл гэсэн тайлбар гаргасан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан 2 500 000 төгрөг, өмнө нь 310 000 төгрөг, нийт 2 810 000 төгрөг төлсөн төлбөрийг хасаад үлдэх хэсгийг төлөхөд татгалзахгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч хариуцагч хүүхдийн тэтгэлэгийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 3 493 100 төгрөг гаргуулахаар хариуцагч Ш.Тээс шаарджээ.
Хариуцагч Ш.Т нэхэмжлэлийн шаардлагын заримыг хүлээн зөвшөөрөх бөгөөд төлөгдсөн төлбөрийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцно гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/0253 дугаар шийдвэрээр 2000 оны 8 дугаар сарын 8-ны өдөр төрсөн Т.Т-г эх Н.Чийнх нь асрамжид үлдээж, эцэг Ш.Тээс нь сар бүр хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж, Т.Т-г тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн ба хариуцагч 2016.03.29-ний өдрөөс 2017.12..31-ний өдөр хртэл хугацаанд 3 979 200 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт төлөх үүргээ биелүүлээгүй болох нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17350737/2 дугаартай Шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдлээр нотлогдож байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 18 насанд хүрснээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 10/54 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон ба шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч хүүхдийн тэтгэлэгт нийт 2 690 000 төгрөг төлсөн нь төрийн банкны орлогын мэдүүлгийн баримтуудаар тогтоогдох ба төлөгдсөн гэх тэтгэлэг нь 2016.03.29-ний өдрөөс 2017.12.31-ний хугацаанд хамаарахгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно” гэж заасан тул нэхэмжлэгч төлөгдөөгүй үлдэглийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийн төлсөн гэх төлбөр нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд буюу 3 439 100 төгрөгийг хариуцагч Ш.Тээс гаргуулж, нэхэмжлэгч Т.Т-д олгохоор шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Т-ээс 3 493 100 төгрөг /гурван сая дөрвөн зуун ерэн гурван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Т-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 840 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Тээс улсын тэмдэгтийн хураамжид 70 840 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Т-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ