Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1401

 

    2022          11          14                                   2022/ШЦТ/1401

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Б.Чинзориг,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Чинбат,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 220300000000000 тоот хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Зүүнхангай суманд 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, “Т” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Мандал-Овоо 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржигон овогт Бийн Б нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь  2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 22 цаг 04 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны зам “Т” хүнсний дэлгүүрийн баруун замд Toyota Camry  загварын 00-00 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Бийг мөргөж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-05-11/,

- Ослын үеийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-8/,

- Хохирогч С.Бийн “...Би зам хөндлөн гарч байхад хурдтай машин ирээд мөргөсөн. Би тэр машиныг зогсох юм байх гэж бодоод явтал нэг машин ирээд шууд мөргөөд тэгээд би дээшээ хөөрөөд газарт унасан. Тэгээд л би ухаан алдаад сэртэл эмнэлэг дээр манай ах дүү нар ирсэн байсан” гэх мэдүүлэг /х.х-21/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 12160 дугаартай “С.Бийн биед зүүн чамархай, зулай дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, хамар, зүүн нүдний зовхи, хацар, баруун тохой ,шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийг хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /х.х-46-48/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Б.Бын  хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Дээр дурьдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 22 цаг 04 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны зам “Т” хүнсний дэлгүүрийн баруун замд Toyota Camry загварын 00-00 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний зохицуулалтгүй гарцад ойртон ирэх үедээ хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөлгүйгээр тус гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Бийг мөргөж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын тухайн үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх; мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “замын хөдөлгөөний аюулгүй байдал” гэж замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг ойлгоно, мөн зүйлийн 3.1.9-д “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” гэж зам тээврийн ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг ойлгоно” гэх заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.11-д “давуу эрх гэж бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг ойлгоно” гэх заалт, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө ” заалтыг тус тус зөрчсөн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Бийн мэдүүлэг, мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1002 дугаартай “...“Toyota Camry” маркийн 00-00 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.” гэх магадлагаа /х.х-61/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Иймд *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч *******ын хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас иргэн С.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч С.Б нь ГССҮТөвд 2022.09.03-ны өдөр тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс засалд орж, 6 хоног хэвтэж эмчлүүлсэн болох нь шинжээчийн 2022.09.13-ны өдрийн 12160 дугаартай дүгнэлт /х.х-46-48/, өвчний түүх /х.х-24-34/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч С.Б өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгч *******аас шаардах эрхтэй байна.

          Хохирогч С.Б нь баримтаар 1361950 төгрөгийг *******аас нэхэмжилсэн /х.х-37-39/ ба ******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид  1 383 350  төгрөгийг дансаар шилжүүлсэн өгсөн тул өнөөдрийн байдлаар ******* нь бусдад төлөх төлбөргүй болсон байна.

          Хохирогч С.Б нь цаашид эмчилгээ хийлгэж хагалгаанд орох шаардлагатай гэх боловч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, хохирогч нь гэм хорын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй хэдий ч тухайн нэхэмжлэлээ нотлох баримтаа цуглуулж, хэрэгт хавсаргуулан ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ. Хохирогч С.Б нь баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгааг энэхүү тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй байна.

          Хохирогч С.Бийн эмчилгээний зардалд нийт 3 320 650 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн төлбөрийн мэдээлэл /хх-87/ баримтаар тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, мөн зүйлийн 513.2-т “гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус заажээ.

          Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн нийт 3320650 төгрөгөөс 300000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж, хүлээн зөвшөөрсөн тул *******аас нийт 3020650 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-71/

          Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хороо баримтаар нотлогдсон хэмжээнд төлж барагдуулсан ба даатгалын сангаас зарцуулсан төлбөрийг бүрэн нөхөн төлөхөө илэрхийлсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял дээр ямар нэгэн тусгайлан гаргах саналгүй, улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “хийсэн хэрэгтээ гэмшиж байна. гэм буруу дээрээ маргах зүйлгүй, буруу зүйл хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрч байна. миний буруу” гэх тайлбарыг тус тус гаргаж оролцсон болно.

          Дээрх нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй болсон зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, хот хооронд зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Б0ийн Быг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Боржигон овогт Бийн Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаан/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, хот хооронд зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчид эмчилгээний зардалд нийт 1383350 төгрөг шилжүүлэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эрүүл мэндийн даатгалын санд 300000 төгрөг тушаасан болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1-д тус тус зааснаар *******аас нийт 3020650 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч С.Б нь цаашид эмчилгээ шинжилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорин ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

10. Хэрэгт хураагдан ирсэн *******ын жолооны 000000 дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхийг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялд бичигдсэн гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгаж, хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг *******д холбогдох эрүүгийн 220300000000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ