| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2018/03290/И |
| Дугаар | 181/ШШ2019/00025 |
| Огноо | 2018-12-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2019/00025
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: П.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.Н-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Э, хариуцагч Ш.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Ш.Н нь Яармагийн дэнжид байрлах өөрийн болон бусдын эзэмшлийн нийт 5 айлын 3000 мкв талбай бүхий газарт төмөр хашаа бариулах зорилгоор ажил гүйцэтгүүлэх гэрээг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Гэрээгээр дээрхи газарт хашааны шуудуу татах, суурь цутгах, пумтай төмөр, турба, булан төмөр, пин зэрэг хашаа барихад шаардлагатай зарим эд зүйлсийг бусдаас түрээслэн ажлыг 10 хоногт багтаан гүйцэтгэх, ажлын үнэ хөлсөнд шатахуун, материалын үнэ багтсанаар 15.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу уг газарт 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс хашааны хэв хашмал хийж ажил үүрэг гүйцэтгэхээр ажлаа эхлүүлсэн. Гэвч “Макс групп”-ын гэх алаг эрээн хувцастай, морин тойруулгын хамгаалалтын хүмүүс ирснээр хашаа барих ажлаа зогсоохыг шаардаж, улмаар маргаан үүсч, хийсэн ажлыг хүч түрэмгийлэн буулгаж хаяснаас хэрүүл тэмцэл зодоон цохиондоо хүрч хурцадсан тул цагдаад дуудлага өгч, ажлыг хүчээр зогсоож, гэрээт ажлыг дуусгах боломжгүйд хүрсэн. Захиалагч талын газрын маргаантай асуудлаас болоод ажлыг цааш гүйцэтгэх боломжгүй болсон. Энэ нь ажил гүйцэтгэгчээс үл хамаарсан шалтгаан юм. Иймд захиалагчаас хашаа барих ажлыг эхлүүлэхэд гарсан бодит зардлаа нэхэхэд 4.000.000 төгрөг төлж, сүүлдээ миний буруугаас биш шалтгаанаар ажил саатсан, дараа ажлыг үргэлжлүүлэн хийлгэнэ гээд гэрээний дагуу үлдэгдэл хөлс 2.000.000 төгрөгийг бүрэн төлөхгүй өнөөг хүрсэн. Ажлыг эхлүүлэхэд хашаа барихад шаардлагатай пум сабуриныг “Есүй” ХХК-иас 1.000.000 төгрөгөөр түрээслэн авсан. Хашааны материалыг иргэн н.Нямдоржоос 3.000.000 төгрөгөөр худалдан авсан. Мөн бусдад ажлын хөлс 1.000.000 төгрөг төлсөн. Иргэн Одкод эксковаторын газар шорооны ажлын шатахууны зардалд 500.000 төгрөг, ажлын хөлсөнд 500.000 төгрөг тус тус төлсөн. Уг газарт эксковатор нэг удаа авчраад ухах газрыг ухах байсан ч газрын асуудлаас болоод ажлыг удаа дараа зогсоож нийт 3 удаа авчирсан. Энэ тухайгаа Ш.Над хэлж, гарсан зардлын талаарх баримтыг үзүүлсэн. Нийт 6.000.000 илүү төгрөг бодитоор зарцуулсан болно. Дээрх баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. Хариуцагч Ш.Наас ажлын хөлсний үлдэгдэл 2.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ч шаардлагаа 500.000 төгрөгөөр багасгаж байна. Иймд 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Ш.Н бидний нэр бүхий 5 иргэн хамтран зөвшөөрөл бүхий газар дээрээ хашаа хатгуулахаар иргэн П.Этай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнийн дүн 15.000.000 төгрөг ба гэрээний дагуу урьдчилан 4.000.000 төгрөгийг төлсөн. Харин П.Э хашаа барих ажлаа гэрээний дагуу бүрэн гүйцэт хийж, захиалагчид үр дүн болох цементэн суурьтай, төмөр хашааг хүлээлгэн өгөөгүй, гүйцэтгэгчийг гэрээт ажлаа биелүүлхэд захиалагчийн зүгээс саад учруулаагүй, өөрөөр хэлбэл захиалагчийн буруутай үйлдэл, эс үйлдэл нөлөөлөөгүй. Мөн “Макс групп” ХХК, түүний захирал харуулын албаны ажилтан нарын саад тотгор хийсэн буруутай үйлдлээс болж хашаагаа бариулж чадаагүй ба жирийн иргэд бид хохирох ёсгүй гэж бодож байна. Иймд Д.Энхбатын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг газар миний болон манай гэр бүл, танилын нийт 5 хүний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй. Гэтэл “Макс групп” ХХК газрын маргаан үүсгэсний улмаас хашааг барьж чадаагүй, ажлыг бүрэн дуусгах боломжгүй болсон нь үнэн. Бусад 4 хүн П.Этай гэрээ байгуулах эрхийг надад олгосон байсан. Мөн хашааг барихад нэхэмжлэгчээс 6.000.000 төгрөгний зардал гарсан гэдэгт маргахгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч П.Э нь Ш.Над холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1.500.000 төгрөг болгон багасгаж байх тул шүүх энэ хүрээгээр тооцон шийдвэрлэх нь зүйтэй.
Нэг талаас Ш.Н, нөгөө талаас П.Э нар 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцож, Гүйцэтгэгч нь Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Морин тойруулгын ард зам дагуу захиалагчийн эзэмшлийн 5 айлын 3000 мкв газарт төмөр хашааг иж бүрнээр өөрийн хөрөнгөөр барьж хүлээлгэн өгөхөөр, Захиалагч ажлын хөлс 15.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулжээ. /хх 5-7/
Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй бөгөөд дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Гүйцэтгэгч ажлын хөлс 4.000.000 төгрөг хүлээн авсан гэдэгт маргаагүй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар гүйцэтгэгч нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр, захиалагч хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг хүлээхээр тус тус заажээ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл: Гүйцэтгэгч гэрээний дагуу хашаа барих ажлыг эхлүүлсэн, гуравдагч этгээдийн зүгээс газар эзэмшлийн талаар маргаан үүсгэснээр ажил зогссон, барьж байсан хашааг нураасан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна. Улмаар гэрээний дагуу хашааг барьж ажлыг хүлээлгэн өгөх боломжгүй болсон, ийнхүү хүлээлгэн өгөөгүй явдалд гүйцэтгэгч буруугүй гэдэгт хариуцагч шүүх хуралдаанд маргаагүйг дурдав.
Иймд нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй.
Гүйцэтгэгч тал ажлыг хийхэд 6.000.000 төгрөгний зардал гаргасан гэдэгт хариуцагч Ш.Н шүүх хуралдаанд маргаагүй тул шүүх ажлын хөлсний үлдэгдэл 1.500.000 /6.000.000-4.000.000=2.000.000 төгрөг боловч нэхэмжлэгч 1.500.000 шаардсан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ш.Наас 1.5000.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Эад олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ