| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2022/1390/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1411 |
| Огноо | 2022-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1411
2022 11 17 2022/ШЦТ/1411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,
улсын яллагч: Т.Мижиддорж,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 22080000000000 тоот хэргийг 2022.11.11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1997 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, С ХХК-д агуулахын албаны бараа бэлтгэгч, хүргэгч ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 0б хэсэг хоршооллын хотхон 00-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржигон овогт Гийн Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Сүү хувьцаат компанийн замын эсрэг талд байрлах пабын үүдэнд 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагийн орчимд иргэн Д.Эыг нүүрэн тус газарт нь гараараа цохиж унаган түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Д.Эын: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр манай байгууллагын сагсан бөмбөгийн тэмцээн болоод байгууллагын ажилчид оролцож манай баг хүрэл медаль авсан бөгөөд байгууллагын ажилтнуудтай Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Сүү хувьцаат компанийн замын эсрэг талд байрлах караоке пабад суусан юм...оройн 23 цагийн үед пабаас гарах гээд үүдэнд ажлын Төрөө, Амараа, Намхай, Бааска, Ган-Эрдэнэ нарын хамт тамхи татаад юм яриад зогсож байхад пабаас ******* гарч ирээд шууд миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би тухайн үед ухаан балартаад газар унасан ба ажлын газрын хүмүүс *******г салгасан. Тэгээд босоод ирэхэд Н дахиад нүд рүү дайрахад ажлын газрын хүмүүс хорьсон. Миний хамраас цус гараад нойл орж угаачхаад гараад ирэхэд ******* уучлалт гуйгаад намайг нэг найзтайгаа хамт гэрт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /х.х-17-18/,
- Гэрч Д.Агийн: “...пабаас оройн 23 цагийн үед гараад үүдэнд Д.Э, Г, Н бид нар тамхи татаад зогсож байхад ******* хүрч ирээд шууд Д.Эын нүүр хамар хавьцаа нэг удаа цохиод газар унагаасан. Бид нар шууд салгасан. Д.Эын хамраас цус гарсан. Тэр хоёр эвлэрээд Н бид хоёр Эыг гэрт нь хүргэж өгөөд явсан” гэх мэдүүлэг /х.х-25/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 12398 дугаартай “Д.Эын биед хамрын ясны цөмөрсөн далд хугарал, хамрын таславчны муруйлт хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамар, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэргийн тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-27-28/,
- Яллагдагч *******гийн: “...оройн 23 цагийн үед пабаас гарсан ба үүдэнд Д.Э газрын хүмүүстэй юм яриад тамхи татаад зогсож байхад би очоод нэг удаа толгой нүүр хэсэг рүү нь цохиход газар унасан. Тэнд байсан манай ажлын Амар, Чингис, Өнөр нар салгасан. Э тэмцээн дээр болон бааранд сууж байхад намайг бассан маягтай үе хэлээд байсан, би архи уугаад согтсондоо уур хүрээд цохиж унгасан. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /х.х-38-39/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* нь Д.Эыг “бассан маягтай үг хэлээд байсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний биед “хамрын ясны цөмөрсөн далд хугарал, хамрын таславчны муруйлт, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамар, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан хохирогч Д.Эын мэдүүлэг /х.х-17-18/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 12398 дугаартай дүгнэлт /х.х-27-28/, яллагдагч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Эдгээр баримтаар шүүгдэгч ******* нь хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар Д.Эыг цохиж унаган зодсоны улмаас түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байх тул *******г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Э нь мөрдөн байцаалтын шатанд “би тэр өдрөөс хойш 2 хоног босож чадахгүй гэртээ байсан ба толгой өвдөөд байхаар нь 9 дүгээр сарын 06-ны өдөр хувийн эмнэлэгт очиж толгойны зураг авхуулахад хариу нь 48 цагийн дараа гарна гэсэн. Тэгээд би *******тай очиж уулзахад ямар ч тоосон шинжгүй цалин буухаар 200000 төгрөг өгөөд салъя гэхээр нь цагдаад хандсан юм” гэж мэдүүлсэн /х.х-17-18/ ба хэргийн материалтай танилцуулахад “гомдол саналгүй, хохирол төлбөрт нийт 1670000 төгрөг авсан” гэх тайлбарыг гаргаж иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлтэй холбоотой шийдвэр гаргах боломжгүй тул хэлэлцэхгүй орхилоо.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-40/
Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулж гомдол саналгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Д.Э нь хавтаст хэргийн материалтай танилцаад “гомдол саналгүй” гэх хүсэлт гаргасан /х.х-80/ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэх, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Гийн Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Гийн Нд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Э нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчид нийт 1670000 төгрөг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдсугай.
4. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ