Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2019/00117

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Т.М, Б.З нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ГЛ” ХХК -д холбогдох

            Гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Т.М, Б.З бид хоёр “ГЛ” ХХК-тай  2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Япон улс руу дадлагажигч гэрээт ажилтнаар 3 жилийн хугацаатайгаар 2017  оны 11 сард явуулна гэж гэрээ хийсэн. Гэрээний дагуу хүн тус бүр 3.000.000 төгрөгийг тус компанип шилжүүлсэн. Гэрээний дагуу хугацаа болоход явуулж амжихгүй, Япон талдаа жаахан асуудал гарсан гэж хэлээд гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Дахин гэрээний хугацаа дуусахад дахин 2018 оны 4 дүгээр сар хүртэл сунгасан. Мөн дахин гэрээний хугацаа дуусахад тус компани “тусгай зөвшөөрөл дууссан сунгуулах ажил хөөцөлдөж байна” гэж сар гаран ажлаа цалгардуулан, “компаний бичиг баримт гарч байж та  нарыг явуулах болоод байна” гэсэн хариу хэлж байсан. Бид шаардсны дагуу 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас тусгай зөвшөөрлийн сунгалтаа бүрэн шийдвэрлэх амлалт авч, компани тусгай зөвшөөрлийн асуудал бүрэн шийдвэрлэгдсэнээс хойш 1 сарын дотор Япон руу дадлагажигчдыг илгээхээр болсон. Хэрэв дээрх хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг 14 хоногийн дотор бүрэн барагдуулна гэсэн баталгаа бичиж нотариатаар батлуулсан. 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрөл гарсан боловч биднийг дээр дурдсан хугацаанд Япон улс руу явуулаагүй. Ингээд бид мөнгөө буцааж авах гэсэн боловч өдийг хүртэл өгнө гэж худлаа хэлж байна. Иймд “ГЛ” ХХК-аас зуучлалын хөлс болох 6.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т.М, Б.З нар нь “ГЛ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хариуцагч “ГЛ” ХХК-ийн захирал М.Түмэннастад нэхэмжлэлийн хувийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гардуулсан ч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаа болох нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн өнөөдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудсаар болон түүний тодорхойлсон 99106212 дугаарын утсаар 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүргэсэн ч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2019/00244 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч талын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан “шүүх хуралдаанд оролцох” эрхийг хангаж урьд товлогдсон хуралдааныг хойшлуулж байсан. Иймд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

            Хэрэгт авагдсан баримтаар Т.М, “ГЛ” ХХК нар, мөн Б.З, “ГЛ” ХХК нар 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр харилцан тохиролцож, Зуучлагч нь зуучлуулагчийг Япон улсад 3 жилийн хугацаатайгаар хөдөлмөрийн дадлага эзэмшүүлэх зорилгоор тодорхой хугацаанд бэлтгэж, илгээхээр, Зуучлуулагч нь хөтөлбөрт хамрагдан суралцаж, нийт 3.000.000 төгрөгийн хөлс төлөхөөр “Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ”-нүүдийг байгуулжээ. /хх 7-12/

Мөн нэхэмжлэгч Т.Мтай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, нэхэмжлэгч Б.Зтай 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дээрх агуулга бүхий “Дадлагажигч бэлтгэх тухай” гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хүчинтэй байхаар дахин байгуулсан байна. /хх 13-18/

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дахь заалтад “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нар зуучлалын хөлс тус бүр 3.000.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч байгууллагын захирал М.Түмэннастын дансаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх 19, 20/

Талуудын хоорондох дээрх гэрээнүүдэд Зуучлагчийн үүрэг гүйцэтгэх эцсийн хугацааг тухайлан заагаагүй байх боловч хугацаа сунгасан гэх сүүлчийн гэрээнүүдийн 8.1-д “гэрээний хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл” байхаар тусгасан байдал, компанийн зүгээс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Баталгаа” нэртэй албан бичгээр “2018 оны 7 дугаар сарын 20-ны дотор зөвшөөрлөө шийдүүлснээс хойш 1 сарын дотор зуучлуулагчийг Япон улсад илгээх үүрэг хүлээхээр, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд 14 хоногийн дотор хөлсийг бүрэн барагдуулахаар” дурдсан, зохигчийн тайлбар зэргээс дүгнэвэл хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, улмаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон болох нь тогтоогдож байна гэж үзэв. /хх 13-18, 21, 22/

Гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нөгөө тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзсныг шүүх буруутгах боломжгүй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заансаар “гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэг хүлээх” тул гэрээний дагуу хөлсөд шилжүүлсэн 6.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч “ГЛ” ХХК-иас 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Мд 3.000.000 төгрөг, нэхэмжлэгч Б.Зд 3.000.000 төгрөг тус тус олгосугай.

           2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт хувь тэнцүү хэмжээгээр олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ