Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2019/00135

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “НП” ХХК ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Н-д холбогдох

Гэрээний үүрэгт 13.200.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэлмүүн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Санчиндорж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, гэрч Д.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “НП" ХХК үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагатай иргэн Л.Н 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ГЭГ 181/80 дугаар “Газрын эзэмших, ашиглах эрх шилжүүлэхэд зуучлах энгийн эрхийн гэрээ” буюу зуучлалын гэрээ байгуулсан. Гэрээгээр зуучлуулагч Л.Нын эзэмшлийн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 000493203 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-4 станцын зүүн талд байрлах 8023/5152 нэгж талбарын дугаар бүхий 4000 мкв аж ахуйн зориулалттай газрыг худалдан авах худалдан авагч олоход зуучлалын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Гэрээний дагуу "НП" ХХК-ийн зуучлагч Д.Өлзийсайхан зуучлалын зүйл болох тухайн газрыг П.Баярсайханд худалдан борлуулахаар зуучлалын үйл ажиллагаа явуулж, улмаар худалдан авах саналын хуудас бөглүүлэн Л.Нтай холбон өгч 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зуучлуулагч Л.Н худалдан авагч П.Баярсайхантай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулан зуучлалын зүйл болох газрыг 400.000.000 төгрөгөөр худалдсан юм. Зуучлалын гэрээний 4.1-д зуучлуулагч нь зуучлагчид 22.000.000 төгрөгийн зуучлалын хөлс төлөхөөр тохиролцсон. Уг төлбөрийг гэрээний 4.3-т зааснаар төлбөр зуучлуулагчийн дансанд шилжсэн өдөртөө төлөхөөр үүрэг болгож заасан. Л.Н урьдчилгаа төлбөрөө аваад зуучлалын төлбөрийн 22.000.000 төгрөгийн 50 хувь болох 11.000.000 төгрөгийг төлсөн. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр худалдан авагч П.Баярсайхан үлдсэн төлбөрийг төлсөн байтал үлдэгдэл 11.000.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй. Газрыг шилжүүлэн авсан П.Батсайхан сүүлчийн төлбөрийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлсөн болох нь хэрэгт баримтаар өгсөн түүний дансны хуулганаас харагдана. Гэрээний 8.3-т төлбөр төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр заасан тул  2018 оны 8 дугаар сарын 31-нээс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх 40 хоногийн алданги, нэг хоногт 55.000 төгрөгөөр тооцон 2.200.000 төгрөг, үлдэгдэл хөлс 11.000.000 төгрөг, нийт 13.200.000 төгрөгийг Л.Наас гаргуулж өгнө үү. Газрын үнийг 400 сая төгрөг гэдгийг талууд өөрсдөө тохиролцож, гэрээний 6.1-д уг үнийг тусгасан. Мөн талуудыг холбож өгөх үүргээ бүрэн биелүүлж, газар бусдад шилжсэн тул гэрээний 7.1.3, 7.1.4-т заасан үүргээ биелүүлээгүй, сурталчилгаа хийгээгүй, газрын үнэлгээг хийлгээгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Манай байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын чиглэлээр 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаад бөгөөд иргэн Л.Нын эзэмшлийн 8023/5152 нэгж талбарын дугаар бүхий газрыг иргэн П.Баярсайханд зуучлалын гэрээний дагуу 400.000.000 төгрөгөөр худалдах /эзэмших эрх шилжүүлэх/-д зуучилж, зуучлалын гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн. Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3-т заасан зуучлалын хөлс, шагнал гэрээний үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй тухай заалт нь зөвхөн гэрээ хэдий боловч зуучлагчийн тусламжгүйгээр зуучлуулагч өөрөө бусадтай гэрээг байгуулсан тохиолдолд үйлчилнэ. Гэвч Л.Нын тухайд  манай байгууллагаар зуучлуулсны эцэст хэлцэл хийгдэж газар эзэмших эрх П.Батсайханд шилжсэн. Иймд гэрээний 4.1 дэх хөлс тохиролцсон заалт хууль зөрчөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Миний эзэмшлийн газрыг худалдан авах худалдан авагч олоход зуучлалын үйл ажиллагаа явуулахаар тохирсон байдаг боловч нэхэмжлэгчийн зүгээс надад ямарваа нэгэн худалдан авагч олж өгөөгүй, өөрсдийн хэлж танилцуулж байсан үйлчилгээг үзүүлээгүй, мэргэжлийн байгууллага гэж өөрсдийгөө сурталчилж байсан боловч түүндээ тохирсон үйлчилгээг үзүүлээгүй, 400.000.000 төгрөгөөр худалдаагүй байдаг. Надтай байгуулагдсан гэх Газрын эзэмших, ашиглах эрх шилжүүлэхэд зуучлах энгийн эрхийн гэрээ нь хууль бусаар байгуулагдсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.Өлзийсайхан, Дөлгөөнтамир нарыг өөрийн байгууллагын зуучлагч гэх боловч ийм баримтыг хэрэгт ирүүлээгүй. Анх нэхэмжлэгчтэй н.Дөлгөөнтамир гэж хүн П.Баярсайхантай худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар ярилцсан. Мөн гэрээний 7.1.3, 7.1.4-т зааснаар хөрөнгөд үнэлгээ хийх, сурталчилгаа хийх үүрэг хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хэрэв хөрөнгөд үнэлгээ хийсэн бол илүү үнэ хүрэх боломжтой байтал зуучлуулагчийнхаа эсрэг ажиллаж бусдад хөрөнгийг хямд үнээр авах нөхцлийг бүрдүүлж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бидний хооронд 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан гэх Газрын эзэмших, ашиглах, эрх шилжүүлэхэд зуучлах энгийн эрхийн гэрээг гарын үсэг зурсан хэдий ч тухайн үед хууль эрх зүйн мэдлэггүй байдлаас болж сайн ойлгоогүй, тайлбарлуулаагүй, зөвлөгөө аваагүй, санал байсан хэдий ч өөрийн саналыг тусгуулж чадаагүй, тухайн компанийн стандарт гэрээнд ийм гэрээ л хийдэг гэж л хийгдсэн байдаг. Сүүлд сайн харахад хэт нэг талыг барьсан, надад тулгасан, миний эрхийг боогдуулсан гэрээ байсныг мэдсэн. Гэрээ байгуулагдахдаа хууль зүйн үндэслэлээ Монгол Улсын Иргэний хуулийн 410-411 дүгээр зүйлд заасныг баримталсан гэжээ. Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3 дахь хэсэгт "...Зуучлуулагч нь зуучлагчийн тусламжгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд зуучлагчид хөлс, шагнал олгохоор тохиролцож болно. Худалдах, худалдан авах гэрээ байгуулахад зуучлах бол хөлс, шагналын хэмжээ гэрээний үнийн таван хувиас хэтрэхгүй..." гэж заасан байна. Гэтэл гэрээний 4.1 дэх хэсэгт зуучлалын хөлсийг 5.5 хувь буюу 22.000.000 төгрөг гэсэн нь хууль зөрчсөн хэлцэл болсон. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь хэсэгт "хууль зөрчсөн хэлцэл" гэж заасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын эзэмших, ашиглах, эрх шилжүүлэхэд зуучлах энгийн эрхийн гэрээ”-ний 4.1 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүн үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “НП” ХХК нь Л.Нд холбогдуулан гэрээний үүрэгт 13.200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэг талаас “НП” ХХК, нөгөө талаас Л.Н нар 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр харилцан тохиролцож, Зуучлагч нь 000493203 тоот гэрчилгээ бүхий Л.Нын эзэмшлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, ТЭЦ 4 станцын зүүн талд байрлах 4000 мкв газрын эзэмших, ашиглах эрхийг бусдад шилжүүлэх боломжит эрх хүлээн авагчтай холбож өгөхөөр, Зуучлуулагч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөхөөр “Газрын эзэмших, ашиглах эрх шилжүүлэхэд зуулчах энгийн эрхийн гэрээ”-г байгуулж, талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан харилцаа үүсчээ. /хх 7-10/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад болон гэрээний дагуу 11.000.000 төгрөг төлсөн гэдэг маргаагүй. /хх 34/

            Харин хариуцагч гэрээний 4.1 дэх заалт “хууль зөрчсөн” үндэслэлээр хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар маргав.

            Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д “зуучлуулагч, эрх хүлээн  авагч нарын хооронд байгуулсан гэрээний нийт үнийн дүнгийн 5,5 хувь болох 22.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний зуучлалын хөлс төлөхөөр” тохиролцжээ.

            Хариуцагч үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байх Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3-т заасан байтал гэрээгээр “5,5” хувь гэж тохиролцсон нь хууль зөрчсөн гэж, нэхэмжлэгч хуулийн дээрх зохицуулалт талуудын маргаанд хамааралгүй, зөвхөн зуучлагчийн тусламжгүйгээр гэрээ байгуулсан тохиолдолд үйлчилнэ гэж тайлбарлав.

            Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3-т “...Худалдах-худалдан авах гэрээ байгуулахад зуучлах бол хөлс, шагналын хэмжээ гэрээний үнийн 5 хувиас хэтрэхгүй” гэж заасан, гэрээгээр талууд хөлсийг “5,5” хувь байхаар хуульд заасан хэмжээг хэтрүүлж тусгасан байх боловч энэ нь дээрх тохиролцоог Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэв. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Хариуцагч маргааны зүйл болсон дээрх газрын эзэмших эрх П.Баярсайханд шилжсэн гэдэгт маргаагүй тул зуучлагч гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

            Иймд тэрээр үлдэх хөлсийг шаардах эрхтэй тул шүүх гэрээний 4.1-д заасан 5,5 хувийн хэмжээг хуульд нийцүүлэн багасган 5 хувиар тооцож, үлдэх 9.000.000 /400.000.000*5%-11.000.000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

            Хэрэгт баримтаар уг газрыг “400 сая” төгрөгөөр, “50 сая” төгрөгөөр тооцон гуравдагч этгээдэд шилжүүлэх тухай хоёр өөр үнийн дүн бүхий Л.Н, П.Баярсайхан нарын хоорондох гэрээнүүд авагдсан боловч “НП” ХХК, Л.Н нарын хоорондох гэрээний 6.1-д газрын “үнийг 400 сая төгрөг” байхаар тусгасан, гуравдагч этгээд П.Баярсайхан тухайн “газрыг 400 сая төгрөгөөр” худалдан авах тухай саналыг нэхэмжлэгч байгууллагад бичгээр гаргасан, түүнчлэн тэрээр шүүхэд бичгээр ирүүлсэн баримтдаа “газрыг 400 сая төгрөгөөр” худалдан авсан тухайгаа дурдсан байх тул шүүх гэрээний нийт үнийг 400 сая төгрөг гэж тооцсон болно. Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хөрөнгийн үнэлгээ хийсэн тохиолдолд газрын үнэ түүнээс илүү байх боломжтой байсан гэж тайлбарласныг дурдав. /хх 11, 36, 48, 59-61/

            Талуудын хоорондох гэрээний 8.3-т “хөлсийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувьтай тэнцэх алданги” төлөхөөр тохиролцсон, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцэж байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

            Нэхэмжлэгч алдангийг гуравдагч этгээдийн эцсийн төлсөн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх 40 хоногоор тооцон 2.200.000 төгрөг нэхэмжилж байх боловч дээрх тайлбараа нотлохоор ирүүлсэн хавтаст хэргийн 37 дахь талд авагдсан дансны хуулга нь хэнээс хэнд мөнгө шилжүүлснийг нотлох хэний, аль банкны дансны хуулга болох нь тодорхойгүй байх тул шүүх үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй гэж үзэн, алдангийг хэрэгсэхгүй болгов.

            Шүүх хуралдааны явцад хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчийн өмгөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрсөн” үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж байх боловч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хүсэлт хянан шийдвэрлэсэн явдал “үндэслэл бүхий эргэлзээ” гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүсэлтийн хэмжээнд үзээгүй, хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Л.Наас 9.000.000 /есөн сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “НП” ХХК-д олгож, үлдэх 4.200.000 төгрөг болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй тул “НП” ХХК-д холбогдуулан хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Л.Нын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223.950 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 270.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2.050 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 158.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ