Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1464

 

 

 

 

 

 

 

                                            

 

 

   2022        10          11                                     2022/ШЦТ/1464

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш ургийн овогт П.Ц холбогдох эрүүгийн 2206 03240 2681 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                 

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, Энгүй цэгц ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Эмнэлэг 00 дугаар гудамжны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсэг, 3-153 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш ургийн овогт П.Ц /РД:УШ00000/;

 

Холбогдсон хэргийн талаар:

 

П.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний орой 20 цаг 40 минутад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Би-Жи зочид буудлын 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг Кибер /Cyber/ цахим тоглоомын газраар үйлчлүүлж байхдаа хохирогч Б.М өмчлөлийн 70 номерын компьютерын дэлгэц рүү чихэвч шидэн хагалж хууль бусаар устгасны улмаас 483.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Ц мэдүүлэхдээ: Миний бие 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Би-Жи зочид буудлын 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг Кибер /Cyber/ цахим тоглоомын газраар үйлчлүүлж байхдаа өөрийнхөө буруу зан араншингаас болж хүний эд зүйл гэмтээсэндээ гэмшиж байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 6-7 дахь тал/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 8-10 дахь тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.М өгсөн: ... Би 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Би-Жи зочид буудлын 2 дугаар давхарт Кибер /Cyber/ цахим тоглоомын газарт өөрийн ажил дээрээ байж байгаад орой 23:00 цагийн орчимд 70 дугаартай ширээний компьютерын дэлгэц ажиллагаагүй болоод дүрс нь харагдахгүй болчихсон байсан. Тэгээд камер шүүгээд үзэхэд 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 20:00 цагийн орчимд тоглож байсан хар өнгийн малгай, хар өнгийн футболктой залуу компьютерын чихэвч шидээд дэлгэц нь ажиллагаагүй болж байгаа нь бичигдсэн байсан. Маргааш нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ойр орчмын цахим тоглоомын газруудаар явж байгаад Офицеруудын ордоны тэнд байдаг Camp нэртэй цахим тоглоомын газарт манай  дэлгэцийг хагалсан залуу байхаар нь бичлэгийг нь үзүүлтэл  эхлээд би биш гэж гүрийж байгаад сүүлдээ би хагалсан нь үнэн гэж хэлээд цаасан дээр бичиж өгөөд E-Mongolia-с иргэний үнэмлэхний зургийг дараад авчих гээд өгсөн. Манай тоглоомын газар нь Баянмөнх гэж хүний нэр дээр байдаг. Тухайн 70 дугаартай компьютерын дэлгэц нь миний дэлгэц байгаа юм. Ямар нэгэн эвдрэл гэмтэл сэв зураас байхгүй. Цэнгүүн гэх хүнийг орж ирэхээс өмнө болон тэр хүнийг суугаад тоглож байх хугацаанд ямар нэгэн асуудалгүй, хэвийн ажиллагаатай байсан. Тэр хүн тоглож дуусаад гарахдаа чихэвч шидэж гэмтээчихээд гараад явсан нь бичлэгт тодорхой байгаа. Тэр хүнийг гарснаас хойш 70 дугаартай компьютерт ямар нэгэн хүн сууж үйлчлүүлээгүй.  “NKC GP279S27”165HZ Full HD маркийн хар өнгийн дэлгэцийг 2019 онд Хятад улсаас 850.000 төгрөгөөр худалдаж аваад ашиглаагүй байж байгаад 2022 оны 01 дүгээр сараас ашиглаж эхэлсэн.Одоо 850.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Баянмөнхийн өгсөн:... Би 2022 оны 1 сараас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Би-Жи зочид буудлын 2 давхарт байрладаг Кибер нэртэй цахим тоглоомын газар ажиллуулж эхэлсэн. Энэ тоглоомын газрыг манай админаар ажилладаг Б.Мянганбаяр хариуцан ажиллуулдаг. Манай цахим тоглоомын газрын 70 дугаартай компьютерын
дэлгэцийг манайхаар үйлчлүүлж байсан хүн эвдсэн гэх асуудал гарсан гэсэн. Тус 70 дугаартай компьютер чихэвч нь Б.Мянганы эзэмшлийнх тул түүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тооцоход татгалзах зүйлгүй....
гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр П.Цийн өгсөн:...2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах BG зочид буудлын 2 давхарт байрладаг цахим тоглоомын газар орж тоглосон.Тоглож дуусаад 20 цагийн орчим гарахдаа тоглоомондоо хожигдсондоо биеэ барьж чадалгүй компьютерийн дэлгэц рүү чихэвч шидчихсэн. Тэгтэл миний сууж байсан компьютерийн дэлгэц харлаад үл ялиг хагарчихаар нь цагийнхаа мөнгийг өгчихөөд гараад явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар П.Цийн өгсөн:...Би энэ талаар анх өгсөн мэдүүлэгтээ ярьсан учир одоо нэмж ярих шаардлагагүй гэж үзэж байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул миний асуудлыг  хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь  тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн БЗ1-22-1036 дугаартай үнэлгээгээр 27 инчийн HKC загварын компьютерийн 2019 онд авч байсан дэлгэцийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 483.200 төгрөгөөр үнэлсэн болохыг тодорхойлов гэх үнэлгээ /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

-Шүүгдэгч П.Ций иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44 дэх тал/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 дэх тал/,

- Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 42 дахь тал/,

-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 43 дахь тал/,

-Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 45 дахь тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос П.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний орой 20 цаг 40 минутад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Би-Жи” зочид буудлын 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Кибер” /Cyber/ цахим тоглоомын газраар үйлчлүүлж байхдаа хохирогч Б.М өмчлөлийн 70 номерын компьютерын дэлгэц рүү чихэвч шидэн хагалж хууль бусаар устгасны улмаас 483.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

 

 Шүүгдэгч П.Ций холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан,  хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул П.Цд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос  П.Ций гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 

          Бусдын өмчлөлийн эд хөрөнгийг гэмтээх гэдэг ойлголт эд зүйл, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудах, чанар үр дүн нь алдагдсан, түр хугацаагаар зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх боломжгүй болгохыг хэлдэг.

 

Шүүгдэгч П.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний орой 20 цаг 40 минутад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Би-Жи” зочид буудлын 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Кибер” /Cyber/ цахим тоглоомын газраар үйлчлүүлж байхдаа хохирогч Б.М өмчлөлийн 70 номерын компьютерын дэлгэц рүү чихэвч шидэн хагалж хууль бусаар устгасны улмаас 483.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь  хохирогч, гэрч нарын мэдүүлэг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр нотлогдсон  тогтоогджээ.

 

Бусдын эд хөрөнгийг устгасан гэдэг нь эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй буюу сэргээн засварлах боломжгүй болгосныг хэлнэ.

 

 Шүүгдэгч  П.Ций энэ үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж  үзэх үндэстэй байна.

 

Иймд шүүгдэгч П.Ций үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

      Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

          Иргэний  хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан  этгээд  уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан  байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын  эд хөрөнгө өгөх,  гэмтсэн  эд хөрөнгийг засах зэргээр/ буюу  учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж тус тус хуульчилжээ.

          Хохирогч Б.М нь энэ хэргийн учир өөрт учирсан гэм хорын хохиролд баримтаар 483.200 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хохирогч Б.М нь миний нэхэмжилсэн компьютерийн дэлгэцний хохирол 483.200 төгрөгийг төлж барагдуулсан учир гомдол саналгүй гэх хүсэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлжээ. Иймд шүүгдэгч П.Ц нь хохирогч Б.М-д төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Дамно ХХК-ны эд зүйлийн үнэлгээ гарсан тайлангийн төлбөрт баримтаар 19.800 төгрөг нэхэмжилсэн байх тул П.Цээс 19.800 /арван есөн мянга найман зуун/  төгрөгийг  Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 13 тоот Лада төвийн 2 давхарт  байрлах хөрөнгийн үнэлгээний “Дамно”ХХК-д  /утас:318785/ олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч П.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч П.Цд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч П.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500   /таван   зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу   500.000  /таван  зуун  мянган  /төгрөгөөр торгох ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд төлүүлэх саналыг гаргаж байна.

 

Шүүхээс тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч П.Ций хувийн байдал зэргийг харгалзан Прокурорын саналын дагуу түүнд 500 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу   500.000  /таван  зуун  мянган/  төгрөгөөр  торгох   ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, “Xiberia” брэндийн саарал өнгийн 1 ширхэг чихэвчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.М олгож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6-д заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37, 38.1 дүгээр зүйлүүдэд  зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш ургийн овогт П.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Ц 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

                                                 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Цд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш ургийн овогт П.Ц-с /РД:0000000/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 19.800 /арван есөн мянга найман зуун/ төгрөгийг  Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 13 тоот Лада төвийн 2 давхарт  байрлах хөрөнгийн үнэлгээний “Дамно”ХХК-нд  /утас:318785/ олгосугай.

 

5. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, бүрэн төлж барагдуулах үүрэгтэй болохыг П.Цд мэдэгдсүгэй.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, “Xiberia” брэндийн саарал өнгийн 1 ширхэг чихэвчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.М-т олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Цд шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.БЭЭЖИН