Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Бээжин |
Хэргийн индекс | 105/2022/1441/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1466 |
Огноо | 2022-10-11 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Билгүүн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1466
2022 10 11 2022/ШЦТ/1466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
улсын яллагч Г.Билгүүн /томилолтоор/,
хохирогч *******,
шүүгдэгч Ө.Ц, түүний өмгөөлөгч Э.Ганбат /ҮД:03-62/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т ургийн овогт Ө.Ц-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 03688 2717 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажилладаг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 98/2 дугаар байрны 03 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Т ургийн овогт Ө.Ц-д /РД: 00000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Ө.Ц нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 64 дүгээр байрны гадна талд хохирогч Б.О-той гарц хааж тээврийн хэрэгсэл байрлуулсан асуудлаас шалтгаалан маргалдаж, улмаар биед багалзуурдах, түлхэх, зууралдах зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь баруун тохойд цус хуралт, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ө.Ц мэдүүлэхдээ:Би хохирогчтой асуудал гаргасандаа уучлал гуйж байна. 2022 оны 07 сарын 27-ны өдөр би аав ээж хөдөө явах гээд машиндаа хөдөө авч явах юмнууд ачиж байсан. Тэгээд гэртээ ороход над руу утсаар хүн залгасан. Тэгээд гараад иртэл хохирогч миний машиныг хааж зогсчихоод ямар удаан алга болчихдог юм гээд уурласан. Тэгээд би машиндаа ортол машины хаалга нээгээд маргалдах гээд байсан. Тэгэхээр нь би урлагын хүн болохоор нүүрэндээ гэмтэл авчих вий гэж бодоод түлхсэн өөр асуудал байхгүй гэв.
Шүүх хуралдаанд хохирогч ******* мэдүүлэхдээ: Би 2022 оны 07 сарын 27-ны орой манайд манай эгч Норвегоос ирсэн байсан. Тэгээд эгчийгээ хүргэж өгөх гээд гараад машинаа хөдөлгөх гэтэл шүүгдэгчийн машин гарашны хаалга таглаад тавьчихсан байсан. Тэгээд шүүгдэгчийг маш их удаан хүлээсэн. Би гэрээс гарахдаа утсаа орхичихсон байсан болохоор өөр хүний утсыг аваад шүүгдэгч рүү утсаар ярьж дуудаж гаргаж ирсэн. Шүүгдэгч гараад машинаа холдуулах үед гадаа удаан хүлээсэн болохоор сэтгэл санаа эвгүй байсан болохоор машины хаалгыг онгойлгоод та ямар удаан хүлээлгэдэг юм гэтэл өөдөөс юун сүртэй пизда вэ гэх мэтээр намайг харааж доромжилсон. Тэгэхээр нь би чи яагаад намайг доромжлоод байгаа юм гэхэд намайг огцом түлхсэн. Тухайн үед маш хүчтэй түлхсэн. Би спортоор хичээллэдэг тулдаа л гайгүй үлдсэн. Би маш гомдолтой байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-4 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******гийн өгсөн:... 2022 оны 7 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 64 дүгээр байр болох өөрийн амьдардаг гэртээ ирээд тухайн үед өөрийн унаж явсан тээврийн хэрэгслээ 64 дүгээр байрны граж руу оруулах гэсэн боловч гражийн үүдэнд 13-22 УАМ Лексус Ар Икс-400 загварын автомашин гражийн үүд таглан зогссон байсан. Тэгээд тухайн автомашин дотор байсан дугаар луу хүмүүс гуйж залгуулахад гар утсаа авахгүй байсан, улмаар дахин өөр машин тус граж руу орохоор ирсэн ба тэр хүн утас руу нь залгахад удаа дараа дуудуулж байж утсаа авсан... хэсэг хугацааны дараа үл таних буюу тус машины эзэн залуу гарч ирсэн. Би тухайн залууд хандан бүхэл бүтэн байрны граж таглан зогслоо гэж хэлсэн. Тэгтэл тус залуу миний өөдөөс юм зөөх гэж байна, юун сүртэй пизда вэ гэж бид хоёрын дунд маргаан үүссэн. Улмаар тус залуу нь миний хоолойноос багалзуурдаж намайг хойш түлхсэн. Тэгээд би тухайн залуугийн шилбэ хэсэг рүү гуталтай хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгтэл миний шилбэ хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд улмаар цагдаа дуудсан. Миний биед тухайн үед зүүн бугалга хавдаж хөхөрсөн, мөн даралт ихэссэн...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэрэннадмидын өгсөн:...Тухайн эмэгтэйн гар нь Ө.Цын машин руу сарвалзаж байгаа шинжтэй харагдаж байсан. Тэгээд намайг очихын хооронд Ө.Ц машинаасаа гарч ирээд тухайн эмэгтэйг түлхэж байсан. Тэгсэн нөгөө эмэгтэй манай хүүг хөлөөрөө нэг удаа өшиглөж байгаа харагдсан. Тэр үед Ө.Ц хойш ухарч байсан ба Ө.Ц машин руугаа эргээд явах үед нь араас нь нэг удаа өшиглөж байгаа харагдсан. Тэр хооронд би нөгөө эмэгтэй дээр очоод яаж байгаа юм гээд тайлбарлаад тэр хоёрыг болиулсан. Мөн тэр үед нөгөө эмэгтэй газраас чулуу авч байгаад удалгүй доороо хаясан..гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ө.Цын өгсөн:... 2022 оны 07 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд өөрийн төрсөн аав ээжийн гэр болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байранд очсон. Улмаар тус байрны гадна авто зогсоол дүүрсэн байсан. Би тухайн үед аавынхаасаа хөдөө явах гээд ачаа зөөх гээд гражийн хаалга таглаж өөрийн авто машинаа байрлуулж тавьчсхаад аавынхаа гэр лүү орсон. Улмаар намайг аавынхаа гэрт орсон байх үед миний гар утсанд дуудлага ирсэн. Тэгээд тухайн дуудлага ирсэнээс хойш 1 минутын дараа гар утсаа автал авто машинаа зайлуул гээд эмэгтэй хүн утсаар надад хэлсэн. Тэгээд би 12 давхараас доош буугаад гараад очтол гадаа хохирогч гэх эмэгтэй гадаа байж байсан. Тус эмэгтэйд хандан би уучлаарай би юм зөөх гээд машинаа ингэж байрлуулсан гэж хэлсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй машинаа энд тавиад байхдаа яадаг юм гэх утагтай намайг доромжилсон үг хэллэг надад хэлэхээр нь би өөрийн машиндаа суугаад хаалгаа хаах үедээ сүртэй пизда вэ гээд зөөлөн хэлсэн. Тэгтэл надад дээр ирээд миний машины хаалгыг нээгээд гартаа гар утас барьсан тэрүүгээрээ миний шилэн хүзүү рүү нэг удаа цохисон. Тэгээд би машинд сууж байхдаа нөгөө эмэгтэйг цааш гараараа түлхэхэд дийлдэхгүй байхаар нь машинаасаа буугаад цээж рүү түлхсэн. Тэгтэл надтай зууралдаад салахгүй байхаар нь би машиндаа суух гэхэд миний араас өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд ноолох маягтай өшиглөсөн. Тэгээд зууралдаад байж байхад манай ээж Цэрэннадмид /88609886/ ирж бид хоёрын дундуур орохоор нь би машиндаа сууж холдсон. Тэр үед нөгөө эмэгтэй газраас чулуу аваад миний машин руу шидэх гэж байхад нь манай ээж дундуур нь орж болиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ө.Цын өгсөн:..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10511 дугаартай:
1 .*******гийн биед баруун тохойд цус хуралт, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.
5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-19-20х/,
Хохирогч *******гийн биед учирсан гэмтлийн шинж байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-37х/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
-Шүүгдэгч Ө.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30х/,
-Ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 70х/,
-Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /хх-33-34х/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31х/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ө.Ц нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 64 дүгээр байрны гадна талд хохирогч *******тай гарц хааж тээврийн хэрэгсэл байрлуулсан асуудлаас шалтгаалан маргалдаж, улмаар биед багалзуурдах, түлхэх, зууралдах зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь баруун тохойд цус хуралт, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Ө.Цын гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ц нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгч Ө.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна .
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.
Шүүх хуралдаанд ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 480.360 төгрөгийг нэхэмжилсэнийг шүүгдэгч Ө.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид бүрэн төлж барагдуулсан тул баримтаар бусдад төлөх төлбөргүй байна. /хх-ийн 65-67, 71-р тал/,
Мөн хохирогч ******* нь энэ гэмт үйлдлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар... гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Ө.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Ө.Цад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Ө.Цад эрүүгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Цад 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаан байхгүй, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь хохирогчийн харилцан маргаан хийсэн болох нөхцөл байдлууд, мөн шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа, мөн хувийн байдлыг харгалзан авч үзэх шаардлагатай, хохирлын төлбөрийг сайн дураараа шүүхийн хэлэлцүүлэгт бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг авч үзэн ялаас чөлөөлөх саналыг гаргав.
Шүүхээс тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч Ө.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн, ажил, хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан Ө.Цад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Ө.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн, баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ө.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт Ө.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ц-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Цад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Цад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Хохирогч ******* нь энэ гэмт үйлдлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ө.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ө.Цад шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН