Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 159/2023/0009/З |
Дугаар | 221/МА2024/0560 |
Огноо | 2024-08-21 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2024/0560
“Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн: шүүгч З.Г*******
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Б*******
Нэхэмжлэгч: “Х*******” ХХК /РД:5378834/
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Бие даасан шаардлагад холбогдох хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: “У******* к*******” ХХК
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаар захирамжийн “Х*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 114/ШШ2024/0015 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Г*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д*******
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 159/2023/0009/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х*******” ХХК-аас Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар “Ундарга к*******” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо “Х*******” ХХК-ийн эзэмшил газартай 2.4 га газраар давхцуулсан хэсэг, аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/537 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-аар, гуравдагч этгээд “У******* к*******” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаар захирамжийн “Х*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар тус тус шаардлага гаргаж, маргасан байна.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 114/ШШ2024/0015 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т заасныг баримтлан “Х*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ундарга к*******” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/537 дугаар захирамжийн “Х*******” ХХК-ийн эзэмшил газартай 2.4 га газраар давхцуулсан хэсгийг тус тус хүчингүй болгож, 2 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “У******* к*******” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаар захирамжийн “Х*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Б******* дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс өргөн агуулгаар, нэхэмжлэл, бие даасан шаардлагад хамаарал бүхий асуудлаар маргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсанд гомдолтой байна. “Х*******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дүгээр захирамжийг 2018 онд мэдсэн” талаараа дурдсан ба энэхүү нөхцөл байдлаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа бидний зүгээс нэхэмжлэл гаргахаар бэлтгэж байсан гэж тайлбарладаг.
Үүнээс үзэхэд “Х*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны агуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд шууд хамаарахаар байгаа ба 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/537 дугаар захирамжийн тухайд ч мэдсэн даруйдаа шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно.
3.2. Мөн манай компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бүхэлд нь давхцуулан “Х*******” ХХК-иас түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад гаргасан ба энэ үйл баримттай талууд маргадаггүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн зүгээс цаашид үр тарианы газраа эзэмших бус, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлүүлэхэд “У******* к*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүчингүй болж, цуцлагдах ёстой гэсэн агуулгаар тайлбарладаг ба зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс ерөөсөө анхаарч үзээгүйд гомдолтой байна.
3.3. Энэ ч үүднээсээ үр тарианы зориулалттай газар эзэмших эрхээ шилжүүлж авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд газар эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй, газрын төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн төлж байгаагүй, газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэл хийлгэж байгаагүй асуудалтай нь холбогдуулан бие даасан шаардлага гаргасан боловч шүүх үүнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.4. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал аваагүй нь тусгай зөвшөөрлийг цуцлах, хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр дүгнэж шийдвэрлэсэн байтал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг зөрчиж энэ талаар дахин дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгааг зөвшөөрөхгүй байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 114/ШШ2024/0015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч “Х*******” ХХК-иас “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар “У******* к*******” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо “Х*******” ХХК-ийн эзэмшил газартай буюу 2.4 га газраар давхцуулсан хэсгийг, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/537 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар гуравдагч этгээд “У******* к*******” ХХК-д Ерөө сумын Их хөндий нэртэй газарт байрлах 215.63 га газарт хайрга, дайрганы зориулалтаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, улмаар аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/537 дугаар захирамжаар уг тусгай зөвшөөрлийн хугацааг 2 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.
4. Анх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2000 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг “Их шинэстэй” ХХК-д үр тариа тарих зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх ба Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаар захирамжаар тус сумын Хуст уулын зүүн талд 4.73 га газрыг үр тариа тарих зориулалтаар нэхэмжлэгч “Х*******” ХХК-д 60 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд гуравдагч этгээд “У******* к*******” ХХК-д олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий дээрх талбай нь нэхэмжлэгч компанийн эзэмшлийн газартай 2.4 га хэмжээгээр давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байна.
5. Өөрөөр хэлбэл, хуульд заасан журмын дагуу цуглуулсан бичгийн нотлох баримтуудыг анхан шатны шүүх хэрэгт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж “... хариуцагч нь “У******* к*******” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн аваад Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ... Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Их хөндөө нэртэй газар “У******* к*******” ХХК-аас ирүүлсэн ... талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой дүгнэлт гарсан” гэх 7/1474 дугаартай дүгнэлтийг хүлээн аваад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авахгүйгээр шууд гуравдагч этгээд “У******* к*******” ХХК-д түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус, хуулиар тогтоосон үүргээ хэрэгжүүлээгүй болох нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 17 дугаар шийдвэрээр тогтоогдсон” гэж үндэслэлтэй зөв дүгнэж, маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/537 дугаар захирамжуудын “Х*******” ХХК-ийн эзэмшил газартай давхцалтай хэсэг буюу 2.4 га талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
6. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар гуравдагч этгээд “У******* к*******” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлсэн, мөн дэмжсэн санал авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа энэ тохи************** хууль ёсоор үүссэн эрх хуулиар хамгаалагдах учиртай тул нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай 2.4 га газраар давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
7. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 17 дугаар шийдвэрийн тухайд, “... аймгийн Засаг дарга нь “У******* к*******” ХХК-д Ерөө сумын Их хөндий нэртэй газарт 215.63 га талбай бүхий газрыг хайрга, дайрганы зориулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авах үүргээ хэрэгжүүлээгүй алдаагаа хүлээн зөвшөөрдөг, бичгийн нотлох баримтаар тогтоогдсон” гэх дүгнэлт нь “У******* к*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлд хамаараагүй болохыг дурдах нь зүйтэй.
8. Учир нь анхан шатны шүүхээс “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг 37 дугаар зүйлийн 37.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлаагүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн” гэж дүгнээд, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “У******* к*******” ХХК-ийн “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн төлөөлөгчийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасныг зөрчиж, энэ талаар дахин дүгнэсэн” гэх гомдол үндэслэлгүй гэж үзлээ.
9. Түүнчлэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын тулд биелэгдэх боломжтой байхаас гадна зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхүйц байх ёстой бөгөөд маргаан бүхий энэ тохи************** шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөн тодорхойлж, маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/537 дугаар захирамжуудын “Х*******” ХХК-ийн эзэмшил газартай давхцалтай хэсэг буюу 2.4 га талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
10. Харин гуравдагч этгээд “У******* к*******” ХХК-иас гаргасан “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаар захирамжийн “Х*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагын хувьд анхан шатны шүүх “... хариуцагч Газрын тухай хуульд зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа, газрын төлбөрийг төлсөн, гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчиж буй эсэхэд хяналт тавих эрхтэй бөгөөд уг эрхийнхээ хүрээнд зөрчил гаргаагүй гэж үзэн маргахгүй байхад цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээс сүүлд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олж авсан гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэгчид 2011 онд газар эзэмших эрх шилжүүлсэн үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэн бие даасан шаардлагыг хангах боломжгүй” талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
11. Тодруулбал, нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн хувьд газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа ноцтой гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын хувьд энэ үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргаагүйн дээр “У******* к*******” ХХК-ийн бие даасан шаардлагын хүрээнд энэ үндэслэлийг зааж маргаагүй энэ тохи************** шүүхээс аймаг, сумын Засаг даргын хуулиар олгосон эрх хэмжээнд халдаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.
12. Анхан шатны шүүхийн хувьд захиргааны байгууллага, албан тушаалтнаас бичгийн нотлох баримт шаардан авах, баримт бичиг үзлэг хийх зэргээр шүүх нотлох ажиллагааг явуулсан боловч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад хүчингүй болгуулахаар тодорхойлсон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 225 дугаар захирамжийн эх хувь захиргааны байгууллагад хадгалагдаагүй, энэ шалтгаанаар хэрэгт авагдаагүй боловч “Х*******” ХХК-иас газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар зохих журмын дагуу гаргасан хүсэлт, дээрх захирамжийг үндэслэн нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг хэрэгт авагдсанаас гадна хариуцагчийн хувьд “Х*******” ХХК-д газар эзэмших эрх үүссэн хийгээд түүнийг дуусгавар болгох үндэслэлийг, “У******* к*******” ХХК-ийн бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлдээ зааж маргаагүй тул нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэхгүй.
13. Нөгөөтээгүүр нэхэмжлэгчид Тариалангийн тухай хууль, Газрын тухай хуулийн дагуу үр тарианы зориулалтаар эзэмшүүлсэн газар болон гуравдагч этгээдэд Түгээмэл тархацтай ашигтмал малтмалын тухай хуулийн дагуу олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хооронд давхцал үүссэн эсэхтэй холбоотой маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөхөд ялангуяа “Х*******” ХХК нь газар эзэмшигчийн үүргээ биелүүлж байсан эсэх нь төдийлөн ач холбогдолгүй бөгөөд хэрэгт хамааралгүй тул гуравдагч этгээдийн “... үр тарианы зориулалтаар газар эзэмших эрх шилжүүлж авснаас хойш газар эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй” гэх гомдлыг хүлээн авсангүй.
14. Дээрхээс дүгнэвэл, анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 114/ШШ2024/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Б*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ