Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базарсадын Нацагдорж |
Хэргийн индекс | 148/2016/0110/Э |
Дугаар | 114 |
Огноо | 2016-11-07 |
Зүйл хэсэг | 089.2., |
Улсын яллагч | А.Золзаяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 114
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Золзаяа
Өмгөөлөгч Д.Батбаяр
Шүүгдэгч Б.*******
*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ******* овогт ******* *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн *******-халх овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 201601000122 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн , 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн 29 настай, эрэгтэй, яс үндэс: халх, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт хот Сонгино Хайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян-уулын 28-19 тоотод оршин суух, Практикал ХХК-д жолооч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай ******* овогт ******* ******* РД: /*******2/
Монгол улсын иргэн , 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хотод төрсөн 29 настай, эрэгтэй, яс үндэс: халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт хот Сонгино Хайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян-уулын 12-10 тоотод оршин суух, хувираа “Да Хүрээ” зах дээр авто машины худалдаа эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай *******халх овогт ******* ******* РД: //
Холбогдсон хэргийн талаар:
1.Яллагдагч Б.******* нь *******тай урьдчилан үгсэн тохиролцож, *******ын Е1050134 дугаартай энгийн гадаад паспортыг хурамчаар ашиглан 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,
2.Яллагдагч ******* нь Б.*******тай урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн Е1050134 дугаартай энгийн гадаад паспортыг түүнд хурамчаар ашиглуулахаар өгч, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Б.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “…Мэдүүлэг өгөхгүй гэв.
2.Шүүгдэгч*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”...2016 оны 06 дугаар сарын 23-нд манай найз надаас миний гадаад паспортыг гуйсан. Утсаар ярьсан. Тэгээд гэрт очоод эхнэрээс гадаад паспортыг минь авсан. Тэгээд хэд хоногийн дараа цагдаагаас залгасан гэв.
3.Гэрч Д. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн“....Би 2016 оны 06 дугаар срын 24-ний өдөр гарах чиглэлд баримт бичиг шалгагчаар ээлжинд гарч байсан. Өглөө 08.00-20.00 цаг хүртэл ажилласан. Би гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа 09 цагийн үед ******* гэх иргэний баримт бичгийг шалгасан. Гадаад паспортыг нь аваад зураг тулгалт хийхэд гадаад паспортан дээрх зураг өөртэй нь таарахгүй байсан. Тэгэхээр нь нэмэлт асуулт асуухад биеийн байцаалт регистрийн дугаараа бүгдийг зөв хэлж байсан. Би өөр бичиг баримт байна уу гэхэд байхгүй гэж хэлж байсан. Би бүртгэлийн сангаас гэр бүлийнх нь хүний биеийн байцаалтыг нь хараад эхнэрийнхээ регистрийн дугаарыг хэлнэ үү гэхэд шал өөр хүний нэр регистрийн дугаар хэлсэн. Тэгэхээр нь ээлжийн даргыг дуудан ээлжийн даргад хүлээлгэн өгсөн. Тэр анхнаасаа сэжигтэй байсан. Архи уусан, баримт бичгээ өгчихөөд өөр тийшээ харж зогсоод асуултанд хэг ёг гэж хариулж байсан. Тэгээд тасгийн дарга тэр хүнийг аваад орсон. Хамт явж байгаа хүмүүсээс нь “энэ хүний нэрийг хэн гэдэг юм” гэж асуухад хүмүүс “мэдэхгүй” гээд байсан. Тэгээд автобусанд хамт явж байгаа нэг хүн нь бүх үнэнийг хэлсэн. Паспорт нь БНСУ-ын элчин сайдын яаманд байгаа, найзынхаа паспортыг авч явж байгаа гэсэн. Тэгээд энэ тухай тасгийн даргад мэдэгдэн өөрт нь энийг нь хэлэхэд хэргээ хүлээсэн. Тэр хүн “Практикал даатгал” компанийн жолооч гэсэн. Тэдний компани Байгаль далай үзэхээр байгууллагаараа явж байгаа гэсэн юм ярьж байсан. Зөрчлийн материалыг нь бүрдүүлээд тагнуулын тасгийн хүмүүст хүлээлгэн өгсөн..... гэх мэдүүлэг
/ хавтаст хэргийн 33 дугаар хуудас/
4.Гэрч Г. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 06 дугар сарын 24-ний өдөр Алтанбулаг боомт дээр тасгийн даргын үүргийг гүйцэтгэж ажилласан. ******* гэх залуу өөрийн найз *******ын баримт бичгээр улсын хил нэвтрэх гэж байгаад манай шалгагч нарт саатуулагдсан байсан. Би тэр хүнийг нарийвчлан шалгаж зөрчлийн материалыг нь бүрдүүлсэн. Тэр залуугийн баримт дээрх зураг нь өөртэй нь таарахгүй илт байсан. Тэр залуугаас “энэ хэний баримт бичиг вэ” гэж асуухад “энэ миний баримт бичиг мөн” гээд гүрийгээд байсан. Энэ хүнийг илрүүлсэн шалгагч автобусанд хамт явж байсан хүмүүсээс хэн гэдгийг нь асуухад нэг хүн үнэнийг нь хэлсэн гэсэн. Тэгээд тэр залуу болохоор “Пратикал даатгал” компанийн жолооч юм байна. Тэгээд хэн гэдгийг нь мэдээд авч явсан даргыг нь дуудаад “энэ хүнийг чинь хэн гэдэг вэ” гэж асуухад дарга нь жинхэнэ нэрийг нь хэлсэн. Тэгээд энэ хүн чинь ийм бичиг баримттай явж байна гэхэд нөгөө залуу бүх үнэнээ хэлсэн. ..гэх мэдүүлэг
/ хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/
5.Гэрч Э. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зөрчил илэрсэн. Манай шалгагч Д.Эрдэнэцэцэг, ******* нь ******* гэх иргэний баримт бичгийг ашиглан улсын хил нэвтрэхийг завдсан хүнийг саатуулан тасгийн дарга Г.Бямбасүрэнд мэдэгдсэн. Тасгийн дарга намайг дуудаад тэр ******* гэдэг хүнийг нарийвчлан шалгасан. Нарийвчлан шалгахад ******* нь *******ын биеийн байцаалтыг бүгдийг мэдэж байсан гэсэн. Тэгээд тэр эхэндээ “энэ хэний паспорт бэ” гэж асуухад миний паспорт гээд гүрийгээд байсан. Тэгээд удалгүй хэргээ хүлээсэн. Ажлынхантайгаа Байгаль далай руу явж байгаа, өөрийнх нь паспорт БНСУ-ын элчин сайдын яаманд байгаа, хамт олноороо явах гээд найзынхаа паспортыг авсан гэж байсан. Тэгээд дарга бид 2 зөрчлийн материалыг нь бүрдүүлээд хилийн 101 дүгээр ангийн тагнуулын тасагт шилжүүлсэн. .. гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 35 дугаар хуудас/
6.Гэрч Ц. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-д зааснаар” Монгол улсын хилийг гаалийн хил гэж үзнэ” гэсэн байдаг. Тиймээс нэвтэрсэнд тооцно. Яагаад гэвэл гаалийн бүсэд энэ хүн аль хэдийн нэвтрээд орж ирээд баримт бичгийн шалгалтан дээр баригдсан байна. Энэ хүн нь гаалийн хилийг өөр хүний баримт бичгээр нэвтрээд ороод ирсэн байна. Тийм болохоор улсын хил хууль бусаар нэвтэрсэнд тооцно. Энэ тухай дээд шүүхийн тайлбар дээр тодорхой бичсэн байгаа. Гаалийн хаалгаар орж ирсэн бол бүх юм хилд ороод ирнэ гэсэн үг. Гаалийн хяналтын Бүс гэж гаалийн хаалгаар орж ирсэнээр эхэлдэг. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ороход Гаалийн хяналтын Бүс гэж бичсэн хаалга байгаа тэр хаалгаар орохдоо тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигчдийнхоо тоог бичүүлснээр хил рүү тэдэн хүнтэй орлоо гэсэн баримт бичгийн бүртгэл бичигдэж байгаа ....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 36 дугаар хуудас/
7.Гэрч Ч.Болор-Эрдэнийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай хамт олон зуны амралтыг тэмдэглэхийн хүрээнд албан байгууллагынхаа хүмүүсээс санал хураасан. Тэгээд ажил болгохоор 5 гишүүнтэй зугаалгын комисс гарсан ба би комиссын гишүүнд байсан. Тэгээд комиссын шийдвэрээр ажилчдаасаа санал аваад 24-ний өдөр явъя гэж байсан боловч комиссын саналаар 23-ний орой гаръя, хэрвээ 24-ний өглөө гарвал замдаа 6 цаг явна, хил дээр очоод гарах гэж дугаарлаж зогсоод бараг нэг хоног алдана. Тэрний оронд 23-ний орой гарвал өглөө эрт хил дээр очоод цаашаа эрт хилээр гаръя гэсэн шийдвэрт хүрсэн. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын 23-ны орой 23.00 цагт ажил дээрээ цуглан 23 цаг 40, 50 минутын үед автобусаар ОХУ-ын Улаан-Үүд хот руу аялалд гарцгаасан. Би *******ыг өөр хүний бичиг баримттай явж байгааг нь мэдээгүй, ******* уул нь өөрөө гадаад паспорттай ******* нь ээлжийн амралтаараа БНСУ-д аялана гэж надаас тодорхойлолт бусад шаардлагатай баримт бичгийг авч байсан. Тэгээд ******* өөрийн гадаад паспортыг БНСУ-д аялах зорилгоор виз хүсэхээр БНСУ-ын элчин сайдын яаманд өгсөн байсан юм байна лээ. Тэгээд хариу нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гарах ёстой байсан боловч гарах өдрөө гараагүй гадаад паспортыг нь буцааж өгөөгүй болохоор хамт олонтойгоо аялалд явж газар үзэх гээд л найзынхаа гадаад паспортыг аваад уг аялалд явсан юм байна лээ. Би *******ыг өөр хүний бичиг баримттай явж байгааг нь Монгол Улсын хилээр гарах үед мэдсэн. Баримт бичиг шалгадаг хүмүүс баримт бичгийг зөрчилтэй байна гээд аваад явсан. Би учрыг тодруулахад өөр хүний бичиг баримтаар явж байсан гэж байсан. Тэгээд ******* бидэнтэй хамт явж чадалгүй Монголдоо үлдсэн. Бид нар цааш аялалдаа яваад 28-ны үүрээр Монголд ирсэн. Аялалд хүмүүсийг сонгож аваагүй өөрсдөөс нь санал аваад явсан. Бид нар явах сонирхолтой гадаад паспорттай хүмүүүс явна гэж хэлсэн. Манай ажилчид бүгд явах сонирхолтой байсан. *******ын хувьд жолооч, үйлчлүүлэгч нартаа 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байсан. Тийм болохоор явах хүсэлдээ дийлдээд өөрийнх нь гадаад паспорт гараагүй болохоор хүнээс сонссон зүйлдээ итгээд явсан байх. *******ын хувьд хариуцлагатай сайн ажилтан....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 38 дугаар хуудас/
8.Гэрч А. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Практикал даатгал ХХК-д жолоочоор ажилладаг юмаа. Би *******тай энэ компанид хамт ажиллаад нэг жил 3 сар болж байна. Манай компани нийт 3 жолоочтой. ******* гүйцэтгэх захирал О.Гантөмөрийн жолооч тус компанид яг хир удаан ажилласныг би сайн мэдэхгүй байна намайг ажилд орж байхад ажилладаг байсан. Манай компани 2016 оны 06 дугаар сарын 23-ны орой Улаан-Үүд хот руу Итгэлт хамбад мөргөх, Байгаль далай үзэхээр явсан юм. Би эхлээд явахгүй гэж байсан боловч сүүлд явахаар болоод байгууллагынхаа хүмүүстэй хамт явсан. Энэ зугаалгыг байгууллагын зүгээс зохион байгуулсан. Энэ яв, тэр яв гэж шийдээгүй хүссэн хүн бүхэн явах эрхтэйгээр зохион байгуулсан. Нэг хүний 300.000 төгрөг гэж байсан. Харин жолооч үйлчлэгчийг 50 хувь хөнгөлсөн. Комисс очоод байрлах байр, автобус энэ тэрийг зохицуулсан. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 23-ныхаа орой 23.00 цаг өнгөрч байхад хотоос хөдөлсөн. Тэгээд яваад хил дээр өглөө очсон.... Тэгсэн *******ыг баримт бичгээ шалгуулж байхад нэг хүн ирээд дагуулаад явсан. Бид нар тэгэхэд юу болсныг нь ойлгоогүй. Тэгсэн чинь *******ыг хилийн албаны хүмүүс өөр хүний баримт бичгээр хил гарах гэж оролдсон гээд түр саатуулсан гэсэн. ******* өөрөө гадаад паспорттай, өөрөө Солонгос улс руу явах гээд виз хөөцөлдөж байгаа материалаа БНСУ-ын элчин сайдын яаманд өгчихсөн хариу нь 06 дугаар сарын 22-ны гарна гэж ярьж байсан. Аялах зорилгоор виз хүсэхээр БНСУ-ын элчин сайдын яаманд өгсөн байсан. Тэгээд ******* хил гараагүй үлдсэн...гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/
9.Гэрч Б. 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...******* миний төрсөн дүү байгаа юм. Бид эхээс 4-лээ. Би айлын том ******* дээрээ нэг ах, нэг эгчтэй доороо нэг эрэгтэй дүүтэй....Миний дүү ******* нь 8 дугаар ангиа төгсөөд 2004 оноос хойш хувиараа таксины жолооч хийдэг байсан.... Тэгээд 2014 оноос Практикал даатгал ХХК-д жолоочоор ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна....Ажлынхантайгаа амралтаар явах гэж байгаад хил дээр саатуулагдсан гэсэн. Уул нь өөрөө Солонгос явах гээд паспортаа Солонгосын элчин сайдын яаманд өгчихсөн байсан гэсэн. Тэгээд өөрийнх нь гадаад паспорт гарахгүй болохоор ажлын газрынхаа хүнээс өөр хүний гадаад паспортаар явж болдог гэж сонссон юм шиг байна лээ. Миний дүү ******* нь урьд өмнө хэрэг төвөгт орж байгаагүй, хил ам гаргаад байдаггүй, ажилч хичээнгүй, найрсаг их хөөрхөн ааштай хүүхэд...гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/
10.Гэрч Э.Чулууны 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Практикал даатгал ХХК-д 96-38 УБӨ улсын дугаартай Airoxpress маркын 45 хүний суудалтай автобусаар үйлчилсэн. хотоос Улаан-Үүд, Байгаль нуур үзэх маршруттай байсан. 2016 оны 06 дугаар сарын 23-ны орой 23 цаг 40, 50 минутын үед Удаанбаатар хотоос Улаан-Үүд хотын чиглэлд явсан. Тэгээд хилээр гарах үед практикал даатгал ХХК-ний нэг залуу бичиг баримт зөрчилтэй гээд яваагүй. Бусад нь асуудалгүй хилээр гарч Улаан-Үүд хотод 2 хонож, Байгаль дээр 1 хоноод ирсэн. Яг хэдэнд ирснээ сайн санахгүй байна. Итгэлт хамба орох байсан боловч цаг нь амжихгүй болоод орж чадаагүй... гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/
11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №4300 дугаартай шинжээчийн “.... Шинжилгээнд ирүүлсэн *******ын нэр дээрх Е1050134 үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг болон Б.*******ын гэх 3х4 см хэмжээтэй цээж зургууд нэг хүний зураг биш байна.....гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/
12.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №4299 дугаартай шинжээчийн”...
/хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/
13.Шүүгдэгч Б.*******ын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн.......гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/
14.Шүүгдэгч Б.*******ын 2016 оны 08 дугаар сарын 30-ны мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн...Миний буруу . Би хамт олонтойгоо Улаан-Үүд явж Байгаль далай итгэлт хамба дээр очиж үзэх гэж байгаад ийм зүйл болчихлоо. Би өөрийн гадаад паспортыг БНСУ-ын элчин сайдын яаманд Солонгос улсад зорчих виз авахаар өгсөн байсан юмаа. Би хүний бичиг баримтаар улсын хил нэвтэрч болохгүй гэдгийг мэдэхгүй. Үүнээсээ болоод хүмүүсээс сонссон зүйлдээ итгээд өөрийн найз *******аас гадаад паспортыг нь гуйж аваад 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сэдэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх гэж байгаад саатуулагдсан....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 61дүгээр хуудас/
15.Шүүгдэгч *******ын 2016 оны 08 дугаар сарын 09-ний мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн....Би *******ын найз нь байгаа юмаа. Бид хоёр олон жил найзалж байна. Бага байхад бидний гэр ойролцоо байдаг байсан. ******* 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байхаа яг хэзээ гэдгийг мэдэхгүй байна над руу залгаад “ ОХУ руу ажлынхантайгаа гадагшаа явах гэсэн юмаа. Би гадаад паспортаа БНСУ-ын элчин сайдын яаманд виз авахаар өгчихсөн чинь гардаггүй ээ. Чи надаа гадаад паспортаа өгчихөөч тэгэх үү” гэж гуйхаар нь Би *******аас " тэгж өөр хүний гадаад паспортаар явж болдог юм уу “ гэж асуусан чинь “ харин болдог гэнээ, адилхан л бол болдог гэнээ” гэж хэлсэн. Тэгээд “чи бид хоёр адилхан биш ш тээ “ гэж хэлэхэд “зүгээрээ болно” гэхээр нь би найзыгаа гуйж байхад яаж үгүй гэхэв дээ зөвшөөрөөд миний гадаад паспорт гэрт байгаа очоод авчих гэсэн юм. Тэгээд ******* гэрт очоод манай эхнэр Отгонцэцэгээс миний паспортыг авсан байна лээ. Тэгээд маргааш нь бил үү нөгөөдөр нь бил үү сайн санахгүй байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос нэг эрэгтэй хүн яриад Таны гадаад паспортаар ******* гэдэг хүн улсын хилээр гарах гэж байгаад баригдаад саатуулагдсан юм ярьсан. Би тухайн үед эхнэр маань төрөх гээд сайн ярьж чадаагүй. Дараа нь *******аас энэ тухай асуухад “ өөр хүний баримт бичгээр улсын хилээр гарч болдоггүй юм байна. Би чиний гадаад паспортаар гарах гэж байгаад баригдчихлаа.” Гэсэн өөр юм ярьж чадаагүй ...гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/
16.Шүүгдэгч *******ын 2016 оны 08 дугаар сарын 31-ний мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн....Би өөрийн найз *******ыг гуйгаад байхаар нь гадаад паспортаа өгчихсөн юмаа. Би *******т итгээд гадаад паспортаа өгсөн. Би *******аас мөнгө төгрөг янз бүрийн юм аваагүй. ******* надаас “Би ажлынхантайгаа Улаан-Үүд явах гэсэн юмаа. Би гадаад паспортаа БНСУ-ын элчин сайдын яаманд виз авахаар өгчихсөн чинь гардаггүй ээ. Би чиний гадаад паспортаар явчихаад ирье” гээд гуйгаад байхаар нь өгчихсөн юм. Би урьд өмнө улсын хилээр гарч байгаагүй болохоор энэ тухай сайн мэдэхгүй *******т тус болох гээд өөрийн гадаад паспортаа өгчихсөн юм аа.... гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 66 дугаар хуудас/
17.Хилийн 0101 дүгээр ангийн дэргэдэх хилийн тагнуулын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн албан тоот, зөрчлийн материалууд хавтаст хэргийн 3-14 дүгээр хуудас/
18.Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл. хавтаст хэргийн 20 дугаар хуудас/
19.Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл. хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/
20.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/
21.Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол. хавтаст хэргийн 32 дугаар хуудас/
22. Шүүгдэгч Б.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, лавлагаа /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/
23. Шүүгдэгч Б.*******ын ажил байдлын тодорхойлолт, ажилд томилсон тушаал /хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас/
24.Шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, лавлагаа /хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас/
25. Шүүгдэгч Б.*******ын ажил байдлын тодорхойлолт, ажилд томилсон тушаал /хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас/зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцсэн дээрхи нотлох баримтуудад
шүүх дараахи дүгнэлт хийв.
Нийслэлийн Прокурорын газраас 201601000122 дугаартай эрүүгийн хэргийн шүүгдэгч Б.*******ыг шүүгдэгч *******тай урьдчилан үгсэн тохиролцож, *******ын Е1050134 дугаартай энгийн гадаад паспортыг хурамчаар ашиглан 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн захиалагчаар хамтран оролцох” хэлбэрийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан “урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг” дээрхи гэмт хэрэг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн,
Шүүгдэгч *******ыг шүүгдэгч Б.*******тай урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн Е1050134 дугаартай энгийн гадаад паспортыг түүнд хурамчаар ашиглуулахаар өгсөн тул ******* овогт ******* ******* нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхэд хамжигчаар оролцсон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэг, хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэгт давхар зүйлчлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэхэд шүүгдэгч Б.*******, ******* нарын үйлдэл холбогдол нь Прокурорын зүйлчилсэн дээрхи хуулийн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхэд учир дутагдалтай гэж шүүх дүгнэлээ.
Учир нь: Б.******* нь *******ын энгийн гадаад паспортыг ашиглан 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх”-ийг завдсан гэмт хэргийн шинжийг агуулсан байж болох боловч энэ талаар яллаагүй, гэмт хэрэг төгссөн байдлаар яллах дүгнэлт үйлдсэн нь бодит байдалд төдийлөн нийцээгүй гэж шүүх үзэж байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж агуулагдаагүй байна.
Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь Эрүүгийн эрх зүйн онолын талаасаа:
а.Хилийн боомтоос өөр газраар орсон буюу гарсан
б.Хилийн боомтоор улсын хил нэвтрэх эрхийн хүчин төгөлдөр бус баримт бичигтэйгээр нэвтэрсэн
в.Эрх олгох ёстой байгууллагын зөвшөөрөлгүй хил зөрчих
г.Бусдын баримт бичиг ашиглан улсын хилээр орох буюу гарах
д.Хуурамч бичиг баримт ашиглан улсын хилээр орох буюу гарах зэрэг төгссөн шинжтэй гэмт үйлдлүүдийг хамруулан ойлгохоор томъёолсон байна.
Дээрхи гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын нөхцөл байдлуудаас харахад хил зөрчсөн, улсын хилээр орсон буюу гарсан, хил нэвтэрсэн гэх мэтээр төгс үйлдэл байхыг шаардаж байна.
Энэ хэргийн шүүгдэгч *******, ******* нар нь улсын хил нэвтрээгүй ба үйлдэл нь хил нэвтэрсэн төгс гэмт хэрэг болж чадаагүй, хил нэвтрэх гэмт хэргийн завдалтын хэлбэрийг агуулсан байх талтай байна.
Шүүх дээрхи байдлуудыг үндэслэн “Монгол улсын хил нэвтрэх” гэмт хэрэг үйлдэхийг завдсан байдлаар шүүгдэгч нарын гэм буруугийн талаар сонсгосон ялыг хөнгөрүүлэх эрхтэй боловч, Монгол улсын үндсэн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хуулиар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэхийг хориглосон байгаа тул завдалтаар зүйлчилж ял халдаах тухай эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ төрж байна. Иймээс шүүгдэгч Б.*******, ******* нарт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Энэ хууль болон Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр 248 дугаар 248.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр тогтов.
Шүүгдэгч Б.*******ыг прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан “Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэнээр мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасан “гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэж давхар зүйлчилсэн байна. Эрүүгийн эрх зүйн онолоор энэ нь бас л төгс үйлдэл байхаар томъёолжээ.
Шүүгдэгч ******* нь *******ын энгийн гадаад паспортыг ашиглан Монгол улсын хилээр нэвтрэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан шинжтэй байгаа тул төгс үйлдэл гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэж байна.
Иймээс шүүгдэгч Б.*******т Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг мөн л Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Энэ хууль болон Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн үндсэн зарчмыг баримтлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр 248 дугаар 248.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр тогтов.
Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ******* *******ын Е1050134 энгийн гадаад паспорт 1 ширхэг, ******* *******ын дугаартай энгийн гадаад паспорт 1 ширхэг, СО613-4512 дугаартай Бүгд Найрамдах Солонгос улсын визний мэдүүлгийн баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шүүгдэгч нарт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хамгаалсан болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, зорчих эрхийг хязгаарласан зүйл үгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 290 дүгээр зүйлийн 290.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Прокурорын газраас ******* овогт ******* *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1-д заасан гэмт хэрэгт, *******-******* овогт ******* *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан зарчмыг баримтлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасугай.
2.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ******* *******ын Е1050134 энгийн гадаад паспорт 1 ширхэг, ******* *******ын дугаартай энгийн гадаад паспорт 1 ширхэг, СО613-4512 дугаартай Бүгд Найрамдах Солонгос улсын визний мэдүүлгийн баримтыг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шүүгдэгч нарт буцаан олгосугай.
3.Б.*******, ******* нарт урьд авсан гадагшаа явахгүй байх баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгагдсан этгээдүүдэд урьд авсан гадагшаа явахгүй байх баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ