Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 128/шш2021/0469

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” НҮТББ

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.

Гуравдагч этгээд: “Ө” ХХК.

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын, “Х” ТББ-д дахин газар эзэмших эрхийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  дахин шинэ акт гаргахыг даалгах”

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Нийслэлийн Засаг даргын шүүхийн шийдвэр биелүүлэхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин шинэ акт гаргахыг даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” НҮТББ шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт “Х" ТББ гуравдагч этгээдээр оролцсон ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/020 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/MA2018/0179 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 212 дугаар тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128 2019/0226 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/MA2019/0344 дүгээр магадлалт, Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэгдэж дууссан.

 Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 захирамжийн “Ө” ХХК-д газар олгосон хэсгийг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө” ХХК-ийн захирамжийг хүчингүй болгосон хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн   "Х” ТББ-д газар олгосон хэсгийг хариуцагч нараас дахин шинэ акт гарах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсэн.

 Шүүхээс түдгэлзүүлэх үндэслэлээ “төрийн эрх бүхий байгууллагаас “Ө” ХХК, “Х” ТББ-д газар олгохдоо тухайн газрын ямар зориулалт, журмын дагуу эзэмшүүлэх талаарх үндэслэлүүдийг шалгасны үндсэн дээр газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх”-ээр заасан.

Манай компанийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын А/28 дугаар захирамжаар 39114 м2 газрыг цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилгоор сонгон шалгаруулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ авч байсан. Дээрх газартай холбогдуулан дуудлага худалдаанд 451 925.790 төгрөг, газрын татварт 20.288.000 төгрөг, газрын бетонон хашаа 63.540.000 төгрөг, төмөр хашаа 19.286.000 төгрөг, газрын барилга байгууламж цахилгааны дэд өртөөнд 284.680.00 төгрөг, нийт 839,679.790 төгрөгийн зардлыг өнөөдрийн байдлаар гаргасан байна. Мөн манай төрийн бус байгууллага нь 2016 оны 05-р сарын 30-ны өдрийн 2016/15-28 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу Ус сувгийн 53979 тоот техникийн нөхцөл, “УБДС”ХК-н 279/2019 тоот техникийн нөхцөлүүдийг авч зураг төслийн ажилдаа орж захиалгаа өгсөн боловч хүлээгдсэн байдалтай байна.   "Ө” ХХК нь 2006 онд Хан-Уул дүүргийн Тамгын газрын ажилтнуудын орон сууц барих зориулалтаар газар авсан боловч уг орон сууц өмнө нь баригдсан тул дээрх зориулалтаар “Ө” ХХК-д дахин газар эзэмшүүлэх эрх олгох боломжгүй бөгөөд “Ө” ХХК нь барилга барих, бүтээн байгуулалт хийх эдийн засгийн чадамжгүй, өмнөх Нийслэлийн Засаг дарга асан Ц.Бын хүргэний нэр дээр байгуулагдсан ашиг сонирхлын зөрчил бүхий хуулийн этгээд юм.  Манай компанийн зүгээс 2020 оны 03 дугаар сарын 19, 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж байсан, 2020 оны 06 дугаар сард Нийслэлийн Засаг даргын  Хуулийн хэлтсийн ажилтан Г.******* нь  “Х” ТББ, “Ө” ХХК-тай уулзалт зохион байгуулсан, нэхэмжлэгчийн зүгээс учир байдлаа тодорхой тайлбарласан, шийдвэр гаргахгүй хүлээгдсэн, дахин 2020 оны 7 дугаар сарын 31-ний  өдөр хүсэлт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрсөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 Иймд дээрх үндэслэлүүдийг судлан үзэж шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" гэдэг заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын, шүүхийн шийдвэр биелүүлж, "Х" ТББ-д дахин газар эзэмших эрхийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин шинэ акт гаргахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү.

       2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр   "Х" ТББ нь нэхэмжлэлийн шаардлагаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”  гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын “Х” ТББ-д дахин газар эзэмших эрхийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин шинэ акт гаргахыг даатгах шийдвэр гаргаж өгнө үү” гэж тодруулсан байна.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М “Х” НҮТББ-ын нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019  оны 128/2015/0886/3 дугаар магадлалын 3 дахь заалтаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 33. Дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, гуравдагч этгээд “Х” ТББ-ын бие даасан шаардлага болох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамж, 2010 оны  04 дүгээр сарын  05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох хэсгийг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нар шинэ акт гаргаагүй бол Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

 Улсын дээд шүүхийн 2019 оны 305 дугаар тогтоолоор Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг дарга, захиргааны шинэ акт гаргаагүй тул “Х” ТББ-ын ирүүлсэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н “Х” НҮТББ-ын нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ““Х” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан “дахин шинэ акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг дэмжиж байгаа ч зөвхөн “Х” НҮТББ-д газар эзэмших эрх олгох”-ыг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Улсын Дээд Шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаар тогтоолд Захиргааны байгууллагад холбогдох хуулийн дагуу өөрийн эрхийн хүрээнд үүссэн маргааныг бие даан шийдвэрлэх эрх олгосон болно. Иймд газар эзэмших эрхийг шүүхээр шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хэсэг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд “Ө” ХХК шүүхэд гаргасан бие даасан шаардлага, түүний үндэслэлдээ: “Нийслэлийн Засаг даргын шүүхийн шийдвэр биелүүлэхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Монгол Улсын Дээд шүүхийн, 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 35 тоот шийдвэрийг хэрэгжүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгах” бие даасан шаардлага гаргаж байна.

 Монгол Улсын Дээд шүүх 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 305 тогтоолоор “Ө" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ “...маргаан бүхий актуудыг гаргаж байсан цаг хугацаанд тухайн газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ дүүргийн Засаг даргын аль эсвэл нийслэлийн Засаг даргын алиных нь бүрэн эрхэд хамааралтай байсныг холбогдох хуульд нийцүүлэн захиргааны байгууллага алдаагаа "өөрөө" залруулах боломжтой..." хэмээн дүгнэж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар захирамж, 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн  "Ө" ХХК-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжиін "Х" ТББ-д холбогдох хэсгийг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 6  сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй" гэж шийдвэрлэсэн.

Ийнхүү Дээд шүүх хариуцагчийг буруутай болохыг тогтоож, алдаагаа залруулах боломж олгож хугацаа тогтоосон юм. Гэтэл буруутай болох нь тогтоогдсон Засаг даргаас тус шийдвэрийг өнөөг хүртэл биелүүлээгүй төдийгүй таван жил шахам маргалдаж, ихээхэн хугацаа алдаж, сэтгэл санаа, эд хөрөнгө маягаар ихээхэн хохирол хүлээсэн талуудыг хохирсон дээр нь хохироож тэдний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Улсын Дээд шүүхээс олгосон 6 сарын хугацаанд манай "Ө" ХХК холбогдох шийдвэр гаргуулах хүсэлтийг гаргаж байсан бөгөөд Нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн тус хэрэгт эрх ашиг нь хөндөгдөж буй талуудыг хүлээн авч, хүсэлтийг хэлэлцэн зохих шийдвэрийг гаргаж талуудад танилцуулна гэсэн боловч өнөөг хүртэл танилцуулаагүй байна. Улсын Дээд шүүхээр шийдвэрлэсэн уг хэрэгт манай "Ө” ХХК нь нэхэмжлэгчээр оролцсон бөгөөд “Х" ТББ нь гуравдагч этгээдээр оролцсон. Шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрийг тус улсын нутаг дэвсгэрт хэн ч хүндэтгэн сахин биелүүлэх үүрэгтэй тул Нийслэлийн Засаг даргын шүүхийн шийдвэр биелүүлэхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 305 тоот шийдвэрийг хэрэгжүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Х” НҮТББ гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:  "Ө" ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128\ШШ2018/0020 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/MA2018/0179 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 212 дугаар тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0226 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/MA2019/0344 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаар тогтоолоор тус тус эцэслэн шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан ХанУул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 захирамжийн "Ө*******" ХХК-д газар олгосон хэсгийг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн "Ө" ХХК-ийн захирамжийг хүчингүй болгосон хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х” ТББ-д газар олгосон хэсгийг хариуцагч нараас дахин шинз акт гарах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсэн.

 Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай ижил байх тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:  "Ө" ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагатай танилцаад хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараахь тайлбарыг гаргаж байна.

 Давж заалдах шатны шүүхийн 2010 оны 221/MA2019/0344 дугээр магадлал Улсын дээд шүүхийн 2010 оны 05 дугаар тогтоолоор дээрх газрын хэрэг маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдэж дууссан, Давж заалдах шатны шүүхийн магадлалын 3 дахь заалтаар маргаан бүхий актуудыг 6 /зургаа/ сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд дурдсан хугацаанд хариуцагч нараас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд захирамжуудыг хүчингүй болсонд тооцох, мөн Улсын дээд шүүхийн 2018 оны 305 дугаар магадлалаар Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдаг этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х ТББ-аас тус шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын “Х” ТББ-д дахин газар эзэмших эрхийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин шинэ акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “Ө” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын, шүүхийн шийдвэр биелүүлэхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Дээд шүүхийн, 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 35 тоот шийдвэрийг хэрэгжүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгах” бие даасан шаардлага тус тус гаргаж, нэхэмжлэлийн болон бие даасан шаардлагын үндэслэлээ ижил агуулгаар буюу “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан бүхий захиргааны актуудыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргахыг хариуцагч захиргааны байгууллагуудад даалгаж шийдвэрлэсэн боловч шинэ акт гаргаагүй, талуудын хэн алины хүсэлтийг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан...” гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...шүүхээс тогтоосон хугацаанд Нийслэлийн засаг дарга шинэ акт гаргаагүй тул тухайн маргаан бүхий захиргааны актууд хүчингүй болсон, иймд нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 128\ШШ2019\0226 дугаар шийдвэрээр, нэхэмжлэгч “Ө” ХХК-иас гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны А/128 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжийн Д.Уд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл, “Х” ТББ-аас гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг тус тус хянан хэлэлцээд “Ө” ХХК-ин гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 221\МА2019\0344 дүгээр магадлалаар ...Ө ХХК-ийн гаргасан, Нийслэлийн засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А\128 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох хэсгийн Ө ХХК-ийн газартай давхцаж байгаа хэмжээгээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,...Д.Уд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, гуравдагч этгээд “Х” ТББ-ын бие даасан шаардлага болох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамж, 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А\03 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох хэсгийг тус тус хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн засаг дарга нар шинэ акт гаргаагүй бол дээр дурдсан маргаан бүхий захиргааны актууд тус тус хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн,

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаар тогтоолоор “16...тухайн газрын давхцалыг 3.5 га газраас, эсхүл 2.5 га газраас тооцох эсэх нь эргэлзээтэй, 17...маргаан бүхий газар нь “хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий  болон шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар”-т хамаардаггүй байсан, одоо хамаардаг болсон гэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, 18...”түрүүлж үүссэн эрхийг хамгаалах зарчим”-ыг шууд баримталж шийдвэрлэх нь эргэлзээтэй, иймээс илүү бодит нөхцөл байдалд тулгуурлан газар давхцалтай эсэх, “давхцал”-тай байвал түүний зааг хэмжээг тодорхойлж, маргаан бүхий актуудыг гаргаж байсан цаг хугацаанд тухайн газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ дүүргийн Засаг даргын, аль эсвэл Нийслэлийн засаг даргын алиных нь эрхэд хамааралтай байсныг холбогдох хуульд нийцүүлэн захиргааны байгууллага алдаагаа “өөрөө” залруулах боломжтой...гэж дүгнэн дээрхи магадлалд “...1 дэх заалтын нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х” төрийн бус байгууллагад холбогдох хэсгийн “Ө” ХХК-ийн газартай давхцаж байгаа хэмжээгээр” гэснийг гуравдагч этгээд “Х” төрийн бус байгууллагын гаргасан бие даасан шаардлагын “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох хэсэг гэж, 3 болон 4 дэх заалтын “...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Хт гэснийг “...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох хэсэг гэж тус тус өөрчлөлт оруулсан, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Үүний дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 5 дугаар сарын 5, мөн оны 7 дугаар сарын 31-ний өдөр тус тус “Х” ТББ-аас,  “Ө” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тус тус Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж “...шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор газар эзэмшүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх” хүсэлтүүдийг гаргасан, түүнчлэн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хуулийн мэргэжилтэн Т.******* болон “Х” ТББ, “Ө” ХХК-ийн төлөөллүүд оролцон уулзалт хийж, улмаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас холбогдох хууль, журмын дагуу газрын маргааны асуудлаар зохих шийдвэр гаргуулахаар Нийслэлийн засаг даргад өргөн танилцуулахаар шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдсон, эдгээр асуудлын талаар хэргийн оролцогчид маргахгүй байна.

Түүнчлэн дээрхи уулзалтын явцад нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар тухайн газрын эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ дүүргийн засаг даргад эсхүл Нийслэлийн засаг даргад хамаарах эсэх талаар эсрэг байр суурь илэрхийлсэн, хариуцагч Нийслэлийн засаг даргын төлөөлөл болох Т.*******ийн зүгээс тухайн асуудлаар болон талуудын эзэмшил газрын хэмжээ, давхцалын хил заагийг хэрхэн тодорхойлох талаар огт хөндөж ярилцаагүй болох нь тогтоогдов.

Шүүх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”  шийдвэр гаргах зохицуулалттай.

Дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл хариуцагч Нийслэлийн засаг дарга шүүхээс тогтоосон хугацаанд шүүхийн хүчин төгөлдөр тогтоол, магадлалд дурдсан хэргийн нөхцөл байдлыг  цаашид тодруулах үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс гаргасан хүсэлт, өргөдөлд хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүйг тус тус гаргасан, эдгээр эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн засаг дарга нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс гаргасан, шинээр захиргааны акт гаргуулах хүсэлтийг хүлээн авч улмаар талуудын төлөөллийг байлцуулан уулзалт зохион байгуулсан атлаа тухайн асуудлаар шинэ акт гаргаагүй орхигдуулсан нь хууль бус,  энэ тохиолдолд “шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гараагүй тул маргаан бүхий актууд хүчингүй болсон...” гэж тайлбарласан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хуульд нийцэхгүй байна.

Нөгөө талаар, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс тухайн шүүхийн тогтоол, магадлалд дурдсан нөхцөл байдлыг тодруулахаар хүсэлт өргөдөл гаргах замаар хүчин чармайлт гаргаж идэвхитэй оролцсон байхад захиргаа энэ асуудлаар тодорхой үр дүн, шийдэл гаргаагүй, хүсэлт өргөдлийг зохих журмаар шийдвэрлээгүй нь хууль бус, энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасанӨргөдөл, гомдол гаргагч дараахь эрх эдэлнэ: 1/гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах; 5/төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх”. гэж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ, 3/ өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх; 4/өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах; гэж заасныг болон мөн хуулийн 13 дугаар зүйлийн 3-д “өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зааснаас үзвэл тухайн маргаан бүхий газрын эзэмшлийн асуудлыг дүүргийн засаг дарга эсхүл Нийслэлийн засаг даргын эрх хэмжээний асуудал болохыг шийдвэрлэх эрх бүхий этгээд нь Нийслэлийн засаг дарга байх тул нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар Нийслэлийн засаг даргыг хариуцагчаар тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Х” ТББ-ын нэхэмжлэл болон “Ө” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг хангаж, хариуцагч Нийслэлийн засаг даргын, шинэ акт гаргахгүй байгаа болон талуудын гаргасан хүсэлт, өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож,  дахин шинэ акт гаргаж, талуудын гаргасан өргөдөл хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ТББ-ын нэхэмжлэл болон “Ө” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн засаг даргын, шинэ акт гаргахгүй байгаа болон талуудын гаргасан хүсэлт, өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож,  дахин шинэ акт гаргаж, талуудын гаргасан өргөдөл хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН