| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 105/2022/1448/Э |
| Дугаар | 105/2022/1441/Э |
| Огноо | 2022-10-12 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 105/2022/1441/Э
2022 10 12 2022/ШЦТ/1471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч Я.Амарзаяа,
шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Н.А-аад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2223 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дахүрээ техникийн захад туслах худалдагч ажилтай, ам бүл-5, эх, 3 хүүхдийн хамт, Завхан аймгийн Баянхайрхан сумын 0 дүгээр баг, Асгат гэх газарт оршин суух хаягтай боловч, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Эмнэлэг 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
-Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
-Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 12 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэнийг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн магадлал Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэнийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаартай хуралдааны тогтоолоор шүүгдэгч Н.Ад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б ургийн овогт Н.А-д /РД:ИВ0000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Н.А нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, “Чингис” шөний цэнгээний газрын орчимд хохирогч Э.Хишигтийн “Самсунг галакси А-50” загварын гар утас, болон гар цүнхтэй эд зүйлс зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж, хохирол учруулан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: “Чингис” караокед байж байтал Хишигт орж ирсэн. Тэгээд бид хоёр танилцсан. Цүнхнийх нь оосор тасарсан байхаар нь би авч өгсөн чинь нэг залуу цагдаа дуудаад өгсөн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1-2 дахь тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Хишигтийн өгсөн:... үл таних залуу миний дээрээс босоод цүнхийг маань аваад зугтчихсан. Удалгүй буудлаас хамгаалагч гэх 1 залуу гарч ирээд “Эгч таны цүнхийг аваад зугтчихсан уу? “гэхэд нь “Тийм” гэхэд хамгаалагч залуу араас нь гүйгээд явсан...цүнх аваад явсан залууг бариад ирсэн. Ингээд цагдаа дуудъя гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. Би гомдолтой байна. Миний хувцас урагдсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-9х/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Хишигтийн өгсөн:... Миний алдсан гээд байгаа цүнх нь дээрээ цахилгаантай жижиг цүнх байсан ба би цүнхээ 100.000 төгрөгөөр 2022 оны 01 дүгээр сард Сандэй худалдааны төвөөс худалдаж авч байсан түүний дотор миний гэрийн түлхүүр , манай хүү Мөнгөншагайгийн Самсунг Галакси А-50 загварын гар утас байсан, бичиг баримт байсан өөр эд зүйл бол байгаагүй. Би өөрийн цүнхийг бол эргүүлээд авсан ...гэх мэдүүлэг /хх-25х/,
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хохирогч Э.Хишигтийн гаргасан хүсэлт: ... хажуу баарны хамгаалагч гарч ирээд надад тусласан. Үл таних хүнээс 2022.05.22-ны өдөр хохирол 500.000 төгрөг, 2022.06.17-ны өдөр хохирол 1.000.000 төгрөг авах тул надад гомдол санал байхгүй. Би одоо 2022.06.20-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дагуулан рашаан, сувилалд явах тул 10 сар хүртэл ирэх боломжгүй. Мөн шүүх хуралд оролцохгүй болно гэх хүсэлт.... /хх-34-35х/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Сарантуяагийн өгсөн:...Би Чингис зочид буудлын ресепшинээр ажилладаг. 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр хүртэлх хугацаанд ээлжинд ажиллаж байсан. 02 цагийн орчим гадна эмэгтэй хүн орилж чарлаад байхаар нь юу болсон юм бол гээд 203 тоот өрөө рүү ороод цонхоор нь харахад нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн байсан. Эрэгтэй хүн нь тухайн эмэгтэйн цүнхийг аваад цугтахаар нь би цонхоор “Чи болиочээ пизда минь” гэж хэлсэн. Ингээд буцаад ажлын байран дээрээ ирээд гадна камер харж байхад өмд нь шороо болсон эмэгтэй орж ирээд эгчээ миний цүнхийг дээрэмдчихлээ гэж хэлсэн. Удахгүй Мишээл нэртэй караокены хамгаалагч залуу тэр цугтаасан гэх эмэгтэйг барьсан гээд нэг залууг нөгөө эмэгтэйтэй уулзуулж, цүнхийг нь өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-11-12х/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.Агийн өгсөн:... Миний бие гэртээ байж байгаад орой 22 цагийн үед гарч нэг пиво уух санаатай Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис нэртэй нийтийн караоке орж нэг шил пиво авч суугаад байж байтал үл таних 40 гаруй насны эгч над дээр ирээд нэг пиво аваад өгчих гэж хэлээд би түүнд авч өгөөд...явах гэтэл цүнхийг нь аваад явах санаа төрж түүний цүнхийг нь авч цааш зам руу гараад явж байтал араас үл таних залуу ирж намайг барьж аваад цагдаад хүлээлгэн өгсөн. Цүнхийг нь архины халуунд авч явсан. Тухайн үед 3 шил пиво уусан байсан ба биеэ хянах чадвартай байсан. Ойр орчим бид хоёр байсан өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-21-22х/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7917 дугаартай
1.Н.Хишигтийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-28-29х/
-Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Шүүгдэгч Н.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-39х/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38х/,
-Байнга оршин суугаа хаягын лавлагаа /хх-40х/,
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх- 41х/
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-42х/
-Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-43х/
-Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-44-46х/,
-2020 оны 05 сарын 18-ны өдрийн 252 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол /хх-47-54х/
-2020 оны 01 сарын 09-ны өдрийн 2020/ДШШ/01 дугаартай Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлал /хх-55-64х/
-2019 оны 11 сарын 13-ны өдрийн 2019/ШШТ/103 дугаартай Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн харгийн анхан шатны шүүх шийтгэх тогтоол /хх-65-71х/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Н.А нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, “Чингис” шөний цэнгээний газрын орчимд хохирогч Э.Хишигтийн “Самсунг галакси А-50” загварын гар утас, болон гар цүнхтэй эд зүйлс зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирол учруулан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, / адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөн гийг засах зэргээр / буюу учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Э.Хишигт нь баримтаар нэхэмжилсэн зүйл хэрэгт авагдаагүй байх ба “Самсунг галакси А-50” загварын гар утас, болон гар цүнхтэй эд зүйлс зэргийг хохирогчид буцааж өгсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоодож байна. Иймд Н.Аг баримтаар бусдад төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргав.
Шүүхээс тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч Н.А нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Н.А нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг өөрийгөө өмгөөлөх эрхээр нь ханган шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.
Шүүгдэгч Н.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Н.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А-д 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А нь 6 /зургаа/ сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Ад шүүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН