Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2019/00314

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Е.Э, М.П нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Тулга ХХК-ийн байр, 304 тоотод байрлах “ГЛ” ХХК /Регистрийн дугаар:6047165/-д холбогдох

            Гэрээний үүрэгт 7.490.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “ГЛ” ХХК-ийн захирал М.Ттай 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Е.Э, М.П нар уулзаж манай компани Япон, Солонгос Улс руу явах визийг гаргах үйлчилгээг эрхэлдэг найдвартай компани, Япон Улс руу энэ оны 7 сараас эхэлж хүмүүс явуулна гэж хэлсэнд нь итгэж мөн өдрөө гэрээ байгуулж, 6.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Тус компанийн захирал М.Т нэхэмжлэгч нартай ярьж байхдаа манай компаний нэр дээр Япон явах хүмүүс эхлээд Япон хэлний сургалтанд суух шаардлагатай байдаг гэж хэлсэн. Үүний дагуу бид 2 сургалтанд 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2 сарын хугацаатай суух байсан боловч багшийн цалинг төлөөгүй шалтгаанаар сургалт бүрэн явагдаагүй. Сургалтын төлбөрт тус бүр 800.000 төгрөг төлсөн. Компаний зүгээс Япон Улс руу явуулах амалсан хугацаа болмогц хэзээ явах талаар асуухад удахгүй явна, болох гэж байна гэдэг янз бүрийн шалтгаан тоочин явуулахгүй удаашраад байсан. Гэтэл тус компаний менежер Дорж “би та хоёрыг эхний ээлжинд явуулж өгнө, өмнөх өгсөн төлбөр дээр нэмээд 1.000.000 төгрөг өгчих” гэхээр бид бололцоогоороо түүний хэлсэн Хаан банк дахь дансанд 2018 оны 4 дүгээр сарын 17-нд 500.000 төгрөг шилжүүлсэн. Е.Э би Орхон аймгийн 7 дугаар сургуульд бага ангийн багш ажилтай. Япон улсын визний төлбөрт төлсөн 6.500.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Хас банкнаас 48 сарын хугацаатай 18 хувийн хүүтэй 12.000.000 төгрөгийн зээл авч өгсөн байсан. Зээлийн хүүг “ГЛ” ХХК-д төлсөн 6.500.000 төгрөгнөөс банкны хүүгээр зээл авсан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцоход 780.000 төгрөг болж байна. Бид анх 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгаас ирэхдээ ирэх очих унааны зардалд 60.000 төгрөг төлсөн. 2018 оны 6 дугаар сарын 08-нд Япон хэлний сургалтанд суухаар ирэхдээ унааны зардалд 30.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сард Япон хэлний сургалтыг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн учир Улаанбаатараас Орхон аймаг руу буцсан зардалд 30.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөнгөө нэхэж Улаанбаатар хотод өөрийн 68-48 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирэхэд шатахуунд 50.000 төгрөг хийсэн. Ингэж ирэхдээ М.Т захиралтай уулзаж бидний төлсөн мөнгийг 7 хоногийн дараа өгнө гэсэн баталгаат бичгийг хийж өгснийг авч, буцаад Орхон аймаг явахад шатахуун 50.000 төгрөг төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу ирэхдээ шатахуунд 82.000 төгрөг төлсөн. Бид нар Орхон аймагт ажил хөдөлмөр эрхэлдэг тул ээж Ч.Бд итгэмжлэл хийлгэхэд 28.000 төгрөг төлсөн. Иймд “ГЛ” ХХК-иас төлбөрт төлсөн 6.000.000 төгрөг, менежер Доржид нэмж төлсөн 500.000 төгрөг, банкны хүүд төлсөн 780.000 төгрөг, ирж очих замын зардал, шатахуунд төлсөн 210.000 төгрөг, нийт 7.490.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Е.Э, М.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нь “ГЛ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 7.490.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хариуцагч “ГЛ” ХХК-ийн захирал М.Тад нэхэмжлэлийн хувийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гардуулсан ч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаа болох нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн өнөөдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудсаар болон түүний тодорхойлсон 99106212 дугаарын утсаар хүргэсэн ч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШЗ2019/01040 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч талын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан “шүүх хуралдаанд оролцох”, “хэргийн материалтай танилцах” эрхийг хангаж урьд товлогдсон хуралдааныг хойшлуулж байсан. Иймд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

            Хэрэгт авагдсан баримтаар Е.Э, “ГЛ” ХХК нар, мөн М.П, “ГЛ” ХХК нар 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр харилцан тохиролцож, Зуучлагч нь зуучлуулагчийг Япон улсад 3 жилийн хугацаатайгаар хөдөлмөрийн дадлага эзэмшүүлэх зорилгоор тодорхой хугацаанд бэлтгэж, илгээхээр, Зуучлуулагч нь хөтөлбөрт хамрагдан суралцаж, сургалтад 800.000 төгрөг, үйл ажиллагааны зардалд 2.200.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийн хөлс төлөхөөр “Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ”-нүүдийг байгуулжээ. /хх 6-8, 10-12/

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дахь заалтад “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нар зуучлалын хөлс тус бүр 3.000.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч байгууллагад төлсөн болох нь хэрэгт авагдсан тус компанийн кассын орлогын ордероор тогтоогдож байна. /хх 9, 13/

Талуудын хоорондох дээрх гэрээнүүдэд Зуучлагчийн үүрэг гүйцэтгэх эцсийн хугацааг тухайлан заагаагүй байх боловч компанийн зүгээс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нарт олгосон гэх “Баталгаа” нэртэй албан бичигт “Е.Э, М.П нарын компанид төлсөн 6.000.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буцаан олгох” тухай дурдсан, зохигчийн тайлбар зэргээс дүгнэвэл хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. /хх 14/

Иймд гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нөгөө тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзсныг шүүх буруутгах боломжгүй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар “гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэг хүлээх” тул гэрээний дагуу шилжүүлсэн 6.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” байхаар, ийнхүү шаардахад “гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох”-оор мөн зүйлийн 227.3-т заажээ.

 

Нэхэмжлэгч нь Хас банкны зээлийн хүүд төлсөн 780.000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилж байх боловч энэ нь гэрээнээс учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй. Мөн зардалд 210.000 төгрөгийг шаардах эрхтэй ч тэрээр дээрх хэмжээний зардал гарсан болохоо баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Харин нэмж өгсөн гэх 500.000 төгрөгийг хариуцагч хуулийн этгээдэд бус менежер Дорж гэх иргэнд “оочер дугаар урагшлуулах агуулгаар” өгсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд дээрх зардлыг хариуцагч хуулийн этгээд хариуцах үндэслэлгүй гэж үзэв. Нэхэмжлэгч нь энэ зардлаа мөнгийг шилжүүлэн өгсөн этгээдээс жич шаардах эрхтэй.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 6.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт оолгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан “ГЛ” ХХК-иас 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Е.Эт 3.000.000 төгрөг, нэхэмжлэгч М.Пид 3.000.000 төгрөг тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.490.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         О.ОДГЭРЭЛ