| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2018/03433/И |
| Дугаар | 181/ШШ2019/00372 |
| Огноо | 2019-02-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2019/00372
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Э.Э/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Э-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: С.Этэй 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 3 хоногийн хугацаатай 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Энэ мөнгийг би өөрийн танил эгч Б.Батдолгороос зээлж түүнд авч өгсөн. Б.Батдолгор эгч өөрийн нэр дээрх Төрийн банкны данснаас С.Эийн Хаан банкны дансруу шилжүүлсэн. Гэвч банк хоорондын гүйлгээ ажлын 3 хоногт Монгол банкаар дамжигдаж шилждэг тул шууд С.Эийн дансанд ороогүй. С.Э “нөгөө мөнгө чинь орохгүй байна шүү, яаралтай мөнгө хэрэгтэй байна” гэж над руу ярьсан тул дахин өөрийн нөхөр н.Гантөгсийн Хаан банкны данснаас 2018 оны 10 дугаар сарын 19-ний орой С.Эийн Хаан банкны дансруу 3.000.000 төгрөг шилжүүлүүлсэн. Уг нь нэмж шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг буцаан авах ёстой байсан ч С.Э “би энэ мөнгийг хүүтэй зээлж хэрэглэе” гэсний дагуу тухайн үед буцааж аваагүй. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатайгаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл зээлүүлсэн тухай Зээлийн гэрээг бичгээр баталгаажуулж хийж, нотариатаар батлуулсан. Анх тохиролцохдоо хугацааг 7 хоног гэж гэрээнд бичсэн ч намайг хүнээс хүүтэй мөнгө авч өгснийг мэдэж байсан тул гэрээний хугацаа дууссанаас хойш сарын 10 хувь хүүтэй байхаар амаар тохирсон байсан. Анх хүүнд өгөөрэй гэж 300.000 төгрөг өгснийг цааш Б.Батдолгорт өгсөн. Дараа нь дахиад хүүнд 700.000 өгсөн. 2018 оны 11 дүгээр сард ажил дээр ирээд 1.000.000 төгрөг өгснийг Б.Батдолгор эгчээс зээлсэн 3.000.000 төгрөгийн өрнөөс хасуулж цааш дамжуулж өгсөн. Намайг С.Эт шилжүүл гэсний дагуу дээрх 6.000.000 төгрөгийг нөхөр н.Гантөгс, Б.Батдолгор нар түүний данс руу мөнгийг шилжүүлсэн. Одоо Б.Батдолгор надаас мөнгөө хүүтэй нь байнга нэхэж байгаа. Иймд Б.Батдолгороос зээлж өгсөн үндсэн зээлийн үлдэгдэл 2.000.000 төгрөг, түүний хүү 500.000 төгрөг, сүүлд нэмж өгсөн 3.000.000 төгрөг, түүний хүү 500.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа. С.Э миний бие иргэн С.Энхтамираас 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 6.000.000 төгрөг зээлсэн бөгөөд одоогоор дансаар 700.000 төгрөг, бэлнээр 1.300.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг төлсөн бөгөөд төлбөрийн зөрүүг төлөх 2 сарын хугацаа өгч туслалцаа үзүүлэхийг хүсч байгааг минь ойлгож хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Э.Э нь С.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 1.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэг талаас Э.Э, нөгөө талаас С.Э нар нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь 3.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч 10 хувийн хүүтэй, 3 хоногийн хугацаатай эргүүлэн төлөхөөр, мөн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 3.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй байхаар тус тус тохиролцож “Зээлийн гэрээ”-нүүд байгуулжээ. /хх 3-4/
Хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Б.Гантөгсөөс зээлэв” гүйлгээний утгаар Б.Гантөгсийн Хаан банкны данснаас С.Эт 3.000.000 төгрөг, мөн өдөр “С.Э” гүйлгээний утгаар Б.Батдолгорын Хаан банкны данснаас 3.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагджээ. Дээрх мөнгийг нэхэмжлэгч бусдаар дамжуулж хариуцагч С.Эт шилжүүлсэн, уг мөнгийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байх ба хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа зээлийг С.Эээс хүлээн авсанд маргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282.4 дэх хэсэгт зааснаар “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох”-оор заасан байх тул тухайн өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд 6.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв. /хх 5-7/
Хариуцагч зээлд 2.000.000 төгрөг төлсөн тухайгаа дурдсан, нэхэмжлэгч үнийн дүнд маргаагүй ч үндсэн зээлд 1.000.000 төгрөг, хүүнд 1.000.000 төгрөг тооцон авсан гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заажээ.
Хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр талууд гэрээний хугацаа 3 хоног, 7 хоног байхаар, хүү 10 хувь байхаар тус тус тохиролцсон, дээрх гэрээнүүдийн хугацааг сунгасан тухай баримтгүй тул нэхэмжлэгч дээрх хугацаанаас хойш хүү шаардах эрхгүй байх боловч хариуцагч зээлд шилжүүлсэн гэх 2.000.000 төгрөгнөөс хүү болон үндсэн зээлд хэдэн төгрөг тооцон шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд мөн ирүүлээгүй. Иймд хэдийгээр нэхэмжлэгч 7 хоногоос хойшхи хугацаанд хүү авах эрхээ алдсан ч Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар хариуцагч хүлээн зөвшөөрч хүү 1.000.000 төгрөг төлсөн гэж үзэв.
Дээрхийг нэгтгээд С.Эээс үндсэн зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч С.Эт өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргэсэн ч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Түүнчлэн тэрээр 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдаанд мөн хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан “шүүх хуралдаанд оролцох”, “хэргийн материалтай танилцах” эрхийг тус тус хангаж хуралдааныг хойшлуулж байсан. Иймд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаарх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан С.Эээс 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Эт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ