Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1620

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022        11           03                                     2022/ШЦТ/1620

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч  Б.Өлзийжаргал,

хохирогч Д.А,

шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.З холбогдох эрүүгийн 210 604 426 1764 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1971 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй,  халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, хамтран амьдрагч  н.Алтантуулын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиат гудамжны 13/32 тоотод бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 0 дугаар хэсэг, Сургуулийн гудамжны 000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  нь

- Дорнод аймгийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хорих ялаар,

- Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын шүүхийн 1990 оны 04 дүгээр сарын 21 -ний өдрийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хорих ялаар,

- Дорнод аймгийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 167 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

- Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 808 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэгдэж байсан, Б.З

 

                               Холбогдсон хэргийн талаар

 

Б.З нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Алтан Өлгийн 13 дугаар гудамжны 184 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.Аыг мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар зодож түүний биед зүүн тавхайн 5 дугаар шивнүүр ясны далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, таславчын мурийлт, зүүн нүдний зовхи, хамар, дээд уруул бугалгад цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ:...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цуг архи уусан. Гэртээ яаж ирснээ мэдэхгүй байгаа. Тэгээд ийм асуудал болсон байсан. Намайг чи цохисон гэж хэлсэн. Би цохьсоноо мэдэхгүй тул цохиогүй гэж хэлсэн гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч Д.А мэдүүлэхдээ: Би тухайн үед согтуу байсан тул сайн санахгүй байна. Гэмтэл дээр очиж оёдол тавих үед мэдсэн гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

                                 Хэргийн үйл баримтын талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Аын өгсөн:...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр...би согтуу унтаж байхад Зоригт орж ирээд мөнгө нэхээд байсан. Би Зоригтод чи мөнгөө авсан шүү дээ гэсэн чинь чи авсан гээд байсан. Ямар ч байсан над руу сандал шидэж байсан. Тэгээд гарахдаа Зоригт намайг нэг удаа өшиглөчихөөд гарсан. Тэгээд би унтаад өгсөн. Би сандлаар цохиулаад унтсан юм уу мэдэхгүй байна. Тэгээд унтаад сэрсэн чинь цус гарчихсан байсан. Мөн Зоригт заазуураар хоолойг чинь хэрчье гээд тэгж байсан. Элдүүрээр цохисон эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд сэрээд цус гарчихсан байхаар нь айгаад түргэн дуудаад, охин Саруулыг дуудсан. Охиныг ирэхийг мэдээгүй, байшингаас гарах гэж байгаад гадаа үүдэнд уначихсан байсан, нэг сэрсэн хамар оёод байх шиг байсан”....гэх мэдүүлэг /хх-23-25х/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Саруулцэцэгийн өгсөн:...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байхад танихгүй дугаараас дуудлага ирээд Алтантуулын охин мөн үү ээж чинь энд хүнд зодуулсан байна, цагдаа ярьж байна гэхээр нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Холбоо мэдээллийн сургуулийн зүүн хойд талд байх нийтийн байранд очсон. Намайг тэнд очиход ээж Алтантуул хашаан дотор газар хэвтэж байсан, ээжийг босоорой гээд татаад байж байхад, түргэний машин ирээд ээж бид 2 Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Ээжийн хамар нь тасрах шахуу болчихсон, гэмтэл дээр очиж оёулсан, хөл нь хугарсан, бие нь энд тэндгүй хөхрөлттэй байсан, цээж хэсгийг нь заазуураар нидэрчихсэн юм шиг байдалтай байсан”...гэх мэдүүлэг/хх-30-31х/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /Үүдний хэсэгт газарт ягаан өнгийн сетктэй толь доош унаж хагарсан байдалтай мөн дэргэд нь модон сандалны хөл байж болзошгүй мод хугарч бутарсан, баруун гар талын цагаан өнгийн 3 тасалгаатай шургуулганы 2 дахь тавиур дээр ногоон өнгийн иштэй заазуур байх ба тус заазуурыг 16 гэж дугаарлан бэхжүүлэн авав, баруун хананд байрлуулсан тамрасны доод хэсгээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсоныг 17 гэж дугаарлав, хананд байх зурагтны тавиурын урд хэсэгт мөн цус мэт улаан хүрэн өнгийн модон эдлэлийн хэсэг байх ба 24 гэж дугаарлан хураан авав/ гэх тэмдэглэл,/хх-9-11х/,

 

Эд мөрийн баримтаар эд зүйл хураан авсан тогтоол/ хх-60х/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11517 дугаартай шинжээчийн:

1. Д.Аын биед зүүн тавхайн 5 дугаар шивнүүр ясны далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, таславчын мурийлт, зүүн нүдний зовхи, хамар, дээд уруул бугалгад цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, /хх-34-36х/

 

                        Шүүгдэгч Б.Зын хувийн байдалтай холбоотой баримт:

 

-Шүүгдэгч Б.Зын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-54х/,

- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-55х/,

- Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-56х/,

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-57х/,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-47-48х/

-Таслан шийдвэрлэх тогтоол /хх-49-52х/,

-Таслан шийдвэрлэх тогтоол /хх-79х/,

-Таслан шийдвэрлэх тогтоол /хх-80-84х/,

-Таслан шийдвэрлэх тогтоол /хх-85-89х/,

-Таслан шийдвэрлэх тогтоол /хх-90-93х/,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны 808 дугаартай шийтгэх тогтоол /хх-94-100х/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43х/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Б.З нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Алтан Өлгийн 13 дугаар гудамжны 184 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.Аыг мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар зодож түүний биед зүүн тавхайн 5 дугаар шивнүүр ясны далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, таславчын мурийлт, зүүн нүдний зовхи, хамар, дээд уруул бугалгад цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.З нь хохирогчийг зодож, гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

 

Хохирогч Д.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Б.Зын гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь бие биенээ үл хүндэтгэсэн,  ёс зүйгүй байдлаас үйлдэгдсэн гэж үзэх үндэстэй байна.

 

             Иймд шүүгдэгч Б.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх  ашиг сонирхол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

          Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж ,

        Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д...гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс  багагүй  хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.

 

         Хохирогч Д.А нь энэ хэргийн улмаас баримтаар нэхэмжилсэн хохирол хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Б.Зыг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.  

  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:          

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан:...гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Б.З нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна  гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...  согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.З нь энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

                                                           

Шүүгдэгч Б.Зод эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Зод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчтай санал нэг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн санкц дээр 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрх хязгаарлах, мөн хорих, торгуулийн ялтай. Энэ хоёр хүний хувийн байдал зэргийг харахад торгуулийн ялын мөнгийг төлөх бололцоо бага. Урьд авсан 450.000 төгрөгөөр торгох ялын мөнгийг төлөх гэсэн шүүхийн шийдвэрийн шийдвэр гүйцэтгэгч чи төлөхгүй байж байгаад одоо шүүхээр орох хэрэг дээрээ нэгтгүүл гэж хэлсэн байсан. Улсын яллагчийн гаргаж байгаа ялын дүгнэлттэй санал нэг байна. Яагаад гэвэл биеийн байдал хүнд, мөн хол газар явж барилгын ажил хийж амьдардаг. Тэгэхээр зорчих эрх хязгаарлах ялыг нь Улаанбаатар хотоор хязгаарлаж өгвөл цаашдын амьдралд нь хэрэгтэй болов уу гэсэн саналтай байна гэв.

                                   

 Шүүхээс гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч Б.З нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.Аыг зодсон, шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал хохирогч гомдол саналгүй, баримтаар нэхэмжилсэн зүйлгүй зэргийг харгалзан  Б.Зод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ногоон өнгийн иштэй заазуур, 1 ширхэг шар өнгөтэй модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:                         

 

1.  Шүүгдэгч Б.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.З  6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.Зыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.З энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 808 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ мянган төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ногоон өнгийн иштэй заазуур, 1 ширхэг шар өнгөтэй модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.З нь энэ шийтгэх тогтоолоор бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

                8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Зод шүүхэд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БЭЭЖИН