Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2019/00371

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Ариунаа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Найрамдал 3-р хэсэг, 44 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УХ64122303, Харчин овогт Батбаярын Ундармаагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч-Баянгол дүүрэг, 19-р хороо, 53А байрны 301 тоотод байрлах, РД-5271231, Гэрэлт фокус ХХК-д холбогдох,

нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлал гуйх, худал мэдээллийг залруулахыг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул, өмгөөлөгч Л.Отгондорж, хариуцагч Гэрэлт фокус ХХК-ийн захирал М.Бадамсүрэн, иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгч нь худал мэдээллээр гутаагдсан нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, нэр төр гутаасан үйлдэлдээ уучлал гуйх, худал мэдээллийг залруулахыг хариуцагчид даалгуулахаар шаардсныг хэлэлцлээ.  

Нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул нэхэмжлэл, тайлбартаа: Гэрэлт фокус ХХК-ийн захирал М.Бадамсүрэн нь нэхэмжлэгч Б.Ундармаагийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд удаа дараа халдаж, үндэслэлгүй, гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл, хүсэлт гомдлыг гаргасаар байна.

Үүнд: 2018-04-18 өдөр Авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлд 1/25 тоот хүсэлт, 2018-06-27 өдөр Авлигатай тэмцэх газарт 0/36 тоот гомдол, 2018-07-05 өдөр УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Д.Лүндээжанцанд 01/5775 тоот, УИХ-ын гишүүний Хасхом-ийн тухай гэх албан бичиг, 2018-10-10 өдөр Монгол ардын намын дарга У.Хүрэлсүхэд 1/29 тоот гомдол, 2018-10-16 өдөр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт 1/28 тоот, гомдол гаргах тухай албан бичгүүдээр гүтгэлэгийн шинжтэй мэдээ, мэдээлэл тарааж, үндэслэлгүй гомдлуудыг гарган, нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсаар байна.

 

Гомдлууд нь Бишрэлт группийн ерөнхийлөгч асан, УИХ-ыг гишүүн Б.Ундармаа нь Авлигын эсрэг хуулийг зөрчиж, хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ Голденсэркл ХХК, Эрдэнэ зам ХХК, Шинэ дэлхий ХХК, Нью даниста рөүд энд интернэшнл ХХК, Би энд Си ХХК, Катеринг ХХК, Зуун найман суварга ХХК, Монгол анар трейд ХХК-иудыг мэдүүлэлгүйгээр нуун дарагдуулж, тусгаагүй тул шалгаж өгнө үү гэсэн агуулгатай байдаг.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэлгүй нууж, хууль бус үйл ажиллагаа явуулж, олон зуун барилга, зам гүүрийг ажилчдыг хохироож байгаа гэсэн байдаг.

Б.Ундармаа нь Голденсеркл ХХК-ийн захиалгаар барьсан 65 айлын орон сууцыг 2016 оны 02 сард өөрийн компанийн өмчлөлд авсан. МАН-аас нэр дэвшсэн Улсын их хурлын гишүүн Б.Ундармаа нь олон зуун барилгын ажилчдаар барилга байгууламжаа бариулж, зохих хөлсийг өгөлгүйгээр хохироолоо.

МАН-аас нэр дэвшиж төр төлөөлж байгаа энэ эрхмийн увайгүй үйлдлийг 2 жил тэсэн хүлээлээ. Намын нэр хүнд, эв нэгдэл, ёс зүйг бүдүүлгээр зөрчиж байгаа энэ эрхэмд цаашлаад энэ намд итгэх итгэл суларч байгаа тул намын удирдлагуудаар уламжлан 186 ажилчдын цалинг нэн даруй олгож, хохирлыг барагдуул, эс тэгвэл хохирогчдын эцэг, эх, гэр бүлийн гишүүд болох МАН-ын 175 гишүүн МАН-аас сайн дураараа дээрх үндэслэлээр татгалзахыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлийг байлцуулан олон нийтэд зарлах болно гэсэн байдаг.

Дээрх мэдээллүүд нь ор үндэсгүй бөгөөд илтэд гүтгэсэн, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдсан үйлдэл болоод байна.

Б.Ундармаа нь УИХ-ын 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдон одоог хүртэл ажиллаж байна. УИХ-ын гишүүнээр сонгогдмогцоо Бишрэлт группын өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэн өгч, хувийн бизнесийн үйл ажиллагаанд оролцдоггүй болно.

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу Гэрэлт фокус ХХК-ийн захирал М.Бадамсүрэн нь гомдол, мэдээлэл, олон нийтийн мэдээллийн сайтаар нэхэмжлэгчийн талаар худал мэдээлэл тараасан үйлдэлдээ хариуцлага хүлээх тул нэхэмжлэгч Б.Ундармаагийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчээс уучлал гуйх, худал мэдээллийг тараасан хэлбэрээрээ залруулахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Манай компани нь 2014-06-17 өдөр Голденсэркл ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Дорноговь аймаг, Замын-Үүдэд 65 айлын орон сууцны барилгыг барьсан. Барилга барих үед Голденсэркл ХХК-ийн захирал Б.Бүд нь Капитал банкны хувьцаа эзэмшигч, барилга Капитал банк ХХК-ийн хөрөнгө оруулалттай, мөнгө төгрөгт санаа зоволтгүй, санжүүжилттэй холбоотойгоор Капитал банкинд харилцах данс нээлгэ, барилгын ажлаа сайн гүйцэтгээрэй гэж хэлж байсан.

Барилгын ажлыг нийт 186 ажилчидтайгаар, 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгээд 95 хувийн гүйцэтгэлтэй байх үед, сүүлийн 3 сарын санхүүжилт өгөөгүйгээс 2015 оны 08 сард ажилчдаа татсан. Барилга дээр 10 солонгос ирсэн. Гэтэл Их модун ХХК-тай Голденсэркл ХХК 2015 оны 02 сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байсныг сүүлд мэдсэн. Манай хийсэн барилгын ажлыг Их модун ХХК-иар гүйцэтгүүлсэн мэтээр баримтыг хууль бусаар бүрдүүлж, 2016-09-15 өдөр барилгыг ашиглалтад хүлээж авах улсын комисс ажиллуулсан байсан.

Голденсэркл ХХК-ийг 2016 оны 02 сарын 08 нд Капитал банк нь өөрийн охин компаниар бүртгүүлэн, манай барьсан барилгыг өөртөө шилжүүлэн авч, захиран зарцуулах эрх үүсгэж, хуурамч баталгаа дүгнэлт гаргуулан, хуурамч материалууд ашиглан улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг. 2016 оны 02 сард Голденсэркл ХХК-ийг шилжүүлж авахад Капитал банкны 99,9 хувийн хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч Б.Ундармаа байсан. 2016 оны 07 сард УИХ-д нэр дэвшигч байхад нь бид Б.Ундармаагийн сонгогчтой хийх уулзалтанд очиж, уулзаж байсан. Энэ үед маргааш өргөдлөө гаргаад ир, шийдэж өгье гэсэн боловч одоог хүртэл бидний ажилчдын цалинг өгөөгүй.

Захиргааны хэргийн гурван шатны шүүх барилгыг ашиглалтад хүлээн авсан 2016-09-15 өдрийн 26/2016 дугаартай улсын комиссын актыг хүчингүй болгосон. Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн болсноос хойш 2016, 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Капитал банкны охин компаниар бүртгэгдсэн Голденсэркл ХХК-ийг тусгаагүй нуусан. Бид энэ дагуу Улсын Их Хурлын Ёс зүйн хороонд, Авилгатай тэмцэх газарт тус тус шалгуулахаар гомдол гаргасан. Манайх 6 газарт албан бичиг өгсөн нь үнэн. Энэ 6 газраас манайд хариу ирүүлээгүй. Эрдэнэ зам ХХК, Катеринг ХХК-иуд бас хохирогч нар болсон.Бүгд авцаатай.

65 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын акт хүчингүй болсон, оршин суугчид нь улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй байхад ипотекийн 8 хувийн зээлд хамруулан зарж байгаа нь өөрөө мөн хууль зөрчиж байна.

Энэ 2 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, түүний нөхөр Ариунболд Голденсэркл ХХК-ийн захирал Б.Бүд нарт олон удаа хандсан боловч нэг ч удаа бидэнтэй уулзаагүй тул бид холбогдох байгууллагуудад хандаж, гомдол гаргасан.

Энэ хүн хууль бус дээрх үйлдлээрээ олон зуун барилгын ажилчид болон гэр бүл, оршин суугчдыг хохироож ирсэн. Голденсэркл ХХК-ийг өрөндөө шилжүүлж авсан гэх боловч өөрийн нэр дээр авснаас хойш хууль бусаар улсын комисс ажиллуулж хохироосон, түүгээр ч барахгүй одоо ч нэмж оршин суугчдыг хохироож байгаа тул бид нэхэмжлэгчийн нэр хүндэд нь халдаагүй. Дээрх байгууллагуудад энэ байдлыг шалгуулж тогтоолгохоор гомдол өгсөн. УИХ-ын гишүүн Б.Ундармаад энэ тухай асуудлаар олон дахин уулзах хүсэлт тавьсан боловч нэг ч удаа уулзаж ярилцаж байгаагүй, эдгээр асуудлыг зохицуулж, олон ажилчдын цалин мөнгийг өгөөгүй тул бид нэхэмжлэх болно. Иймд манай байгууллага уучлалт гуйх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, мэтгэлцээн, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, зээлийн төлбөр барагдуулах гэрээ, шүүхийн шийдвэр, тогтоол, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, news zindaa..mn сайтад байршуулсан хэвлэлийн бага хурлын ярианы хөрвүүлэг, СD, үзлэгийн тэмдэглэл, МАН, улсын бүртгэл, прокурор, ипотекийн корпораци, авлигатай тэмцэх газраас ирүүлсэн лавлагаа, баримтууд, албан бичгүүд, хөрөнгө орлогын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Гэрэлт фокус ХХК-ийн захирал М.Бадамсүрэн 2018-04-18 өдөр Авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлд 1/25 тоот хүсэлт, 2018-06-27 өдөр Авлигатай тэмцэх газарт 0/36 тоот гомдол, 2018-07-05 өдөр УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Д.Лүндээжанцанд 01/5775 тоот УИХ-ын гишүүний Хасхом-ийн тухай албан бичиг, 2018-10-10 өдөр Монгол ардын намын дарга У.Хүрэлсүхэд 1/29 тоот гомдол, 2018-10-16 өдөр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт 1/28 тоот гомдол гаргах тухай албан бичгүүдийг хүргүүлж, уг албан бичгүүдэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа Авилгын эсрэг хуулийг зөрчиж, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Голденсэркл ХХК, Эрдэнэ зам ХХК, Шинэ дэлхий ХХК, Нью даниста рөүд энд интернэшнл ХХК, Би энд Си ХХК, Катеринг ХХК, Зуун найман суварга ХХК, Монгол анар трейд ХХК-иудыг мэдүүлэлгүйгээр нуун дарагдуулж, тусгаагүй, Голденсеркл ХХК-ийн захиалгаар барьсан 65 айлын орон сууцыг 2016 оны 02 сард өөрийн компанийн өмчлөлд авсан, олон зуун барилгын ажилчдаар барилга байгууламжаа бариулж, зохих хөлсийг өгөлгүйгээр хохироосон, Их модун ХХК-иар барилгын ажлыг гүйцэтгүүлсэн мэтээр баримтыг хууль бусаар бүрдүүлж, 2016-09-15 өдөр улсын комисс ажиллуулсан, Голденсэркл ХХК-ийг 2016 оны 02 сарын 08 нд Капитал банк нь өөрийн охин компаниар бүртгүүлэн барилга байгууламжийг шилжүүлэн авч, захиран зарцуулах эрх үүсгэж, хуурамч баталгаа дүгнэлт гаргуулан хуурамч материалууд ашиглан улсын комисст өгсөн, 2016 оны 02 сард Голденсэркл ХХК-ийг шилжүүлж авахад Капитал банкны 99,9 хувийн хувьцаа эзэмшигч Б.Ундармаа байсан, 2016 оны 07 сард УИХ-д нэр дэвшигч байхад нь бид сонгогчтой хийх Б.Ундармаагийн уулзалтанд очиж, уулзахад маргааш өргөдлөө гаргаад ир, шийдэж өгье гэсэн боловч одоог хүртэл бидний ажилчдын цалинг өгөөгүй,

Бишрэлт группийн ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Б.Ундармаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэлгүй нууж , хууль бус үйл ажиллагаа явуулж, олон зуун барилга, зам гүүрийн ажилчдыг хохироож байгаа тул түүнийг шалгаж хариуцлага тооцож өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлуудыг бичжээ.

Гомдол хүргүүлсэн дээрх байгууллагуудаас Авилгатай тэмцэх газар хариуцагчаас ирүүлсэн гомдлуудыг шалгуулахаар Монгол Улсын Их хурлын Ёс зүйн дэд хороонд шилжүүлсэн тухай хариу өгсөн нь тогтоогдож байна.

Хариуцагч нь эдгээр гомдол мэдээллийнхээ талаар 2018-11-13 өдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл, баримтуудыг www.news zindaa.mn цахим сайтад байршуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Гэрэлт фокус ХХК нь Голденсэркл ХХК-тай 2014-06-17 өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт баригдах үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилга угсралт, дотор гадна засал, хүчит төхөөрөмж, халаалт салхивч, цахилгаан, цэвэр бохир усан хангамж, холбоо дохиолол, гадна тохижилт, зам талбай, гадна инженерийн шугам сүлжээ, өндөржилт, парпедийн өрлөг, шавардлага, гадна тагтны тавцан цутгах зэрэг ажлуудыг хийхээр тохирсон нь тогтоогдож байна.

Голденсэркл ХХК-ийн хүсэлтээр дээрх барилгыг ашиглалтанд хүлээн авах улсын комисс 2016-09-15 өдөр ажилласан бөгөөд уг комиссын 26/2016 актын талаар хариуцагч Гэрэлт фокус ХХК нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасны дагуу шүүх гомдлыг хэлэлцэж, 3 шатны шүүхийн шийдвэрээр барилгыг улсын комисс ашиглалтад хүлээн авсан дээрх акт хүчингүй болсон байна.

Үүний дараа уг барилгын захиалагч Голденсэркл ХХК нь Капитал банктай 2016-12-15 өдөр зээлийн төлбөр барагдуулах гэрээг хийж, энэ гэрээгээр талуудын хооронд өмнө байгуулагдсан 2014-06-14 өдрийн 564, 2014-10-16 өдрийн 112, 2015-09-18 өдрийн 112-1 тоот зээлийн гэрээний дагуу барьцаалагдсан хөрөнгө болох Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1-р баг, 8-р хэсэгт байрлах, 000309582 гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-0714002007 дугаарт бүртгэгдсэн, 792 м.кв талбайтай орон сууцны зориулалттай дуусаагүй барилга... зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг 14 894 000 000 төгрөгт тооцон Голденсэркл ХХК нь Капитал банкны эзэмшилд шилжүүлэн өгөх, ингэснээр зээлийн дээрх гэрээнүүдээр зээлдэгч хүлээсэн, зээлийн талаарх үүргийг дуусгавар болгох, Голденсэркл ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авахаас өмнөх Голденсэркл ХХК-ийн өр төлбөр буюу уг компанийн гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн аливаа үүргийг ганц гишүүнтэй Голденсэркл компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч асан Б.Пагамдулам нь бүрэн хариуцах /гэрээний 2.3-т /бөгөөд энэ талаарх мэдээллийг банкинд үнэн зөвөөр мэдэгдэж, тэдгээрт холбогдох асуудлыг хэрхэн зохицуулсан болон зохицуулах талаар тодорхойлж өгөх үүргийг Б.Пагамдулам хүлээхээр тохирсон байна.

Капитал банк ХХК нь Голденсэркл компанийн эрхийг шилжүүлэн авах гэрээг 2016-12-20 өдөр байгуулсан, Голденсэркл ХХК-ийн хувьцааг эзэмшигчээр Капитал банк улсын бүртгэлд 2017-06-07 өдөр бүртгэгдсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Ундармааг Капитал банкны 99,9 хувийн хувьцаа эзэмшигч гэж үзэж, Капитал банктай холбоотой гомдлуудыг холбогдох газруудад түүнд холбогдуулан гаргасан, хэвлэлийн бага хурал хийж, Б.Ундармаагийн талаар дээрх мэдээллийг www.news.zindaa.mn цахим сайтад байршуулсан байх бөгөөд холбогдох газруудаас зохигчийн хүсэлтээр шүүх шаардаж авсан нотлох баримтуудаар Капитал банк 2 гишүүнтэй, нэхэмжлэгч Б.Ундармаа нь 2016-07-05 өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон, тэрээр одоо Капитал банкны хувьцаа эзэмшигч болох нь тогтоогдоогүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Гэрэлт фокус ХХК-тай Голденсэркл ХХК 2014-06-17 өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэтэл компанийн эрхээ шилжүүлэх үйл явдлаас өмнө Голденсэркл ХХК бусадтай хийсэн гэрээ, явуулсан үйл ажиллагаатай холбоотой, бусдын өмнө Голденсэркл ХХК-ийн хүлээсэн үүргийн талаар хариуцагч нь нэхэмжлэгч Б.Ундармаад холбогдуулан гаргасан түүний гомдолд холбогдох газрууд хариу өгөөгүй байхад хариуцагч нь энэ талаар www.news.zindaa.mn цахим сайтаар дээрх мэдээллийг цацаж, нэхэмжлэгчийн нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд үндэслэлгүйгээр халдсан мэдээллийг түгээсэн байна.

 

Иргэний нэр төрийг хууль бусаар ашиглахыг Иргэний хуулиар хориглосон бөгөөд нэхэмжлэгчийн нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан хариуцагчийн тараасан мэдээллийн үнэн зөв болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаа Авилгын эсрэг хуулийг зөрчиж, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Голденсэркл ХХК, Эрдэнэ зам ХХК, Шинэ дэлхий ХХК, Нью даниста рөүд энд интернэшнл ХХК, Би энд Си ХХК, Катеринг ХХК, Зуун найман суварга ХХК, Монгол анар трейд ХХК-иудыг мэдүүлэлгүйгээр нуун дарагдуулж, тусгаагүй, Голденсеркл ХХК-ийн захиалгаар барьсан 65 айлын орон сууцыг 2016 оны 02 сард өөрийн компанийн өмчлөлд авсан, олон зуун барилгын ажилчдаар барилга байгууламжаа бариулж, зохих хөлсийг өгөлгүйгээр хохироосон, Их модун ХХК-иар барилгын ажлыг гүйцэтгүүлсэн тухай баримтыг хууль бусаар бүрдүүлж, 2016-09-15 өдөр улсын комисс ажиллуулсан, Голденсэркл ХХК-ийг 2016 оны 02 сарын 08 нд Капитал банк нь өөрийн охин компаниар бүртгүүлэн, барилга байгууламжийг шилжүүлэн авч, захиран зарцуулах эрх үүсгэж, хуурамч баталгаа дүгнэлт гаргуулан хуурамч материалууд ашиглан улсын комисст өгсөн, 2016 оны 02 сард Голденсэркл ХХК-ийг шилжүүлж авахад Капитал банкны 99,9 хувийн хувьцаа эзэмшигч Б.Ундармаа байсан, 2016 оны 07 сард нэр дэвшигч байхад нь бид Б.Ундармаагийн сонгогчтой хийх уулзалтанд очиж, уулзахад маргааш өргөдлөө гаргаад ир, шийдэж өгье гэсэн боловч одоог хүртэл бидний ажилчдын цалинг өгөөгүй гэсэн агуулга бүхий үндэслэлгүй мэдээллээр гутаагдсан өөрийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, нэр төр гутаасан худал мэдээлэл тараасан үйлдэлдээ нэхэмжлэгчээс уучлалт гуйх, дээрх худал мэдээллийг тараасан хэлбэрээрээ залруулахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг баримтлан УИХ-ын гишүүн Б.Ундармаа Авилгын эсрэг хуулийг зөрчиж, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Голденсэркл ХХК, Эрдэнэ зам ХХК, Шинэ дэлхий ХХК, Нью даниста рөүд энд интернэшнл ХХК, Би энд Си ХХК, Катеринг ХХК, Зуун найман суварга ХХК, Монгол анар трейд ХХК-иудыг мэдүүлэлгүйгээр нуун дарагдуулж, тусгаагүй, Голденсеркл ХХК-ийн захиалгаар барьсан 65 айлын орон сууцыг 2016 оны 02 сард өөрийн компанийн өмчлөлд авсан, олон зуун барилгын ажилчдаар барилга байгууламжаа бариулж, зохих хөлсийг өгөлгүйгээр хохироосон, Их модун ХХК-иар барилгын ажлыг гүйцэтгүүлсэн тухай баримтыг хууль бусаар бүрдүүлж, 2016-09-15 өдөр улсын комисс ажиллуулсан, Голденсэркл ХХК-ийг 2016 оны 02 сарын 08 нд Капитал банк өөрийн охин компаниар бүртгүүлэн, дээрх барилгыг шилжүүлэн авч, захиран зарцуулах эрх үүсгэж, хуурамч баталгаа дүгнэлт гаргуулан хуурамч материалууд ашиглан улсын комисст өгсөн, 2016 оны 02 сард Голденсэркл ХХК-ийг шилжүүлж авахад Капитал банкны 99,9 хувийн хувьцаа эзэмшигч Б.Ундармаа байсан, 2016 оны 07 сард нэр дэвшигч байхад нь бид Б.Ундармаагийн сонгогчтой хийх уулзалтанд очиж, уулзахад маргааш өргөдлөө гаргаад ир, шийдэж өгье гэсэн боловч одоог хүртэл бидний ажилчдын цалинг өгөөгүй гэсэн мэдээллийг хариуцагч Гэрэлт фокус ХХК-ийн захирал М.Бадамсүрэн үндэслэлгүйгээр тараасныг тогтоож, уг мэдээллээр гутаагдсан нэхэмжлэгч Б.Ундармаагийн нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээсүгэй.

 

2.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг баримтлан дээрх мэдээллийг тараасан www.news.zindaa.mn цахим сайтаар үндэслэлгүй мэдээллээ няцаах, үндэслэлгүй мэдээлэл тараасан үйлдэлдээ нэхэмжлэгчээс уучлалт гуйхыг хариуцагчид даалгасугай.

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА

 

Т.ГАНДИЙМАА