Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1421

 

 

 

 

 

 

 

                                                                                                                

 

 

   2022        10          04                                     2022/ШЦТ/1421

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч А.Өсөхбаяр,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Г холбогдох эрүүгийн 220 600 000 2880 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                 

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, трактор комбаничин мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис авто угаалга”-т ажилладаг, ам бүл-7, хүүхдүүдийн хамтаар, Сэлэнгэ аймгийн Шаамар сум, Дэлгэрхааны 0 дүгээр баг, Зөгий-0 гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо Саруул тэнгэр-2 хотхоны 0000 тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.Г

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Д.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Акума” төвийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тодорхой шалтгаангүйгээр иргэн Ж.Эийн эзэмшлийн 52-42 УБЛ улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийн салхины шилийг тоосгоор цохиж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: 2022 оны 09 дүгээр сарын 13-ны орой ажлаа тараад Баянзүрх дүүргийн ойролцоо “Акума” төвийн тэнд согтуу явж байгаад хүний машины цонх хагалсан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1-2 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Эын өгсөн: ...зогсож байтал тэр хавиар яваад байсан согтууруулах ундаа хэрэглэчихсэн залуу ганцаараа орилж хашгираад яваад байсан ба манай машин дээр ирээд юм яриад байсан ба би тэрийг нь ойлгоогүй байхад буцаад цашаа явж байгаад газарт байсан сул тоосгыг бариад орилоод явж байгаад тэр тоосгоо барьчихсан чигээрээ хүрч ирээд миний машины урд салхины шилийг хагалчихсан. Тэгээд буугаад иртэл зугтаачихсан бөгөөд би өөрөө араас нь гүйцэж очоод барьж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэнээр Д.Гийн өгсөн:...2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн орчимд ажлаасаа тараад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Акума төвийн замын эсрэг талд замдаа таарсан 0.33 литрийн Хараа, red cass нэртэй пиво 2 лаазыг уусан. Ингээд охин Г.Номингийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Саруултэнгэр-2 хотхонд очсон. Би охиныхоо гэрт 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 04 цагийн орчимд орсон.Манай охин архи уулаа гээд уурлахаар нь гэрээс гарсан. Ингээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Акума төвийн эсрэг талаар уурлачихсан алхаж байхад замд Приус загварын тээврийн хэрэгсэл байхаар нь уурандаа урд салхины шилийг нь газраас тоосго аваад хагалчихсан. Тэгсэн тээврийн хэрэгслийн эзэн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Удалгүй хоёр цагдаа ирээд намайг авч яваад Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. Би тухайн үед согтуу байсан учир уурандаа хүний тээврийн хэрэгслийн цонхыг шалтгаангүй хагалсан. Би хохирол төлбөрөө төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн БЗ1-22-1212 дугаартай үнэлгээгээр Тоёото приус-41 маркийн авто машины урд 2012 онд үйлдвэрлэгдсэн 2021 онд Монгол улсад орж ирсэн салхины шилийг 350.000 төгрөгөөр үнэлсэн болохыг тодорхойлов гэх үнэлгээ /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

-Шүүгдэгч Д.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26 дахь тал/,

-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 28 дахь тал/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 29 дэх тал/,

            -Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 30 дахь тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 27 дахь тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Акума” төвийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тодорхой шалтгаангүйгээр иргэн Ж.Эийн эзэмшлийн 52-42 УБЛ улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийн салхины шилийг тоосгоор цохиж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

 

 Шүүгдэгч Д.Гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан,  хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Д.Гт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос  Д.Гийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

          Бусдын өмчлөлийн эд хөрөнгийг гэмтээх гэдэг ойлголт эд зүйл, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудах, чанар үр дүн нь алдагдсан, түр хугацаагаар зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх боломжгүй болгохыг хэлдэг.

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Акума” төвийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тодорхой шалтгаангүйгээр иргэн Ж.Эийн эзэмшлийн 52-42 УБЛ улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийн салхины шилийг тоосгоор цохиж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн нь  хохирогчийн мэдүүлэг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр нотлогдсон  тогтоогджээ.

 

 Шүүгдэгч  Д.Гийн энэ үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж  үзэх үндэстэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

               Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

          Иргэний  хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан  этгээд  уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан  байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын  эд хөрөнгө өгөх,  гэмтсэн  эд хөрөнгийг засах зэргээр/ буюу  учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.

          Хохирогч Ж.Э нь энэ хэргийн учир өөрт учирсан гэм хорын хохиролд баримтаар 350.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хохирогч Ж.Э нь миний нэхэмжилсэн машины шилний хохирол 350.000 төгрөгийг төлж барагдуулсан учир гомдол саналгүй гэх хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлжээ. Иймд шүүгдэгч Д.Г нь хохирогч Ж.Эт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Дамно ХХК-ны эд зүйлийн үнэлгээ гарсан тайлангийн төлбөрт баримтаар 19.800 төгрөг нэхэмжилсэн байх тул Д.Гоос 19.800 /арван есөн мянга найман зуун/  төгрөгийг  Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 13 тоото Лада төвийн 2 давхарт  байрлах хөрөнгийн үнэлгээний “Дамно”ХХК-д  /утас:318785/ олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Д.Гт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:.. согтуурсан мансуурсан үедээ  гэмт хэрэг үйлдсэн  бол  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй  гэж хуульчилжээ.

 

        Шүүгдэгч Д.Г нь энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Д.Гт  500   /таван   зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу   500.000  /таван  зуун  мянган  /төгрөгөөр торгох  ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна.

 

Шүүхээс тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч Д.Гийн хувийн байдал зэргийг харгалзан Прокурорын саналын дагуу түүнд 500 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу   500.000  /таван  зуун  мянган/  төгрөгөөр  торгох   ял оногдуулж, торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

 Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

 

Шүүгдэгч Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6-д заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37, 38.1 дүгээр зүйлүүдэд зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дашдондогийн Ганзоригт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

                                                 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Гт оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

         4. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, бүрэн төлж барагдуулах үүрэгтэй болохыг Д.Гт  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г-с, 19.800 /арван есөн мянга найман зуун/ төгрөгийг  Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 13 тоотод Лада төвийн 2 давхарт  байрлах хөрөнгийн үнэлгээний “Дамно”ХХК-нд  /утас:318785/ олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Гт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БЭЭЖИН